Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 119/ШШ2025/0008

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “**” ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **

            Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **  нарын хоорондын 

            “Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаартай захирамжийг хүчингүй болгох” тухай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булган** нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “**” ХХК нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг хамгаалах” гэж,

            - “хууль бус захирамжийн улмаас учирсан хохирол гаргуулах” гэж нэмэгдүүлэн, “...зөрчигдсөн эрхийг хамгаалуулах...”  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааарч байна гэж тодруулж маргасан болно.

            2. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            “**” ХХК-ийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар эзэмшилд халдсан Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлжээ.

            4. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “**” компанийн зүгээс өмнө “**” дээд сургууль гэсэн нэртэй явж байгаад Боловсролын тухай хуульд өөрчлөлт орсон шинэчлэн найруулгаар боловсролын байгууллага компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна гэж заасны дагуу “**” ХХК болж ** гэсэн регистрийн дугаартайгаар үйл ажиллагаа явуулж тодруулбал “**” дээд сургуулийн эрх залгамжилж үйл ажиллагаа явуулж байгаа ийм компани байгаа. “**” дээд сургуулийн хувьд анх 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлдог. 2002 оноос эхэлж ** дээд сургууль дуудлага худалдаа явагдсаны дагуу 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Орхон аймгийн Засаг даргын 126 дугаартай захирамжаар ** багийн задгай талбай гэсэн нэртэй газар тухайн үед байрлах ** гэсэн нэртэй дутуу баригдсан барилгыг дуудлага худалдаанд оролцож яллагчаар тодорч улмаар тухайн газар, үл хөдлөх хөрөнгийн 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаартай захирамжаар өмчлөгчөөр бүртгэгдсэн. Ийнхүү өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойш тухайн газартай холбоотой ямар нэгэн захирамж шийдвэр гарч байгаагүй. Харин 2920 метр квадрат газрыг эзэмшүүлэх тухай ямар нэгэн захирамж гараагүй байхад тухайн үеийн газрын албанаас гэрээ байгуулж улмаар тухайн газарт 4192 метр квадрат талбай бүхий газрыг хашаалж тухайн газарт байрласан хогийг цэвэрлэж эзэмшил тогтоосон нөхцөл байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А/756 гэсэн дугаартай захирамж гаргаж газар дээр баригдсан барилга болон барилга байгууламжийг албадан чөлөөлнө гэсэн агуулгатай захирамж гарсан. Энэ захирамж гарсан асуудал нь тухайн захирамж гарч ирсэн боловч 2011 онд газар албадан чөлөөлөх захирамж гарч түүний улмаас “**” дээд сургууль захиргааны шүүхэд хандаж 2011 онд захиргааны хэргийн шүүх хэрэг маргааныг хянаж байх явцад талууд эвлэрсэн байдаг. Эвлэрэхдээ өөрийн эзэмшил газраас илүү хашаалсан байгаа талбайтай газрыг эзэмшүүлнэ гэдэг агуулгаар талууд эвлэрсэн. Эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталсан шүүхийн тогтоолыг Орхон аймгийн Засаг даргын зүгээс одоог хүртэл хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй. Харин тухайн захирамжийг гарахаас өмнө Орхон аймгийн Засаг даргын зүгээс эзэмшил газрын хэмжээг нэмж эзэмшүүлэхээр эвлэрсэн байхад багасгаж эзэмшүүлсэн захирамж гаргаж улмаар тухайн ажиллагааныхаа хүрээнд энэ газрын илүү эзэмшиж ашиглаж байна гэсэн агуулгаар А/756 дугаартай газар чөлөөлж албадан буулгах тухай гэсэн энэ захирамжийг гаргасан. Ер нь “**” дээд сургуулийн тухайн үед дуудлага худалдаанд орж эзэмшиж авсан газар бол Эрдэнэт хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаартай тогтоолоор нэг га газар эзэмшүүлсэн, үл хөдлөх хөрөнгө байсан. Энэ үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаартай захирамжаар дуудлага худалдаанд орж яллагчаар тодорсон ** гэдэг хүнд газрын хамт шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд орж байгаагийн гол агуулга юугаар илэрхийлэгддэг вэ гэхээр үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулснаар энэ дуудлага худалдаа өөрөө тухайн одоо үл хөдлөх хөрөнгийн шинж гэдэг агуулгаар салгаж үл болох хөрөнгө тул газраас нь салгаж үл болох агуулгынхаа хувьд нэг га газрын хамт ** буюу хожим нь “**” дээд сургуульд эзэмшигдэхээр ирсэн газар байгаа. Тухайн газраас “**” дээд сургуулийн хувьд 4152.9 метр квадрат талбай бүхий газрыг эзэмшиж ашиглаж улмаар газрын эдлэн газрын тоо бүртгэлийн хуудсыг бүрдүүлж үүнтэй холбоотой 2003 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2011 оныг хүртэл Орхон аймгийн Засаг даргын зүгээс ямар нэгэн захирамж гаргахгүйгээр явж ирсэн. Ийнхүү захирамж гаргахгүй явж байгаад 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр газар чөлөөлөх тухай захирамжийг гаргаж мөн тухайн үеийн Орхон аймгийн сум дундын шүүхэд газрыг чөлөөлүүлье гэдэг агуулгаар Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэл гаргаж тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байх явцад Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай тогтоолоор талуудын эвлэрэл батлагдсан. Энэ батлагдсан эвлэрлийн агуулга юу байсан гэхээр одоо эзэмшиж байгаа газар болох газар эзэмших гэрээ байгуулсан 2920 метр квадрат газар дээр нэмж эзэмшүүлэх газрын хэмжээгээр эвлэрсэн. Газрыг нэмж эзэмшүүлэх тухай эвлэрлийн гэрээ хийгдсэн байдаг. Ийнхүү эвлэрлийн гэрээ хийгдсэн агуулгаас үзвэл талууд эвлэрлийн гэрээгээр тухайн үед хүсэл зориг нь юу байсан, одоо байгаа газар дээр нэмж эзэмшүүлэх юм байна гэдэг захирамжийг гаргаж тухайн үед эвлэрлийн гэрээ хийсэн атлаа газрын хэмжээг багасгасан ажиллагааныхаа хүрээнд энэ газрыг болон барилга байгууламжийг албадан чөлөөлнө гэсэн ийм агуулгатай захирамж  гаргасан байгаа. А/756 дугаартай захирамжийн агуулга бол 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай шүүхийн тогтоолоор эвлэрлийг баталсан гэрээнд харшилсан ийм үндэслэлгүй захиргааны акт болсон байна. Хоёрдугаарт  2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дээрх захирамжаар 2003 онд барьсан хашааны асуудлыг шийдвэрлэж өгсөн Засаг даргын захирамж, эвлэрлийг баталсан шүүхийн тогтоол хэвээрээ байхад дур мэдэн хашаа,барилга байгууламж барьсан гэдэг ийм үндэслэлийг зааж хаанаас нь ямар хэмжээтэй ямар хашааг ямар барилга байгууламжийн алийг нь барилга байгууламж гэж үзээд байгаа нь тодорхойгүй ийм ойлгомжгүй үндэслэлгүй захиргааны актыг гаргасан. Энэ захиргааны акт одоо хүртэл яг энэ агуулгаараа хүчинтэй хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл тухайн газарт байрлаж байгаа аль үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламжийг хууль бусаар зөвшөөрөлгүй барьсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, ийм нөхцөл байдлыг бий болгосон. Мөн энэ захиргааны актыг ойлгомжтой болгох үүрэг Засаг даргад одоог хүртэл хадгалагдсаар байдаг. Гэтэл одоо хүртэл ойлгомжгүй нөхцөл байдал хэвээрээ байна. Нэгэнт Захиргааны ерөнхий хуулиар иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхолд халдаж байгаа шийдвэр гаргаж байгаа бол тухайн шийдвэр нь ойлгомжтой, тодорхой байх ёстой. Мөн ямар үл хөдлөх хөрөнгө, ямар газрыг чөлөөлөх гээд байгаа, газар дээр байрлаж байгаа юу юуг чөлөөлөх гээд байгаа гэдэг нөхцөл байдал нь тодорхойгүй байгаа учраас энэ захиргааны акт зорилгодоо нийцээгүй “**” компанийн эрхийг зөрчсөн акт болсон гэж үзэж байгаа.

            Ийм учраас “**” компанийн газрыг чөлөөлөх, барилга байгууламжийг албадан буулгах тухай энэ захирамж бол үндэслэлгүй болсон байна гэж үзэж байгаа юм. Гуравдугаарт нь “**” компанийн зүгээс 2010 онд барилгын ажлыг эхлүүлж 2011 онд барьж дууссан барилга байгаа. Тухайн үед номын сангийн зориулалтаар эхэлсэн одоо бол хичээлийн хоёрдугаар байр гэсэн нэртэй явдаг барилга байдаг. Энэ барилга өөрөө ** төгрөгийн өртгөөр боссон барилга байдаг. 4 давхар боловсролын байгууллагын зориулалтаар баригдсан. Тухайн үед бол мэргэжлийн хяналтын байгууллага болоод боловсролын байгууллагатай холбоотой төрийн хяналт шалгалтын ажиллагааны хүрээнд номын сангийн болон дотуур байрны зориулалтаар барилга барь гэдэг ийм агуулга зааж анх барилга барьж эхэлсэн. Энэ ** төгрөгийн өртөгтэй барилгыг одоо газрыг нь эзэмшээгүй байхдаа барьсан гэдэг ийм агуулгаар буулгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр бол өөрөө үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм. Тухайн барилга байгууламжийг анх баригдаж эхлэх үед Засаг даргын зүгээс ямар нэгэн зөвшөөрөлгүй баригдлаа, буруу байна гэсэн таслан зогсоох үйл ажиллагаа явуулаагүй. Харин “**” дээд сургуулийн хувьд тухайн үедээ төрийн хяналт шалгалтын байгууллагын шаардлагаар тухайн нөхцөлд тохируулж барьсан байдаг. Үүнтэй холбоотой асуудлыг 2011 онд эвлэрэн хэлэлцэж шийдвэрлэсэн боловч одоо хүртэл биелүүлээгүй талаар гурван удаа албан бичиг илгээж байхад үүнд нь ямар нэгэн хариу өгөөгүй. Тухайн үеийн газрын албаны дарга ** гэдэг хүн байхдаа газрыг бусдад барьцаалсан байна, газрын барьцааны гэрээ дуусах үед энэ асуудлыг дахиж шийдвэрлэх ёстой байна гэдэг агуулга зааж цохолт хийгээд тухайн асуудлыг шийдвэрлэхгүй өдийг хүргэсэн. Энэ асуудлаар 2023 оны 10 дугаар сараас хойш дахиж гурван удаа “**” компанийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлээч, энэ асуудлыг биелүүлээч гэдэг агуулгыг хэлсэн, хариу хүссэн албан бичгүүдийг илгээсэн боловч одоог хүртэл Засаг даргын зүгээс ямар нэгэн шийдвэртэй үйл ажиллагаа явуулаагүй. Ямар нэгэн биелүүлэх ажиллагаа хийгээгүй, үүнийг тодруулаагүй, хариу өгөхгүй ингээд нам гүм байж байгаа.

            Тийм учраас Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн энэ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Харин хохирол төлбөр гаргуулахтай холбоотой асуудлаар анх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргасан. Хохирол төлбөрийн хувьд уул нь тодорхой хэмжээний зардал гарсан боловч үүнийг шууд Засаг даргын зүгээс нэхэх боломжгүй. Энэ үндсэн актыг хянаж шийдвэрлэсний дараа өөрсдөө санхүүгийн баримтаа бүрдүүлж байгаад гаргаж тавья  гэдэг асуудлыг ярьж байгаа. Тийм учраас одоогийн байдлаар хохирол төлбөр гаргуулахтай холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардлагагүй гэж үзэж байгаа. Ингээд А/756 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

            5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байгаа. Маргаан бүхий актын хүрээнд дүгнэлт хийж байна. Хэрэгт хамааралтай үйл баримтанд шүүх дүгнэлт хийх байх гэсэн саналтай байгаа. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаартай газар чөлөөлж албадан буулгах гэсэн акт өөрөө тодорхойгүй, ойлгомжгүй акт гарсан гэж үзэж байгаа. Учир нь  Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагааны үр дүнд бий болж байгаа захиргааны акт гаргах ажиллагаа ил тод, ойлгомжтой байх ёстой. Энэ талаар хуулийн шаардлага Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн  39.1 дээр захиргааны актын агуулга тодорхой, ойлгомжтой байна гээд 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргахдаа тодорхой шаардлагуудыг хангуулах зохицуулалт байна. 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гарах болсон бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж байна. Мөн 40.2.4, 40.2.5-д заасан шаардлагыг захиргааны акт хангаагүй. Бичгээр гаргаж байгаа захиргааны актад тавигдах шаардлага бол захиргааны акт гаргаж байгаа захиргааны байгууллагын актад тавигдах хуулийн шаардлага буюу заавал тусгасан байх шаардлага хуульд тодорхойлогдсон. Гэтэл өнөөдөр харамсалтай нь хариуцагчийн төлөөлөгч хуулийн заалтыг хэрэглэхгүй хууль зөрчиж болно гэсэн тайлбар гаргаж байгаа нь захиргааны байгууллагын хувьд харамсалтай зүйл хийж байна гэдгийг тодруулъя. Гол маргаантай асуудал бол нэхэмжлэгч шүүхэд манай барилга байгууламжийг буулгах гэж байгаа юм, одоо эзэмшиж байгаа барилга байгууламжаас илүү гарсан хэсгийг буулгах гэж байгаа юм байна гэсэн байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж гаргасан. Гэтэл захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр дээр ерөнхий нэр томьёо бариад гаргасан. Албадан буулгах буюу “**” ХХК-ийн өмч хөрөнгийг газраас чөлөөлөх асуудал дээр Барилгын тухай хуулийн 4.1.1-д заасан барилга байгууламж гэсэн нэр томъёог ашиглачихсан. Энэ нь өөрөө энэ актын ойлгомжгүй байдлыг илэрхийлж байна. 4.1.1-д заасан барилга байгууламж гэсэн ойлголтонд маш олон зүйл хамаарч байгаа. Орон сууц, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, нефтийн барилга, далан, хаалт зэрэг барилга байгууламж түүнийн инженерийн шугам сүлжээг барилга байгууламж гэж заасан. Энэ олон зүйлийг хуульд барилга байгууламж гэсэн ойлголтонд хамааруулахаар заасан байхад захиргааны байгууллагаас гаргаж байгаа иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халддаг шийдвэрээ хэтэрхий ерөнхий барилга байгууламжийг буулгана гэсэн агуулгаар гаргасан нь маргаан дагуулсан. Магадгүй энэ захирамжаар тухайн сургуулийн номын сангийн барилгыг буулгахгүй гэх баталгаа өнөөдрийн шүүх хуралдаанаар тогтоогдсонгүй. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа төлөөлөгч нар нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан актыг дэлгэрүүлэн тайлбарлах, энэ актын хэрэгжилтийг өөрчлөн тайлбарлах боломжгүй. Яагаад гэвэл энэ акт 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Засаг дарга Батжаргал гэдэг хүний гаргасан акт учраас эдгээр хүмүүсийн тайлбараар барилгыг буулгахгүй гэж ойлгож болохгүй юм байна. Яагаад гэвэл захиргааны актын 1 дэх заалтанд маш тодорхой заасан байгаа учраас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт халдсан шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Зөвшөөрөлгүй барилга байгууламж гэж өөрөө аймгийн Засаг даргын ямар нэгэн зөвшөөрөлгүй, мэдэгдээгүй асуудал байдаг. Тэгэхээр 2011 оны албадан буулгах захирамж дээр хэрэг үүсгээд ямар ажиллагааны хүрээнд номын сангийн барилгыг талууд зөвшөөрсөн гэдэг агуулгыг илэрхийлж байгаа. Гэтэл энэ нөхцөл байдлын талаар 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр акт гарахад тодруулаагүйн улмаас акт гаргахад алдаа гаргажээ. Иймд акт өөрөө хүчингүй болох юм байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргасан байдаг. 106.3.1-т зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргасан байгаа. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл байна гэж харж байна. Дээр нь нэг зүйл тодруулж хэлэхэд шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа нөхцөл байдалтай холбоотой энэ захиргааны акт хэрэгжээд дууссан гэсэн тайлбар хэлсэнээ сүүлд нь хэрэгжих юм байна гэсэн зүйл ярьж байна. Дээр нь актын өөрийнх нь тодорхойгүй байдал 106.3.11 буюу шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх зохицуулалт байгаа. Энэ бас хамааралтай байж болохоор байна гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. Яагаад гэвэл акт өөрөө тодорхойгүй, хэдэн обьектийг буулгах гээд байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэл гаргагч компанийн ямар эрхэд ямар хэмжээ хязгаараар халдаж байгаа нь тодорхойгүй байгаа учраас үүнийг тодруулах эрх хэмжээг нь Засаг даргад олгоод захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх боломжтой байна гэсэн саналыг өмгөөлөгчийн хувьд гаргаж байна.” гэв.

            6. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч **  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” компани нь 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 126 захирамжаар ** дуусаагүй барилгын урлагийн заалны хэсгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Тус захирамжийг үндэслэн “**” компанийн захирал **тай 2004 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2930 метр квадрат газар эзэмшүүлэх гэрээ байгуулан газар эзэмшүүлсэн. “**” компани нь 2930 метр газар эзэмшиж байгаа нь 2004 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1019 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ болон 2004 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогддог. Тухайн үеийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байсан газрыг тохижуулж, газрыг нөхөн сэргээсэн нь өөрт олгосон газраасаа илүү газар эзэмших үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27.5, 27.6 дугаар зүйлүүдэд хамааралгүй. Энэ талаар 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 41/01/08 дугаар шинжээчийн дүгнэлтээр мөн дурдсан байдаг. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **2930 метр квадрат газраасаа 400 метр квадрат газрыг **т шилжүүлэх бэлэглэлийн гэрээ байгуулсан. Энэ нь нотариатаар гэрчлүүлсэн байдаг. 2005 оны 7 дугаар албан бичиг болон бэлэглэлийн гэрээ зэргийг үндэслээд 2005 оны 436 дугаар захирамжаар 400 метр квадратыг **т эзэмшүүлсэн. “**” компанийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/16 дугаар аймгийн Засаг даргад хандсан албан бичиг ирүүлсэн байдаг. Тус албан бичигт 2003 онд 2930 метр квадрат газрыг 30 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон ба 2005 онд **т 317 метр квадрат газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулсан боловч манай байгууллагын газраас хасагдаагүй байна, мөн “**” компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “** “**” компанийн хуулийн этгээдийн оноосон нэрээр шинэчлэн газрыг хасаж олгож өгнө үү гэж хүсэлт ирүүлсэн байдаг. Өөрийн гаргасан хүсэлтээс 2930 метр квадрат газар эзэмшиж байгаад 317 метр квадратыг **т шилжүүлсэн болох нь өөрсдийн эзэмшил газрыг 2930 метр квадрат гэдгийг нотолж байна. Дээрх хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 368 дугаар захирамжаар 2930 метр квадратын газрыг 2613 метр квадрат болгож өөрчилж “**” сургуулийг “**” ХХК болгож нэршлийг нь өөрчилсөн. А/368 дугаар захирамжийг үндэслэн “**” компани нь “**” ХХК-ийн 2613 метр квадрат газраар гэрээ байгуулж гэрчилгээ олгосон бүх үйл явдал нь баримт бичгийг баталж өөрөө гарын үсэг зурж баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл өөрийн эзэмшлийн газрыг илүү хашаалсан, нийтийн эзэмшлийн газар хашиж хашаа барьсан талаар иргэдээс гомдол ирсний дагуу “**” компанид удаа дараа аймгийн Засаг даргын нэр дээр болон Газрын харилцаа барилга, хот, байгуулалтын газраас газар чөлөөлөх талаар албан мэдэгдлийг хүргүүлсэн боловч өөрийн санаачилгаар нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг сум нийслэл дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох зардлыг гэм буруутай этгээдээр гаргуулна гэдгийг мэдэгдсэн. 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай шүүгчийн тогтоолоор хоёр талын эвлэрлийг баталсан байдаг. Тогтоолын үндэслэх хэсэгт “**” сургууль нь өөрийн үүргээ биелүүлж холбогдох бичиг баримтыг бүрдүүлж газрын төлбөрийг төлж зөвшөөрөлгүй барьсан барилгын эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг ** сургууль өөрөө нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгөөр эвлэрсэн байдаг. Гэвч 2011-2023 оны хооронд нэхэмжлэгч “**” компаниас тухайн үеийн аймгийн Засаг даргад хандаж хэрхэн эвлэрэх талаар албан бичиг ирүүлээгүй. Нэхэмжлэгч “**” компани нь 2023 оноос хойш тухайн маргаантай холбоотой асуудлаар албан бичиг ирүүлсэн. Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш ирүүлсэн гэж үзэж байгаа. Шинжээч томилуулаад шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 33.1-д шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна, хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих шугам сүлжээ өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасны дагуу зөвшөөрөлгүй инженерийн шугам сүлжээ дээр барилга байгууламж барьсан нь нотлогдож байна. Шинжээчийн дүгнэлтэд дотуур байрны зүүн болон баруун талын булангууд дулааны төв магистрал шугамын хамгаалалтын зурваст орсон. Тухайн шугам нь 1988 оноос хойш тасралтгүй ашиглагдаж байгаа бөгөөд төв магистрал шугамаас **, **, **, **, **, ** гэсэн байгууллагууд 2023 онд ус дулаан хуваарилах төв баригдаж дулааны эрчим хүчээр хангагдаж байна гэх дүгнэлт гарсан. Гэтэл барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өнөөдрийг хүртэл гараагүй, дур мэдэн зөвшөөрөлгүй барилга барьсан. Барилга өнөөдрийг хүртэл яг ямар үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тодорхойгүй. Бага багаар өргөтгөн тэлсээр инженерийн шугам сүлжээн дээр барьсан байна гэж үзэж байна. Иймд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар захирамжийг гаргаж албадан чөлөөлүүлэх гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

            7. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж тайлбарлахад өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэр гарснаас хойш Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай байгуулсан гэрээ тэгээд “**” гэж хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөний дараа хийсэн гэрээн дээр бол өөрсдөө газрын хэмжээгээ 2930 мкв байна гэдгийг хүлээн зөвшөөрч зурсан байгаа. Дуудлага худалдаагаар худалдан авч өмчилсөн барилгатай хамт газар шилжинэ гээд байна. Тэр чинь зөвхөн тухайн объектыг л хувьчилсан дуудлага худалдаа байсан учраас тэрэнтэй дагаж газар эзэмшүүлэх юм байхгүй. Тэгээд тэр өмчлөх эрхийг шилжүүлэхэд газрыг хамт шилжүүлсэн баримт байхгүй. Албадан чөлөөлөх ажиллагаанд юу чөлөөлөх гээд байгаа нь тодорхойгүй гэж байна. “**” ХХК-ийн кадастрын зураг хувийн хэрэгт авагдсан байгаа. Кадастрын зургаараа харахад хаана ямар хэмжээгээр илүү байгаа нь тодорхой харагдаж байгаа. Тухайн үед 2011 онд барилга барьж байхад зөвшөөрөлгүй барилга байна гэдэг мэдэгдлүүд өгч байсан баримтууд нотлох баримтаар хэрэгт хийгдээд шинжээчийн дүгнэлт ирсэн байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

         ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “**” ХХК нь Орхон аймгийн Засаг даргад  холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг хамгаалах”,

            -хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хууль бус захирамжийн улмаас учирсан хохирол гаргуулах” гэж нэмэгдүүлэн, “...зөрчигдсөн эрхийг хамгаалуулах ...”  нь нэхэмжлэлийн шаардагын үндэслэлд хамаарч байна гэж тодруулсан болно.   

            2. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** “Орхон аймгийн Засаг даргын А/756 дугаар хууль бус захирамжийн улмаас учирсан хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталж, тухайн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

            3. Хариуцагч “**” ХХК нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг өөрийн өмчлөл, эзэмшил мэт хандаж боловсролын байгууллагын үйл ажиллагаа явуулдаг болон оюутан сурагчдын эрхээр далайлган нийтийн эзэмшлийн газрыг дур зоргоороо хааж, хашиж барилга байгууламж барих эрхгүй гэж маргасан.

            4. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

            5. ** нь Гэгээрлийн сайдын 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар шийдвэрээр “**” коллежийг анх үүсгэн байгуулсан ба 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн ** дугаар гэрчилгээ авсан байна. 

            6. Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 83 дугаар тогтоолоор “ ... **д зориулан ** урд ** клубт олгосон газрын баруун талд 1.0 га  ...” газрыг олгожээ.

            4. “**” коллежийн захирал ** нь **дуусаагүй барилгын урлагын залны хэсгийг дуудлага худалдаагаар 18050.0 мянган төгрөгөөр худалдан авсан ба Орхон аймгийн Засаг дарга 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар захирамжаар “**” дээд сургуульд дуудлага худалдаагаар худалдан авсан залны хэсгийг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Газрын албанд “Гэрчилгээ хүсэх тухай” хүсэлтийг “**” дээд сургуулийн захирал ** гаргасны дагуу 2004 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2930 м.кв газрыг сургуулийн зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, ** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

            5. ** 2005 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-гээр Баян-Өндөр сум ** байрлах 2930 м.кв газраас 400 м.кв газрыг **т бэлэглэсэн, “**” дээд сургуулийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/16 дугаар аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтийн дагуу Орхон аймгийн засаг дарга 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Хуулийн этгээдийн оноосон нэр өөрчилж, газрын хэмжээг өөрчлөх тухай” А/368 дугаар захирамж гарган, “**” сургуулийн нэрийг “**” ХХК болгон өөрчилж, Баян-Өндөр сумын ** баг, ** байрлах боловсролын байгууллагын зориулалттай олгосон 2960 м.кв газрын хэмжээг 2613 м.кв болгон өөрчилж шийдвэрлэснээр 2613 м.кв газар  эзэмших эрхийн ** дугаар гэрчилгээ олгогдон, газар эзэмшүүлэх ** дугаар гэрээ байгуулагдсан байна.

            6. Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар “Газар чөлөөлөх тухай” захирамжаар зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эдэлбэрийн газарт барилга угсралтын ажил эхлүүлсэн, төрийн өмчийн газрыг дур мэдэн ашигласан учраас газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэж байжээ.

            7. Дээрхи захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан ба хэргийн оролцогчид “... газар эзэмшүүлэх гэрээнд заагдсан хэмжээнээс илүү ашиглаж байгаа газрыг эзэмших эрхийг төлбөртэйгээр олгох, зөвшөөрөлгүйгээр “**” дээд сургуулийн барьсан оюутны байр, номын сангийн барилга эрхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг “**” дээд сургууль өөрөө хариуцан бүрдүүлэх” нөхцөлтэйгээр эвлэрэн хэлэлцсэнийг Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар шүүхийн тогтоолоор эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна. 

            8. Орхон аймгийн Засаг дарга 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар чөлөөлж, албадан буулгах тухай” А/756 дугаар захирамжаар “**” ХХК-ийг эзэмшил газраасаа илүү гарган нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаа болон барилга, байгууламж барьсан зөрчил гаргасан учраас газрыг чөлөөлж, зөвшөөрөлгүй дур мэдэн барьсан хашаа болон барилга, байгууламжийг албадан буулгахаар шийдвэрлэжээ. 

            9. Дээрхи захирамжийг гарахаас өмнө аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдээс “**” сургуулийг нийтийн эзэмшлийн газарт инженерийн шугам дээр зөвшөөрөлгүй барилга барьж, хашаалсан байгааг шалгуулах тухай гомдол мэдээлэл ирсэний дагуу зөрчлийг арилгуулахаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “**” ХХК-д заасан хугацаанд газар чөлөөлөөгүй бол албадан чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлж байсан байна.

            10. Түүнчлэн Улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02-25-01/79/44 дугаар дүгнэлтэнд “...ЦХ-3-59-өөс ЦУ-3-8 дугаартай худаг хоорондын цэвэр усны шугаман дээр нь ** сургуулийн 3 давхар өргөтгөлийн барилга баригдсан байгаа нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6. Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно гэсэн  заалтыг зөрчсөн байгаа нь газар дээрх үзлэг шалгалтаар тогтоогдлоо.” гэжээ.   

            11. Нэхэмжлэгч “**” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ...Орхон аймгийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар захирамжаар ** багийн задгайд 2920 м.кв газрыг боловсролын зориулалтаар олгож, газрыг 30 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулан одоог хүртэл эзэмшин үйл ажиллагаагаа явуулж ирсэн атал Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаартай захирамжаар “**” ХХК нь өөрийн эзэмшил газраасаа илүү гарган зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаа, барилга байгууламж барьсан гэж буруутгаж байна.” гэж тодорхойлсон.

            12. Иймээс шүүх нэхэмжлэгч “**” ХХК-ийг нийтийн эзэмшил газрыг хашаалсан, инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга барьсан эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

             13. Шинжээч нар “ ...”**” ХХК-ийн эзэмшил газар нь мэдээллийн цахим бүртгэлд 2613 м2 талбай бүхий хэмжээтэй байна. Харин одоо ашиглаж байгаа газар дээр хэмжилтийг хийсэн уг хэмжилтээр нийт барилга байгууламж барьсан болон хашаалсан газар, мөн чөлөөлсөн газруудыг оруулаад нийт 4084 м2 талбайтай байна. ...“**” ХХК-ийн одоо ашиглаж байгаа газар нь 4084 м2 талбай бүхий хэмжээтэй тул өөрийн эзэмшиж байгаа газраасаа 1471м2 талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг илүү ашиглаж байна. ..” гэсэн дүгнэлтийг гарган “**” ХХК-ийн газрын байршлын кадастрийн зургын хамт ирүүлсэн байна.  

            14. Мөн хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу “**” ХХК-ийн эзэмшиж буй газарт инженерийн шугам сүлжээ болон цахилгааны, холбооны, дулааны, цэвэр бохир усны шугам байгаа эсэх, уг шугам сүлжээг ашигладаг эсэхийг тодруулахаар шинжээч томилсон ба шинжээч нь “ ... “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК-иас “**” ХХК-ийн хашаанд байрлах дотуур байр нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон эсэхийг Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын хүлээлгэн өгсөн мэдээллийн сангийн дэвсгэр зургаас харахад дотуур байрны зүүн болон баруун талын булангууд дулааны төв магистрал 2ду600мм шугамын хамгаалалтын зурваст орсон, /баруун тал-2.6м, зүүн тал-3.8м/ төв хэсэг нь хамгааллалтын зурвасын гадна /7.7м/ байна. Төв магистрал 2ду600мм шугам нь газрын гүнд нэвтрэх сувганд угсрагдаж хийгдсэн байдаг. Тухайн шугам нь 1988 оноос хойш тасралтгүй ашиглагдаж байгаа ...” гэсэн дүгнэлт гаргасан ба шинжээчийн дүгнэлтүүд нь Шатахуун хадгалах далд савны хананаас -23.27м, шахахуун түгээх станцын түгээгчийн байрны хананаас 36.47м, шатахуун буулгах талбайн захаас 31.10м, шатахууны далд шугам хоолойноос 29.96м тус тус байна.” гэсэн дүгнэлтийг гаргажээ.  

            15. Шинжээч нарын дүгнэлтүүдээс үзэхэд нэхэмжлэгч “**” ХХК нь хуулийн дагуу эзэмшиж буй газраасаа илүү газар хашаалсан, инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга барьсан болох нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна.

             16. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасны дагуу Орхон аймгийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар захирамжаар ** багийн задгайд 2920 м.кв газрыг эзэмшүүлэхээр, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн  А/368 дугаар захирамжаар “**” ХХК-ийн 2930 м.кв газрыг 2613 м.кв болгон багасгаж эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон байхад 4084 м.кв газрыг хашаалсан, эзэмшиж байгаа газраасаа 1471 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг илүү хашаалж, ашиглаж хууль зөрчсөн  болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.   

            17. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “ Аймаг, сум, нийслэл дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаарх нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.2.2-д “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;”, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”,  57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” заасан ба аймгийн Засаг даргын А/756 дугаар захирамж дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

            18. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** “**” сургуульд анх Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 83 дугаар тогтоолоор 1 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, аймгийн Засаг дарга Захиргааны хэргийн шүүхийн 35 дугаар тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тус тус тайлбарласан. 

            19. Гэвч Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 83 дугаар тогтоолоор 1.0 га газрыг **д зориулан олгосон газар ба тухайн баригдаж дуусаагүй барилгын залны хэсгийг ** дуудлага худалдаагаар худалдан авч, нэхэмжлэгчийн хүсэлтээр Орхон аймгийн Засаг дарга 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар захирамжаар ** багийн задгайд 2920 м.кв газрыг олгосон байна. 

            20. Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар шүүхийн тогтоолоор “...Газар эзэмшүүлэх гэрээнд заагдсан хэмжээнээс илүү ашиглаж байгаа газрын эзэмших эрхийг төлбөртэйгээр олгох, зөвшөөрөлгүйгээр “**” дээд сургуулийн барьсан оюутны байр, номын сангийн барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгч “**” дээд сургууль өөрөө хариуцан бүрдүүлэх” нөхцөлтэйгээр эвлэрсэн нь тухайн шүүхийн тогтоолоор эвлэрэн хэлэлцэж хүлээсэн үүргээ аймгийн Засаг даргыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

            21. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчид эвлэрнэ гэдэг нь маргаан бүхий асуудлаар хоёр тал харилцан буулт хийж,  аль аль тал нь ижил үүрэг хүлээж, түүнийг 2 тал харилцан зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тохиолдолд шүүх эвлэрлийг баталдаг. Тухайн 35 дугаартай шүүхийн тогтоолоор дан ганц аймгийн Засаг даргыг үүрэгжүүлсэн тогтоол биш гэж шүүх үзлээ.

            22. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** аймгийн Засаг дарга А/756 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.”, 40 дүгээр зүйлийн 40.2.4-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах” заасныг тус тус зөрчсөн гэж тайлбарласан.

            23. Иргэд, аж ахуйн нэгжээс “**” ХХК-ийг нийтийн эзэмшлийн газрыг хашаалсан, инженерийн шугам сүлжээтэй газарт барилга барьсан талаар 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хоёр, 16-ны өдөр нэг гомдол, 8 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг дарга **д гаргасан гомдлын дагуу хяналт шалгалт хийж, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 369 дугаар албан бичгээр “**” ХХК-д зохих зөвшөөрөлтэй газраасаа илүү хэмжээгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хааж хашсан, инженерийн шугам сүлжээн дээр барилга, байгууламж барьсан зөрчлөө арилгах талаар мэдэгдэж байсан, Улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02-25-01/79/44 дугаар дүгнэлтээр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоож байжээ.

            24. Дээрхи үйл баримтуудаас дүгнэхэд Орхон аймгийн Засаг дарга А/756 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.4 заасныг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.   

            25. Иймээс нэхэмжлэгч “**” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/7526 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            26. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “**” ХХК 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн  А/368 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг гаргасан, захиргааны хэрэг үүсгэсэн, нэхэмжлэлийн шаардлагуудыг нэмэгдүүлсэн болон 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 77 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн талаархи холбогдох баримтууд хэрэгт авагдсан болно.  

            27. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ.”, 44.3-д “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ:”, 44.3.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал ...”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу шинжээчийн зардал 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч “**” ХХК-иас гаргуулан “ГМОМОН” ХХК-д олгох нь зүйтэй байна.

            28. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ”**” ХХК-ийн барьсан номын сан, дотуур байрны барилга зэрэг баригдсан барилга байгууламжийн талаар А/756 дугаар захирамжаар хөндөөгүй, хуулиар олгосон газраас илүү хашаалсан нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх асуудал яригдах ба инженерийн шугам сүлжээн дээр байрласан хоёр ширхэг контейнер, нэг онгоцыг зөөж өөр газар байрлуулсан  гэж тайлбарласан болохыг дурьдлаа.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар хууль бус захирамжийн улмаас учирсан хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тухайн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Газрын тухай хуулийн хуулийн  20 дугаар зүйлийн 20.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  А/756 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-аас шинжээчийн зардал 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж “ГМОМОН” ХХК-д олгосугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Б.БОЛОРМАА