Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00639

 

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00639

 

 

 

Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/00213 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох

Мөнх-оргил трейд ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 40-01/Ш дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 319 дугаар зохигчдын эвлэрэл-ийг баталсан захирамжаар хариуцагч Б.Ганхуяг, Л.Батнаран нараас 29 065 885 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 16 дугаар гудамжны 428 тоотод байрлах,  Ү-2205011237 дугаартай, 44,2 м.кв амины орон сууц, Г-2205011237 дугаартай, 205 м.кв талбай бүхий газрыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээний байгууллага миний өмчлөлийн хөрөнгийг 31 200 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг хөрөнгийг маань дээрх үнийн дүнгийн 70 хувь буюу 21 840 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар болсон. Гэвч би өөрийн хөрөнгийг өөрийн гараар барьж босгосон бөгөөд үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа тул хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнийн санал болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээтэй огт санал нийлэхгүй байна. Мөн уг үнэлгээг надад танилцуулаагүй бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4/16424 дугаартай мэдэгдэх хуудсыг манай гэрийн хаягийн дагуу шуудангаар хүргүүлснийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Монгол шуудан ХК-ийн 24 дүгээр салбараас гардан авч үнэлгээний талаар мэдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ тогтоохдоо хуульд заасан журмыг зөрчиж үнэлгээ хийсэн нь гуравдагч этгээд миний эрх ашгийг хөндөж байна. Иймд Хөрөнгийн үнэлгээний газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 16 гудамжны 428 тоот Ү-2205011237 дугаар 44,2 м.кв амины орон сууц, Г-2205011237 дугаартай 205 м.кв талбай бүхий газрыг 31 200 000 төгрөг, 21 840 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 319 дүгээр захирамжаар Б.Ганхуяг, Л.Батнаран нараас 29 065 885 төгрөг гаргуулж Хас банкинд олгох, төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 16-428 тоот байрлах 44,2 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 205 м.кв талбайтай газар, 1993 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, WMAU200413M162720 арлын дугаартай, УНУ 90-85 улсын дугаартай, MAN маркийн ачааны автомашин, 1993 онд үйлдвэрлэсэн, 5131293 арлын дугаартай, ГЧ 90-85 улсын дугаартай DAV маркийн чиргүүл, 1999 онд үйлдвэрлэгдсэн, ягаан өнгөтэй, KMCEP17FPXC112910 арлын дугаартай, УБН 90-85 улсын дугаартай, Hyundai mighty маркийн ачааны автомашин, 1996 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, KMC6D17FPTC115018 арлын дугаартай, УБР 62-93 дугаартай, Хьюндай майти маркийн ачааны автомашин зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан ба гүйцэтгэх баримт бичгийг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу зохион байгуулж ажиллаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гуравдагч этгээд болох Ц.Ц-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2205001043 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, 16 дугаар гудамж, 428 тоотод байрлах 205 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011237 дугаарт бүртгэлтэй, 44.2 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн, хураасан. Үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн шинжээч өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргуудыг хэрэглэн 31 200 000 төгрөгөөр үнэлсэн нь бодитой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Мөнх-оргил трейд ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №40/ш дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, хөрөнгийн үнэлгээ хийх явц дахь хөрөнгийн үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм, нормативыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэмдэглэсэн байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх талаар зохицуулсан. Мөн үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлийн дугаар, зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл үйлчлүүлэгчийн нэр хаяг, регистрийн дугаар болон шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, хугацаа болон тайлангийн он сар өдөр, үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл, тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл, ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга горим, тэдгээрийн нийцтэй байдал тогтоосон үнэ цэнэ, стандарт, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл зэргийг тусгахаар заасан. Хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаас үзэхэд дээрх шаардлагыг тусгаагүй, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулаагүй байх тул үнэлгээ хуульд нийцээгүй, хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Ц- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулж, өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2205001043 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, 16 дугаар гудамж, 428 тоотод байрлах 205 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011237 дугаарт бүртгэлтэй, 44.2 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 31 200 000 төгрөгөөр үнэлсэн Мөнх-оргил трейд ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 40-01/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч НШШГГ- эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 319 дүгээр захирамжаар Б.Ганхуяг, Л.Батнаран нараас 29 065 885 төгрөгийг гаргуулан Хас банкинд төлөх ба төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 09-113 тоот 44.2 м.кв талбайтай хувийн сууц, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 16-428 тоот байрлах 205 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба уг шийдвэрт шүүхээс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2095 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. / хх-ийн 57-60 /

Хариуцагч НШШГГ- төлбөр төлөгч Б.Ганхуяг, Л.Батнаран нарын Хас банк ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан, нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх газар, амины орон сууцыг битүүмжилж, хураасан талаар тайлбар гаргасан байх бөгөөд уг ажиллагаанд талууд болон гуравдагч этгээд болох Ц.Ц- нар гомдол гаргаагүй байна.

Хариуцагч НШШГГ- төлбөр төлөгч Б.Ганхуяг, Л.Батнаран нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ц.Ц-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 16 дугаар гудамжны 428 тоот хаягт байрлах 205 м.кв талбай бүхий газар, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 9 дүгээр гудамжны 113 тоот хаягт байрлах 44.2 м.кв талбайтай хувийн сууц 44.2 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох зорилгоор өмчлөгч Ц.Ц-д мэдэгдэл хүргүүлжээ. /хх-ийн 117/

Өмчлөгч Ц.Ц- НШШГГ-т 2020 оны 3 дугар сарын 30-ны өдөр ...өөрийн хөрөнгө хүчээр босгосон эд хөрөнгөө үнэлгээ өгч чадахгүй байна гэж мэдэгдснийг үндэслэн 2020 оны 3 дугар сарын 30-ны өдрийн 3/164 тоот шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус нийцжээ. / хх-ийн 63, 117, 118 /

Шинжээч Мөнх оргил трейд ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 40/Ш тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах хувийн сууц, газрын зах зээлийн үнийг 31 200 000 төгрөгөөр үнэлжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг үнэлгээний талаарх 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4/11607 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч Ц.Ц-гийн гэрийн хаягаар 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн гэсэн тайлбар гаргаж Монгол шуудан ХК-ийн дардас бүхий мэдэгдлийг бичмэл нотлох баримтаар гаргасныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй байна. /хх-ийн 119/

Түүнчлэн нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4/16424 дугаартай мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлснийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Монгол шуудан ХК-ийн 24 дүгээр салбараас гардан авч үнэлгээний талаар мэдсэн... гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байхаас гадна Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2020/08183 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийг хэзээ гардаж авсан, улмаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэснийг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь Мөнх-оргил трейд ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 40-01/Ш дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд дурдсан ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ тогтоохдоо хуульд заасан журмыг зөрчиж үнэлгээ хийсэн нь гуравдагч этгээд миний эрх ашгийг хөндөж байна... гэсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хэрэгт авагдсан Мөнх-оргил трейд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үнэлгээний тайлан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үнэлгээний тайлангийн хавсралт зэргээс үзэхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, хөрөнгийн үнэлгээний өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж, 2 аргын үнэлгээний дүнг харьцуулан судалж үзээд зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд ач холбогдол өгч эцсийн үнэлгээг тогтоосон үндэслэл, зах зээлийн хандлагын үнэлгээнд ашиглагдсан жишиг хөрөнгийн мэдээллийг хавсаргаж, нотолгоог заасан байна. /83, 88-93/

Иймд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/00213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ