| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0059/э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Ж.Г, Г.Э нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эцээд овогт Ж.Г, Хатгин овогт Г.Э нарт холбогдох 1721000000178 дугаартай хэргийг 2018 оны 02 сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
1. Шүүгдэгч Ж.Г, Дорнод аймгийн Хэрлэн суманд ...... оны ...... сарын .-..........ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: .........../, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын ........дүгээр багийн ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: - Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2003 оны 02 сарын 28-ны өдрийн 1/12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 02 сарын 13-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 04 сарын 18-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 03 сарын 31-ний өдрийн 91 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,
-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 05 сарын 14-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 06 сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар 1 жил 4 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,
-Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан, бие эрүүл.
2. Шүүгдэгч Г.Э, Сүхбаатар аймгийн .............. суманд ...........оны .......... сарын .........-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:.........../, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын ..........дүгээр багийн ...............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар,
-Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 04 сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч сулласан, бие эрүүл.
Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 12 сарын 17-ны орой 23 цагийн орчим Г.Э-тэй Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн зүүн талын “Монгол даатгал”-ын байрны 7 тоотод оршин суух, Р.Ганбаатарын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж “Нинсэнсэ” маркийн 32 инчийн зурагт, “Цацраг” ХХК-ийн телевизын суурин станц, “Анукал” маркийн гар утас, куртик зэрэг эд зүйл хулгайлж 268000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2017 оны 12 сарын 10-ны өдөр Г.Э-тэй Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Хивсний 4в-03 тоотод оршин суух, Д.Бат-Эрдэнийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн Самсунг зурагт, орны бүтээлэг, холбогч зэргийг хулгайлж 528000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 12 сарын 17-ны орой 23 цагийн орчим Ж.Г-тай Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн зүүн талын “Монгол даатгал”-ын байрны 7 тоотод оршин суух, Р.Ганбаатарын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж “Нинсэнсэ” маркийн 32 инчийн зурагт, “Цацраг” ХХК-ийн телевизорын суурин станц, “Анукал” маркийн гар утас, куртик зэрэг эд зүйл хулгайлж 268000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2017 оны 12 сарын 10-ны өдөр Ж.Г-тай Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Хивсний 4в-03 тоотод оршин суух, Д.Бат-Эрдэнийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн Самсунг зурагт, орны бүтээлэг, холбогч зэргийг хулгайлж 528000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 17-ны өдөр...Э бид хоёр хамт архи уусан хүмүүсээс салаад БОЭТ-ийн зүүн талд байх Монгол даатгалын байрны урд бие засах гэж байгаад нэг өрөөний цонхоор харахад дотор нь хүн байхгүй байсан. Ингээд Э надад хандаж, “энэ байр хүнгүй байна, хоёулаа оръё” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч “Ган хэрлэн” зочид буудлын урд талын саад руу очиж хашааных нь нарийн төмрийг хуулж аваад нөгөө байрны орцоор орж 7 тоот хаалганы цоожийг нь хөшиж онгойлгон Э бид хоёр дотогш орж 32 инчийн зурагт, цацраг трейд ХХК-ийн суурин станц, 2 ширхэг удирдлага, хүрэн өнгийн эрэгтэй хүний куртик, скайтелын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл авсан...орцноос яг гарч байхад 2-3 хүн хөөсөн тэгээд би тэр чигээрээ зугтаад Ялалт хороололд байдаг Оюунаагийнд очиж хоносон...би авсан зүйлээ бүгдийг нь цагдаад буцааж өгсөн...” /хх 72-73/,
“...2017 оны 12 сарын 10-ны өдөр...Э бид хоёр “Саяг” дэлгүүрээс зүүн тийш явж байхад хаалга нь цоожтой айл байхаар нь Э бид хоёр орж хашаан дотроос нь нарийн төмөр авч цоожийг нь хөшиж онгойлгоод 32 инчийн зурагт телевизорын холбогч залгуур, ногоон өнгийн бүтээлэг зэргийг авч ширээн дээр байсан тал шил архийг нь авч гараад архийг нь ууж шилийг нь хаяад тэндээсээ такси барьж “Шүр” зах дээр очоод тасарчихсан. Би тэр зурагтыг хэнд хэдэн төгрөгөөр зарсан гэдгээ мэдэхгүй байна...” гэжээ. /хх 74/
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 16-ны өдөр...манай гэр рүү явж байх замдаа Хэрлэн сумын 7 дугаар баг БОЭТ-ын ойролцоо очоод Туук /Г/ надад “хоёулаа энэ байр руу орж хулгай хийе” гэж хэлсэн...Г намайг “хүн харж бай” гээд үүдэнд зогсоож өөрөө өмнө нь харсан хүнгүй айлын хаалганы цоожийг хөшиж онгойлгоод намайг дуудсан. Ингээд бид хоёр дотогш ороод 32 инчийн зурагт, Цацраг нэртэй суурин станц, хоёр ширхэг удирдлага, скайтелын гар утас, куртик зэргийг аваад байрнаас гарсан чинь яг үүдэнд машинтай хүмүүс ирж зогсоод Гантулга бид хоёрыг хөөсөн. Тэгэхээр нь би өргөж явсан зурагтаа газарт тавиад урагш зугтаж байгаад баригдсан. Харин Г зугтаад алга болсон. Би телевизор, гар утас хоёрыг бариад явж байсан, харин Г суурин станц, хоёр ширхэг удирдлага, хүрэн богино куртикийг нь авсан...” /хх 75/,
“...2017 оны 12 сарын 10-ны өдөр...Саяг дэлгүүрээс зүүн тийш явж хашааныхаа урд овгор шороотой айлын урд очсон чинь нөгөө айл нь цоожтой байтал Г намайг “хүн харж бай” гэхэд нь би овгор шороон дээр зогсоод хүн харж байтал Г 5 орчим минутын дараа гарч ирэхдээ ногоон өнгийн бүтээлгэнд 32 инчийн зурагт, телевизорын удирдлага, холбогч утас зэргийг ороогоод гарч ирсэн. Тэгээд “такси аваад ир” гэхээр нь би гүйж очоод танихгүй ахыг аваад Г руу очоод шууд захын хойд талын хоёр давхар дэлгүүрийн гадаа очсон. Тэгээд Г ород хүн дагуулж гарч иээд телевизороо өгөөд 50000 төгрөг авч үлдсэн...” гэжээ. /хх 76-77/
Хохирогч Ц.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 сарын 28-ны үед эхнэр, хүүхдүүдийн хамт Хэрлэн сумын 7 дугаар баг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн зүүн талд байх Монгол даатгалын байрны 7 тоотыг хөлсөлж түр оршин суусан юм...2017 оны 12 сарын 19-ний орчим манай хадам эгч Балжмаа “Ви чат”-аар бидэнд манай гэрт хулгай орж телевизор, цацрагийн антен, миний хүрэн өнгийн богино хавар намрын куртик зэрэг алга болсон талаар хэлсэн. Ингээд эхнэр бид хоёр 2017 оны 12 сарын 28-ны өдөр Хятадаас Монголд ирээд гэртээ очиход манай алдагдсан бүх зүйлүүдийг хадам эгч Балжмаад буцааж өгсөн байсан...Балжмаа нь манай эхнэр Цэрэнхандын төрсөн эгч юм...” гэжээ. /хх 29-30/
Хохирогч Д.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 10-ны өдөр манай эхнэр Болортуяа төмөр замд ажил гараад хоёр хүүхдээ аваад 13 цагийн үед явсан. Эхнэрийг байхгүй үед манай найз Дондог ирээд бид хоёр 0,75 граммын “Экс” нэртэй архи уугаад түүнийгээ бүрэн дуусгалгүй хар байшинд байдаг Наранбаатар гэх найзындаа очихоор 15 цаг 45 минутын үед гарсан бөгөөд Наранбаатар, Дондог бид гурав 0,75 граммын архи хувааж уугаад би шууд тэндээсээ гэртээ ирсэн. Би гэрээсээ гараад багцаагаар 1 цаг орчим болсон бөгөөд 16 цаг 40 минутын орчим буцаж ирэхэд гэрийн хаалга онгойчихсон цоожийг нь эвдчихсэн гэр дотор байсан зурагт болон орны ногоон өнгийн бүтээлэг байхгүй байсан...манай гэрээс хар өнгийн “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, даавуун бүтээлэг зэрэг хулгайд алдагдсан...” гэжээ. /хх 34-35/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Бат-Орших /хх 36-37/, Н.Саранчимэг /хх 38-39/, С.Билэгдорж /хх 40-41/, М.Энхсүмбэр /хх 42-43/, Н.Балжмаа //хх 44-45/, Г.Төрбаяжих /хх 54-55/, Б.Уламбаяр /хх 56-57/ нарын болон хохирогч Д.Бат-Эрдэнийн гэрчээр /хх 48-49/, шүүгдэгч Ж.Г, Г.Э нарын гэрчээр /хх 45-46/ өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10, 15/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12, 16-17, 18/, Эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 19-20/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20, 22, 23/, Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх 24-25/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27/, Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх 78-79/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 83, 132/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 84, 133/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ж.Г, Г.Э нар нь 2017 оны 12 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Хивсний 4в-03 тоотод оршин суух хохирогч Д.Бат-Эрдэнийн гэрийн хаалганы цоожийг төмрөөр эвдэн орж “Samsung” маркийн 32 инчийн зурагт удирдлагын хамт, орны бүтээлэг, холбогч утас хулгайлсан,
Мөн 2017 оны 12 сарын 17-ны орой 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн зүүн талын “Монгол даатгал”-ын байрны 7 тоотод оршин суух, хохирогч Р.Ганбаатарын гэрийн хаалганы цоожийг төмрөөр эвдэн орж “Нinsense” маркийн 32 инчийн зурагтыг удирдлагын хамт, “Цацраг” ХХК-ийн телевизын суурин станцыг удирдлагын хамт, “Аnukal” маркийн гар утас 1 ширхэг, куртик 1 ширхэгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г /хх 72-73,74/, шүүгдэгч Г /хх 75, 76-77/ нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Гэмт хэргийн эх сурвалжийг тодорхой зааж, тогтвортойгоор мэдүүлсэн хохирогч Д.Бат-Эрдэнийн “...2017 оны 12 сарын 10-ны өдөр...гэрийн хаалга онгойчихсон цоожийг нь эвдчихсэн гэр дотор байсан зурагт болон орны ногоон өнгийн бүтээлэг байхгүй байсан...манай гэрээс хар өнгийн самсунг маркийн 32 инчийн зурагт, даавуун бүтээлэг зэрэг хулгайд алдагдсан...” /хх 34-35/ гэх,
Хохирогч Ц.Ганбаатарын “...2017 оны 12 сарын 19-ний орчим манай хадам эгч Балжмаа “Ви чат”-аар бидэнд манай гэрт хулгай орж телевизор, цацрагийн антен, миний хүрэн өнгийн богино хавар намрын куртик зэрэг алга болсон талаар хэлсэн. Ингээд эхнэр бид хоёр 2017 оны 12 сарын 28-ны өдөр Хятадаас Монголд ирээд гэртээ очиход манай алдагдсан бүх зүйлүүдийг хадам эгч Балжмаад буцааж өгсөн байсан...” /хх 29-30/ гэх,
Хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдийг нүдээр харсан гэрч Л.Бат-Оршихын “...2-3 минутын дараа байрандаа ирэхэд хаалгаар 2 хүн телевизор бариад гарч байгааг хараад хамт явсан найз Билэгдорж, Сүмбээ нарын хамт тэр хоёр хүнийг барихаар хөөсөн чинь нэг залуу нь телевизорээ хаяад зугтаасан. Тэгээд хөөсөөр байгаад нэг залууг нь барьж авсан...Ингээд эргээд ороод харахад гадна ил цоожийг нь эвдээд орсон байна лээ...” /хх 36-37/ гэх,
Гэрч С.Билэгдоржийн “...Бид нар шууд Бат-Оршихын гэрийн гадаа очиж зогсоход 2 залуу юм тэврээд гарч байхад нь бид нар тэднийг хөөхөд нэг залуу нь барьж явсан телевизорээ шидээд цааш гүйхээр нь нэг залууг нь хөөж барьсан...нэг залуу нь нэлээд хурдан гүйдэг залуу байсан аргагүй гүйцэж чадаагүй...” /хх 40-41/ гэх,
Гэрч Н.Саранчимэгийн “...2017 оны 12 сарын 16-17-нд шилжих шөнө 00 цагийн орчим гэртээ утсаараа кино үзээд хэвтэж байтал манай байрны коридорт хөлийн чимээ гарсан тэгэхээр нь чагнаж байтал манай өөдөөс харсан 07 тоот айлын хаалганы цоож эвдлэх чимээ гарсан...би өөдөөс харсан айлын хаалга руу харахад цоожийг нь эвдэлсэн байхаар нь ороод харахад телевизор нь алга болсон байсан...” /хх 38-39/ гэх,
Хохирогч Д.Бат-Эрдэнийнхээс хулгайлагдсан эд зүйлийг худалдаж авсан гэрч Г.Төрбаяжихын “...2017 оны 12 сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд ажил дээрээ байхад Тук /Г/ гэх зүс таних залуу ирээд намайг “гараад ир” гээд дуудсан...тэгээд машин дээр очиход...машины арын суудал дээр ногоон өнгийн даавуунд ороосон “Самсунг” маркийн хар өнгийн 32 инчийн зурагт байсан. Тэгээд “хулгайнх биш ээ, манай найз өөрийнхөө зурагтыг зарах гэж байгаа юм, авчих” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч 50000 төгрөгөөр худалдаж авахаар болсон...” /хх 54-55/ гэх,
Гэрч Б.Уламбаярын “...Зогсож байхад зүүн талын булангаас нэг өндөр залуу бүтээлгэнд боосон зурагт барьж гарч ирээд миний машинд суусан...би зурагт боосон бүтээлгийг ногоон шаргал өнгийн бүтээлэг байсан гэж санаж байна...” /хх 56-57/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,
Эд зүйл хулгайд алдагдсан талаар тухайн тухайн цаг хугацаанд гэмт хэргийн талаар мэдээлснийг хүлээж авсан гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10, 15/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12, 16-18/, Алдагдсан эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20, 22-23/, иргэн Г.Төрбаяжихаас эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 24/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27/, Хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 25/, Эд зүйлийн үнэлгээ /хх 78-79/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Г, Г.Э нарын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч Ж.Г, Г.Э нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн “Монгол даатгал”-ын байрны 7 тоот, 10 дугаар багийн Хивсний 4в-03 тоотод буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Г, Г.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь хохирогч Ц.Ганбаатарт 268000 төгрөгийн, хохирогч Д.Бат-Эрдэнэд 528000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн арилгасан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ /хх 78-79/ зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь учруулсан хохирлыг арилгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хэрэгт шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ж.Г нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.
Түүний 9 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн сулласан хугацаа 2018 оны 03 сарын 13-ны өдөр дуусах ба 2017 оны 12 сарын 10, 17-ны өдрүүдэд энэ гэмт хэргийг үйлдсэн нь өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Г-н ..........регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч Г.Э-н ........... дугаартай гадаад паспорт зэргийг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эцээд овогт Ж.Г, Хатгин овогт Г.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Г-г 2 /хоёр/ жил хорих, Г.Э-г 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 11 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гантулгад оногдуулсан 2 жил 9 сар 11 хоногийн хорих, шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн 1721000000178 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ж.Г-ын ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, Г.Э-ын .................... дугаартай гадаад паспорт зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Г, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 03 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ