| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2306006820747 |
| Дугаар | 2023/ДШМ/1071 |
| Огноо | 2023-11-07 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2023/ДШМ/1071
2023 11 07 2023/ДШМ/1071
Ш.Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Цэцэгмаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Гомбо,
шүүгдэгч Ш.Сын өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул, Б.Өлзийбаяр,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алдар, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/1145 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах гомдлоор Ш.С холбогдох 2306006820747 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шарнууд овгийн Ш.С, 1958 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 10-12 тоотод оршин суудаг, /РД: ЖЮ58091514/;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1043 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Шүүгдэгч Ш.С нь 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 12-10 тоот хашаанд байх монгол гэрт өөрийн эхнэр, бусдын асаргаанд удаан хугацаанд байсан Б.Ны биед хүч хэрэглэн халдаж, улмаар биед нь хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл үүсгэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Прокурорын газраас шүүгдэгч Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Шарнууд овогт Ш.Сыг “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 211 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Цэцэгмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээрх шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Яллагдагч Ш.Ст холбогдох хүнийг санаатай алах хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна. Тухайлбал: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.Энхцолмон “...Ховч яс гэдэг нь анатомийн байрлалын хувьд хэлний доор, эрүүний цаад талд хүзүүний 7 нугалмын 3 дахь нугалмын түвшинд V хэлбэртэй жижиг яс байдаг. Хүзүүний дээд түвшинд цаашаа харсан байрлалтай. Амыг нь ангайлгаж байгаад хоёр хуруугаа хийгээд эрүүг нь доошоо дарахад миний гаргасан дүгнэлт дээрх гэмтэл үүсэх боломжгүй. Ерөнхий ойлголт нь механикаар амьсгал бүтэж байна гэсэн үг юм. Энэ нь дотроо боолт, багалзуурдалт, дүүжлэлт хэлбэртэй байж болно. Үүнийг юугаар нь таньж болдог вэ гэхээр хүзүү нь дээр үүсэж байгаа өөрчлөлтөөр нь ялгадаг. Дүүжлэлтийн үед хүзүү дээр даралтын ором үүсдэг. Багалзуурдалт нь дарах, шахах үед үүсдэг, ... Хүзүү хоолойнд гаднаас даралт үүсэж түүнээс шалтгаалан амьсгал бүтсэн учир талийгаач нас барсан гэж ойлгож болно. Амьд байх үед механик гэмтэл үүсдэг. Амьсгал бүтэлт нь түргэн үхэлд хамрагддаг. Амьсгал бүтэлтийн хувьд дотор эрхтэн цус хөөрөлтийн шинж тэмдэг илэрдэг. Тэр шинж тэмдэг нь эд, эсийн шинжилгээгээр дотор эрхтэн дээр илэрсэн байна гэсэн үг юм. Хөндлөн судалт булчин буюу өөхөн эдэд голомтлог цус харвалт байна гэдгийг хаанаас авсан зөөлөн эд вэ гэхээр ховч ясаа шулаад эд эсийн шинжилгээгээр дамжуулаад цус хуралтаа баталж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ховч ясны хугарал маань амьд байх үед үүссэн гэдгийг илтгэж байгаа юм. Цус хуралт нь амьд байх үед үүссэнийг гэрчлэх шинж тэмдэг болдог. Цус хуралт нь амьд байх үед үүсдэг. Нас барсны дараа үүссэн гэмтэлд ямар нэгэн цус хуралт үүсдэггүй, ...гараараа хүзүү хоолойг шахсан гэж ойлгоно, баруун талаас нь даралт их очсон байна гэж үзнэ, Хүзүүний баруун талд цус хуралт үүссэн, баруун гар талын эвэр хугарсан, баруун талд хүч их үйлчилсэн учраас эвэр хугарсан, багалзуурдалт нь ар талаас үүсэх боломжгүй, ...хүзүү хоолойд даралт үүсэх, шахах механизмаар ховч ясны хугарал үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг өгсөн нь хэрэгт ач холбогдолтой байна. Мөн түүнчлэн шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 249 дугаартай “Талийгаач Б.Ны цогцост хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс, булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ, талийгаач нь багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ.” гэсэн дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч нарын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 298 дугаартай дүгнэлтээр “2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй” гэж шинжээч эмч Б.Ариунзул, Т.Чимэд-Очир, О.Болороо нар баталгаажуулсан болохыг дурдах нь зүйтэй байна. Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан болно. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ш.Сын “Би анхны тусламж үзүүлээд ам руу нь 2 хуруугаа хийгээд үлээгээд сорсон, тэр үйлдлээ 2-3 удаа давтаж хийсэн” гэж мэдүүлж байгаа хэдий ч мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй болно. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/1145 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “....шүүгдэгч Ш.Сыг өөрийн эхнэр, бусдын асаргаанд удаан хугацаанд байсан Б.Ны биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ... ...Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.С нь эхнэр болох Б.Ныг амь насыг нь аврах явцад буюу анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэхдээ хохирогчийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.” гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч болон амь хохирогч нар нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хоёулахнаа байсан бөгөөд шүүгдэгч нь амь хохирогч Б.Нд анхан шатны тусламж үзүүлэх бус харин санаатай үйлдлээр буюу “багалзуурдах” механик гэмтлээр амьсгал бүтэлтийг түргэн хугацаанд үүсгэж амь хохирогчийн амь насыг хохироосон ба анхан шатны тусламж үзүүлэх явцад амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд үүсэх боломжгүй, амь хохирогч тухайн өдөр анхан шатны тусламж шаардлагатай нөхцөлд байгаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан доорх бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Үүнд:
1. Шинжээч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг “... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал, гараар хүзүү хоолой дарж шахсан тохиолдолд хөвч ясны хугарал үүснэ. Хүзүү хоолойнд үүссэн бусад гэмтлүүд багалзуурдалтын улмаас үүссэн байна. Харин дээд уруулын салстад үүссэн гэмтэл нь цохих үед үүссэн байх боломжтой гэмтэл юм. Мөн эд эсийн шинжилгээгээр доторх эрхтэнүүд нь цус дүүрэлттэй байгаа нь түргэн үхлийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, амьсгал бүтэлт гэсэн үг. Үүнээс гадна ховч ясны булчинг эд эсийн шинжилгээгээр дамжлуулахад цус хуралт байгаа нь дээрх ховч ясны хугарал амь хохирогчийн амьд байхад үүссэн нь илтгэгдэж байна... Эмнэлгийн анхны тусламж үзүүлж цээжинд буюу зүрхний иллэг хийхэд ховч ясны хугарал үүсэх боломжгүй. Дээрх хэсэгчилсэн багалзуурдалтын улмаас ховч ясны хугарал үүснэ. ...”,
2. Шинжээч эмч Н.Энхцолмон нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Ховч яс гэдэг нь анатомийн байрлалын хувьд хэлний доор, эрүүний цаад талд хүзүүний 7 нугалмын 3 дахь нугалмын түвшинд У хэлбэртэй жижиг яс байдаг. Амыг ангайлгаж байгаад хоёр хуруугаа хийгээд эрүүг доошоо дарахад миний гаргасан дүгнэлт дээрх гэмтэл үүсэх боломжгүй. Ерөнхий ойлголт нь механикаар амьсгал бүтэж байна гэсэн үг юм.. хүзүү хоолойнд гаднаас даралт үүсэж түүнээс шалтгаалан амьсгал бүтсэн учир талийгаач нас барсан гэж ойлгож болно. Амьд байх үед механик гэмтэл үүсдэг. Амьсгал бүтэлт нь түргэн үхэлд хамрагддаг. Амьсгал бүтэлтийн хувьд дотор эрхтэн цус хөөрөлтийн шинж тэмдэг илэрдэг. Тэр шинж тэмдэг нь эд эсийн шинжилгээгээр дотор эрхтэн дээр илэрсэн байна гэсэн үг юм. Хөндлөн судалт булчин буюу өөхөн эдэд голомтлог цус харвалт байна гэдгийг хаанаас авсан зөөлөн эд вэ гэхээр ховч ясаа шулаад эд эсийн шинжилгээгээр дамжуулаад цус хуралтаа баталж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ховч ясны хугарал маань амьд байх үед үүссэн гэдгийг илтгэж байгаа юм. Цус хуралт нь амьд байх үед үүссэнийг гэрчлэх шинж тэмдэг болдог. Цус хуралт нь амьд байх үед үүсдэг. Нас барсны дараа үүссэн гэмтэлд цус хуралт үүсдэггүй. Баруун талаас нь даралт их очсон байна гэж үзнэ. Хүзүүний баруун талд цус хуралт үүссэн, баруун гар талын эвэр хугарсан. Баруун талд их хүч үйлчилсэн болохоор ховч хугарсан. Ховч ясны хугарал нь хүзүүний аль нэг талаас хүчтэй дарахад ховч яс хугарах боломжтой... би энэ талаар дүгнэлтдээ бичсэн.. Багалзуурдалт орж байгаа тохиолдолд нэг хуруу нөгөө талд дөрвөн хуруугаар шахаж байхад аль нэг талд хүч давамгайлж хугарал үүснэ гэж ойлгож болно. Эрүүн дээр дарсан тохиолдолд хугарал үүсээгүй бол даралт бага очсон байх. Хүзүү хоолойнд даралт үүсэх, шахах механизмаар ховч ясны хугарал үүсэх боломжтой байдаг. Ховч ясны хэмжээнд даралт үүссэн учраас зөвхөн ховч ясан дээр хугарал үүсээд, амьд байхдаа үүссэн цус хуралтын шинж тэмдэг үлдсэн байсан... Хүзүүг бүхэлд нь шинжлэн судлаад үзэхэд гадна талд нь цус хурсан, цааш шалгаад үзэхэд ховч яс нь хугарсан, хугарлын харалдаа цус хурсан байсан. Эдгээр гэмтлүүдийг үзээд дүгнэлтээ гаргасан. Эд эрхтнээс эд эсийн шинжилгээ авсан. Шинжилгээг бүхэлд нь үзэж эцэслэн дүгнэлт гаргадаг... Багалзуурдалтын улмаас 80-90 хувьд нь ховч яс хугарах боломжтой байдаг. ...”,
3. Шинжээч эмч Б.Ариунзул мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “... Ховч ясны хугарал нь хүзүүний урд хэсгээс багалзуурдаж шахах үед хугардаг. Тэгэхээр амь хохирогч Б.Ны ховч яс хугарсан байна. Тиймээс амь хохирогчийн хүзүүний урд хэсгээс дарж шахаж багалзуурдсан байна... Амь хохирогч Б.Нд анхан шатны тусламж үзүүлж байхад буюу амаа зуусан байдалтай байхад эрүүний доод талаас хүзүүний хэсэгт хүрэх дарах үед ховч ясны хугарал нь үүсэх боломж муутай. Өөрөөр хэлбэл, доорх ховч ясны хугарал нь багалзуурдах, дарж шахах үед үүснэ. ...”,
4. Шинжээч эмч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Талийгаач Б.Нд анх шинжилгээ хийлгэсэн эмч маань хүзүүний ховч ясны хугарал, механик амьсгал бүтэлт үүнээс болж амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан гэсэн дүгнэлт гаргасан учраас уг дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн... Хүзүүний хэсэгт ямар нэгэн байдлаар шахагдаад амьсгал авах боломжгүй болсныг багалзуурдалт гэнэ...”,
5. Шинжээч эмч Т.Чимэд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Талийгаачийн цээжин дээр дарахад ховч яс хугарах боломжгүй... Дарахад хэр хүчтэй дарсан гэх үед дээрх гэмтэл үүсэх боломжтой эсэх гэхэд бид нар онолын хувьд амьсгал бүтэлт гэж хариулсан. Ховч яс хугарна гэж хариулаагүй. Цээжин хэсэг гэхээр хүзүүнээс доош хэсэгт хамаарна. Цээжин хэсэгт дарахад бол ховч яс хугарахгүй. Ховч ясны хугарлын улмаас хүзүүний хэсэгт хүч үйлчилсэн учраас ховч яс хугарсан. Тэр хэсэгт хүч үйлчилсэн учраас механикаар амьсгал бүтэлт үүссэн нас барсан гэж үзэж байгаа. Шүүхийн шинжилгээгээр хүзүү хоолойны хэсгийн арьс, арьс нь доор өөхөн эдэд зүслэг хийж арьс нь доорх зөөлөн эдийн цаана байгаа ховч яс хугарсан гэдгийг тогтоосон. Дүгнэлтдээ ховч ясны хугарал хугарлын орчимд цус хурсан. Хүний нүдээр харагдах хэмжээнд байсан. Түүнээс авсан дээжийг эд эсийн шинжилгээгээр харахад булчингуудад цус хуралт үүссэн байсан учраас хүч үйлчлэлийн улмаас үүссэн гэмтэл гэдэг нь тогтоогдсон гэж үзсэн. Төвөнхийн тагнай мөгөөрсний дээд хэсэгт байрладаг “У” хэлбэртэй ясыг ховч яс гэдэг. Хэдий ойрхон байрлаж байгаа боловч төвгөр мөгөөрс хүзүүний 4, 5 дугаар нугалмын түвшинд байдаг. Ховч яс нь тагнай мөгөөрсний дээр байдаг. Ховч яс хугарахад бусад мөгөөрс гэмтэнэ гэж ойлгож болохгүй. Өөр өөр газар байрладаг... багалзуурдах үйлдлийг гараар үйлддэг... амьсгал бүтэлтэд механик хүчний үйлчлэлээр орсон байна гэж ойлгож болно...”,
6. Шинжээч эмч О.Болороо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Талийгаачийн цээжин дээр гараа давхарлаж дарахад ховч яс хугарах боломжгүй. Асуулт асуусан байсан учраас хариулах замаар дүгнэлтээ гаргасан, Үхлийн шалтгаан нь багалзуурдалтаас үүсээд талийгаач нас барсан гэж ойлгож болно. Бүрэлдэхүүний шинжээч бид нар хоорондоо ярилцаж байгаад өмнө гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэлтээ гаргасан. ... Багалзуурдалт гэдэг хүний гараар амьсгалын замыг бөглөх, тагласны улмаас үхэлд хүргэж байгаа хэлбэр... Ховч яс хугарах хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь багалзуурдалт юм. ...”,
7. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-26/ “...Зүүн баруун гарын шууны дотор талд 2x2.5 см зулгарсан тав тогтсон шинэ шархтай баруун гарын дунд хурууны өнцөгт тав тогтсон шинэ зулгарсан шархтай, цамцны баруун энгэрт хэсэгт оёдлоор урагдсан... 22 дугаар хуудсанд байгаа гэрэл зургийн үзүүлэлтийн 1-р зурагт цамцны зүүн ард дал хэсэгт цамц урагдсан...”,
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оийн мэдүүлэг “... 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 05 цагийн үед ээж чинь нэг л эвгүй болчихлоо гэж эцэг болох Ш.С манай нөхрийн утас руу залгаж хэлсэн... би талийгаач ээжтэйгээ 2023.01.03-ны өдрийн 20 цагийн үед чатаар дүрсээ хараад ярилцсан. Тухайн үед ээж маань манай хоёр ихэр хүүхдийг хараад надад хандаж хурдан охиныхоо хажууд очмоор байгаа талаараа ярьсан. Мөн өдөр аавтай чинь эмнэлгээр явсан. Эмч үзээд даралт, хаван хэвийн байна , хоёр хоног эмээ ууж байгаад ирээрэй гэж хэлсэн талаар надад хэлсэн... тухайн өдөр ээжтэй холбоо барихад эцэг эх хоёр маань л гэртээ байсан...”,
9. Гэрч А.Ариунаагийн мэдүүлэг “...шөнө манай хажуу хашаанд амьдардаг Сүхээ ах бид нарын гэрт унтаж байхад хашаа давж орж ирээд гэрийн хаалга нүдэж байсан. Тухайн үед нөхөр бид хоёр сэрээд би гэрийнхээ хаалгыг онгойлгосон. Тэгсэн хөрш айлын ах Сүхээ сандарсан байдалтай орж ирээд түргэн тусламж дуудаад өгөөч манай эхнэр нэг сонин болчихлоо гэж хэлээд түрүүлээд гэр лүүгээ орсон... монгол гэрт ороход талийгаач Нараа эгч баруун талын орон дээрээ дээшээ харсан байдалтай, ямар нэгэн хөдөлгөөнгүй, нүд нь аниастай, амаа жимийсэн байдалтай байсан. Харин Сүхээ ах талийгаачийн хоёр хөлийг бариад сууж байснаа намайг эхнэрийнхээ гар хөлийг бариад өгөөч гээд өөрөө цээжин дээр нь дараад аманд нь хиймэл амьсгал хийсэн. Би талийгаачийг нас барсан гэж бодоогүй ухаан алдсан юм байна гэж бодсон. Тэгээд Сүхээ ах талийгаачийн цээжин дээр дараад хиймэл амьсгал хийж байгаад намайг цээжин дээр нь дараад өгөөч гэсэн учраас би цээжин дээр нь нэг удаа дарсан. Намайг талийгаачийн биед хүрэхэд хөл нь дулаан, гарынх нь хурууны үзүүр хөрсөн байсан. Намайг Сүхээ ахын гэрт ороод талийгаачийн гар хөлийг барьж байхад түргэн тусламж 5-10 минутын дараа ирсэн... Сүхээ ах манай гэрт орж ирэхэд царай нь айж сандарсан байдалтай анзаарагдсан... гэрийн эд зүйлс эмх цэгцтэй байсан. Харин Сүхээ ах болон нараа эгчийн гар утаснууд ширээн дээр нь харагдсан...”,
10. Гэрч А.Гантулгын мэдүүлэг “... Би 2023.01.03-04-нд шилжих шөнө гэртээ унтаж амарч байхад 04-05 цагийн үед утас дугараад Б.Н эгч залгаад Оюунцэцэг холбогдлоо гэсэн учир би шууд Наранчулуун эгчийн гэрт өөрийн төрсөн дүү А.Мөнхжаргалын хамт очсон. Би яагаад энийг ярьж байгаа вэ гэхээр талийгаачийн хэвтэж байсан гудас нойтон харагдсан. Тухайн үед би юунаас болж норсон юм бол гэж дотроо бодоод өнгөрсөн... 2021 оны намар байх яг бас сайн санахгүй байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас манай ээжийн төрсөн дүү Б.Дагвадорж гэр бүлийн хамт манайд ирээд талийгаачийн ... гэрт нь очиход Ш.С ах согтуу гэрээсээ гарч ирээд бид нарыг оруулахгүй байх санаатай хоргоогоод талийгаачийг эмнэлэгт хэвтсэн гээд байсан. Бид нар бөөнөөрөө очсон учраас бүгд нь гэрт нь яваад ортол талийгаачийн орон дээр нэг эмэгтэй согтуу унтаж байсан. Би тэр эмэгтэйг эгчийн орон дээрээс сэрээж босгоод хөөж гаргасан. Би Сүхбаатар гуайд “та одоо өдий насны хүн байж арайч дээ” гэж хэлсэн. Тэгсэн Сүхбаатар ах бид нарт хандаж “би олон жил эгчийн чинь баас, шээсийг зөөж, цэвэрлэхээс үнэхээр залхаж байна” гэж хэлэхэд нь миний уур хүрээд гарынхаа ар талаар цохиод “ийм арчаагүй хүнтэй юу ярьдаг юм” гээд бид нар гараад явсан... тэр явдлаас хойш 2 сарын дараа байх хөдөө ажлаар явж байхад С.О над руу залгаад би бүгдийг нь мэдсэн манай аавд ийм асуудал байгаад байх шиг байна...”,
11. Гэрч Н.Гансэлэмийн мэдүүлэг “... 2023.01.04-ний шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг чанга нүдээд Ариунаа, Гансэлэм гээд чанга орилоод хаалга нүдээд байсан. Тухай үед би эхнэртэйгээ хамт сэрээд манай эхнэр Ариунаа хаалга онгойлгож өгөхөд Сүхбаатар ах манай гэрт орж ирээд уйлж байгаа юм шиг царай гаргаад “Нараа эгч чинь сонин болчихлоо, түргэн дуудаад өгөөч” гэж хэлсэн... би нэгжтэй утас байна уу гэж хашааны цаанаас асуухад манай эхнэр Ариунаа Сүхбаатар ахын гар утсыг надад гэрээс нь авчирч өгөөд би гачууртын эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Түргэн тусламж ирж байх хооронд Сүхбаатар ах гэрээсээ гарч ирээд одоо яах вэ гээд орилоод байсан... Сүхбаатар ахын гэрээр хэр барагтай хүн орж гарч харагдаад байдаггүй. Талийгаач Нараа эгч тэр хоёр л гэртээ байдаг.
12. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан 249 дугаартай шинжээчийн дүгнэлт “...амны хөндийд улаан ягаан өнгийн шингэн агууламжтай... дээд уруулын дотор салстын баруун талд цөөн тооны цэгчилсэн цус харвалттай... Цогцсын гадны шинжилгээ гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд содон тэмдэг: дээд уруулын салстад 0,3х0,3см бүдэг ягаан өнгийн цус хуралттай, зүүн дээд буйл 3-р шүдний оромны харалдаа 0,4х0,5см хөх ягаан өнгийн цус хуралт, язарсан шархтай. Хүзүүний баруун хажуу хэсэгт 0,2х0,3см 2 ширхэг тод хөх, 0,3x0,3 см бүдэг хөх өнгийн цус хуралттай... Ховч ясны их биеийн баруун талд бага эврийн төвшинд тасарсан хугаралтай... уушги улаан ягаан өнгөтэй, гадаргуу гөлгөр, гялтан хальс нимгэн, толигор, хоёр уушигны гадаргуугаар хар хөх өнгийн нүүрсжилтийн тархмал тортогтой, ганц нэг цэгчилсэн цус харвалттай... давсаг бүтэн шээсгүй... зүрхний гадаргуугаар ганц нэг цэгчилсэн цус харвалттай... их бие хэсгээр тархмал байрлалтай жижиг голомтлог цус харвалттай... Их бага тархи: Цус дүүрэлт, судас тойрсон хаван... Уушги цус дүүрэлт, голомтлог тоосжилт... голомтлог цус харвалт... хөндлөн судалт булчин өөх бүхий зөөлөн эд: голомтлог цус харвалт, венийн цус дүүрэлт... Механик амьсгал бүтэлт: Багалзуурдалт. Хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс, булчинд голомтлог цус хуралт, зүрх, уушигны гадаргуун таредегийн толбо... Тархи, уушгины хаван, дотор эрхтний цус дүүрэлт... Тархины судасны хатуурал. Дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлна цус хуралт, язарсан шарх.. Талийгаач нь багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ...”,
13. Амь хохирогчийн эрүүл мэндийн картын хуулбар: эмчид үзүүлээд өөрөө зовууриа хэлэхэд .. даралт ихсэнэ, бөөр өвдөн, шагай өвдөнө гэж хэлсэн... эмчийн үзлэгээр бол зүрхний авиа тод хэвийн...” зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн санаатайгаар бусдын амь насыг хохироосон үйлдэл нь бүрэн тогтоогдсон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх учиртай. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн удаа дараа зөрүүтэй өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээсээ огт өөр таамагласан мэдүүлэг өгсөн шинжээч эмч Б.Ариунзулын мэдүүлгийг тус тус үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд учир дутагдалтай байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д “шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл;” 18.2-т “Шинжилгээ хийх явцад шинжээч уг хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоосон бол энэ талаар асуулт тавиагүй ч дүгнэлтэд тусгана.” гэж тус тус заасан байдаг. Гэтэл шинжээч эмч Б.Ариунзул нь мөрдөгчийн тогтоолд дурдсан асуултад хамааралгүй, шинээр олж тогтоосон нөхцөл байдал бус “...Анагаах ухаан мэдэхгүй хүний хувьд Ш.Сын өөрийн үйлдлээ тайлбарлаж болно.. Шүүгдэгч өөрийгөө цээжинд дарж анхан шатны тусламж үзүүлсэн гэж хэлж байгаа боловч шахалтаар даралт үүссэн байх... Шүүгдэгч цээжин дээр гэж хэлж байгаа боловч та нар бүгд цээжин дээр дарсан гэж ойлгож байгаа... Дарж байгаа нь хүзүү рүүгээ шахагдсан үг...” гэх мэтээр үндэслэлгүй мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт хэлж шинжээч эмч Н.Энхцолмон, О.Болороо, Т.Чимэд-Очир нараас тэс зөрүүтэй байдлаар мэдүүлсэн.
Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам” болон “Цогцост шинжилгээ хийх журам” нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн баталсан А/216/422 дугаартай тушаалын дагуу нэг мөр хүчин төгөлдөр хэрэгжиж байхад өөрийн санаа бүхий таамгаар мэдүүлж шүүх хуралдаанд эргэлзээтэй байдлыг зориуд бий болгосон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасан тул шинжээч эмч Б.Ариунзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтад тооцсон нь шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг хууль зөрчсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан чухал ач холбогдолтой байж болзошгүй баримтыг анхан шатны шүүх бүрэн судалж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгах бүрэн боломжтой байсан боловч шүүх орхигдуулсан тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;” 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж тус тус заасны дагуу анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би амь хохирогчийн төрсөн дүү юм. Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эцэг, эх минь өдөр бүр надтай дүрсээ харж ярьдаг байсан ба ач, зээгээ өхөөрддөг байсан. Миний эцгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж байна. Гэтэл би нэг ч удаа эцэгдээ цохиулж, зодуулж үзээгүй. Миний эцэг, эх хамтдаа 25 жил “Асралт төв” төрийн бус байгууллагад ажилласан. “Асралт төв” төрийн бус байгууллагын хамт олноос эцэг, эхийг минь тэтгэвэртээ гарсан байхад нь хүртэл “ажиллаад өгөөч” гэж гуйж байсан. Эцэг, эх минь тэтгэвэрт гарсан хэдий ч ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авдаг байсан. Үнэхээр сайн ажилчид учраас байгууллагаас нь хашаа байшин хүртэл авч өгсөн. Эцэг минь эхийг минь амь насыг санаатай хохироосон гэдэгт хэзээ ч санал нийлэхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Тухайн үед аав минь ээжид минь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэж оролдсон байх. Миний аав хүний амь нас санаатай хохироох хүн биш. ...” гэв.
Шүүгдэгч Ш.Сын өмгөөлөгч Б.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Харин прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, прокурор “яллах дүгнэлтэд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар яллах хангалттай үндэслэлтэй байсан. Хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай хөтөлбөргүй тогтоогдсон” гэж тайлбарлаж байна. Хөтөлбөргүй тогтоогдсон гэх ойлголтыг шийдвэр гарахад нөлөөлж байгаа бодит баримтад тулгуурласан нөхцөл үүссэнийг ойлгоно. Гэтэл прокурор хэрэгт цугларсан нотлох баримтуудын зарим хэсгийг түүвэрлэж авснаа хөтөлбөргүй тогтоогдсон гэж тайлбарлаж байна. Тухайн гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, амь хохирогч нараас өөр хүн байгаагүй учраас шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Дүгнэлт гаргасан шинжээч эмч нар шүүхийн хэлэлцүүлгийн үед асуусан асуултад хангалттай тодорхой хариулж, тайлбарласан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.С нь амь хохирогчийн амь насыг санаатайгаар хохироосон гэж тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шинжээчээс “амь хохирогчид учирсан гэмтэл нь ганцхан багалзуурдалтаас үүсэх юм уу” гэхэд шинжээч эмч Б.Ариунзул “анхан шатны тусламжийг ямар хүн үзүүлж байгаагаас хамааралтай. Цээжний хэсэгт дарах даралт шахалт хүзүүнд нь үүсэх боломжтой. Энэ тохиолдолд хөвч ясны хугарал үүсэх боломжтой” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, гарцаагүй ганцхан багалзуурдалтаас хөвч ясны хугарал үүснэ гэж тайлбарлаагүй. Мөн шинжээч эмч Б.Ариунзул “ухаан алдах үед уруулаа зуух боломжтой. Уруул зуусны улмаас уруулд хөхрөлт, няцралт үүссэн байх боломжтой” гэж тайлбарласан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд маш тодорхой тусгагдсан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Гомбо “анхан шатны шүүх зөвхөн амь хохирогчийн биед үүссэн гэмтэл ямар үед үүсэх боломжтой талаар харгалзсан” гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх амь хохирогчийн биед үүссэн гэмтэл ямар үед үүсэх боломжтой эсэхээс гадна тухайн гэмтэл нь ямар хугацаанд, ямар нөхцөл байдлын улмаас үүсэх боломжтой талаар хэлэлцсэн. Шинжээч эмч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн эргэлзээ үүсгээгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очир шинжээч эмч Б.Ариунзулын хэлсэн тайлбарыг давтан хэлж “Ш.С талийгаачийн цээжин дээр дарах үед хүзүү хэсэгт даралт ирж гэмтэл үүссэн байх боломжтой” гэж тайлбарласан. Шинжээч эмч нарын дүгнэлтийг хэсэгчлэн авч шүүгдэгч Ш.С нь амь хохирогчийн амь насыг санаатай хохироосон нь гарцаагүй тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон С.О “миний аав ээжид минь хатуу ширүүн хандаж байсан удаа байхгүй. Аав минь ээжийн минь бие муу байхад нь маш сайн асарч байсан” гэж мэдүүлдэг. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н “тухайн шинжээчийн дүгнэлтээс болж бид Ш.Сыг хардаж байгаа. Тэрнээс биш хүчирхийлэл үйлдэж, зодож, дарамталсан зүйл байсан эсэхийг мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгч Ш.С нь амь хохирогчийг санаатай алах сэдэл зорилго санаа байгаагүй болох нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү . ...” гэв.
Шүүгдэгч Ш.Сын өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нар Ш.Ст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн талаар маргасан. Учир нь, тухайн зүйл ангид заасан гэмт хэргийг шүүгдэгч Ш.С үйлдсэн болох нь хөтөлбөргүй, эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдоогүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 249, 298 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлсэн. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан 249 дугаартай шинжээчийн дүгнэлт нь прокурорт эргэлзээ түрүүлж байсан учраас прокурор бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 298 дугаартай дүгнэлтэд “цээжин дээр даралт өгсний улмаас тухайн хүний хүзүүнд даралт, шахалт очиж хөвч яс хугарах боломжтой” гэж дүгнэсэн. Прокурор шинжээч эмч Н.Энхцолмонгийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлтэд үндэслэж “багалзуурдсан” гэж тайлбарладаг. Гэтэл шинжээч эмч Н.Энхцолмон анхан шатны шүүх хуралдаанд өөрийнхөө гаргасан 249 дугаартай дүгнэлтийг маш тодорхой тайлбарласан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн өмгөөлөгч Д.Гомбо “шүүгдэгч Ш.Сын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрдөг. Мөн анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчид хэлэх үгийг нь зааж өгсөн” гэж байна. Миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үед шүүгдэгч Ш.Сын өмгөөлөгчөөр ажилласан. Ш.С анхнаасаа нэг л зүйлийн талаар мэдүүлдэг. Мөн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчид ямар нэгэн байдлаар шүүх хуралдаанд хэлэх мэдүүлэг, тайлбар зааж өгөөгүй. Ухаан алдах гэдэг нь тухайн хүн тодорхой хугацаанд амьсгалын дутагдалд орохыг ойлгоно. Шинжээч эмч Н.Энхцолмон анхан шатны шүүх хуралдаанд “амьд байхад нь механик үйлчлэлээр үүссэн” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацаанд амьсгалын дутагдалд орсон хүн бол амьд бие махбод юм. Шүүх шинжээчийн дүгнэлтэд “амь хохирогч Ш.Сын механик үйлчлэлийн үйлдлийн улмаас амьсгал бүтэлтэд орж нас барсан” гэсэн дүгнэлтийг үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. 2 шинжээчийн дүгнэлт гарсан байхад прокурор зөвхөн нэг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж эсэргүүцэл бичсэн байна. Мөн шинжээч эмч Б.Ариунзул мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчийн мэдүүлэг өгсөн. Дээрх асуудлууд зөвхөн шүүх хуралдааны үеэр яригдаагүй. Прокурор нь өөрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нөхцөл байдлаа бүрэн тогтоох зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж байна. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл ямар байдлаар үүссэн талаар баримт хэрэгт байхгүй. Тухайн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэх нь тодорхойгүй. Энэ талаар эргэлзээгүй, хөтөлбөргүй нотлох баримтаар нотолж тогтоогоогүй. Мөн амь хохирогч байнгын асрамжид байгаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О амь хохирогчийг бусдын асрамжид байгаагүй талаар тайлбарласан. Хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөтөлбөргүй нотлох баримтаар тогтоосны дараа хэргийг зүйлчилж, хуулийг зөв хэрэглэх ёстой. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж 2023/ШЦТ/1145 дугаар шийтгэх тогтоолыг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй. ...” гэв.
Шүүгдэгч Ш.Сын өмгөөлөгч Х.Наранзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.С нь амь хохирогчийн амь насыг санаатай хохироосон болох нь эргэлзээтэй байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт маш эргэлзээтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Ариунзул гэрчийн мэдүүлэг өгсөн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хууль болон Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэн цогцост хийсэн үзлэгийн үр дүнд тухайн хүнд ямар гэмтэл учирч хөвч яс хугарч, ямар шалтгааны улмаас үхэлд хүргэсэн болохыг тогтоодог. Харин прокурорын тайлбарлаж байгаагаар шинжээчийн дүгнэлт нь “тухайн хүнийг санаатай алсан байна” гэж тогтоодог дүгнэлт биш юм. Хэдийгээр давж заалдах гомдол гаргах эсэх нь тухайн хүний эрхийн асуудал боловч өмгөөлөгч гомдлынхоо агуулгыг ёс зүйтэй байдлаар тайлбарлах нь зүйтэй. Хэрэгт авагдсан шүүгдэгч Ш.Сын өгсөн мэдүүлгүүд хоорондоо огт зөрдөггүй. Миний үйлчлүүлэгч Ш.С нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хэргийн талаар үнэн, зөвөөр мэдүүлж ирсэн. Тухайлбал, Ш.С нь анхан шатны шүүх хуралдаанд “урьд нь манай эхнэрийн бие нь татаад унаж байсан. Тухайн үед эмнэлгийн тусламж авахад эмч эхнэрийн минь амыг ангайлгаад амьсгал оруулж тусалж байсан. Би үүнийг харсан учраас тухайн үед эхнэртэй эмчийн хийж байсан үйлдлийг хийсэн. Би эхнэрээ хэцүү байдалд байхад нь зүгээр хараад сууж байх уу” гэж мэдүүлсэн. Анх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллаж байсан. Дараа нь яллах дүгнэлтэд нэмэлт өөрчлөлт оруулж 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасныг оруулж ирсэн. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал нь тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Ш.С 42 жил ханилсан эхнэрээ ямар нэгэн байдлаар дарамталж, зодож байсан үйл баримт байхгүй. Энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн амь хохирогч тухайн үед үнэхээр хүний асрамжид байж, тэргэнцэр дээр сууж явдаг байсан бол Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон баримт байх ёстой. Амь хохирогч даралт ихсэх 3 дугаар зэргийн өндөр эрсдэлтэй өвчтэй байсан. Хэрэг гарахаас нэг өдрийн өмнө амь хохирогч эмнэлэгт очиж даралтаа үзүүлэхэд эмч “та 2 хоногийн дараа дахин ирж үзүүлээрэй” гэж хэлсэн байдаг. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн хуулийн заалтын шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос Ш.Сыг 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 12-10 тоот хашаанд байх монгол гэрт өөрийн эхнэр, бусдын асаргаанд удаан хугацаанд байсан Б.Ны биед хүч хэрэглэн халдаж, улмаар биед нь хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл үүсгэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Прокурорын газраас шүүгдэгч Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Шарнууд овогт Ш.Сыг “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. ...” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 249 дугаартай дүгнэлтээр “...багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдалтад орж нас барсан. ...” гэж дүгнэсэн ба Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр “...249 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. ...” талаар мөн дүгнэжээ.
Шинжээчийн дээрх дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмч нарын /1хх 92-93, 107-108/ мэдүүлгүүд авагджээ.
Дээрх нотлох баримтуудын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, түүнийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурьдалгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах гомдол тус бүрийг бүхэлд нь хүлээн авч, шүүгдэгч Ш.Ст урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/1145 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн өмгөөлөгч Д.Гомбын гаргасан давж заалдах гомдол тус бүрийг бүхэлд нь хүлээн авсугай.
2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч Ш.Ст урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ