| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2025/0002/з |
| Дугаар | 119/ШШ2025/0010 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 119/ШШ2025/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “**” ХХК
Хариуцагч: Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ** нарын хоорондын
“Татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0063669 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч **, хариуцагч татварын улсын байцаагч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “**” ХХК нь Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **д холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 0063669 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар шүүхэд гомдол гаргажээ.
2. Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ** нь “Иргэн ** нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “**” ХХК-ний “**” дэлгүүрээс хүүхдийн тоглоом 55000 төгрөгөөр худалдан авахад төлбөрийн баримт олгоогүй гэсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийж, төлбөрийн баримт олгоогүй нь гомдол гаргагч болон захирал **ын хэлснээр нотлогдсон гэж үзэн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0063669 дугаартай шийтгэлийн хуудсаар 2,436,684.93 /хоёр сая дөрвөн зуун гучин зургаан мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг, ерэн гурван мөнгө/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гомдлоо гаргажээ.
4. Гомдол гаргагч “**” ХХК-ийн захирал ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх хүнс, барааны дэлгүүр ажиллуулдаг жижиг аж ахуйн нэгж юм. 2009 оноос хойш Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ зөрчил 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний гомдлын дагуу төлбөрийн баримт олгоогүй гэсэн үндэслэлээр торгуулийн арга хэмжээнд орсон. Тухайн үед оны босгонд ажил ихтэй, техникийн нөхцөл байдлаас мөн шалтгаалаад тухайн иргэнд баримтыг өгч чадаагүй. Дараа ажлын өдөр утасны дугаар руу нь шивчихдэг журамтай. Тог тасрах, техникийн саатал гарах үе байдаг. Тухайн үед нь үйлчлүүлэгчиддээ ойлгуулаад утасны дугаар руу нь явуулж ирсэн. Тэр өдөр үйлчлүүлэгч гомдол гаргаж манай кассын ажилтантай маргалдаж яг одоо баримтаа авна гэсэн. Тухайн үед баримт хэвлэж өгөх боломжгүй байсан. Барааныхаа кодыг буруу бичсэн байсан. Манайх жижиг аж ахуйн нэгж, татварын дарамт ихтэй, дээр нь өр зээлийн асуудалтай, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа нөхцөлд торгуулийн арга хэмжээг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Үнэн шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0063669 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
5. Хариуцагч Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүүхдийн тоглоом худалдан авсан боловч баримт олгоогүй гэсэн гомдол аймгийн Засаг даргын 70351111 утсанд иргэн гомдол гаргасны дагуу байцаагчид 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр системийн дагуу хуваарилагдан ирсэн. Энэ гомдолтой танилцаж үзээд татварын нэгдсэн систем, и баримтын систем, нэхэмжлэгчийн тайлбарын дагуу баримт гаргаж өгөөгүй нь нотлогдсон. Тийм учраас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх заалтыг үндэслэн арга хэмжээг авсан. Энэ заалт нь бизнес эрхлэгч нь төлбөрийн баримтыг цаг тухайд нь гаргаагүй бол баримт гаргаагүй сарын өмнөх сарын 2 хувиар зөрчлийн арга хэмжээ авдаг. Иргэн надад төлбөрийн баримт өгөөгүй, би тухайн үед нь шаардаж хэлсэн боловч надад өгөөгүй гэсэн тодорхой гомдол ирсэн учраас иргэний гомдлыг барагдуулан и баримтыг нөхөн гаргуулж өгсөн.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч “**” ХХК нь Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **д холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0063669 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
3. “**” ХХК-ийн “**” дэлгүүрээс иргэн ** 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 55000 төгрөгийн худалдан авалт хийхэд төлбөрийн баримт олгоогүй гэсэн мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ибаримт аппликейшнээр ирүүлжээ.
4. Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ** гомдлын дагуу Зөрчил шалган шийдэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-д “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.10, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчил” зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
5. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж заасан ба гомдол гаргагч “**” ХХК-ийн “**” дэлгүүрээс 55000 төгрөгийн худалдан авалт хийхэд төлбөрийн баримт өгөөгүй болох нь гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал”-аар тус тус нотлогдож байна.
6. Гомдол гаргагч “**” ХХК-ийн захирал ** 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0063669 дугаар шийтгэлийн хуудсыг “...татварын дарамтаас болж аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байхад торгууль ногдуулсан учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
7. Гэвч гомдол гаргагч **ын “...татварын дарамтаас болж аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байхад торгууль ногдуулсан ...” гэсэн үндэслэлээр Татварын улсын байцаагчийн 0063669 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
8. Түүнчлэн “**” ХХК-ийн “**” дэлгүүр иргэний 55000 төгрөгийн худалдан авалтанд төлбөрийн баримт өгөөгүй болох нь Ибаримт аппликейшнээр ирүүлсэн иргэн **ийн гомдлыг системээр бүртгэсэн бүртгэл, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл”-д “...зөрчлөө хүлээн зөвшөөрч байна.” гэсэн **ын мэдүүлэг, шүүх хуралдаанд гомдол гаргагчийн “... гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбар зэрэг баримтуудаар гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
9. Нэгэнт гаргасан зөрчил нь тогтоогдсон учраас татварын улсын байцаагч ** Зөрчлийн тухай хуулийн “Татварын хууль зөрчих” гэсэн 11.19 дүгээр зүйлийн 8-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:” 8.1-д “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь” гэж зааснаар 0063669 дугаар шийтгэлийн хуудсаар 2,436,684.93 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
10. Иймээс хариуцагч Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ** Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12-д “ хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь” гэж зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0063669 дугаар шийтгэлийн хуудсаар “**” ХХК-д торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байх тул гомдол гаргагч “**” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 2-ын 2.3, 6.6 дугаар зүйлийн 1-ын 1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **д холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0063669 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” “**” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА