| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00001/И |
| Дугаар | 316/шш2025/00193 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 316/шш2025/00193
| 2025 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 316/ШШ2025/00193 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А******* Э******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э******* Б******* холбогдох,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай, хүүхдийн мөнгө болон хүүхдэд олгогдсон хувьцааны мөнгө 6,758,993 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: А.Э*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С*******,
Хариуцагч: Э.Б*******,
Хариуцагчийн өмгөөлөгч: Р.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин, Х.Индра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
2. Хариуцагч Э.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э******* нь хариуцагч Э.Б******* холбогдуулан Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай, хүүхдийн мөнгө болон хүүхдэд олгогдсон хувьцааны мөнгө 6,758,993 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүхээс дараах дүгнэлтийг хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч А.Э*******, хариуцагч Э.Б******* нар нь 2016 онд танилцаж, тэдний дундаас 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Э төрсөн, Э.Б******* нь Б.Эий төрсөн эцэг мөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ болон нэхэмжлэгч, хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг .... тэжээн тэтгэх, ... тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцож чадахгүй, хүүхдийг өөрийн асрамжид авч, нөгөө талаасаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу охин Б.Эийг эцэг, эхийн хэний асрамжид үлдээх болон хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг шүүх шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэрэгт авагдсан А.Э******* үл хөдлөх хөрөнгөтэй тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа, ажлын байрны түрээсийн гэрээ, хариуцагч Э.Б*******ын ажлын байрны түрээсийн гэрээ, хариуцагч Э.Б*******ын гаргасан ОХУ-аас бараа оруулан ирж Улаанбаатар хотод зарж орлого олдог гэсэн нэхэмжлэгчийн үгүйсгээгүй тайлбар, Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалалтын газрын шинжээчийн багийн дүгнэлтээр тогтоосон нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийг хүмүүжүүлэх боломж, чадвар, хүүхдийн амьдрах орон байрны нөхцөл, хангамж, тохижилт, хэрэглээний эд хөрөнгө, ажлын онцлог, хөдөлмөрийн нөхцөл, хүүхдийг сургуульд хүргэж өгөх нөхцөл, боловсрол олгох боломж, амьдрах гадаад орчны нөхцөл, байдал-ын хувьд ижил буюу хүүхэд эцэг, эхийн хэний ч асрамжид үлдсэн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын нийцнэ гэж шүүхээс дүгнэлээ. /хэргийн 107,108, 109-121, 172-198/
3. Шүүхээс хүүхдийн дассан байдал, хүүхдийг эцэг /эх/-тэй нь болон гэр бүлийн бусад гишүүнтэй харьцах боломжоор хангаж чадах эсэх, эцэг, эхийн ёс суртахууны болон хувийн чанар, хүүхэд эцэг /эх/-ийн хооронд тогтсон харилцаа, хүүхдийн амьдрах орчинд буй хүмүүс зэрэг нөхцөл байдлуудад дараах дүгнэлтийг хийв.
3.1. Шинжээчийн дүгнэлтийн хүүхэд гэр бүлдээ хандах ерөнхий хандлага эерэг байх боловч аавдаа илүү ээнэгшилтэй харагдаж байна гэсэн дүгнэлтээр хүүхэд аавдаа илүү ээнэгшилтэй буюу дассан нь тогтоогдож байх боловч энэ нөхцөл байдал нь хүүхэд бага наснаасаа хойш түүнтэй хамт амьдарсан бодит нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзэхээр байна. /хэргийн 183 дахь тал/
Мөн шинжээчийн дүгнэлтэд гэр бүлдээ хандах ерөнхий хандлага эерэг гэсэн байх тул хүүхэд ааваасаа гадна ээждээ дасах боломжтой байна.
Хүүхэд 2 дугаар ангид суралцдаг буюу ерөнхий мэдлэгийн хичээлд суралцаж байх тул хүүхдийн сургууль өөрчлөгдөх нь түүний боловсролд сөргөөр нөлөөлөхгүй, мөн эхийн хамт амьдарвал эцгээсээ хол биш /100 км/ зайнд Дархан хотод амьдрахаар байх тул эцэгтэйгээ уулзах боломжтой байна.
Иймд хүүхэд эцэгтээ илүү ээнэгшилтэй буюу дассан байгаа нь хүүхдийг эхийн асрамжид үлдээхээс татгалзах үндэслэл болохгүй байна.
3.2. Нэхэмжлэгчээс хүүхдэд ээжтэйгээ ярих үнэгүй дугаар авч өгсөн боловч хариуцагч нь яриулахгүй, утсыг блоклосон гэсэн тайлбарыг, хариуцагч ээж нь шөнөөр ярьдаг болохоор яриулдаггүй, хүүхэд симээ гэмтээсэн тул өөр сим авч өгсөн, охин өөрөө санамсаргүй байдлаар блоклосон байж магадгүй гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гар утасны дуудлага хийсэн жагсаалтаар нэхэмжлэгч нь хүүхэд рүү шөнийн цагаар байнга ярьдаггүй нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн өөрийнх нь утсыг блоклосон гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадахгүй байна.
Иймд хариуцагчийг хүүхдийг эхтэй нь болон гэр бүлийн бусад гишүүнтэй харьцах боломжоор хангаж чадахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3. Хариуцагчаас нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, н биеэ зохисгүй авч явдаг байсан гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсонгүй, харин нэхэмжлэгчийн хариуцагч нь өмнө гэр бүлийн хүчирхийллийн зөрчлөөр зөрчлийн шийтгэл хүлээж, баривчлах шийтгэл хүлээж байсан, гэрч нарын мэдүүлэг үүнийг нотолно гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан хариуцагчийн зөрчлийн шийтгэл хүлээсэн тухай тодорхойлолт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх боловч энэхүү үйл баримт 2016, 2017 онд болсон байх бөгөөд зөрчил гарах шалтгаан нөхцөлийн хувьд нэхэмжлэгчтэй маргаан үүсгэснээс болжээ.
Иймд тухайн үйл баримт болоод олон жил өнгөрсөн, цаашид нэхэмжлэгчтэй амьдрахгүй, хариуцагч нь хүүхдийг асарч байх хугацаандаа ямар нэгэн зохисгүй үйлдэл гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хариуцагч нь ёс суртахууны болон хувийн чанар-ын хувьд хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөхгүй гэж шүүхээс дүгнэлээ.
3.4. Шинжээчийн дүгнэлт болон хүүхдээс асуусан саналд байнга цуг байхгүй эхтэйгээ хүүхэд харилцахад ямар нэгэн түгшсэн, цааргалсан талаарх мэдээлэл, баримт тусгагдаагүй, дурдагдаагүй тул эх, хүүхдийн хоорондох харилцаа хэвийн гэж үзэх үндэслэлтэй байна.
3.5. Нэхэмжлэгчээс Хүүхдийн амьдарч байгаа гэрт Л гэх өмнө хорих ял эдэлж байсан хүн амьдардаг, хүүхэд тэр хүнээс айдаг, энэ талаар надад хүүхэд өөрөө уйлж байгаад хэлсэн гэсэн тайлбарыг гаргаж, хариуцагчаас Л манай ээжийн дүү, тэр хүн хүүхдийн амьдарч байгаа газраас өөр газар амьдардаг, малын аж ахуйд туслах гэж хааяа ирдэг, хилс хэрэгт холбогдож байсан гэсэн тайлбарыг гаргав.
Шинжээчийн дүгнэлтийн ерөнхий дүгнэлтийн 3-т ээжийг зураагүй, зурган дээр үеэл ах, эгч, аав, эмээ нараа дүрслэх зэргээр өөрийн ойр дотно харилцдаг хүмүүсийг тодорхойлж зурсан байна гэсэн дүгнэлт, гэрч Д.Ө ...бид 2022 оны 1 дүгээр сард Сэлэнгэ аймагт Б*******ын аав, ээжийнд очиход гэрт өндөр, туранхай, хүнхэр нүдтэй, үг дуу цөөн хүн байсан. Сүүлд Э*******аас сонсоход шоронгоос гарсан Л гэж ах нь хамт амьдраад байх юм гэж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Э.Х ...Л нь ээжийнх нь төрсөн дүү юм. Энэ хүн бол Эий эмээ, өвөөтэй хамт амьдарч байсан. Эийг жоохон байхад би очиж байсан. Тэр үед гэмт хэрэгт холбогдоод ял шийтгэл хүлээгээд суллагдаад гарч ирсэн байна. Хүчиндэх гэмт хэргээр ял шийтгэл хүлээгээд гарч ирсэн гэж сонссон гэсэн мэдүүлэг, хариуцагчийн Л нь хилс хэрэгт холбогдож байсан гэсэн тайлбар болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой бичлэг дээрх охин Б.Эий уйлж байгаа болон түүний цаад орноос Л босож хаалгаар гарч байгаа дүрс зэрэг нотлох баримтаар хүүхдийн амьдарч буй орчинд Л гэх иргэн байгаа, тэрээр хорих байгууллагад ял эдэлж байсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч талаас Л гэх иргэн нь өөр газар амьдардаг болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч багийн Засаг даргын тодорхойлолт нь тухайн иргэний хаягийн бүртгэлийн мэдээллийг тодорхойлж байгаа бөгөөд тухайн хүн хүүхдийн орчинд байдаггүй гэдгийг нотлохгүй юм.
Иймээс хүүхдийн одоо амьдарч байгаа орчинд түүний эрүүл мэнд, аюулгүй байдал, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болохуйц хүн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Хариуцагчаас тухайн иргэнийг хүүхдээс хол байлгах талаар ямар нэгэн тайлбар, санаачилга гаргаагүй болно.
Мөн нэхэмжлэгч талаас хүүхдийн хамт байгаа хариуцагчийн эх өндөр настай 2 хүнийг асардаг гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх бөгөөд хариуцагчийн эх 53 настай боловч өнгөрсөн хугацаанд хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхэд хариуцагчид тусалж, дэмжиж байсныг дурдах нь зүйтэй.
Иймд хүүхэд ааваасаа гадна ээждээ дасах боломжтой, эх, хүүхдийн хоорондох харилцаа хэвийн, хүүхдийн амьдарч буюу орчин нөхцөл өөрчлөгдөх нь түүний боловсрол, хүмүүжилд сөргөөр нөлөөлөхгүй, хариуцагчийн хүүхдийг эхтэй нь болон гэр бүлийн бусад гишүүнтэй харьцах боломжоор хангаж чадахгүй байгаа байдал, хүүхдийн одоо амьдарч байгаа орчинд түүний эрүүл мэнд, аюулгүй байдал, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болохуйц хүн байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хүүхдийг эх А.Э******* асрамжид үлдээх нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илүү нийцнэ гэж шүүхээс дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Эийг эх А.Э******* асрамжид үлдээж, хариуцагч Э.Б*******ын гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгчээс гаргасан хавтас хэргийн 16-104 дэх хуудасанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй.
5. Хүүхэд нэхэмжлэгчийн асрамжид үлдсэн тул Гэр бүлийн тухай 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дугаар зүйлийн 41.2.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Б*******ын охин Б.Эд олгох тэтгэлгийн хэмжээг охин Б.Эийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр гэж тогтоов.
6. Хариуцагчийн гаргасан Хүүхдийн мөнгө болон хүүхдэд олгогдсон хувьцааны мөнгө 6,758,993 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...охин 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, төрсөн цагаас нь хойш хүүхдэд ирэх хүүхдийн мөнгийг Э******* авч хэрэглэж байгаа тул 2017 оны 6 дугаар сараас 2025 оны 3 дугаар сар хүртэлх 6,620,000 төгрөг, хүүхэд олгогдсон хувьцааны мөнгө 138,993 төгрөг, нийт 6,758,993 төгрөгийг Э*******аас гаргуулна гэж тайлбарлаж, нэхэмжлэгчээс Хүүхдийн мөнгө миний дансанд орж байсан үнэн боловч үүнийг хүүхдэд зарцуулсан, энэ талаарх баримтаа гаргаж өгсөн, хувьцааны мөнгө дансанд ороогүй гэсэн тайлбарыг гаргав.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "нийгмийн халамж" гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д Нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна, 5.1.2-т нийгмийн халамжийн тэтгэмж, 13 дугаар зүйлийн 13.1-д Нийгмийн халамжийн тэтгэмж /цаашид "тэтгэмж" гэх/ дараах төрөлтэй байна, 13.1.6-д хүүхдийн мөнгөн тэтгэмж гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хүүхдийн мөнгө буюу хүүхдийн мөнгөн тэтгэмж нь хүүхдийн хэрэгцээг хангах зорилготой байх бөгөөд нэхэмжлэгчээс хүүхдийн хэрэгцээнд зориулан түүний хамт амьдарч байгаа эмээ, эгч, аавынх дансаар мөнгө шилжүүлж байсан болох нь нэхэмжлэгчийн 5091186173 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, дээрх хуулга бичигдсэн данснууд хариуцагчийн өөрийнх нь болон хүүхдийн эмээ, эгчийн данс мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчээс хүүхдийн нэр дээр Голомт банканд 536,462 төгрөгийн, ХААН банканд 1,679,383 төгрөгийн хадгаламж нээсэн нь шүүхийн үзлэг хийсэн хадгаламжийн дэвтрүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс хүүхдийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр түүний дансанд орсон 6,620,000 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгох үндэслэлгүй байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.2.2 болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.13-д Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгохыг түдгэлзүүлэх шийдвэр гаргана, 13.13.2-т эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй...нь тогтоогдсон гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн болно холбогдох төрийн захиргааны байгууллагад хандан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлэхийг зогсоолгох боломжтой байжээ.
Хариуцагчаас хүүхдийн хувьцааны мөнгө 138,993 төгрөг орсон гэж утас дээр харагдаж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч дээрх мөнгө нэхэмжлэгчийн данс руу орсон нь тогтоогдохгүй байна.
Иймд шүүхээс дээрх дүгнэлтүүдийг хийж, хариуцагч Э.Б*******ын гаргасан хүүхдийн мөнгө болон хүүхдэд олгогдсон хувьцааны мөнгө 6,758,993 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дугаар зүйлийн 41.2.1-д заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б*******ын Э /РД:/-ийг эх А******* Э******* /РД:/-ын асрамжид үлдээж, Э******* Б******* /РД:/-ын охин Б.Эд олгох тэтгэлгийн хэмжээг охин Б.Эийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр гэж тогтоож, хариуцагч Э.Б*******ын гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.6, 13.13.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Б*******ын гаргасан хүүхдийн мөнгө болон хүүхдэд олгогдсон хувьцааны мөнгө 6,758,993 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ