Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 71

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Үржинханд

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуасай овогт С.Б-д холбогдох эрүүгийн 1721002770011 дугаартай хэргийг 2018 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Хуасай овогт С.Б, Дорнод аймгийн ....... суманд ...... оны ..... сарын .....-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......../, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмэг эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын ........ дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 сарын 05-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай айнгийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, оюун ухааны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт төст хам шинж, хулгайн дон, шинж тэмдгийн уналт таталт өвчний улмаас хэрэг харицах чадваргүй гэх.

Шүүгдэгч С.Б нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “..........” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж 36600 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “...........” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж 144400 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Баяраа гэдэг хүн надаар хулгай хийлгэчихээд намайг хулгай хийдэг тэнэг хүн гэсэн. Сая хэлсэн юмнуудыг надаар хулгайлуулсан. Баяраа гэдэг хүн өөрөө хулгай хийчихээд намайг хийсэн гэж гүтгэсэн. Үүнийг л хэлмээр байна. Баян-Уул суманд захаас зүүн урагшаа Баяраа гэдэг лам байдаг. Хүн хоролдог хүн байдаг. Намайг  хоролчихлоо. Надаар нэг удаа хулгай хийлгэсэн гэв.

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хэзээг мэдэхгүй байна, Баян-Уулд дэлгүүрийн цоожийг нь хөшөөд орж мөнгө төгрөг авсан. 30000 төгрөг авсан өөр юу ч аваагүй, би тэр дэлгүүр рүү 3, 4 орж юм авсан, өдөр дэлгүүр рүү орсон, миний толгой эргээд аль дэлгүүр орж юм авснаа мэдэхгүй байна, би өөр юу авсан гэдгээ мэдэхгүй байна, би ундаа, боорцог, мөнгө авсан, жижиг том хоёр ундаа авсан, ууттай боов, бөөрөнхий еэвэн 1 ш, 20000-с 30000 төгрөг авсан, цагаан өнгийн улаан шонхор тамхи 1 хайрцаг, би авсан мөнгөөрөө хоол авч идээд захын тэнд танихгүй хүмүүстэй тааралдаж мөнгөө нийлүүлж хүрэн том савтай архины нөгөөдөх пиво авч уусан...би идэх юмыг нь идээд үлдсэн мөнгө төгрөгийг нь Баян-Уул сумын зах дээгүүр явдаг найзуудтайгаа хувааж хэрэглэсэн...” гэжээ. /хх 52/

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Үржинханд шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Б нь миний том охин Бямбасүрэнгийн том хүүхэд нь юм. Миний асрамжинд Дорнод аймгийн Баян-Уул суманд амьдардаг. Түүний эх амьдрахын эрхээр Улаанбаатар хотод ажил хийдэг. Б-н бие 2012 оноос эхлээд муудаж, хэлсэн үг ойлгохгүй, ухаан санаагаа захирч чадахгүй болсон. Тэгээд сэтгэцээр 2012 онд групп-т орсон. 2015 оноос эхлэн бие нь эрс муудаж, ойр ойрхон татаж унадаг болсон. Түүнээс хойш ухаан санаа нь бүр дордож үг хэл, үйлдлээ захирч чадахгүй, миний үгэнд орохгүй, дүү нартаа их ширүүн, гэрээс гараад алга болчихдог болсон. Манай сум орон нутгийнхан энэ талаар мэднэ. Аргаа ядаад нэг удаа эх нь аваачиж “Шар хад”-ны эмнэлэгт хүртэл хэвтүүлж байсан удаатай. Мэргэжлийн эмнэлэг хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндийнх нь хувьд холбогдох байгууллагад нь шилжүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Б-н хулгай хийсэн хэргийн талаар сайн мэдэхгүй боловч хохирогч Эрдэнэцэцэгтэй уулзаж ярьсанаар түүнийг хулгай хийснийг үгүйсгэж чадахгүй байна. Хохирогч Эрдэнэцэцэг нь уулзаад хохирол нэхэмжлэхгүй, харин энэ хүнээ дахин хулгай хийлгэхгүй байхад анхаарч, манай ойр орчимд байлгахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй байна гэдэг юм гэв.

Шинжээч эмч Б.Батдулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.Б-д 2017 оын 11 сарын 08-ны өдөр Цагдаагийн ахмад Алтангэрэлийн шинжээч томилох  тогтоолоор 51 тоот Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр С.Б-д оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт төст хам шинж, хулгайн дон, шинж тэмдгийн уналт таталт гэх өвчин тогтоогдсон. Иймд Б нь өөрийн үйлдэл, учир холбогдлыг ухамсарлах, ойлгох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн 2017 оны 12 сарын 20-ны өдөр нэмэлт тогтоол ирсэн. Энэ тогтоолоор комиссын гишүүд санал нэгтэйгээр дүгнэлт гаргасан. Онош хэвээрээ, С.Б нь оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт төст хам шинж, хулгайн дон, шинж тэмдгийн уналт таталт өвчинтэй өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн учир холбогдлыг ойлгож болсон байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гарсан.

Энэ байдал нь өнөөдрийн шүүх хуралдаан дээр хүртэл илэрч байна гэж үзэж байна. С.Б-ийн оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт төст хам шинж өвчин нь төрөлхийн буюу 0-3 настай байхад нь үүссэн. Хулгайн дон өвчин нь сүүлийн 1-2 жилд үүссэн буюу гэмт хэрэг үйлдэхээс өмнө үүссэн байна гэж үзсэн. С.Б-ийн сэтгэцийн өвчин нь өөртөө болон, бусдад аюул учруулахыг урьдчилан хэлэх боломжгүй, хулгайн дон өвчний улмаас бусдад хохирол учруулах боломжтой байна. Оюуны хөнгөн хомсдол өвчин нь танин мэдэхүй, оюун сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол давамгайлсан сэтгэцийн дутуу хөгжлөөр илэрдэг, уг өвчин нь даамжирдаггүй явцтай байдаг. Оюуны хөнгөн хомсдлын үед оюуны коэффициент ойролцоогоор 50-69 хувьтай байдаг. С.Б-ийн хувьд оюуны коэффициент нь 50 хувь байна гэсэн сэтгэц эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт 2012 онд гарсан байна. Мөн уг өвчний үед өөртөө бие даан үйлчлэх чадвартай байх боловч харилцааны зохих чадвар шаардана, нийгмийн дотор амьдарч, ажиллахад янз бүрийн хэмжээний тусламж, дэмжлэг шаардлагатай байдаг. Оюуны хомсдолтой хүнд хулгай хийх дур гэх мэт бие сэтгэцийн дотоод ертөнцийг эзэмдсэн дур хүслүүд илэрч болно. Ийм хүмүүс эмгэг дур хүсэлдээ хөтлөгдөн ёс зүйн болон эрх зүйн янз бүрийн зөрчил гаргаж болно гэсэн дүгнэлтийг гаргасан. Үүнээс үзэхэд шүүгдэгч нь “Бодонгууд” дэлгүүрт орж боорцог, бохь, зайрмаг зэргийг авснаар илэрч байна. Хулгайн дон өвчин нь өөрт нээх хэрэгтэй биш жижиг сажиг зүйлийг аваад түүнийгээ өөрөө хэрэглэхгүй хаях зарах байдлаар илэрч болно.

С.Б-ийн хувьд өвчний үндсэн онош нь “оюун ухааны хомсдол” болохоор хэрэг хариуцах чадвартай юм шиг харагдах боловч зан төрхийн өөрчлөлт төст хам шинж, хулгайн дон, шинж тэмдгийн уналт таталт гэсэн өвчин давхар давхар тогтоогдож байгаа учраас өөрийн үйлдэл, учир холбогдлыг ухамсарлан ойлгох чадваргүй гэж үзэх үндэстэй юм. Өөрөөр хэлбэл, болсон хэргийн талаар зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадваргүй гэсэн үг юм. С.Б-ийн энэ өвчин төгс эдгэрэх боломжгүй ч сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлбэл улам даамжрахгүй байх боломжтой...” гэв.

Хохирогч Л.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Баян-Уул суманд “Бодонгууд” нэртэй 6 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 12 сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд дэлгүүрийг хаасан байхад хаалганы 2 цоож эвдээд нэг блок улаан шонхор тамхи, бутархай 20000 төгрөг, түмний ундаа 3 ширхэг, өгөөжийн мөөхий боов 2 уутыг хулгайлсан байсан...2017 оны 10 сарын 28-наас 29-нд шилжих шөнө хулгай орж 3 блок улаан шонхор тамхи, өгөөжийн жимст 1 уут, мөөхий 2 уут, түмний колла ундаа 2 ширхэг, жижиг хүслийн ундаа 4 ширхэг, хоёр боодол бохь, нэрстэй зайрмаг 20 ширхэгийг хулгайлсан байсан. Энэ дээрх бүх хулгайлсан хэргүүдийг С.Б гэгч нь үйлдсэн болохыг би гутлын мөр болон өөрөөс нь сонсож мэдсэн. Би тухайн үед сэтгэцийн өвчтэй хүн юм байна даа гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм. Одоо болохоор энэ байдлаа буруугаар ашиглаад удаа дараа манай дэлгүүрээс юм хулгайлж байна...

...2017 оны 01 дүгээр сарын 02-ны орчимд Дашжавхлан ах манай ах Эрдэнэцогттой уулзаад “Б танай дэлгүүрийн хаалгыг төмрөөр хөшиж байхад нь би харсан, тэгээд Б-ийг боль гээд хөөж явуулсан юм. Б намайг боль гэхэд яваад эргэж ирээд танай дэлгүүр рүү орсон юм байна л даа” гэж хэлсэн байсан. Тэгээд манай ах Эрдэнэцогт нь Болд даргад очиж хэлээд Б-ийг бариулахад Б гэрээсээ алдагдсан гар утсыг нь гаргаж өгсөн байсан...Болд дарга “би хэн орсныг мэдэж байна, өчигдөр орой Б цагаан шуудай хавчуулсан танай дэлгүүрийн энд явж байхаар нь би гэрэл тусгаж харж байгаад явсан” гэж хэлсэн. Тэгээд л Хадбаатар цагдаа шалгаж байсан юм. Ингээд би Төмөрбаатарын гэрээр очоод Б ирсэн эсэх талаар асуухад “Б манай гэрт ирээд хүүхдэд маань зайрмаг өгсөн. Тэгээд “Соёрхол” нэртэй архи гаргахаар нь би хамт уусан” гэж хэлсэн...С.Б нь манай дэлгүүрээс хулгайлсан тамхиар архи сольж авсан байх гэж бодож байна...С.Баттөр нь төлбөрийн чадваргүй хүн байгаа юм. Б-д хуулийн дагуу арга хэмжээ авч энэ хүнийг дахин манай дэлгүүрт оруулахгүй байх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсч байна даа...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх 14-19/

Гэрч Д.Дуламжав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 сарын 28-ны 20 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын төвд байрлах манай гэрт С.Б нь ногоон өнгийн шуудайтай юм бариад орж ирсэн. Ингээд би С.Б-с “чи наад шуудайндаа юу хийгээд явж байгаа юм бэ, хулгай хийгээд яваад байна уу” гэж асуухад, С.Б нь “үгүй” гэж хэлсэн. Тэгээд шуудайнаасаа зургаан ширхэг торхтой цагаан зайрмаг гаргаж ирээд манай хүүхдүүд болох Ариунжаргал, Мөнхжаргал хоёрт хуваагаад өгсөн. Ингээд С.Б нь шуудайнаасаа нэг шил “Соёрхол” гэх нэртэй архи гаргаж ирээд манай нөхөр С.Төмөрбаатартай хувааж уусан. Тэгээд 23 цагийн орчимд С.Б нь гэртээ харина гээд шуудайтай юмаа аваад явсан...тамхи, зөөхий, зайрмаг, савлагаатай  сүү, архи гэх мэт юм харагдсан...миний мэдэхээр С.Б нь жоохон тэнэгдүү юм шиг санагддаг, ярихдаа гацаж, ээрээд ярьж байгаа зүйлээ ойлгуулж чаддаггүй. Тэгээд хоол унд идэхдээ нус шүлсээ сул гоожуулаад байдаг. Бид нар Б-д “нус шүлс чинь гоожоод байна” гэж хэлэхэд, “өө тийм байна” гээд арчиж байдаг...би Б-ийг яв гэж хэлээд хөөж явуулсан. С.Б нь татаж унадаг юм билээ. Тэгээд би хөөж явуулсан, өмнө нь Б манай гэрт ирээд хоносон юм тэгэхдээ татаж унаад намайг сандаргасан...” гэжээ. /хх 31-32/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 62 тоот дүгнэлтэд: “1.С.Б нь шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 51 тоот дүгнэлтээр Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт төст хам шинж, хулгайн дон, шинж тэмдгийн уналт таталт өвчинтэй өөрийн үйлдэл, эс үйлдлийн хор холбогдлыг ойлгож, мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадваргүй, болсон байдлын талаар зөв тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна гэсэн дүгнэлт гарсан. С.Б-ийн оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт төст хам шинж өвчин нь төрөлхийн буюу 0-3 наснаас үүссэн байна. Хулгайн дон өвчин нь сүүлийн 1-2 жилд үүссэн байна. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө үүссэн байна. 2.С.Б-ийн сэтгэцийн өвчин нь өөртөө болон бусдад аюул учруулахыг урьдчилан хэлэх боломжгүй байна. Хулгайн дон өвчний улмаас бусдад хохирол учруулах боломжтой байна. 3.Оюуны хөнгөн хомсдол өвчин нь танин мэдэх, оюун сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол давамгайлсан, сэтгэцийн дутуу хөгжлийн шинж тэмдгүүдээр илэрдэг, уг өвчин нь даамжирдаггүй явцтай байдаг. Оюуны хөнгөн хомсдлын үед оюуны коэффициент ойролцоогоор 50-69 хувьтай байдаг. С.Б-ийн хувьд оюуны коэффициент нь 50 хувь байна гэсэн эмгэг сэтгэл судлалын шинжилгээний дүгнэлт гарсан байна. Мөн уг өвчний үед өөртөө бие даан үйлчлэх чадвартай байх боловч харилцааны зохих чадвар шаардана, нийгмийн дотор амьдарч, ажиллахад янз бүрийн хэмжээний тусламж, дэмжлэг шаардлагатай байдаг байна. Оюуны хомсдолтой хүнд хулгай хийх дур гэх мэт бие сэтгэцийн дотоод ертөнцийг эзэмдсэн дур хүслүүд илэрч болно. Ийм хүмүүс эмгэг дур хүсэлдээ хөтлөгдөн ёс зүйн болон эрх зүйн янз бүрийн хэлбэрийн зөрчил гаргаж болно” гэжээ. /хх 45-46/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Мөрдөн шалгах ажиллагаанд Гэрч Ж.Ичинхорлоо /хх 30/, С.Бямбасүрэн /хх 33/, Б.Бадмаанямбуу /хх 34/, Г.Болдоо /хх 38/, Б.Ганболд /хх 25/, Н.Пүрэвсүрэн /хх 26/, Л.Төмөрбаатар /хх 37/, Л.Эрдэнэцогт /хх 39/, Г.Дашжавхлан /хх 40/, насанд хүрээгүй гэрч Д.Отгонжаргал /хх 24/, хууль ёсны төлөөлөгч П.Үржинханд /хх 35/ нарын болон хохирогч Л.Эрдэнэцэцэг /хх 16-19/, шүүгдэгч С.Б нарын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /хх 28-29, 52/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/, Эд зүйлийн үнэлгээ /хх 20-23/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт-51 /хх 42-43/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт-62 /хх 45-46/, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 53/, Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх 54-55/, эмгэг судлалын шинжилгээ /хх 56/, Өвчтний хяналтын карт /задгай/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 64/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч С.Б нь 2016 оны 12 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Бодонгууд” хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн орж “Улаан шонхор” тамхи 10 хайрцаг /1 блок/, нэрстэй зайрмаг 30 ширхэг, “Түмний коло” ундаа 3 ширхэг /том/, “Өгөөж”-ийн мөөхий боов 2 уут, 20000 төгрөг хулгайлсан, мөн 2017 оны 10 сарын 28-ны өдөр “Улаан шонхор” тамхи 3 блок, мөөхий боорцог 3 уут, “Fаnda” түмний ундаа 2 ширхэг, жижиг коло 4 ширхэг, бохь 2 боодол, нэрстэй зайрмаг 20 ширхэгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт түүний гэм бурууг давхар нотолсон дараах:

Хохирогч Л.Эрдэнэцэгийн “...Би Баян-Уул суманд “Бодонгууд” нэртэй 6 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 12 сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд дэлгүүрийг хаасан байхад хаалганы 2 цоож эвдээд нэг блок улаан шонхор тамхи, бутархай 20000 төгрөг, түмний ундаа 3 ширхэг, өгөөжийн мөөхий боов 2 уутыг хулгайлсан байсан...2017 оны 10 сарын 28-наас 29-нд шилжих шөнө хулгай орж 3 блок улаан шонхор тамхи, өгөөжийн жимст 1 уут, мөөхий 2 уут, түмний колла ундаа 2 ширхэг, жижиг хүслийн ундаа 4 ширхэг, хоёр боодол бохь, нэрстэй зайрмаг 20 ширхэгийг хулгайлсан байсан. Энэ дээрх бүх хулгайлсан хэргүүдийг С.Б гэгч нь үйлдсэн болохыг би гутлын мөр болон өөрөөс нь сонсож мэдсэн. Би тухайн үед сэтгэцийн өвчтэй хүн юм байна даа гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм...” /хх14-19/ гэх,

С.Баттөрийн үйл баримт /факт/-ыг нүдээр харсан гэрч Г.Дашжавхлангийн “...2016 оны 12 сарын сүүлээр...Бм Баясаагийн гэрээс гарч “Бодонгууд” дэлгүүрээс ээждээ хуурай идэж уух юм авахаар очиход Б “Бодонгууд дэлгүүрийн дотор талын цоожтой хаалгыг нь хөшиж байсан. Тэгэхээр нь би Баттөрийг аргадаж “чи одоо болохгүй, шоронд орвол хэцүү” гэж хэлээд явуулсан...Хэд хоногийн дараа худалдагч нь “манай дэлгүүр ухагдсан” гэж хэлж байсан...” /хх 40/ гэх,

Гэрч Л.Төмөрбаатарын “...2017 оны 10 сарын үеэр...Б манай гэрт орой ганцаараа орж ирээд манай охин Ариунжаргалд 5-6 ширхэг мөхөөлдөс өгсөн...” /хх 37/ гэх,

Гэрч Д.Дуламжавын “...2017 оны 10 сарын 28-ны орой Б нь манай гэрт ногоон өнгийн шуудайтай юм бариад орж ирсэн...шуудайнаасаа гаргаж манай хүүхдүүдэд зайрмаг өгсөн...Шуудайн дотор нь тамхи, зөөхий, зайрмаг, савлагаатай сүү, архи гэх мэт зүйл харагдсан...” /хх 31/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

Эд зүйл алдагдсан талаар тухайн цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад хохирогч хандсан талаарх гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/, Эд зүйлийн үнэлгээ /хх 20-23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч С.Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа Дорнод аймгийн  Баян-Уул сумын нутагт байрлах “Бодонгууд” хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогч Л.Эрдэнэцэцэгт 181000 төгрөгийн хохирол учруулсан боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нэхэмжлэгч “нэхэмжлэхгүй” гэсэн болох нь хохирогч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б-г бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч С.Б нь “оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт төст хам шинж, хулгайн дон, шинж тэмдгийн уналт таталт” өвчинтэй, хэрэг хариуцах чадваргүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 51,  2017 оны 12 сарын 20-ны өдрийн 62 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагч нь шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, өөрөөр хэлбэл, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд шүүгдэгч С.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар тусгаагүйгээс гадна шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...С.Б-ийн сэтгэцийн өвчин нь өөртөө болон бусдад аюул учруулахыг урьдчилан хэлэх боломжгүй байна. Хулгайн дон өвчний улмаас бусдад хохирол учруулах боломжтой байна...Сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэхэд төгс эдгэрэхгүй ч, даамжрахгүй байж болно...” гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ мэргэжлийн тайлбарыг харгалзан шүүгдэгч С.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт эмчлүүлэхээр шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Хуасай овогт С.Б-г бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч С.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн 1721002770011 дугаартай хэргийг “хэрэг хариуцах чадваргүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр түүнийг Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт эмчлүүлэхээр шилжүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Б-ийг эмчлэх арга хэмжээ авахыг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт даалгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ