Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/1072

 

 

 

 

    2023          11             07                                        2023/ДШМ/1072

 

З.Б, Х.О,

Д.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир,

шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч А.Золжаргал,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, Ц.Оргил,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/795 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Шагдарын бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Ц.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Б, Х.О, Д.Д нарт холбогдох 2302000000037 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Боржигон овгийн З.Б, 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зүйн геологич мэргэжилтэй, “Даблью Экс Пи” ХХК-ийн зөвлөх ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, Асем 36 тоотод оршин суух хаягтай, /РД: ЧО82072576/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 04 дугаар сарын 15-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 53000 төгрөгийг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.915.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

2. Улаан залаат овгийн Х.О, 1980 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автозамын инженер мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Зам, тээврийн хөгжлийн яамны замын ашиглалт, засварын хэлтсийн дарга ажилтай байсан, одоо “Арвай нутгийн зам” ХХК-ийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхон 429 дүгээр байрны 70 тоотод оршин суух хаягтай, /РД: АЮ80071058/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 689 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

3. Халиугчин овгийн Д.Д, 1989 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 153 тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 27 дугаар байрны 2302 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: НИ89041705/;

1. Шүүгдэгч З.Б нь:

 Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай тушаалаар байгуулагдсан “Азийн хөгжлийн банк”-ны МОН-3679 дугаар бүхий зээлийн гэрээний хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад БНХАУ-ын “Чайна гео инженеринг корпорэйшн” ХХК-ийг сонгон шалгаруулж өөрийн эзэмшлийн “Даблью Экс Пи” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бүрдүүлсний хариуд тус үнэлгээний хорооны дарга буюу тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Од түүний албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12:30 цагаас 13:30 цагийн хооронд өөрийн оффис болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар багт байрлах, Блью Мон Тауэрын 9 давхрын ариун цэврийн өрөөнд бэлэн 3.000.000 төгрөгийг, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 60.000.000 төгрөгийн үнэлгээтэй, 31-39 УНИ улсын дугаар бүхий “Лексус Ар Икс 350” загварын тээврийн хэрэгслийг түүний хамаарал бүхий этгээд болох найз Б.Содмөнхийн нэр дээр шилжүүлэн өгөх хэлбэрээр хахууль өгсөн,

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй төлбөр төлөгч “Жиансу Жунжиа Жианшин” ХХК, “Альфа Ассет менежмент” ХХК, “Алмоне Ойл” ХХК-ийн захирлын хувьд Монгол Улсын хилээр гарахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанаас тавьсан хилийн хоригийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1981 дугаартай тогтоолоор 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар түр сэргээлгэх нөхцөлийг бүрдүүлсэн буюу Шийдвэр гүйцэтгэх албанд “хилийн хориг түр хугацаагаар цуцлуулах тухай” албан бичиг хүргүүлсний хариуд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Дд түүний албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн жолооч З.Мөнх-Оргилоор дамжуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 600.000 төгрөгийн хахуулийг бэлнээр өгсөн,

Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ж.Бат-Эрдэнэд түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан, өөрийн “Даблью Экс Пи” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн яамнаас хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах дүгнэлтийг “Авто замчдын холбоо” Төрийн бус байгууллагаас гаргуулахад дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Ж.Бат-Эрдэнийн үеэл дүү Б.Баттөртэй хамт иргэн Н.Дэлгэрсайханаас худалдан авсан адууны төлбөр болох 55.000.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийг тус тус Н.Дэлгэрсайханд төлөх хэлбэрээр, Мөн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 20-21 цагийн хооронд Ж.Бат-Эрдэнийн оршин суудаг орон сууц болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэгийн СЗ-709 тоотод бэлнээр 15.000.000 төгрөгийг түүнд өгч, нийт 70.000.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Х.О нь:

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тушаалаар “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл"-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж, хахууль өгөгч З.Бийн Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэл 30,53 км автозамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц 1-5 дахь хэсгийн тендерт оролцогч “Чайна гео инженеринг корпораци” ХХК-ийг тус тендерт шалгаруулж улмаар өөрийн эзэмшлийн “Даблью Экс Пи” ХХК-ийг дээрх компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан “Чайна гео инженеринг корпораци” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 157 дугаартай “Зам барилгын ажил гүйцэтгэх” тухай гэрээ байгуулж буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөгч З.Бээс 2019 оны 05 дугаар сарын 30- ны өдрийн 12:30 цагаас 13:30 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Блюмон оффисын 9 давхарт байрлах “Даблью Экс Пи” ХХК-ийн оффист 3.000.000 төгрөгийн хахууль, мөн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 31-39 УНИ улсын дугаартай “Лексус Ар Икс 350” загварын тээврийн хэрэгслийг өөрийн найз болох Б.Содмөнхийн нэр дээр шилжүүлэх хэлбэрээр хахууль авсан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Д.Д нь:

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт /Төлбөр төлөгч албан ажлын, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаагаар гадаадад зорчих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түр сэргээнэ/ гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 /албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах/, 7.1.7 /албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх/ гэснийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ”-г авах гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан /Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх/, 37.1.2-т заасан /Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх/, 37.1,3-т заасан /Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах/, 37.1.13-т заасан “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэснийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, бүртгэл хөтлөх журмын 3.1 “Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг дараах үндэслэлээр сэргээнэ”, 3.2.2 “төлбөр төлөгчийг гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагыг нотолсон эрх бүхий эмнэлгийн байгууллагын мэргэжлийн комиссын дүгнэлт гарсан бол”, 3.3 “Шийдвэр гүйцэтгэгч нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, болон хүсэлтийг хүлээн авсан даруйд гадаад зорчих эрхийг сэргээх саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана” гэж заасныг тус тус зөрчиж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй “Жиансу Жунжиа Жианшин” ХХК, “Альфа Ассет менежмент” ХХК, “Алмоне Ойл” ХХК-ийн захирал З.Б нь гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс мөн сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд сэргээлгэж, Тайланд улсад зорчин “Бумрунград” эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тухай хүсэлтийг эмнэлгийн баримт бичгийн хамт 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасныг хүлээн авч, гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагыг нотолсон эрх бүхий эмнэлгийн мэргэжлийн комиссын дүгнэлт ирүүлээгүй байхад хахууль өгөгч З.Бийн гадаад зорчих эрхээ сэргээлгэх гэсэн ашиг сонирхлын төлөө “Гадаад зорчих эрх сэргээх тухай санал”-ыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа Б.Батмөнхөд танилцуулж, Б.Батмөнхөөр Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст уламжлуулан Монгол Улсын хилээр саадгүй зорчих боломжийг бүрдүүлж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Д.Д нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт З.Бийн жолооч З.Мөнх-Оргилоор дамжуулан бэлнээр 600.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: З.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Оргил-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт З.Бийн Ж.Бат-Эрдэнийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигон овогт З.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Улаан залаат овогт Халтарын Оргил-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Халиугчин овогт Д.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч З.Бийн Х.Од өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.Оргил-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Бэд оногдуулсан 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225.000 төгрөгийг торгох ялаас хасаж, нийт эдлэх торгох ялыг 13.775.000 төгрөгөөр, шүүгдэгч Х.Од оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 55 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 825.000 төгрөгийг торгох ялаас хасаж, нийт эдлэх ялыг 19.175.000 төгрөгөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолж, шүүгдэгч З.Бэд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч Ж.Бат-Эрдэнэ, Х.О, Д.Доржханд, З.Баянзул, Э.Жавзандулам, Д.Баттулга, Д.Д нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Од урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, Хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 986 дугаартай тухай зөвшөөрөл, мөн прокурорын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1195 дугаартай зөвшөөрлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цуцалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан шүүгдэгч Х.Оргил-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 33.000.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Дгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600.000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгож, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 45.000.000 төгрөгийг шүүгдэгч З.Бээс гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгож шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Шагдар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс шүүгдэгч З.Бийн Ж.Бат-Эрдэнийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичив.

Үүнд: Шүүхээс “...шүүгдэгч З.Бийг Ж.Бат-Эрдэнэд хахууль өгснийг шууд нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй буюу хангалттай нотолж чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв, Нөгөөтэйгүүр хахууль авагч гэх Ж.Бат-Эрдэнийн үйлдлийг 2302000000037 дугаартай энэхүү эрүүгийн хэргээс тусгаарлаж, “Хөгжлийн банкны” гэх тодотголтой 1741000380228 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэж, уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нөхцөл байдалтай байна. Тодруулбал, хахууль авагчийн үйлдлийг шүүхээс гэмт хэргийн шинжгүй үйлдлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хахууль өгсөн үйлдэл ч мөн адил үгүйсгэгдэж байна гэж үзлээ...” гэж дүгнэжээ.

Гэвч шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүйн дээр хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрийг иш татан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бий болгосон байна. Тодруулбал, хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрийг иш татсан тухайд: 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн “Хөгжлийн банкны” гэх тодотголтой эрүүгийн 1741000380228 дугаартай хэргийн шүүхийн шийдвэр бичгээр албажиж гараагүй, шүүхийн шийдвэрийг прокурорын байгууллагад хүргүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хангагдаагүй байхад дээрх шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр мэтээр дүгнэн шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэд холбогдох шүүхийн шийдвэрийг хэсгийг үндэслэж, хахууль авагчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж шүүхээс дүгнэсэн нь хахууль өгөгчийн үйлдлийг мөн үгүйсгэх нөхцөл болно гэж шийдвэрлэсэн. Ингэж дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 1.1-д “талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц” гэсэн хуулийн зохицуулалтыг анхаарч үзээгүй байна. Түүнчлэн хэрэгт тусгагдсан яллагдагч З.Бийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 хх 44-46/, гэрч Н.Дэлгэрсайхан /2 хх 241, 3 хх 1/, З.Ичинхорлоо /2 хх 237-238/, Т.Бямбаа /2 хх 247-248/, Б.Гантөмөр /3 хх 23-24/, У.Пүрэвжав /3 хх 29-30/, А.Уранчимэг /3 хх 42-44/ нарын мэдүүлгүүд, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлд “Монголын авто замчдын холбоо” ТББ-аас гаргаж өгсөн болон бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /5 хх 121-171/, яллагдагч З.Б иргэн Я.Сайнбаяраас 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 150.000.000 төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээ /6 хх 167/, яллагдагч З.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 51-60/ зэрэг нотлох баримтуудыг нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүй шүүгдэгч З.Бийг Ж.Бат-Эрдэнэд хахууль өгснийг шууд нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй буюу хангалттай нотолж чадаагүй, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч З.Б нь өөрийн “Даблью Экс Пи” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авахаар “Авто замчдын холбоо” ТББ-д удаа дараа хүсэлт гаргасан боловч тусгай зөвшөөрөл олгогдохгүй байсан тул өөрийн танил ах болох Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ж.Бат-Эрдэнэд хандан, түүний дэмжлэгтэйгээр “Даблью Экс Пи” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрлийг “Авто замчдын холбоо” ТББ-аас гаргуулан авсан, улмаар дээрх тусгай зөвшөөрлийг гаргуулан авахад дэмжлэг үзүүлсний хариуд Ж.Бат-Эрдэнийн хэлсний дагуу түүний үеэл дүү Б.Баттөртэй хамт иргэн Н.Дэлгэрсайханаас худалдан авсан “Васильв” нэртэй адууны төлбөр болох 70.000.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 15.000.000 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийг тус тус Н.Дэлгэрсайханд төлсөн, 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20-21 цагийн хооронд Ж.Бат-Эрдэнийн оршин суудаг орон сууц болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэгийн СЗ-709 тоотод бэлнээр 15.000.000 төгрөгийг түүнд өгч нийт 70.000.000 төгрөгийн хахууль өгсөн талаар шүүгдэгч З.Б нь маш ойлгомжтой тодорхой мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Н.Дэлгэрсайханы “Васильв” нэртэй адууг Ж.Бат-Эрдэнэ болон түүний үеэл болох Б.Баттөрд худалдсан, мөн Ж.Бат-Эрдэнэтэй “Васильв” нэртэй адууны үлдэгдэл төлбөрийг авах талаар уулзаж байсан гэх мэдүүлгээр болон холбогдох дансны хуулга, “Авто замчдын холбоо” ТББ-ын эрх бүхий албан тушаалтнуудын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхаарч үзэлгүйгээр шүүгдэгч З.Бийн Ж.Бат-Эрдэнийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд шүүх хэрэгт авагдсан баримтуудыг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүй, хэргийн бодит байдлаас зөрүүтэй шийдвэрлэсэн байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/795 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 795 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна:

1. Шийтгэх тогтоол /16 дугаар тал/-д “Өмгөөлөгч нарын зүгээс болон шүүгдэгч Даваасүрэнгийн зүгээс “тухайн өдөр байгаагүй, мөнгийг аваагүй” гэдэг зүйлийг хэлэлцүүлгийн үеэр ярьж байна. Анх түүний гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэж буруутгасан.” гэжээ. Буруутгах үндэслэлээ улсын яллагч дээрх байдлаар шүүх хуралдаан дээр тайлбарласныг дараах байдлаар зөвшөөрөхгүй байгаа:

1.1. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй ба уг эрхийг нь эдлүүлээгүй.

1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч байгаа бол өмгөөлөгч авах эрхтэй” ч уг эрхийг нь эдлүүлээгүй. Тэгэхээр хуульд заасан эрхийг нь ноцтойгоор зөрчсөнөөс хойшхи бүхий л үйл ажиллагаа хууль бус тул цуглуулсан нотлох баримтыг үнэлэх ёсгүй юм.

2. Шийтгэх тогтоол /17 дугаар тал/-д “Шүүгдэгч Д.Д 2022.09.26-ны өдөр АТГ-т гэрчээр анх мэдүүлэг өгөх явцдаа “хахууль авсан” талаараа дурдсан бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тодруулж шүүгдэгч З.Б, гэрч З.Мөнх-Оргил нараас авсан мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрүүгүй, хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч Д.Дгийн гэрчээр өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдсон гэж үзсэн тул түүний 2022.09.26-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй гэж дүгнэлээ” гэжээ. Дээрх дүгнэлтийг дараах байдлаар зөвшөөрөхгүй:

2.1. Ноцтой зөрүүгүй гэж байгаа ч цаг хугацааны хувьд шууд зөрж байгаагаас гадна З.Мөнх-Оргил нь мөнгө хүргэж өгсөн гэж хэлээгүй буюу А4 дугтуйтай бичиг хүргэсэн гэж байхад тэр дотор 600.000 төгрөг байсан хэмээн дүгнэх боломжгүй.

2.2. З.Б нь зөвхөн мөрдөгчийн асуусан буюу түүний сануулсны дагуу л 600.000 төгрөг гэж хэлдэг болохоос уг мөнгөн дүнг огт мэдэхгүй болох нь түүний мэдүүлгээс шууд харагдаж байгаа.

2.3. З.Мөнх-Оргилын мөнгө өгсөн гэх газар нь мөнгө авсан гэх анхны мэдүүлэгт буй газраас зөрж байгаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан гэх газар нь хөдөлбөргүй тогтоогдоогүйгээс гадна цаг хугацааны хувьд ч зөрж байна.

2.4. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Д.Д хэргийн газарт байгаагүй болох нь баримтаар нотлогдож байхад цаг хугацааны хувьд илэрхий зөрүүтэй түүний анхны мэдүүлгийг үнэлж байгаа нь буруу юм.

Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан баталгаатай эдлэх эрхийг нь эдлүүлэхгүйгээр авсан мэдүүлгийг үнэлэх нь хууль бус бөгөөд Миранда зарчмыг эрх зүйт улс орнууд хэрэглээд хэдэн арван жил болж байгааг дурдаж байна.

3. Шийтгэх тогтоол /17 дугаар тал/-д “Шүүгдэгч Д.Дгээс мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс хүнлэг бус, хэрцгий хандсан, нэр төрийг нь доромжилсон эсхүл өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг албадан авсан, түүнчлэн бусад хэлбэрээр мэдүүлэг гаргуулахаар шаардсан, шахалт үзүүлсэн, хуч хэрэглэн гэм буруугаа хүлээхийг тулган шаардсан, хууран мэхэлж, хууль бус хөнгөлөлт амласан зэрэг үйлдлийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэснийг дараах байдлаар зөвшөөрөхгүй.

3.1. З.Бийн жолооч нь Оргил гэж хүн байдаг болохыг огт мэдэхгүй тул мөрдөгчийн чиглүүлсэн өгүүлбэрийн хүрээнд мэдүүлгийг өгсөн. Мөнгө авснаа хэлчихвэл, уг мөнгийг төлчихвөл эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэх мөрдөгчийн тайлбарт хууртсан. Дээрх нь мөрдөн байцаалтын дуу-дүрсний бичлэгээр нотлогдох учраас мөрдөн байцаалтын үеийн дуу-дүрсний бичлэгийг хэрэгт хавсаргуулах хүсэлтийг АТГ, прокурор болон шүүхэд гаргасан ч хангаагүй. Хэрэв уг дуу-дүрсний бичлэг байсан бол дээрх нь хангалттай нотлогдох байсан ба эсрэгээрээ буюу дээрх үйлдлийг гаргаагүй гэдгээ мөрдөгч нотолж чадаагүй болно.

3.2. З.Бийн жолоочийг танихгүй тул мөнгө авсан гэх 8 дугаар сарын 6 /7/-ны өдөр болон өөр бусад ямар ч байдлаар утсаар яриагүй тул уулзаагүй. Дээрх нь ярианы дэлгэрэнгүй хуулгаар нотлогдох учраас Д.Дгийн мөнгө авсан гэх үеийн буюу 8 дугаар сарын эхний 10 хоногийн гар утасны ярианы дэлгэрэнгүй хуулгыг Юнител ХХК-аас гаргуулан авч хэрэгт хавсаргуулах хүсэлтийг мөн л шат шатанд гаргасан ч хүлээн аваагүй.

3.3. Шүүх хуралдааны явцад З.Мөнх-Оргилоос “тухайн өдөр Д.Дгийн утас салгаатай байхад яаж ярьсан юм бэ” гэхэд сандраад хариулж чадаагүйгээс гадна “гэрчийн мэдүүлэг дээр бичигдсэн дугаараас чинь дуудлага орж ирээгүй болох нь ярианы дэлгэрэнгүй хуулгаас харагдаж байна” гэхэд “би өөр дугаараас залгасан” хэмээн хариулсан нь мөн л эргэлзээ төрүүлж байгаа болно. Тэгэхээр нотлох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүйгээс гэмт хэрэг үйлдэгдсэн нь хөдөлбөргүй нотлогдож чадахгүй буюу эргэлзээ бүхий байдлыг бий болгож байна. Иймд шийтгэх тогтоолд заасан Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Ц.Оргил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тогтоолын 17 дугаар талд Д.Дд холбогдох хэргийн гэм буруугийн талаар “Д.Дгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр АТГ-д гэрчээр анх мэдүүлэг өгөх явцдаа “хахууль авсан” талаар дурдсан бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тодруулж шүүгдэгч З.Б, З.Мөнх-Оргил нараас авсан мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрүүгүй, хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч Д.Дгийн гэрчээр өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдсон гэж үзсэн тул түүний 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Д.Дгээс мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс хүнлэг бус, хэрцгий хандсан, нэр төрийг нь доромжилсон эсхүл өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг албадан авсан, хүч хэрэглэн гэм буруугаа хүлээхийг тулган шаардсан, хууран мэхэлж, хууль бус хөнгөлөлт амласан зэрэг үйлдлийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.Д нь үнэхээр бусдаас хахууль аваагүй бол АТГ-т мэдүүлэг өөрөө өөрийгөө “хахуул авсан” гэж зохиож хэлэх ямар ч шаардлагагүй юм.” гэсэн дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй бөгөөд хэргийг зөвхөн яллах талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Шүүх “Д.Дгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр АТГ-т гэрчээр мэдүүлэг өгөх явцдаа” гэж тодотгосон нь Д.Дг зүгээр өөрт холбогдолгүй хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгөх явцдаа “авлига авсан” гэж мэдүүлсэн гэж үзжээ. Д.Д нь дээд албан тушаалтнаас өгсөн үүргийг хэрэгжүүлэхийн тулд журам зөрчин хилийн хоригийг цуцлах санал гаргасан. Энэ нь эрх бүхий албан тушаалтан хууль журам зөрчин баталгаажуулж, хилийн хоригийг цуцалсан буюу гүйцэтгэх ёсгүй үүргийг гүйцэтгэсэн гэмт үйлдэлд холбогдуулан шалгаж буй хэрэг юм. Өөрөө хэлбэл, энэ гэмт үйлдэл Даваасүрэнгийн гэрчээр мэдүүлэг өгөх явцдаа “хахууль авсан” гэдэг мэдүүлэг өгснөөр илэрсэн хэрэг биш юм. Тэгэхээр Д.Дг буруутгах байдлаар буюу сэжиглэн шалгах явцдаа хууль сануулан албадаж буюу тулгаж өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан байна. Д.Д өөрөө өөрийнхөө эсрэг “хахууль авсан” гэж зохиож мэдүүлэх тодорхой үндэслэлтэй байсан талаар Д.Дгийн шүүхэд өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас дүгнэлт хийх боломжтой. Мөрдөгч нэгэнт хууль, журам зөрчиж хилийн хориг цуцалсан асуудалд Д.Дг буруутгаж мэдүүлэг авч байхдаа ШШГЕГ-ын даргатай холбоотой том хэрэг шалгаж байгаа, чиний хэрэг жижигхэн асуудал, гэм буруугаа хүлээчихвэл асуудалгүй сална гэх зэргээр айлган сүрдүүлэх, хуурч мэхэлсэн талаар Д.Д мэдүүлдэг. Энэ байдал нь Д.Дгийн мэдүүлэг өгөхдөө уйлж байгаа талаар мэдүүлгүүдэд туссан байдлаас харагддаг. Энэ хэргээс салахын тулд ямар нэгэн зүйл зохиож хэлэх шаардлага үүссэн гэж үзэхээр. Тодруулбал, сэжиглэгдэж байгаа этгээдээс хууль сануулан албадаж, хэрэг тулган хүлээлгэж буй үйлдэл юм. Хахууль авсан байдлын талаар З.Б, З.Мөнх-Оргил нарын мэдүүлгүүд ноцтой зөрөөгүй гэж үзсэн байдаг. Шүүгдэгч З.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улмаар хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Энэ зорилгодоо нийцүүлэхийн тулд мөрдөгчийн тулгасан, зүйлийг хүлээж хурдан хэргээ шийдвэрлүүлэх санаа зорилго агуулагдаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нэг талаар сул талтай бөгөөд хийгээгүй хэргийг үүрэх замаар өөрийн бусад хэргийг хөнгөн шийдвэрлэх арга зам болдог. Энэ нь Д.Дгийн эсрэг ашиглагдсан. Тодруулж хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь бусад хэргээ хөнгөн шийдвэрлүүлэх арга зам, өөрийн эрх зүйн байдлаа дээрдүүлж байгаагаар Д.Дгийн эсрэг мэдүүлэх өгөх бодит шалтгаан болсон. Хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох, яллах, цагаатгах нотлох баримтыг илүү дэлгэрэнгүй бүрдүүлэх боломж байсан. Гэрч З.Мөнх-Оргил мэдүүлэхдээ мөнгийг хүргэж өгөхдөө Д.Дгийн утсаар холбогдож очоод өгсөн гэдэг. Гэтэл тэдний хэрэглэж байгаа гар утасны дугаарын талаар лавлагаа, мэдээлэл авч болох байсан.

Тухайн үед Д.Дтэй яг хаана, ямар цаг хугацаанд уулзсан, ямар хувцастай байсан, өөрөө ямар хувцастай байсан, цаг агаар ямар байсан, ямар дугтуйтай байсан, дугтуйг хаана ямар байдалтай хүлээж авсан гэх зэрэг хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох ажлыг хийлгэхгүйгээр зөвхөн өгсөн, авсан гэх мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар яагаад энэ нотолгооны ач холбогдолтой ажиллагааг хийхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь гайхширал төрүүлж байгаа.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрч З.Мөнх-Оргил, шүүгдэгч З.Б нарын мэдүүлэг зөрүүтэй байгааг шүүх онцын зөрүүгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм. Д.Дгийн мэдүүлгээр Багшийн дээдийн голын далангийн хажууд явж байсан байдлаар тайлбарласан байхад гэрч мэдүүлэхдээ “Багшийн дээдийн уулзвар буюу UBH центрийн зам дагуу явж байхад өгсөн” гэх байдлаар мэдүүлсэн. З.Б тайлбарлахдаа цагаан өнгийн дугтуйтай гэсэн. Гэтэл гэрч мэдүүлэхдээ “бор өнгийн дугтуйтай” гэж мэдүүлдэг. “Дугтуйг үдээс хойш хүлээж авсан” гэж гэрч мэдүүлсэн байхад 3.Буяннэмэх үдээс өмнө 10-11 цагийн үед өгсөн гэж мэдүүлсэн. З.Б өмнөх мэдүүлэгтээ хүүхдийн цэцэрлэгтэй холбоотойгоор 600.000 төгрөг өгсөн гэдэг. Шүүхэд мэдүүлэхдээ Д.Д чөлөө авах гэж байсан, хүүхэд рүүгээ хөдөө явах болохоор амжихгүй гэхэд нь сайн яваарай гээд 600.000 төгрөг өгсөн гэж тайлбарласан. Энэ байдлаас харахад З.Мөнх-Оргил, З.Б нарын мэдүүлэг илт зөрүүтэй байна. Д.Д 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гараад Дархан-Уул аймгийн Орхон суманд хүүхдээ эмчид үзүүлэх гээд явж байсан талаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын рапортын тэмдэглэлд “Д.Д чөлөөтэй” гэж тэмдэглэгдсэн. Мөн эмчлүүлэгчийн карт дээр тухайн өдөр хүүхдээ дарханы Орхон суманд эмчлүүлсэн талаар тэмдэглэгдсэн зэрэг ач холбогдолтой нотлох баримтуудад огт дүгнэлт хийгээгүй.

Гэрч, болон бусад нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй, Д.Дгээс өөрийнх нь эсрэг албадаж мэдүүлэг авсан бөгөөд түүнийг хэрэгт нотлох баримтаар тооцсон, хэрэг гарсан цаг хугацаанд Д.Д Улаанбаатар хотод байгаагүйг нотлох цагаатгах талын нотлох баримтуудыг огт үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй зэрэг хэргийг тал бүрээс нь шалгах, хянах, тогтоох ажиллагаа хангалтгүй байхад шүүгдэгч Д.Дг гэм буруутайд тооцсон нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцгой зөрчсөн. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн зэрэг үндэслэлд хамаарч байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/795 дугаартай тогтоолд заасан Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Л.Ган-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие болон үйлчлүүлэгч маань анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гардаж авсан. Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад холбогдуулан хэлэх тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ....” гэв.

Шүүгдэгч Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч А.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудтай холбогдуулан хэлэх тайлбаргүй. Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гардаж авсан. Анхан шатны шүүхээс 2 өөр тогтоол гаргасныг өнөөдрийн шүүх хуралдаанаар мэдлээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжин оролцож байна. Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байна. Би 2020 оны 6 дугаар сард амаржиж, 2022 оны 4 дүгээр сард декретний амралттай /жирэмсний болон амаржсаны цалинтай амралт/ байж байгаад ажилдаа эргэн ороод 8 дугаар сард амралтаа авсан. Энэ үед намайг Авлигатай тэмцэх газраас дуудсан. Би “намайг ямар үндэслэлээр дуудаж байгаа вэ” гэхэд “танай дарга нартай чинь холбоотой. Мөн З.Бтэй холбоотой” гэж хэлсэн. Намайг удаа дараа маш их шахаж, шаардаж мэдүүлэг авсан. Би тухайн үед даргын өгсөн үүрэг, даалгаврыг л биелүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурор Ц.Шагдарын бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Ц.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.

Анхан шатны шүүхээс шүүхийн тогтоол гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна. ...” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.

Учир нь, хавтас хэрэгт шүүгдэгч З.Б, Х.О, Д.Д нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцохдоо шүүхийн тогтоолоор гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэснийг зөрчжээ.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дугаар зүйлийн “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. ...” гэж хуульчилсныг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Мөн анхан шатны шүүх хавтаст хэрэг болон хэргийн оролцогч нарт шүүхийн шийдвэрийг хоёр өөр байдлаар гардуулсан ба прокурор Ц.Шагдар, шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Л.Ган-Очир, шүүгдэгч Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч  А.Золжаргал нарт “шийтгэх тогтоол”, хавтаст хэрэгт болон шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Ц.Оргил нарт “шүүхийн тогтоол” гардуулан өгч шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн хувьд зөрүүтэйгээр гаргаж, хавтас хэрэгт хавсаргаж, гардуулжээ.

Анхан шатны шүүх нь Эрүүнгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг зарлуугаагүй байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ц.Шагдарын бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Ц.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй болно.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч З.Бэд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч Ж.Бат-Эрдэнэ, Х.О, Д.Доржханд, З.Баянзул, Э.Жавзандулам, Д.Баттулга, Д.Д нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Од урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/795 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч З.Бэд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч Ж.Бат-Эрдэнэ, Х.О, Д.Доржханд, З.Баянзул, Э.Жавзандулам, Д.Баттулга, Д.Д нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Од урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

     

      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ