| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2024/0037/З |
| Дугаар | 112/ШШ2025/0007 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 112/ШШ2025/0007
Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Ганцэцэгээс, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажилагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Ерөнхий прокурорын орлогч Д.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Есөнбулаг сумд байрлах 8 тоглоомын талбайг MNS 6751:2019 стандартад нийцүүлэн засаж, сайжруулахыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт даалгуулах
Нэхэмжлэлийн үндэслэлээ: Говь-Алтай аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсээс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай албан бичгээр гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн даргын 2024 оны 01 дүгээр тушаалын дагуу Эрсдэл ба стандарт үндэсний форумаас гаргасан санал дүгнэлтийг орон нутагт хэрэгжүүлж, стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсч үндсэн үйл ажиллагааны хүрээнд мэргэжлийн байгууллагатай хамтран холбогдох стандартын мөрдөлтийг хангаж, тайланг 2024 оны 06 дугаар сарын 01-ний дотор албан бичгээр ирүүлэх тухай албан бичгийг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна. Уг албан бичгийг хүргүүлснээс 4 сар 19 хоногийн дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Стандарт хэмжил зүйн хэлтэс нь Хүүхдийн эрхийн улсын байцаагч Н.Цээпилмаатай хамтран Есөнбулаг сумын 8 багийн нийтийн эзэмшлийн 20 талбай MNS 6751:2019 стандартад нийцсэн талаар хяналт, үнэлгээ хийхэд тус аймгийн Есөнбулаг сумд байрлаж байгаа тоглоомын талбайнууд нь нарны тусгал сайтай ч шөнийн цагт гэрэлтүүлэг хангалтгүй, хогийн сав байгаа хэдий ч эвдэрсэн, хогоор дүүрсэн, арчлалт, цэвэрлэгээ хангалтгүй, тоглоомын талбайн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, байгаа нь буруу газарт байрласан, ногоон байгууламж байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тоглох орчин бүрдээгүй, зам дагуу байрласан тоглоомын талбайнуудын ойролцоо хурд сааруулагч байхгүй, замын тэмдэглэгээ дутуу, халтиргаа, гулгаанаас хамгаалсан хамгаалалт хангалтгүй, 06-23 сартай хүүхдийн элсэн тоглоомын хэсэгт нарны тусгалаас хамгаалсан сүүдрэвч байхгүй, элсэн тоглоомын талбай байхгүй, асран хамгаалагчид сууж, амрах сандал хангалтгүй, байгаа нь эвдэрч, муудсан, зориулалтын хяналтын камергүй, онцгой байдлын үед аюулаас зайлж гарах хоёроос доошгүй орц, гарч байх ёстой боловч энэ нь хангалтгүй, харуул хамгаалалтын хэсэг байхгүй, гал унтраах анхан шатны хэрэгсэл байхгүй, цахилгаан дамжуулах агаарын шугам, кабель, дулааны шугам дамжуулах худаг, хоолойноос 5 метрээс дотогш байрласан, мэдээллийн самбар байхгүй, мэдээллийн самбарыг зориулалтын дагуу ашигладаггүй, тоглоомын талбайн гадаргуу MNS ISO 8124-4:2011 стандарт шаардлагад нийцээгүй, талбайн цэвэрлэгээ муу, тоглоом, эд зүйлс эвдэрч, хурц эрмэг, өнцөг үүссэн, хариуцагч байгууллагын хараа хяналт дутуу зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн прокурорын газарт нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллуулахаар Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс албан бичгээр хандсан байна.
2023 оны жилийн эцсийн статистик тоон мэдээгээр Есөнбулаг суманд 5437 өрх бүртгэлтэй байгаагийн 5030 өрх нь сумын төвд амьдардаг нийт хүн ам 18910 үүнээс 0-14 насны 5910 хүн 15-64 насны 12053 хүн, 65-аас дээш насны 947 хүн амьдран сууж байна. Үүний 49 хувийг хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-т Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна. 16 дугаар зүйлийн 1-т Нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал болон захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу дур мэдэн оролцох, эсхүл түүний нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй гэж тус тус заасан. Гэтэл хүүхдийн тоглоомын талбай нь стандарт шаардлагад нийцээгүй байгаа нь Есөнбулаг сумын 5910 хүүхэд, тэдгээрийн асран хамгаалагч нарын эрх ашгийг хөндөх эрсдэлт нөхцөлийг үүсгэж байна.
Иймд тус аймгийн прокурорын газраас нийтийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлийг бууруулах зорилгоор Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт бүртгэлтэй, Есөнбулаг сумд байрлах 8 тоглоомын талбайг MNS 6751:2019 стандартад нийцүүлэн засаж, сайжруулахыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч аймгийн ерөнхий прокурорын орлогч Д.Ганцэцэг, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Батцэцэг нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Говь-Алтай аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх, дээрх 8 тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангах, Есөнбулаг сумд байрлах 8 тоглоомын талбайг МNS 6751:2019 стандартад нийцүүлэн засаж, сайжруулах зорилгоор дараах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Есөнбулаг сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар Алтай хотын стандартын шаардлага хангахгүй байгаа хүүхдийн тоглоомын талбайг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд актлах ажлын хэсгийг байгуулан тоглоомын талбайн аюулгүй байдлыг ханган шинэчлэн завсарлах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөгөө батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Хүйтний улирал эхэлж цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөт зарим ажил хийгдэх боломжгүй байгаа тул төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг заасан хугацаанд чанартай хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.
Иймд хариуцагчийг төлөөлж Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Батцэцэг, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч ерөнхий прокурорын орлогч Д.Ганцэцэг нар эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтийг дэмжсэн саналуудыг харгалзан шүүхийн шатанд эвлэрэх саналтай байгаа тул эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.
Үүний дагуу аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Ганцэцэг, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Батцэцэг нар нь харилцан тохиролцож, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Эвлэрлийн гэрээнд: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тус Засаг даргын Тамгын газарт бүртгэлтэй байгаа 8 багт байрлалтай хүүхдийн тоглоомын талбайг засаж сайжруулах, эрсдлийг бууруулах 20 сая төгрөгийн төсвийг батлуулсан. Үүнд: 2024 оны ОНТ-ийн 8,0 сая төгрөгийн хөрөнгөөр Жинст багийн 5, 6 дугаар байрны тоглоомын талбайн засварын ажлыг ахлагчтай иргэдийн бүлгээр 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгүүлж, хүлээн авч эрсдэлгүй болгосон байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад байгаа Оргил багийн Ган-Өргөө хотхонд байрлалтай буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын тоглоомын талбайн засвар шинэчлэлийн ажил нь 2025 оны ОНХС-ийн 9,0 сая төгрөгөөр “ВҮҮАСК МОНГОЛИА” компанитай гэрээ байгуулан зураг төсөв хийгдэж байна. Тус хотхоны тохижилтын ажил нь 150,0 сая төгрөгөөр төсөвлөгдсөн бөгөөд тоглоомын талбайн засвар шинэчлэлийн ажил нь багтсан болно. Тоглоомын талбайн засварын ажил 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгүүлж, хүлээн авч эрсдэлгүй болгосон байна. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.1.6.4 дэх хэсэгт сумын хэмжээнд байгаа 23 тоглоомын талбайг стандартын шаардлагад нийцсэн байхаар засаж сайжруулж, шинэчлэн тохижуулахаар баталсан. Хүйтний улирал эхэлж цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөт зарим ажил хийгдэх боломжгүй байгаа тул төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг заасан хугацаанд чанартай хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээнд талууд гарын үсэг зурсан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох Есөнбулаг сумд байрлах 8 тоглоомын талбайг MNS 6751:2019 стандартад нийцүүлэн засаж, сайжруулахыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ