| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2206041143190 |
| Дугаар | 2023/ДШМ/1064 |
| Огноо | 2023-11-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2023/ДШМ/1064
2023 11 02 2023/ДШМ/1064
Б.Өт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнхтулга,
шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч М.Одбаяр,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Өын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2206041143190 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Ө, 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 0 дугаар хороо, Наран хороолол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
Шүүгдэгч Б.Ө нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39в байрны 8 тоотод байрлах 2 өрөө байрны зээлийг төлж, дахин зээл авч удаалгүй төлнө гэж 40.000.000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй зээлэхээр Б.Мтэй харилцан тохиролцон авсан боловч тэрээр уг мөнгийг зээл төлөхөд бус Бинанси платформ дээр Луна гэх нэршилтэй криптовалют авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Өыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Өыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ө нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Б.Ө нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Өаас 11.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мд 11.500.000 төгрөгийг олгуулж, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон 42 хоногтой болохыг тус тус дурдаж, Б.Өт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх хохирогч Б.Мөөс 40 сая төгрөг зээлж авч олон улсад бүртгэлтэй криптовалют худалдан авсан ба тухайн валютын зах зээлийн ханш унаж алдагдалд орж төлбөрийг хугацаанд нь өгч чадалгүй төлбөр барагдуулах гэрээ байгуулан сар бүр гэрээний дагуу төлбөр шилжүүлж байсан ба хохирогчтой байнгын холбоотой байсан. Хохирогч Б.М нийт төлбөрөө хурдан хугацаанд гаргуулан авах зорилгоор цагдаад хандсан ба мөрдөн байцаалтын явцад эрүүгийн хэрэг гэж үзэж яллагдагчаар татагдсандаа миний бие маш их харамсаж байна.
Уг мөнгийг анхнаасаа залилан мэхлэх зорилготой аваагүй ба шалгагдаж байх хугацаанд эхнэрийн бие өвдөж Бүгд Найрамдах Солонгос Улс явж эмчилгээ хийлгэх шаардлагатай болж эхнэрийн хамт явсан. Тэнд очиж эмчилгээний төлбөр хуримтлуулахын тулд ажил хөдөлмөр эрхэлсэн ба эмчилгээний төлбөрөөс гадна илүү гарсан мөнгийг сар бүр хохирогч Б.Мийн данс руу шилжүүлж холбоотой байсан нь энэ хүнийг хохироож залилан мэхлэх сэдэл байхгүй байсныг харуулж байгаа.
Миний хувьд зээлсэн мөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүй, хугацаандаа өгөөгүй нь Эрүүгийн хуулийн шинжийг агуулсан гэж үзэж байгаатай санал нийлж байгаа ба гэм буруугаа бүрэн ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Б.М нь гомдол санал байхгүй, хийгдсэн гэрээний дагуу төлбөрийг барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж бодож байна. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг ба ид ажиллаж амьдралаа дээшлүүлэхийн тулд сурч боловсрох зэрэгт 1 жилийн тэнсэн харгалзах ялын хугацаа нь урт байгаа тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөр төрлийн ял буюу торгох, олон нийтэд тустай ажил хийлгэх, тэнсэн харгалзах ялын хугацааг багасгах зэрэг надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэлт гаргаж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Одбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Б.Өын хувийн байдлын тухайд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн үйлдэлдээ гэмшиж анхнаасаа төлбөр төлж байсан. Хэргийн материалд 2 удаагийн хүсэлт, нэг удаагийн гэрээ байгаа. Эдгээр баримтыг үзвэл иргэн хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргаан гэж үзэж болохуйц гэж харагдаж байсан. Гэхдээ анх зээл авахдаа хэлсэн үйл баримт нь өөр, зээлийг зориулалтын бусаар ашигласан гэдгээр залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж ойлгосон. Банкнаас зээл авч, зориулалтын бусаар ашиглаж байгаа олон хүмүүс байгаа. Гэтэл төлбөрийг төлж, иргэн хоорондын зээлийн гэрээний харилцаатай холбоотой асуудлууд илэрхийлсэн зүйлүүд олон байгаа учраас энэ хэргийн нөхцөл байдлыг харгалзан хөнгөн эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шатанд бид хамгийн бага тэнсэх хугацаагаар, эсхүл торгох ялаар шийтгэж өгнө үү гэсэн байр суурьтай байсан. Миний үйлчлүүлэгч Б.Ө нь одоо ажил хийж байгаа бөгөөд сарын цалин нь 2.000.000 төгрөг байгаа. Тийм учраас хохирол, төлбөрийг төлөх боломжтой. Мөн торгох ялыг хариуцах бүрэн боломжтой хүн учраас нэг удаа боломж олгож, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Өын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Хэргийн үйл баримтын талаар бүгд мэдэж байгаа учраас нэмж хэлэх тайлбаргүй. Эрүүгийн хариуцлагын тухайд, анхан шатны шүүх хуралдаанд нийт 40.000.000 төгрөгөөс 28.500.000 төгрөгийг төлж оролцсон. Үлдэгдэл 11.500.000 төгрөгийг хохирогчтой тохиролцож, тодорхой хугацаанд төлөхөөр нотариатаар гэрээг баталгаажуулсан байдлаар шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Өыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Өын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг зэргийг харгалзаж, түүнийг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах санал гаргасан. Анхан шатны шүүх дээрх саналыг үндэслэсэн. Гэхдээ шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн. Энэ нь шүүгдэгч Б.Өын хувийн байдал, холбогдох нөхцөл байдлуудтай таарсан бөгөөд хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш прокурорын эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ө нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39в байрны 8 тоотод байрлах 2 өрөө байрны зээлийг төлж, дахин зээл авч удаалгүй төлнө гэж 40.000.000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй зээлэхээр Б.Мтэй харилцан тохиролцон 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрүүдэд авсан боловч тэрээр уг мөнгийг зээл төлөхөд бус Бинанси платформ дээр Луна гэх нэршилтэй криптовалют авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Мийн “...Намайг 50.000.000 төгрөгийн зээлээ аваад 2 хонож байхад буюу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр миний тус банкнаас хөөцөлдсөн эхний зээлийг судалсан зээлийн эдийн засагч Б.Ө гэж хүн надруу утсаар холбогдон “та зээл авсан мөнгөө хэрэглээгүй байгаа юм байна, дүүдээ түр зээлүүлчих, би 2-3 хоногийн дараа таньд буцааж өгнө, би энэхүү мөнгөөр банкны нэг зээл чөлөөлүүлж авчихаад буцаагаад зээл аваад таны мөнгийг өгье, би нэг зээл хөөцөлдөөд байгаа юм, та надад 0,5% хүүтэй ч хамаагүй зээлчих, эсвэл би банкны зээлийн төлөлтөөс чинь хамт төлөлцье” гэж хэлсэн. …Ингээд Б.Ө нь надад 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэлэхдээ “би өөрийн ахдаа зээл хөөцөлдөж өгөх хэрэгтэй байна, та 10.000.000 төгрөг зээлээч, ахын зээл бүтэхээр би буцаагаад өгье” гэж хэлсний дагуу түүний Голомт банкны 1109306920 дугаарын дансанд өөрийн Хаан банкны 5021250144 дугаарын данснаас 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нийт 2 удаагийн гүйлгээгээр нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн.
Үүний дараа Ө нь дахин надруу залгаад “та мөнгөө хэрэглээгүй байгаа юм байна, та дүүдээ 30.000.000 төгрөгөө дахин зээлээч, банкинд барьцаатай байгаа байрны зээлийг чөлөөлөх хэрэгтэй байна, уг байр нь миний нэр дээр байдаг байр бөгөөд би зээлээ чөлөөлчихвөл дахин зээл гаргуулж аваад буцааж өгье” гэж хэлсэн тул би түүнийг банкинд ажилладаг учраас итгэлтэй хүн байх гэж бодоод дахин зөвшөөрөн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр түүнд 30.000.000 төгрөгийг Б.Өын Хаан банкны 5421089043 дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 5021250144 дугаарын данснаас шилжүүлсэн. ... /хх 29-30/,
гэрч Т.Сгийн “...2022 оны 7 дугаар сард Б.М гэх ах мөнгө нэхэж манай гэрт ирснээр би нөхрөө өрөнд орсон гэж мэдсэн. ...Б.М гэх хүнээс 40 сая төгрөг зээлээд койн аваад түүнийх нь ханш унаад бүр ор тас байхгүй болчихсон гэсэн. ...” /хх 51/,
Б.Өын яллагдагчаар өгсөн “...Б.Мөөс авсан 40.000.000 төгрөгөөр койн худалдаж авсан. Үлдсэнээр нь өөр хүнээс авсан байсан өмнөх зээлээ төлж дуусгасан. ...эхний зээлсэн 10.000.000 төгрөгийг зээлээ хаачихаад өгье гэж хэлсэн санагдаж байна, дараагийн 30.000.000 төгрөгийг авахдаа өөрийн нэр дээрх Богд банкин дахь байрны зээлээ хаачихаад удаахгүй буцаан өгнө гэж хэлж авсан. Би хэлсэн ёсоороо зарцуулж чадаагүй, койнд мөнгийг оруулаад алдчихсан юм. ...” /хх 61/ гэсэн мэдүүлгүүд,
Богд банкны зээлийн гэрээний хуулбар /хх 12-16/, Хаан банкны 5301539080 тоот депозит дансны хуулга /хх 18-19/, Б.Өын бичгээр гаргасан хүсэлтүүд /хх 20-21/, төлбөр барагдуулах гэрээ /хх 22/, Голомт банкны 1109306920 тоот дансны хуулга /хх 79/, хохирол төлсөн баримтууд /хх 84-88, 169-171/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Өыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн, шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Мийг “зээлээ хаачихаад өгье, өөрийн нэр дээрх байрны зээлээ хаачихаад удаахгүй өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Ө “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Түүнчлэн, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох зохицуулалтыг Эрүүгийн хуульд тусгайлан хуульчилсан байдаг.
Шүүгдэгч Б.Ө нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан нөхцөл байдал тогтоогдсон ба гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мийн эд хөрөнгөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Өт анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний хугацааг багасгах, түүнчлэн торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус солих үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Өын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын заримыг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Мд 2.300.000 төгрөг төлснийг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1184 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР