| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2024/0070/З |
| Дугаар | 110/ШШ2024/0014 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 110/ШШ2024/0014
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Д ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Х.Б,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Т.З нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.Нэхэмжлэгч “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн Ж.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Өлгий сумын Засаг даргын 2018 оны захирамжаар нэхэмжлэгч Ж.Дд 2400 м.кв газрыг таримал ойн зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд уг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.
3. Хариуцагч уг захирамжийн талаар 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр утсаар мэдэгдсэнээр нэхэмжлэгч Ж.Д нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч Ж.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Миний бие Ж.Д нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар Өлгий сумын 10 дугаар баг, Харасай хаягт байршилтай, нэгж талбарын ............ дугаар бүхий 2400 м.кв газрыг таримал ойн зориулалтаар, 28 жилийн хугацаагаар эзэмшихээр болсон. Засаг даргын захирамж гарсны дараа сумын газрын даамал иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Би газар эзэмших эрхийн гэрчилгээ авсны дараа тухайн газрыг тойруулж торон хашаа татаж, гар худаг гаргаж, тодорхой хэмжээний мод тарьж тохижуулж байсан.
Гэтэл Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон байв.
Энэ талаар надад 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр утсаар мэдэгдсэний дагуу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр очиж захирамжийн хувийг авсан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 7 тохиолдлыг хуульчилсан бөгөөд миний хувьд дээрх зүйл, хэсэгт заасан зөрчлийн аль нэгийг гаргаагүй. Ийм байхад урьдчилан мэдэгдэхгүйгээр, ямар нэгэн сонсох ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн Ж.Д надад холбогдох хэсгийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгч Ж.Д нь маргаан бүхий 2400 м.кв газрыг Өлгий сумын Засаг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 165 тоот захирамжаар иргэн Х.Д шилжүүлэн авч эзэмшсэн. Өлгий сумын газрын даамал түүнтэй 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн,хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Үүний дагуу 2018-2019 онуудад тухайн газарт хашаа татаад, худаг гаргасан зэрэг ажиллагаануудыг явуулж байсан.
Ажлын хэсэг 2024 оны 5 дугаар сард тухайн газарт очиж шалгалт хийсэн, гэхдээ тухайн газарт үзлэг хийх явцад нэхэмжлэгч талыг оролцуулаагүй. Ажлын хэсгийн ахлагч О.Е шүүхэд мэдүүлэг өгөхдөө “худаг байхгүй байсан, модон шонгууд байсан, зарим хэсэгт тор байсан” гэсэн. Гэхдээ ажлын хэсгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зургаар О.Е шүүхэд өгсөн мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна. Яагаад гэвэл тэнд худаг байсан нь тодорхой харагдаж байна.
Мод тарихгүй байсан шалтгааны хувьд 2019, 2020 онд Ковид-19 цар тахлын улмаас 2 жил дараалан Монгол Улсын хэмжээнд хөл хорио тогтоосон, улсын хил хаагдсан. Тухайн хугацаанд газрыг ойжуулалтын зориулалтаар ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэдэг нь тодорхой байна. Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилсэн. Өөрөөр хэлбэл 2020 оноос 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хариуцагч тал маргаан бүхий захиргааны акт гаргахдаа эдгээр нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй.
Хоёрдугаарт, тухайн торон хашааг татсаны дараа 2 удаа хулгай ороод, торыг нь хулгайлсан. Нэхэмжлэгч талын зүгээс хулгай орсонтой холбоотой цагдаагийн байгууллагад 2 удаа дуудлага өгсөн. Нэг удаагийн дуудлагаар ирээд цагдаагийн байгууллагаас шалгасан. Тухайлбал, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуудлага өгөөд, цагдаагийн байгууллагаас холбогдох хүмүүс шалгаад, хэргийн газрын үзлэг хийгээд, тайлбар авч, үнэлгээ тогтоолгох зэрэг ажиллагаануудыг хийсэн. Хэргийн газрын үзлэгээр нийтдээ 158 метр тор хулгайд алдсан нь тогтоогдсон. Үүнд, бага хэмжээний хохирол учирсан учраас аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 372 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэхүү үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байгаа учраас энэ үндэслэлийг анхаарч үзнэ үү.
Ажлын хэсэг тухайн газарт очиж үзсэний дараа нэхэмжлэгчийн зүгээс торон хашааг сэргээж бариад, шинэчлэн татаад, 2024 оны 8, 9 дүгээр сарын үед 140 ширхэг мод тарьсан. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн зүгээс хийсэн үзлэгт 140 ширхэг мод тарьсан нь тогтоогдсон. Үзлэгийн тэмдэглэлээр 246.6 метр торон хашаа татсан нөхцөл байдал харагдаж байна. Хулгайд 150 метр тор алдсан гэж тооцвол ихээхэн хэсэг нь хулгайд алдагдсан нь тогтоогдсон. Ажлын хэсэг 5 дугаар сард шалгасан боловч тухайн үед ямар нэгэн анхааруулга өгч, ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй бол эрхийн гэрчилгээ хүчингүй болгох талаар мэдэгдээд, арга хэмжээ авах боломжтой байсан. Гэхдээ тухайн үед ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ажлын хэсэг нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдаад, 5 дугаар сард газар дээр нь шалгаад, 7 дугаар сард газар эзэмшигч нарыг дуудаад, тайлбар аваад, тэгээд 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр А/246 тоот захирамжаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Мөн ажлын хэсгийн тайлан дээр “2024 оны 7 дугаар сарны 05-ны өдрийн ажлын хэсгийн дүнгийн хурлаар хашаа татаагүй, худаг гаргаагүй, хөрөнгө оруулалт хийгээгүй аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож, энэ талаар мэдэгдэх, харин ойжуулалтын ажиллагааг эхлүүлж байгаа хашаа татаж, худаг гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ойжуулалт хийж дуусгах талаар үүрэг даалгавар өгөх” гэж тусгагдсан. Тухайн үед иргэн Ж.Д нь хашаа татсан, худаг гаргасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч талаас хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 28 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтэд “Ж.Д торон хашаа татагдсан, ойжуулалт хийдээгүй, хоосон байна” гэж тэмдэглэсэн. Зургаас сайн тодруулж харахын бол уг газарт жижиг ногоон худаг байгаа нь харагдаж байна. Тэгэхээр нэхэмжлэгч Ж.Д нь тухайн үед хашаа татсан, худаг гаргасан зэрэг ажиллагаануудыг хийсэн байхад түүнд цаашид мод тарих боломж олгохгүйгээр шууд хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй, мөн ялгаатай хандсан нөхцөл байдал харагдаж байна. Засаг дарга захирамж гаргахаас өмнө нөхцөл байдлуудыг сайн судалж, тогтоох байсан. Хэрвээ 9 дүгээр сард захирамж гаргахаас өмнө тухайн газарт эзэмшигч нь мод тарьсан, ойжуулалт хийсэн эсэхийг шалгаад захирамж гаргасан бол маргаан гарахгүй байсан.
Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт ““зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж заасан. Иймд тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна.
Хариуцагч талаас гаргаж өгсөн газар эзэмшүүлэх гэрээнд мод тарих тухай зориулалтыг огт тусгаагүй. Хэдийгээр цаанаас батлагдсан гэрээний загвар байсан ч гэсэн гэрээнд нөхцөл, болзол, зориулалт тодорхой байх ёстой. Жишээлбэл, 28 жилийн хугацаатай гэрээнд тухайн газарт хэдий хугацаанд, хэдэн ширхэг мод тарих ёстой зэрэг үндэслэлүүд тодорхой тусгагдах ёстой. Иймд гэрээнд эдгээр үндэслэлүүдийг тодорхой тусгаагүй байж гэрээнд заасан нөхцөл ,болзол, зориулалтын дагуу ашиглаагүй гэж иргэнийг буруутгах үндэслэлгүй байна. Барилга байгууламж барьсан гэж хууль тайлбарласан тогтоолд заасан байна. Тухайн газарт хашаа татсан, худаг барьсан, цахилгааны үүсвэрийг бий болгосон асуудлыг барилга байгууламж барьсан гэдэг ойлголтод хамааруулан ойлгох ёстой гэж үзэж байна.
Хариуцагч эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, зарим заалтуудыг зөрчсөн, эрхийг нь хангаагүй нөхцөл байдлууд байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “тухайн шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг зөрчсөн. Тухайлбал, мод тарьсан зэрэг нөхцөл байдлуудыг бүрэн тодруулаагүй байж шийдвэр гаргасан нь зорилгодоо нийцээгүй, бодит байдалд тохироогүй гэж үзэж байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимтай. Хариуцагч талаас хэдийгээр 7 дугаар сарын үед газар эзэмшигчийг дуудаад, тайлбар авсан боловч оролцог хангах ажиллагаа хуулийн хүрээнд бүрэн хийгдээгүй, сонсох ажиллагаа хийгдээгүй гэдэг үндэслэлээр тайлбарлаж байна.
Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.
5.Хариуцагч Өлгий сумын Засаг дарга хариу тайлбартаа:
“Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар бүхий “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага хүргүүлсэн. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд Ж.Д нь ойжуулах зориулалтаар газар эзэмшсэн байгаа нь тогтоогдсон.
Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн газар дээр нь очиж зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээ хүчингүй болгох талаар тайлбарлаж, сонсох ажиллагаа явуулсан.
Энэхүү байдлаар нэхэмжлэгч эзэмшлийн газрын гэрчилгээ хүчингүй болж, эрх ашиг нь хөндөгдөх талаар мэдмэгцээ 07 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн тайлбарын дагуу газрыг хэвээр үлдээх боломжгүй байсан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэгт заасны дагуу 7 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байдлын улмаас эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болсон нь тогтоогдсон.Хэрэв нэхэмжлэгч эзэмшиж авсан хугацаанаас эхлэн мод тарьж ургуулж, ойжуулсан бол байгальд ээлтэй ногоон төгөл бий болох байсан.Иймд Ж.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Тухайн үед нэхэмжлэгч Ж.Д нь мод үржүүлэх, ойжуулалтын зориулалтаар авсан газар дээр ямар нэгэн мод тарьсан, ойжуулалт хийсэн ажиллагаа байгаагүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээний 6.4 дэх хэсэгт ““Зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл тариалан эрхлээгүй гэдэг нь ойжуулалт хийгээгүй гэсэн үг. Бид нар анх очиж шалгахад тухайн газарт ямар нэгэн мод тариагүй байсан. Түүнийг үндэслэж бид нар 2 жил дараалан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Ж.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтыг үндэслэн “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр Ж.Дд газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.
3.Өлгий сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/166 дугаар захирамжаар тус сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2400 м.кв газрыг таримал ойн зориулалтаар, 28 жилийн хугацаагаар нэхэмжлэгч Ж.Дд эзэмшүүлж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/ “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг шаардсан байх ба уг албан шаардлагын хавсралтын дэс дугаарын 28-д Ж.Дд газар эзэмшүүлсэн захирамжийн огноо, дугаарыг тусгасан байна.
Уг албан шаардлагын дагуу Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг 2024 оны 5 дугаар сарын 09-ээс 24-ний өдрүүдэд хяналтын улсын байцаагчийн албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан байх ба ажлын хэсгийн шалгалтаар нэхэмжлэгч Ж.Дгийн эзэмшлийн Өлгий сумын 10 дугаар багт байршилтай 2400 м.кв газарт хашаа барьсан, энгийн худаг гаргасан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 5-8,9-10,38,41-51,54-56,59-64,103-104,106 дах тал/ дээрх үйл баримтууд тогтоогдсон ба хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй болно.
5. Нэхэмжлэгч талаас “Тухайн газартаа 2019 онд хашаа барьж эхлээд 2020 онд дууссан, мөн 2019 онд худаг гаргасан, цахилгааны үүсвэрийг бий болгосон тул ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. 2020 оноос “Ковид-19” өвчин гарч, хөл хорио тогтоосноор тухайн газартаа мод тарьж чадаагүй, дараа нь 2 удаа торон хашаагаа хулгайд алдсан,эдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байгаа. Ажлын хэсгээс шалгалт хийсний дараа хашааны торыг шинэчлэн татаж, 2024 оны 8-9 дүгээр сард 140 ширхэг мод тарьсан. Засаг дарга захирамж гаргахаас өмнө нөхцөл байдлуудыг сайн судалж, тогтоож байгаад захирамж гаргасан бол маргаан гарахгүй байсан” гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчид ойжуулах, мод тарих зориулалтаар эзэмшүүлсэн Өлгий сумын 10 дугаар багт байрлах 2400 м.кв газарт шүүхээс үзлэг хийхэд уг газрыг хашаалсан буюу 246,6 м хэмжээтэй хашаа барьсан, энгийн худаг гаргасан, хашаалсан газрын 4 талд нийтдээ 140 ширхэг нүх ухаж, мод тарьсан, хашааны гадна зүүн талд нь цахилгааны шонгийн мод байрладаг болох нь тус тус тогтоогдсон ба нэхэмжлэгчээс “уг цахилгааны шонгийн модноос газар доогуур цахилгааны шугам татаж холбосноор худгийн моторыг ажиллуулж байгаа” гэж тайлбарласан.
Мөн дээр дурдсан ажлын хэсгээс хяналтын улсын байцаагчийн албан шаардлагад заасан газруудыг шалгасны дараа нэхэмжлэгч Ж.Д нь 2024 оны 7 дугаар сарын үед эзэмшил газрынхаа ашиглалтын асуудал болон намрын тариалалтаар мод тарих талаар тайлбар гаргаж, улмаар 2024 оны 8-9 дүгээр сард 140 ширхэг нүх ухаж, мод тарьсан, түүнчлэн 2022 онд эзэмшлийн газартаа барьсан 246,6 м хашааны 158 м хэмжээтэй торыг хулгайд алдсан болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 36-37,59-64,123-132 дах тал/ тогтоогдож байна.
6.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
7. Дээрх байдлаар нэхэмжлэгч Ж.Д нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн 2400 м.кв газрыг 2019-2020 онд хашаалсан буюу 246,6 м хэмжээтэй торон хашаа барьсан,энгийн худаг гаргасан, мөн 2022 онд уг барьсан хашааны ихэнх хэсгийг хулгайд алдсан, 2024 оны 8-9 дүгээр сард 140 ширхэг мод тарьж ургуулсан зэрэг үйл баримт тогтоогдсон.
Эдгээр үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч Ж.Д нь газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойших 2 жилийн хугацаанд ойжуулах зорилгоор тухайн газарт хашаа барьж, хамгаалалт хийсэн, худаг гаргасан буюу ойжуулах, мод тарихын тулд бэлтгэл ажил хийсэн байх тул гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах зорилгоор огт үйл ажиллагаа хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй байгаа, үүнээс гадна зориулалтын дагуу газраа ашиглахад газар эзэмшигчээс хамаарахгүй бусдын хууль бус үйлдэл саад болсон, мөн маргаан бүхий захирамж гарахаас өмнө тодорхой хэмжээний мод тарьж ургуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй байна.
8.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.
Хариуцагч талаас иргэнд “ойжуулах” зориулалтаар газар эзэмшүүлсэн асуудлын талаар “Тухайн үеийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймагт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд газар олгож байсан” гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба нэхэмжлэгч Ж.Д нь 2024 оны 7 дугаар сарын үед эзэмшлийн газрын ашиглалтын талаар тайлбар гаргасан, мөн маргаан бүхий захирамж гарахаас өмнө буюу 2024 оны 8-9 дүгээр сард ойжуулах зорилгоор 140 ширхэг мод тарьсан байсан нь тус тус тогтоогдож байгаа.
Түүнчлэн Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагад заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авах зорилгоор Өлгий сумын Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг нь албан шаардлагад заасан иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газруудад очиж шалгаад 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дүнгийн хурал хийсэн байх ба уг дүнгийн хурлаас “...ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа хашаа татаж, худаг гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн ажиллагааг хийж дуусгах талаар үүрэг даалгавар өгөх” дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 56 дах тал/ тогтоогдсон болно.
Гэтэл дээр дурдсанаар нэхэмжлэгч Ж.Д нь ойжуулах зорилгоор эзэмшлийн газартаа хашаа барьж, худаг гаргасан,мөн тухайн газрын ашиглалтын нөхцөл байдлын талаар тайлбараа гаргаж, улмаар 2024 оны 8-9 дүгээр сард 140 ширхэг мод тарьсан байхад хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой үндэслэлүүдийг шинжлэн судлахгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй байна.
9. Иймд нэхэмжлэгч Ж.Д нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй байх тул түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасантай тус тус нийцээгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Ж.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ