Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/1075

 

 

Б.Ү, Х.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

хохирогч В.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайжав, Т.Эрдэнэбат,

цагаатгагдсан этгээд Б.Ү, түүний өмгөөлөгч Б.Очбадар,

цагаатгагдсан этгээд Х.Э,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/768 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч В.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ү, Х.Э нарт холбогдох эрүүгийн 2109008091118 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Бын Ү, 1988 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ө” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/,

            2. Г овогт Хийн Э, 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүү эдийн засагч мэргэжилтэй, “С ХХК”, “А ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

            Цагаатгагдсан этгээд Б.Ү, Х.Э нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж В.Б тай хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан түүний өмчлөлийн “Н” загварын L арлын дугаартай, - улсын дугаартай, - арлын дугаартай, - улсын дугаартай - арлын дугаартай, - улсын дугаартай 3 тээврийн хэрэгслийг “ашигтай ажиллана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Х.Эын “А” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, хохирогч В.Бт 367.385.244 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: цагаатгагдсан этгээд Б.Ү, Х.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Цагаатгагдсан этгээд Б овгийн Бын Ү, Г овогт Хийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Ү, Х.Э нарыг цагаатгаж, Б.Ү, Х.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт - , -, - улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 07 дугаартай прокурорын битүүмжлэх тогтоол, Х.Эын нэр дээр бүртгэлтэй 7 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1435 дугаар прокурорын тогтоол, Б.Үын нэр дээр бүртгэлтэй 6 үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1434 дугаар прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, Б.Ү, Х.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч В.Бын нэхэмжлэл болон иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч В.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр өмч хөрөнгийг нь хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх зорилгоор шилжүүлсэн нь Монгол Улсын хүчин төгөлдөр бүх хуулиудаар хүлээн зөвшөөрсөн зөв зүйтэй үйлдэл гэсэн үндэслэлээр шийдвэрээ гаргажээ. “Шүүх гагцхүү хуульд захирагдана.” Монгол улсын хуульд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр өмчлөгчийн өмчлөх эрхийг зөвшөөрсөн хууль байхгүй. Шүүх хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Шүүх гагцхүү хуульд захирагдах учир Иргэний хуулийн 478.8 дугаар зүйлд заагдсан ашгийг өгөхгүй, луйвардаж авах санаа зорилго байгааг олж харах үүрэг шүүхэд байгаа. Гэтэл шүүх хамтран ажиллах гэрээгээр хэдэн тэрбум төгрөгийн ашиг олсон гэдгийг санаатай нуун дарагдуулж, хамтран ажиллах гэрээгээр нийлсэн хөрөнгийн үнийг зааж өгсөн нь гомдол гаргасан этгээдийн хууль мэдэхгүйг далимдуулан доромжилсон гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг дэлгэрүүлээд Иргэний хуулийн 476, 477, 478, 479, 480 дугаар зүйлийг цухасхан уншаад үзсэн бол арай ч ийм гажиг шийдвэр биш ядаж л тэдэн төгрөгийн ашиг хүртэх ёстой байжээ гэж бичих байлаа. Яллагдагч Э, Ү нар нь шүүх хуралдааны өмнө монголын шүүх цагдаа юу юм, мөнгө байхад асуудалгүй, бид 2 шоронд суухгүй гэж найз нөхдөдөө томорсон байдаг. Олон зуун сая төгрөгийн үнэтэй машинууд минь бүгд Г банкны зээлээр худалдан авсан, бүгд банкны зээлийн барьцаанд, банкны нэр дээр шилжиж, банкны барьцаанд байдаг. Хавтаст хэрэгт яллагдагч нарын өгсөн мэдүүлэг бүгд зөрүүтэй, худлаа зүйл ярьсан байгааг ч шүүх шалгаагүй. Прокурор ч шүүх хуралдааны явцад яллагдагч нарын хавтаст хэрэгт байгаа мэдүүлэг бүгд зөрүүтэй, хуралдааны явцад ч худлаа яриад байгаа талаар сануулж хэлсэн. Залилан мэхлэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэн. Учир нь залилагч Э, Б.Ү нар нь А гэх Өвөр Монгол хүнд хохирогч миний эзэмшлийн 150.000.000 орчим төгрөгийн үнэтэй зүтгүүр “N” автомашиныг бэлэглэнэ, тэгж байж цаашид их хэмжээний ашигтай хамтарч ажиллана” гэж гэрээ хэлцэлгүйгээр шилжүүлэн авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэн, бүлэглэн залилан, онц их хэмжээний хохирол надад учруулсан үйлдэл мөнөөс мөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д нийцсэн байхад шүүх авч үзсэнгүй. Үүнээс гадна 4 автомашинуудыг “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ээр халхавчилж, С зөвшөөрөл авч өгнө хэмээн итгүүлж, олон зуун сая төгрөгөөр худалдан авсан тээврийн хэрэгслүүдийг минь өөрсдийн эзэмшлийн компаниудад шилжүүлж, залилангийн үйлдлээ халхавчлах зорилгоор цааш нь дахин бусдад шилжүүлээд, уг автомашинуудыг тултал нь ашиглаад, олон тэрбум төгрөгийг ашиг олж, баяжиж, хохирогч В.Б намайг их хэмжээний өр төлбөрт унагаасан залилангийн үйлдлийн хор уршгийг нөхөхөд маш хүнд боллоо. Үүнийг ч цагдаа, прокурор цаг хугацаагаар нь нотолсон. Хохирогч В.Б миний бие өөрийн үүсгэн байгуулсан “В” ХХК нь Г банкны зээлээр авсан дээрх машинууд нь шинэ, шууд бизнесийн эргэлтэд оруулж их хэмжээний ашиг орлого авчрах боломжтой хөрөнгө байгааг залилан мэхлэгч Х.Э, Б.Ү нар сайтар тооцоолсон гэж үзэхээр байна. Яллагдагчид шүүхэд “эвдэрхий, хуучин машинтай “В” ХХК болон В.Б гэдэг хүнийг залилаагүй гэх боловч үнэн хэрэгтээ тийм хүнтэй хамтарч ажиллан, түүний эвдэрхий, хуучин автомашинуудыг худалдаж авах, бартер хийх санал гаргадаг тэнэг, мангар бизнесмен байдаг гэж үү?. Машинуудаа зарсан нь дээр үү, эсхүл хамтарч ажиллах нь ашигтай юу гэдэг сонголт, “Өндөр ашиг өгнө шүү” гэсэн Х.Э, Б.Ү нарын амлалт, найз нөхдийн итгэл үнэмшлээр 5 машин, чиргүүлүүдээ шилжүүлж өгсөн нь өнөөдөр 1 тэрбум гаруй төгрөгийн өрөнд орж хохирогч болж үлдэх үндэс болсон. Надаас залилан авсан машинууд бүгд Г банкны зээлээр авсан ажиллагаа хэвийн, шинэ машинууд байсан болох нотолгоо нь хавтаст хэрэгт бий. Залилан мэхлэгч Х.Э, Б.Ү нарт хэт их итгэж, өөрийн бүхий л хөрөнгөө тэдэнд залилуулснаас болж Г банкны - дугаартай зээлээр 872.000.000 төгрөг зээлж, худалдан авсан 5 ширхэг чиргүүлтэй хүнд даацын автомашины нэгийг Өвөр Монголын Ад хамтран ажилласны шагнал болгон өгнө гэж гэрээ, хэлцэлгүй илтэд залилуулаад, нөгөө 4 автомашинаа хөрөнгө оруулалтын гэрээ гэгчээр залилуулснаас болж надад итгэж найдан амины хаус-аа барьцаалсан ах Ц.А, эгч Д.С нарын 1 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн - дугаар шийдвэрийн дагуу өр төлбөрт хураалгаж, Х.Э, Б.Ү нарын залилангийн үйлдлээс болж бусдыг хохироож буйдаа ихэд гэмшиж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Банкны тухай хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг үгүйсгэсэн хүний хөрөнгөөр хэдэн тэрбумын ашиг олж, мөнгө угаасан этгээдүүдэд илтэд үйлчлэн, ашиг сонирхлын үүднээс гаргасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн - тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ...” гэв.

Хохирогч В.Бын өмгөөлөгч Б.Манлайжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхээс эрүүгийн - дугаартай шүүгдэгч Б.Ү, Х.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэргийн бодит байдалтай нийцүүлж дүгнэлгүйгээр хууль зүйн үндэслэлгүй цагаатгалаа. Шүүхээс хэргийг цагаатгахдаа 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн нэг талаас /В/ В.Б, нөгөө талаас /Ө/ ХХК Б.Ү нарын хооронд нөхөн байгуулсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр, хамтран ажилласан болох нь нотлогдож байна гэж дүгнэжээ. Бодит байдал дээр Х.Эын залилан мэхлэх гэмт хэрэг 2019 оны 11 дүгээр сараас эхэлж байгааг шүүх анхаарч дүгнээгүй. Дээрх 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэх хугацаа нь зөрүүтэй гэрээг хохирогч В.Бын санал болгож гуйснаар нөхөн байгуулсан хэлбэрийн төдий өөрт нотлох баримтыг бэхжүүлж авах санаа зорилгоор байгуулсан гэрээ юм. Дээрх гэрээ байгуулагдах үед В.Бын өмчлөлийн 5 тээврийн хэрэгсэл Х.Эын “С” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй /2019 оны 11 сард/ байсан. Х.Э дээрх 5 тээврийн хэрэгслийг 5 чиргүүлийн хамт “С” ХХК-ийн нэр дээрээс 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр буюу гэрээ байгуулагдахаас өмнө Б.Үын “Ө” ХХК руу шилжүүлсэн нь нотлогдож байгаа болно. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдсэн буюу тээврийн хэрэгслүүдийг шилжүүлсэн, шилжүүлэн авсан үйлдэл нь цаг хугацааны хувьд маш тодорхой өөрөөр хэлбэл гэрээ байгуулахаас өмнө гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна. Гэрээ байгуулснаас хойш тодорхой төлбөрийг төлсөн үйл баримт нь Х.Э, Б.Ү нар нь гэмт үйлдлээ гэрээний буюу Иргэний эрх зүйн харилцаа мэтээр харагдуулах гэсэн үйлдэл гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар 1.1-т зааснаар 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/768 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч В.Бын өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хэргийн бодит байдлын хувьд хохирогч В.Б нь Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2018 оны 10 дугаар сард Г банкнаас өндөр үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авч, “Б” ХХК-аас 2018 онд үйлдвэрлэсэн “Н” маркийн тухайн үеийн хамгийн сүүлийн загварын 5 тээврийн хэрэгсэл, нүүрс тээврийн 5 чиргүүлийг нийт 872.000.000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Улмаар 2020 оны 4 дүгээр сард Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийн захирал Х.Э, “Ө” ХХК-ийн захирал Б.Ү нартай нүүрс тээврийн үйл ажиллагааны талаар уулзахад ... “уртын тээвэрт машин явахад тээвэрлэлтийн зам хол, сард цөөн тоогоор тээвэрлэлт хийдэг, нүүрс тээврийн олон компанийн машин явдгаас шалтгаалж ашиг багатай байдаг, харин богинын тээвэр нь уртын тээврээс илүү ашигтай Б.Үын “Ө” ХХК нь нүүрсний богинын тээвэрт машин явуулаад ашигтай ажиллаж байгаа, цаашид машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар ярьж, нэг машин сард хэдэн удаагийн тээвэрлэлт хийдэг, шатахуун, жолоочийн цалинд хэдэн төгрөгийн зардал гардаг, хэдэн төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжтой, нэг машинаар жилийн хугацаанд тасралтгүй нүүрсний тээвэр хийхэд машины үндсэн үнийг шууд олж, дараагийн жилээс их хэмжээний ашигтай ажиллах бүрэн боломжтой” гэж хэлж, нэг машинаас олох ашиг гэх санхүүгийн тооцооллыг гарган үзүүлсэн байдаг. Харин машин нүүрсний богинын тээвэрт хос чиргүүлтэй явах шаардлагатай тул танай машины 5 чиргүүлийг 2 хос чиргүүлээр сольж явуулъя, 5 машиныг нүүрсний тээвэрт явуулах зөвшөөрлийг бид нар хариуцаж авч өгнө, энэ асуудлыг зохицуулах БНХАУ-ын иргэн Н.А гэдэг хүн байгаа, тэр хүнд 1 машин, 1 чиргүүлийг өгнө, энэ хүн тээвэрлэлт, тээврийн төлбөрийн асуудлыг бүрэн хариуцаж зөвшөөрлийг найдвартай гаргаж өгөх юм, танай компанийн 2 машин тээвэр хийх С зөвшөөрлийг гаргаж өгнө, компанийн автомашинуудыг 2023 он хүртэл буюу 3 жилийн хугацаанд байнгын ажилтай байлгана гэсэн үгэнд хууртагдаж хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулж, Б.Ү, Х.Э нар Авто тээврийн үндэсний төв дээр очиж машинуудыг “Ө” ХХК руу шилжүүлсэн байдаг. Харин Б.Ү, Х.Э нар нь нүүрс тээврийн 5 чиргүүлийг 2 хос 4 чиргүүлээр сольсон ба хохирогч В.Бт 5 чиргүүлийг хэнд нэг бүрийн үнэ болон нийт хэдэн төгрөгөөр худалдсан талаар тухайн үед ямар ч мэдээлэл өгөөгүй, хохирогчоос энэ талаар асуухад ямар ч хариу хэлээгүй байдаг. Ингээд машинууд “Ө ХХК” руу шилжсэний дараа Б.Ү, Х.Э нар машинуудыг компанийн нэр дээр шилжүүлж, захиран зарцуулах эрхтэй болсон гэдэг байдлаар хандаж, хохирогчоос машинуудын тээврийн талаар асуухаар олон удаа залгахад утсаа авахгүй, утсаа авсан ч бодит мэдээллийг өгөхгүй тодорхой бус шалтаг шалтгаан хэлж, олон удаа шаардсаны эцэст 10 дугаар сард 7, 8, 9 дүгээр сарын дэлгэрэнгүй тайлан гэх хүснэгтийг ирүүлсэн боловч танилцахад машины тээвэрлэлтийн ашиг орлогын тооцоог бодох ямар ч боломжгүй байсан байна. Ингэснээр хохирогч В.Б нь БНХАУ-ын талаас тээвэрлэлт, тээврийн төлбөрийн асуудлыг бүрэн хариуцаж “С зөвшөөрлийг найдвартай гаргаж өгнө” гэж 1 машин, 1 чиргүүл авсан Н.А гэдэг хүнтэй холбогдож “...Б.Ү, Х.Э та нар машин явуулах С зөвшөөрөл авч өгнө гэж 1 машин, 1 чиргүүл шилжүүлж авсан. Машиныг компанийн нэр дээр шилжүүлснээс хойш зөвшөөрөл гараагүй тул манай компанийг хуурч, залилсан та нарын хууль бус үйлдлийг хуулийн байгууллагад өгч шалгуулна...” гэж хэлэхэд “...Би Б.Ү, Х.Э нарт өөр компанийн нэр дээр бүртгэлтэй машинуудад С авч өгнө гэж огт хэлээгүй. Би энэ асуудлыг хариуцаж зөвшөөрөл олгодог эрх бүхий хүн биш. Надад зөвшөөрөл олгох ямар ч эрх мэдэл байхгүй. Түүнээс ямар ч машин, чиргүүл шилжүүлж аваагүй. Зөвшөөрөл олгож машин авна гэж огт хэлээгүй. Энэ асуудлаа Б.Ү, Х.Э нартай ярьж учраа олоорой, би холбоогүй...” гэж хэлснээр Б.Ү, Х.Э нарт хууртагдаж, тэдний бодит байдлыг нуусан үг, үйлдэлд итгэж тээврийн хэрэгсэл өмчлөх эрхээ залилуулснаа мэдсэн байдаг. Хохирогчоос автомашинуудад нүүрс тээврийн С зөвшөөрөл авч өгнө гэсэн БНХАУ-ын иргэн Н.А тай ярьсан утасны бичлэгийн CD-ийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гарган өгч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцуулж, шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан. Прокуророос Б.Ү, Х.Э нарт холбогдох зөвхөн хохирогч В.Б тай “...Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ..” байгуулж түүний өмчлөлийн 3 тээврийн хэрэгслийг ашигтай ажиллана хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Х.Эын захирлаар ажилладаг “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, хохирогч В.Бт их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтын агуулгыг огт ойлгосонгүй. Анхан шатны шүүх хохирогч В.Б, шүүгдэгч Б.Ү нарын хооронд байгуулсан “... Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ ...”-г үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна. Хохирогч В.Баас шүүгдэгч Б.Үтай хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулснаа үгүйсгээгүй. Харин уг гэрээгээр машинуудыг “Ө” ХХК-д шилжүүлж, ашиглах эрхийг олгож, тээвэрлэлтийн тээвэрлэлтийн ашгийг талууд ямар хэмжээгээр авах талаар харилцан тохиролцсоноос бусдаар машинуудын өмчлөх эрхийг шилжүүлэх, компанийн нэр бүртгүүлж тээвэрлэлтэд явуулсны ашиг орлогоос суутгаж /БАРТЕР гэх/ өмчлөлийг шилжүүлэх, захиран зарцуулах эрхийн талаар тохиролцож гэрээ байгуулаагүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ү, Х.Э нар нь хохирогч В.Баас залилан авсан 3 тээврийн хэрэгслийг бартерт тооцож авсан гэж мөрдөн байцаалтын шатанд огт мэдүүлж байгаагүй зүйлийн талаар өгсөн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тогтоосон, хохирогч, гэрч, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан мэдүүлэг биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй. Шүүгдэгч Б.Ү, Х.Э нар нь өөрсдийн компаниуд нүүрсний богинын тээвэр хийх тусгай зөвшөөрөл авсан байсан, төрийн байгууллагаас нүүрсний урт болон богинын тээврийн талаар баримтлах бодлого чиглэлийн мэдээллийг урьдчилан авсан байсан, энэ талаарх мэдээлэлд ойр, нүүрсний уртын тээвэрлэлт алгасаж компани, хувь хүмүүс богинын тээвэрт машин явуулах сонирхолтой байсан давуу байдал дээр үндэслэн, хохирогч В.Бын банкнаас их хэмжээний зээл авч машин, чиргүүл авсан, нүүрсний уртын тээвэрлэлт зогсонги байдалд орж машинуудыг тогтмол тээвэрлэлтэд явуулж чадахгүйн улмаас ашиг орлого багасаж, банкнаас авсан зээлийг хугацаанд нь төлөхөд тасалдал үүсэж болзошгүй байдал, мөн нүүрсний богинын тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанид бүртгэгдэж тогтмол тээвэрлэлт хийж ашигтай ажиллах хүсэл, зорилгыг хууль бусаар ашиглаж ашиглаж “... Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ ...”-ээр халхавчлан 3 тээврийн хэрэгслийг шилжүүлж залилсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байдаг. Мөн хэрэгт цугларсан Гаалийн Ерөнхий газрын лавлагаагаар Б.Ү, Х.Э нар нь -, -, -улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр 2020 оны 7 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарын хугацаанд Т нүүрсний уурхайгаас 1 тонн нүүрсийг 300-2200 юанийн ханштайгаар нийт 140 удаагийн тээвэрлэлт хийсэн, нэг тээврийн хэрэгсэл 1 удаагийн тээвэрлэлтэд 128-142 тонн нүүрс тогтмол тээвэрлэсэн, 1 тонн нүүрсийг тээвэрлэх тээврийн ханшийг хооронд харьцуулан тооцож үзэхэд дээрх хугацаанд нийт 6.179.151.598 төгрөгийг тээвэрлэлт хийсэн боловч хохирогчоос тээврийн хэрэгслүүдээр хийсэн нүүрсний тээврийн тоо, тээвэрлэсэн ачааны хэмжээ, хэдэн төгрөгийн үнэ бүхий нүүрс тээвэрлэсэн, хэдэн төгрөгийн ашиг олсныг нуун дарагдуулсан байгаа юм. Хохирогчийн зүгээс өөрийнх нь өмчлөлд байсан 3 тээврийн хэрэгслээр ямар хугацаанд, улс хооронд, хэдэн удаагийн үнэ өртөгтэй тээвэрлэлт хийснийг прокурорын зөвшөөрлөөр авсан Гаалийн ерөнхий газрын лавлагаатай танилцаж мэдсэн. Мөн хохирогчоос мөрдөн байцаалтын шатанд Х.Этай харилцсан мессежний 31 хуудас баримтыг гарган өгч хэрэгт хавсаргуулсан ба харилцсан мессежнээс үзвэл ... “3 тээврийн хэрэгслийг Б.Үын “Ө” ХХК-ийн нэр дээр нүүрсний богинын тээвэрт явуулах зөвшөөрлийг өөрөө хариуцаж авч холбогдох байгууллагаас авч өгнө, ямар шалтгаан, нөхцөлийн улмаас нүүрсний тээврийн төлбөр тооцоотой холбоотой асуудал үүссэн, төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэж зохицуулна, энэ асуудал үүсэхэд Б.Үын буруутай үйл ажиллагаа маш их нөлөөлсөн, Б.Ү нь В.Бт өгвөл зохих төлбөр тооцоог яагаад шилжүүлэхгүй байгаа, тээврийн хэрэгсэлд хийх шатахууны төлбөр, тээврийн хэрэгслүүдийн засвар үйлчилгээ зэрэг асуудлуудыг хариуцаж байгаа, мөн өөрөө Б.Ү тай төлбөрийн тооцооноос шалтгаалж таарамжгүй харьцаатай болсон, Б.Ү аас 3 тээврийн хэрэгслийг буцааж шилжүүлж авна, энэ асуудалд санаа зовох зүйл байхгүй, Ковид-19 өвчний улмаас хөл хорио тогтоосон хэдий ч тээврийн хэрэгслүүдийг тогтмол нүүрсний тээвэрт явуулах ажлыг хариуцаж зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авсан, 3 тээврийн хэрэгслийг нүүрсний тээвэрт явуулах үйл ажиллагаанд өөрийнх нь оролцоо байгаа тохиолдолд тээврийн хэрэгслүүдийн өмчлөлийн асуудалд санаа зовох зүйлгүй, Б.Үад тээврийн хэрэгслүүдийг өмчлөх, захиран зарцуулах ямар ч эрх байхгүй” зэрэг мессежнүүдийг олон удаагийн давтамжтай бичсэн байдаг. Дээрх мессежний агуулгаас үзвэл Х.Э, Б.Ү нар нь эхнээсээ В.Баас түүний хууль ёсны өмч болох 3 тээврийн хэрэгслийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах аргаар залилан авах талаар урьдчилан үгсэн тохиролцож үг, үйлдлээрээ санаатай нэгдэж, нүүрсний тээвэрт явуулах С зөвшөөрөл авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улс хооронд нүүрсний тээвэр хийх С зөвшөөрлийг олгох төрийн эрх бүхий байгууллагад ажилладаггүй, шийдвэр гаргах албан тушаалтан биш атлаа “төрийн байгууллага, албан тушаалтны нэрийг барьж зөвшөөрлийг гаргаж өгнө” гэж тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр халхавчилж залилсан болох нь хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйл /Шүүхийн цагаатгах тогтоол/-ийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад “цагаатгах тогтоол ... шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заасан байхад анхан шатны шүүх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн талаарх ямар ч дүгнэлт хийсэнгүй. Иймд шүүгдэгч Б.Ү, Х.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/768 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийт 5 машины 1 нь осолд ороод эвдэрсэн, 4 нь явж болохоор машин байдаг. Хоёр машины чиргүүлийн төлбөрийг манай компани гаргаж, урдаас захиалан 3 машинаар сольсон байхад хохирогч тал манай 2 чиргүүлийн талаар огт ярьдаггүй. Мөн “богинын тээвэрт А гэх хүн С зөвшөөрөл авч өгнө гэсэн” гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр ийм боломж байхгүй бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Монгол Улсын С зөвшөөрлийг авч өгөх боломжгүй. Бид мэдээг сар бүр явуулдаг. Гурван машины гаалийн лавлагаа нь тээвэрлэлтийн үнэ биш бөгөөд Монгол Улсын “Э” ХХК-ийн зарсан нүүрсний үнэ юм. Мөн уг 3 машинтай холбоотой асуудлаар В.Бт ямар нэгэн тайлан мэдээ, ашгийн тайлан өгөх шаардлага байхгүй. Таван машины хоёрыг В.Б, 3 машиныг нь Х.Э бид хоёр авсан. Бид В.Бын 2 машины мэдээг тухай бүрд өгч байсан. Гурван машины мэдээг өгөх үндэслэл байхгүй учраас өгөөгүй. Хоёр машины ашиг гэж нийт 180 сая гаруй төгрөг өгсөн ба үүнийг сард хувааж үзвэл 20 сая гаруй төгрөг болно. В.Б нь “Танай компани зогссон учраас би 2 машинаа аваад явлаа” гээд машинаа авч явсан тул түүнээс хойш түүнд мөнгө өгөх боломжгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Үын өмгөөлөгч Б.Очбадар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ж.Манлайжав нь яллах дүгнэлтээр Б.Үын эзэмшлийн “Ө” ХХК-иас Х.Эын “А” ХХК-ийн нэр дээр В.Бын өмчлөлийн 3 тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, залилсан гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад Х.Эын эзэмшлийн “С” ХХК-ийн нэр дээр 2019 оны 11 сард бүртгэлтэй байсан, энэ үеэс залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдсэн байдлаар үндэслэлгүй дүгнэлтийг гомдолдоо дурджээ. Өмгөөлөгч Т.Эрдэнэбатын гомдол нь тодорхой нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт хийгээгүй. Зөвхөн өөрийн үйлчлүүлэгч хохирогч гэх В.Бын мэдүүлэг, ярьсан яриа өгүүлэмжийн хүрээнд хязгаарлагдсан, хөтлөгдсөн. Шүүхийн цагаатгах тогтоол нь улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй гэжээ. Гэтэл Цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт маш тодорхой тусгасан, нотлох баримт бүрийг шинжлэн судалж, үндэслэл бүхий дүгнэлтийг дурджээ. Хохирогч В.Бын гаргасан гомдол нь мөн нотлох баримтыг үндэслэн гомдлынхоо хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй, өөрийн үзэл бодол, шүүхээс гаргасан шийдвэр нь өөрийнх хүсэл, ашиг сонирхолд нийцээгүйгээс шалтгаалан шүүхийг. шүүхийн гаргасан шийдвэрийг илтэд хувийн үзэл бодлоор үгүйсгэсэн, доромжилсон өнгө аястай, нотолгоонд суурилсан хууль зүйн дүгнэлтгүй хийгээгүй байна. Дээрх хохирогч В.Б, түүний өмгөөлөгч нарын гомдлуудыг нийтэд нь дүгнэж үзвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/768 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн үндэслэл нь ойлгомжгүй, тогтоолын тодорхойлох нь хэсэгт хийсэн шүүхийн дүгнэлтийг харин үгүйсгэсэн, няцаасан, ямар үндэслэлээр буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг хэрхэн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн талаар огт тусгагдаагүй, гомдлын агуулгадаа ч дурдаагүй байна. Шүүгдэгч Б.Үын өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шударга шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Х.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В” ХХК-иас “С” ХХК руу 5 машин шилжүүлсэн шалтгаан нь В.Бын ““В” ХХК авсан зээлээ төлж чадаагүйн улмаас машин Г банкинд хураагдах гээд байна. Надад найдвартай итгэх хүн байхгүй, чи түр шилжүүлээч” гэсэн хүсэлтийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж авсан. Мөн энэ хүсэлтээр “Ө” ХХК руу шилжүүлсэн. Хохирогч тал давж заалдах гомдолдоо “тухайн үед “С” ХХК нь нүүрсний богинын тээвэрт бүртгүүлье гэсэн” агуулгатай зүйл бичсэн байсан. Гэтэл “С” ХХК 70-80 машинтай байсан тул “В” ХХК болон В.Бын 5 машиныг авах ямар ч шаардлага байгаагүй. “Банкинд хураагдах гээд байна” гэхээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. ...” гэв.

Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Ү, Х.Э нарт холбогдуулан шалгасан хэргийг анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан. Шүүх цагаатгах тогтоолдоо шүүгдэгч нарын үйлдлийг ямар үндэслэлээр цагаатгаж буй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзсэн тул прокуророос эсэргүүцэл бичээгүй. Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байх тул энэ талаар тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Прокуророос Б.Ү, Х.Э нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж В.Бтай хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан түүний өмчлөлийн “Н” загварын L арлын дугаартай, - улсын дугаартай, - арлын дугаартай, - улсын дугаартай - арлын дугаартай, - улсын дугаартай 3 тээврийн хэрэгслийг “ашигтай ажиллана” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Х.Эын “А” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, хохирогч В.Бт 367.385.244 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Б.Ү, Х.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд энэ хэрэгт уг шаардлагыг хангалгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн байх тул цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт цагаатгагдсан этгээдийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасан атал анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо энэ талаар бичээгүй байх тул хууль ёсны шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

            Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг цагаатгах талын ямар ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй байх тул Б.Ү, Х.Э нарт холбогдох хэргийг хүчингүй болгож, цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Гэмт хэргийн үйл баримтыг бодитой тогтооход хэргийн сэдэлт санаа зорилгыг заавал тодруулах, гэмт хэрэг үйлдсэн гэх арга, гэм буруугийн хэлбэрийг хөдөлбөргүй тогтоох зайлшгүй шаардлагатай атал анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдсанаар талуудын хооронд хийгдсэн иргэний эрх зүйн харилцаа болох гэрээн дээр илүү ач холбогдол өгч, үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Уг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилгоор өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг бөгөөд гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг онцлогтой.

Анхан шатны шүүхээс гэрээнд оролцогч талууд сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хэрхэн хамтран ажиллахаа тохирч, хохирогч В.Б (В" ХХК-ний захирал) болон шүүгдэгч Б.Ү (Ө ХХК-ний захирал) нар нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулсан байх ба уг гэрээний үйлчлэх хугацааг 1 жил байхаар заасан гэрээний дагуу хамтран ажилласан болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.” гэсэн дүгнэлт үндэслэл муутай болсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, В.Б нь өөрийн өмчлөлийн 5 тээврийн хэрэгслийг бусдад ямар нэг байдлаар шилжүүлэх тухай баримт хэрэгт авагдаагүй. Харин В.Б нь зөвхөн 2 тээврийн хэрэгслийн нүүрс тээвэрлэлтэд явуулсны ашгийг авах асуудал яригдсан бөгөөд үүнийг хэн аль нь үгүйсгээгүй байна.

Энэ нь В.Бын гэрч, хохирогчоор өгсөн “...Ү машинуудыг чинь богинын тээвэрт явуулбал 20-40 сая төгрөгийн ашиг өгнө, 3 тээврийн хэрэгслийн ашгийг би, 2 машины ашгийг чи авна, ... “Ө” ХХК дээр С зөвшөөрөл авна чи 1 жилд 1 тэр бумын ашиг олно” гэсэн. -, - хэдэн удаа тээвэрт явсныг мэдэхгүй байна. Би нийт 162 сая төгрөг авсан. Үад шилжүүлсэн 4 тээврийн хэрэгсэл эвдрэлгүй. 1 тээврийн хэрэгсэл эвдрэлтэй байсныг би хөлсийг нь гаргаж бүрэн бүтэн болгож Үад өгсөн. ...тээврийн хэрэгсэл “Б” ХХК-иас “Н” машины толгойг 142 сая төгрөгт чиргүүлийг 46 сая төгрөгт бодож авсан. Нийт 940 сая төгрөг болсон. Тээврийн хэрэгслийг Ү өөрийн компанийн нэр дээр шилжүүлж, “Эхний улирал явуулсан, үүнээс хойш яваагүй, шүүхдээд аваарай” гэж хэлээд мөнгө өгөөгүй. Эхлээд Эын “С” ХХК нэр дээр байсныг “Ө” ХХК руу шилжүүлсэн. Одоо тээвэрт явж байгаа. Хамтран ажиллах 3 жилийн хугацаа дуусахаар би бүгдийг буцаан авах байсан. ...2020 оны 5 дугаар сарын 22-ны гэрээг Хан-Уул дүүргийн 15 хороо, Х хотхонд хийхэд 3-уулаа байсан. Сүүлийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг гэрээг Ү, Э нар Сүхбаатар дүүргийн 3 хороо, - байрны гадаа Үын машинд хийсэн. ...Ү миний машиныг өгөхгүй байхаар нь би “өөрийн орлого олох тээврийн хэрэгслийг өөр компанид явуулж байя” гэж гуйн “А” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Үлдсэн 3 машиныг Ү надад хэлэлгүй Эын “А” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байсан. ...2 машинд Өмнөговь аймагт миний эзэмшилд, 3 машин нь “Ө” ХХК-д байгаа. ...Э анх санал тавьж том тэрэг авахуулсан. Үтай танилцуулж 5 машиныг хариуцаж, мөнгийг нь явуулдаг байсан. Санаа зоволтгүй гэдэг байсан. “Машиныг нүүрс тээвэрт явуулахад тухайн байгууллагын нэр дээр байх шаардлагатай. ...шилжүүлэх ёстой” гэхээр нь шилжүүлсэн. “Буцаагаад шилжүүлнэ” гээд гуйгаад байсан. Тэгээд “3 жилийн дотор чи 5 машинаа өөрийн болгоно” гэсэн. Э Үын “Ө” ХХК дээр 5 машинаа шилжүүлбэл ашигтай ажиллана гээд бичиг харуулсан. Айх хэрэггүй гээд нилээд хэд хоног гуйсан. “2 тээврийн хэрэгслийн ашиг чиний цэвэр ашиг болно. ...1 машин Хятад талын хүнд өгч байгаа тул танай машин тасралтгүй явна” гэж хэлсэн. Тэгээд “Ө” руу шилжүүлсэн. “Татвараас шалгалт орж магадгүй, чиргүүлийн үнийг доош унагаад хэлээд биччих ... 50 сая төгрөгөөр машиныг чинь засуулсан” гэхээр нь юм хэлээгүй. ...Ү, Э нар миний 5 чиргүүлийг зарж өгнө гээд мөнгийг нь өгөөгүй. Тээврийн ашиг нэхэмжилнэ. ...” /1хх 59-67, 184, 3х 23, 6х 109, 8х 32, 95/,

Б.Үын гэрч, яллагдагчаар өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ... Э нь “Быг ойрын тээвэрт явах сонирхолтой байна, туслаач” гэсний дагуу 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр миний бие “Ө” ХХК-ийг төлөөлөн Бтай гэрээ хийсэн. 5 машиныг миний компанид шилжүүлсэн. Бын дан чиргүүлийг 100 сая төгрөгт зараад хятадаас хос 5 чиргүүл авч хамтран ажиллах гэрээ байгуулсан. Нэг нь осолд орсон. 2020 оны 6 дугаар сарын 02-ны өмнөх гэрээг хүчингүй болгож дахин гэрээ хийсэн. Хятадын талаас “2021 оны шинэ тээврийн хэрэгсэл олон улсын тээвэрт явуул” гэсэн болохоор манай байгууллагаас 10 шинэ машиныг олон улсын тээвэрт явуулсан. 2021 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал тээвэрт яваагүй. ...Бтай уулзаад 5 тээврийн хэрэгслийг тээвэрт явуулахаар болж “Ө” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Нэг машин мөргөлдсөнийг зассан. “А” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслүүдийн БНХАУ руу олон улсын тээвэрт явсан ба орлогыг миний бие авч байна. Тухайн тээврийн хэрэгсэл миний өмч учраас би Бт ямар нэгэн байдлаар шилжүүлсэн талаар хэлэх шаардлагагүй. -, - машиныг Бт өгөхдөө 117 сая төгрөгийн үнэтэй чиргүүлийн хамт өгсөн. Гурван тээврийн хэрэгсэл нь Э, Абид 3 өмч, ашгийг бид авахаар болсон. Үлдсэн 3 тээврийн хэрэгслийг өгөхөд бэлэн байна. ...Бтай анх 2018 оны 5 дугаар сард машинтай ирсэн би тээвэрт явах гэрээг нь хийж өгсөн. Нэг машин нь явахгүй, 4 машин ажилгүй зогссон байсан. 2020 оны 2 дугаар сарын сүүлээр Э, Б, бид 3 ярилцаад Бын 5 машиныг худалдаж авах санал тавьсан. Гурван машиныг Э бид 2 авсан. Хоёр машиныг нь өөртөө үлдээсэн. Хоёр машин нь манайд тээвэрт явах тул 4 чиргүүл өгсөн. Мөнгөө Б 100 хувь авдаг байсан. ... -, - машины төлбөрийг Б өөрөө авдаг байсан. ...Гурван машины мөнгийг би авч Эд зохих хувийг өгдөг. ...” / 1хх  72, 2х 112, 6х 87, 7х 9, 8х 107/,

Х.Эын гэрч, яллагдагчаар өгсөн “...Б 5 ширхэг машинтай ба уртын тээвэрт явуулдаг байсан. Б, Ү нар тохиролцоод гэрээ хийж, Үын “Ө” ХХК-ийн нэр дээр шилжүүлж богинын тээвэрт явуулахаар болсон. Нэг машин А, 2 машин Ү, 2 машин Б орлого авахаар тохиролцсон. Б орлогоо тогтмол авч байсан. ...Би гэрээ хийгээгүй. Ү, Б нарын хоорондох асуудал. Гурван машиныг миний өөрийн үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК дээр шилжүүлсэн зүйл гэвэл “Ө” ХХК-тай хамтран ажиллах хүсэлтийн дагуу шилжүүлсэн. Тухайн үед манай “А” ХХК бөмбөлөг хилээр нэвтрэх шалгуур үзүүлэлтийг хангачихсан байсан болохоор өөрийнхөө компанийн нэр дээр уг 3 машиныг шилжүүлэн авч бөмбөлөгт бүртгэж, нүүрсний ачаа тээврийн ажилд явуулж байгаад битүүмжлэгдсэн. Буцаагаад Үын “Ө” ХХК-д шилжүүлсэн. 10 гаран машин манай нэр дээр гэрээ хийж ажиллуулсан. Гурван машины нүүрс тээвэрт явсан. Ашиг орлогоос би авдаггүй байсан. Ү бүх мөнгийг авдаг байсан. ...Нүүрс тээврийн ханш өдөр бүр өөр өөр байдаг. Б 2 машины ашиг, Үүрээ бид хоёр 3 машины ашиг авдаг. ...” /1хх 75, 6х 96, 8х 104/,

гэрч Э.Цы “...С, А, Ө ХХК-уудын тээврийн хэрэгслүүдийн ачаа ачилт, жолооч нарын хасалт, нөхөлт, биржийн бичиг С зөвшөөрөл зэргийг хариуцан ажилладаг. Тээврийн хэрэгслүүд “А” ХХК нэр дээр байдаг. 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нүүрс ачихаар гаалийн хяналтын бүс рүү явсан ба тэр газраа хоноод үүрээр 3-4 цагийн хооронд гаалийн бүс рүү орсон. 11 цаг 40 минутын орчим БНХАУ хил рүү орох хоолойд нүүрс тээвэрлэсэн явж байна гэсэн. Тухайн тээврийн хэрэгслүүд С зөвшөөрөлтэй учир байнгын нүүрс ачилт, олон улсын тээвэрт явж байна. ...” /2хх 126/,

гэрч Б.Бын “...А ХХК жолооч 2022 оны 2 дугаар сараас ажиллаж эхэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 10-наас - тээвэрт явж байгаа. 4 удаа явсан. 1 удаа явахдаа 138 тонн орчим нүүрс тээвэрлэдэг. Эвдрэл гэмтэлгүй. ...” /2хх 130/,

гэрч О.Эын “...Би 2019 оны 1 дүгээр сараас Авто тээврийн үндэсний төвд ачаа тээврийн тасгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2022 оны 3 дугаар сараас хэлтсийн даргаар ажиллаж байна. С зөвшөөрлийг Монгол Хятадын засгийн газрын хоорондын протоколын хүрээнд олгодог. С зөвшөөрөл олгоход Нийгмийн даатгал, татварын өргүй байх, жолоочийн албан журмын даатгалтай байх, тээврийн хэрэгслүүд нь тус компанийн нэр дээр бүртгэлтэй байх ББСБ нэр дээр байвал тус компанийн тодорхойлолт байх оношилгоонд орсон байх, ... зэрэг шаардлагатай. ...” /8хх 98/ гэсэн мэдүүлгүүд, цахим мессеж харилцааны хуулбар /6хх 1-26, 7х 227, 8х 16/, “Х” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр /3хх 184/, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 30-34/, Гаалийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /1хх 78-84, 185, 2хх 179-189, 7хх 110/, Хил хамгаалах ерөнхий газрын албан тоот, хавсралт /1хх 86-91, 2х 179, 3х 118/, Эд зүйл бичиг баримт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 92/, Авто тээврийн үндэсний төвийн албан тоот, хавсралт /1хх 99, 2х 192/, хөрөнгө оруулж, хамтран ажиллах 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ /1хх 104, 110, 112/, Улсын бүртгэлийн лавлагаа /1хх 118, 195, 2х 99, 3х 136/, дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 124, 138/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 172, 199, 202, 2хх 86, 3хх 59-93, 8хх 111/, Захиалгаар техник нийлүүлэх гэрээ /1хх 187/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 132, 135/, Тээврийн хэрэгсэл худалдах гэрээ /7хх 14/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Түүнчлэн Б.Ү, Х.Э нар нь В.Бтай хамтран ажиллах гэрээ хийхдээ түүний тээврийн хэрэгслийг Ө ХХК-ийн нэр дээр бүртгэж, В.Бын зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэхийг хориглох заалттай байхад АХХК руу тээврийн хэрэгслүүдийг түүнд мэдэгдэлгүй шилжүүлсэн үйл баримтад анхан шатны шүүх үнэлэлт өгөөгүй байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтууд зөрүүтэй байхад няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэх үндэслэлд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Түүнчлэн талуудын мэтгэлцээнд оролцогч талуудын санал хүсэлт, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох, нотлох баримтад хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх атал зөвхөн хэрэгт авагдсан гэрээнд дүгнэлт хийж бусад баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө:” гэсэн зохицуулалт орсон бөгөөд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг өөрчлөх байдлаар давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй нь зүйтэй гэж үзэв.

            Иймд хохирогч В.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/768 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хохирогч В.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, цагаатгагдсан этгээд Б.Ү, Х.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ