| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2024/0084 |
| Дугаар | 110/ШШ2025/0016 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Татвар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 110/ШШ2025/0016
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Ш.А,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.А,
Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагатай зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц /цахимаар/, түүний өмгөөлөгч А.Б/цахимаар/,хариуцагч татварын улсын байцаагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.Гомдол гаргагч Ш. А нь Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.
2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс шилжүүлсэн “Эрх Чөлөөний Эвсэл намаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч Ш.А нь сонгуулийн зардлын данс нээх, бүртгүүлэх, тайлан гаргах үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан “сонгуулийн зардлын данс бүртгүүлэх, мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж, данс нээх, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзээд Ш.А 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.Хариуцагч татварын улсын байцаагч нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс харьяаллын дагуу шилжүүлсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0043646 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан байх ба гомдол гаргагч Ш.А нь уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.
4.Гомдол гаргагч Ш.А гомдлын шаардлагын үндэслэлдээ:
“Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.А нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 0043646 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргаж, нэхэмжлэгч намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1.21 дэх хэсэгт заасны дагуу 10 000 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Би сонгуульд оролцохдоо хууль тогтоомж зөрчөөгүй, зөрчил үйлдээгүй байхад намайг үндэслэлгүй, хууль бусаар торгож хохироосон тул би зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.
Маргаан бүхий захиргааны акт хууль бус болох тухай:
Татварын улсын байцаагч нь намайг “зардлын данс нээх, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй" хэмээн буруутгасан байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл би сонгуулийн зардлын данс нээгээгүй. Зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй буюу бүртгүүлэх бодит боломж байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй болно. Иймд намайг зардлын дансаа бүртгүүлээгүй хэмээн буруутгаж буй нь үндэслэлгүй юм.
Харин нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй болно. Учир нь, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь ямар журам, зохион байгуулалт, арга замаар сонгуульд оролцох, ямар байдлаар сонгуулийн зардлыг санхүүжүүлэх, төвлөрүүлэх, зарцуулах зэрэг дотоод үйл ажиллагааг өөрөө мэдэн зохион байгуулах эрхтэй. Энэ талаар Улс төрийн намын тухай хуулийн 4.1-т “Нам нь ... сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж, 7.1-т “Нам дараах эрхийг эдэлнэ: 7.1.3. “хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох” гэж тус тус заасан.
Миний элсэж, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн нам болох Эрх Чөлөөний Эвсэл нам нь хуульд заасан дээрх эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн зардлын нэг л данстай байхаар шийдвэрлэсэн.
Тодруулбал, Эрх Чөлөөний Эвсэл намын төлөөллийн төв байгууллага болох Сенатаас 2024.4.27-ны өдрийн С/05 дугаартай тогтоолыг гаргаж, тус тогтоолын 1 дэх заалтаар Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааг Эрх Чөлөөний Эвсэл намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч тус бүр тус тусдаа хийх бус намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болсонтой холбоотой дээрх тогтоолын 3 дахь заалтаар “Дээр дурдсан заалтын хүрээнд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж бусад хэлбэрээр сурталчилгааны зардал гаргахгүй байхаар шийдвэрлэсүгэй” гэж, тогтоолын 4 дэх заалтаар “Тус Тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлтэй холбогдуулан Эрх Чөлөөний Эвсэл намаас сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банканд зардлын данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар шийдвэрлэсүгэй. СЕХ болон ҮАГ-т бүртгэлтэй Эрх Чөлөөний Эвсэл намын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгасугай” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, Эрх Чөлөөний Эвсэл намын зүгээс сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар явуулах, намын хэмжээнд зардлын нэг л данстай байх, нэр дэвшигчид тус бүртээ хандив хүлээж авах, зардал гаргах үйлдэл хийхгүй байх арга замыг сонгож, түүний дагуу сонгуульд оролцсон. Намын тус шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд намын тус дотоод хэрэгт төрөөс оролцох, буруутгах эрхгүй юм. Эрх Чөлөөний Эвсэл нам нь намын хэмжээнд нэг данстай байж, түүнийг хууль, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж, бүртгүүлсэн. Тухайн үед төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс үүнийг буруутгасан, нэр дэвшигч тус бүр данс нээхийг шаардсан зүйл байхгүй.
Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-т “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол ... торгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зардлын дансыг (1) бүртгүүлэх, (2) түүнд мөнгөн хөрөнгө төвлөрүүлж зарцуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол торгох талаар заасан. Харин зардлын дансыг нээлгэх талаарх журам зөрчсөн бол торгох талаар Зөрчлийн тухай хуульд заагаагүй. Иймд намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-т тусгаагүй үйлдлийн төлөө буруутгаж, үндэслэлгүй торгосон байна” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн албан тушаалтай, гомдол гаргагч Ш.А итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. Эрх Чөлөөний Эвсэл нам нь 4 дүгээр сарын 27-ны өдөр Сенатын хурал буюу төлөөллийн төв байгууллагаар сонгуульд хэрхэн оролцох, дотоод үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, өөрсдийн үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Үүнд, Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэгжүүлсэн. Сонгуульд оролцохдоо хамгийн бага зардлаар, үр бүтээлтэй, төвлөрч ажиллана гэж өөрсдийн үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Үүнийхээ хүрээнд хандивын данс нээхгүй, хандив авахгүй байя, зөвхөн нам дээр цугларсан хандиваар сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулъя гэсэн. Энэ нь ямар ач холбогдолтой гэхээр нэр дэвшигчид сонгуульд оролцохын тулд заавал мөнгөний сонгууль хийх хэрэггүй, үнэхээр манай намын үзэл баримтлалтай нийцэж байгаа залуучуудад манай намын үүд хаалга нээлттэй, сонгуульд оролцоно гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон төлөөлөх эрхээ л эдэлж байгаа үйл явц юм.
2020 онд Зон Олны Нам нэртэй байсан Эрх Чөлөөний Эвсэл нам маань 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо мөн адил энэ хуулиар данс нээхгүйгээр, цахим хэлбэрээр оролцсон. Тухайн үед мөн адил маргаан шүүхээр яваад, уг хэргүүд нь хэрэгсэхгүй болж байсан. Сонгуульд оролцоход маш бага зардал гаргасан Эрх Чөлөөний Эвсэл намын 40 нэр дэвшигч маань 10,000,000 төгрөгөөр шийтгүүлж байгаа нь шударга юм уу,түүнчлэн сонгуульд оролцохдоо заавал зардал гаргах ёстой гэж хаана ч заагаагүй, хандив авах ёстой ч гэж заагаагүй.
Баян-Өлгий аймагт нэр дэвшсэн манай нэр дэвшигч Ш.А хувьд бүх л өөрийнхөө нотлох баримтыг Б.А улсын байцаагчид гаргаж өгч байсан, дээр нь бид нар Татварын ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Сангийн яам зэрэг байгууллагуудтай уулзсан, Эрх Чөлөөний Эвсэл намын 40 нэр дэвшигч нь сонгуульд оролцохдоо зардал гаргаагүй юм байна, учир нь, Эрх Чөлөөний Эвсэл нам нь сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар зохион байгуулсан гэдэг тодруулгыг хүртэл авсан. Огт зардал гаргаагүй хүн 10,000,000 төгрөгөөр шийтгүүлчхээд явж байгаа учраас бол өөрсдийнхөө нэхэмжлэлийг дэмжиж байна. Гомдлыг шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Базар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Энэ нь үйл баримтын маргаан байхгүй асуудал гэж харж байна, зөвхөн хууль хэрэглээний асуудлын хувьд яригдах зүйл байна.
1. Данс нээгээгүй явдал нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарах эсэхэд дүгнэлт хийх ёстой. Бид нарын зүгээс Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт сонгуулийн зардлын данс нээгээгүй гэдэг зөрчил байхгүй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж тус тус заасан. Ийм учраас хуулийг төсөөтэй хэрэглээд, Зөрчлийн тухай хуульд байхгүй ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэх үндэслэл байхгүй.
Яагаад Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “зардлын данс нээгээгүй” гэдэг зөрчил байхгүй гэж үзсэн гэхээр тухайн хэсэгт “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол” гэж заасан. Тэгэхээр энэ дээр хоёр зөрчил заасан ба данс нээгээгүй гэдэг агуулгыг заагаагүй.
Зөрчлийн тухай хуулийн энэ хэсэг дээр зардлын данс нээгээгүй гэдгийг яагаад заагаагүй гэхээр хууль тогтоогчоос зарим тохиолдолд зардлын данс нээхгүй байж болохыг зөвшөөрсөн гэж үзэж байгаа учраас энийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зөрчил болгож хуульчлаагүй байна. Тухайлбал, хоёр нам эвсэл болоод оролцож байгаа тохиолдолд эвсэл зардлын данс нээгээд явна, нам тус бүр нээхгүй. Мөн Улсын Их Хурлын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүс зардлын данс нээхгүйгээр сонгуульд оролцсон. Тэгэхээр энэ мэтчилэн зардлын данс нээхгүй байх тохиолдлууд байгаа гэдгийг хууль тогтоогч ч хүлээн зөвшөөрч байгаа, захиргааны байгууллагууд ч хүлээн зөвшөөрч байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос ийм агуулгаар 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/1030 дугаартай албан бичиг, мөн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/1095 дугаартай албан бичиг ирүүлсэн байна. Энэ албан бичиг дээр “нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг нам санхүүжүүлж байгаа бол нэр дэвшигч зардлын данс нээхгүй байх боломжтой” гэдэг байдлаар тайлбарласан. Бид нар маргаан гарсны дараа Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар аваад байгаа асуудал биш, 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулиас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хандаад, энэ талаар тайлбар, зөвлөгөө аваад явж байсан. Хэрвээ зөвхөн намаас зардал санхүүжүүлж, сонгуулийн сурталчилгааг намаас нэгдсэн байдлаар хийж байгаа бол нэр дэвшигч зардлын данс нээх шаардлагагүй гэдэг агуулгаар зөвлөмж, мэдээллийг өгч байсан.
Мөн Эрх Чөлөөний Эвсэл нам нь 2020 онд ч энэ арга замаар сонгуульд оролцсон. Тухайн үед Зон Олны Нам гэдэг нэртэй байсан, 2024 онд Эрх Чөлөөний Эвсэл нам болж нэр өөрчлөгдсөн. 2020 онд Эрх Чөлөөний Эвсэл нам Улсын Их Хурлын сонгуульд зардлын данс нээхгүйгээр оролцоод, Булган аймгийн татварын байцаагч нар тухайн үед бас нэр дэвшигчдийг шалгах, торгох зэрэг асуудлууд гарч байсан.
Энэ талаар Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 05 дугаартай шийдвэр гаргаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаад, татварын байцаагчийн торгуулийн хуудсыг хүчингүй болгосон. Тухайн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэгдсэн байдлаар намаас сонгуулийн сурталчилгаа хийж байгаа нөхцөлд нэр дэвшигч нь данс нээхгүй байж болно. Зардлын данс нээгээгүй байгаа учраас зардлын дансыг бүртгүүлэх, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээхгүй” гэдэг байдлаар шийдсэн. Тухайн шүүхийн шийдвэрт татварын байгууллага гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Нам сонгуульд энэ арга замаар оролцож болно гэдгийг шүүх дүгнэсэн байдаг. Тэгэхээр Эрх Чөлөөний Эвсэл намын зүгээс хууль ёсны итгэл үүссэн байгаа, энэ арга замаар оролцох нь хуульд нийцэх юм байна гэдэг хууль ёсны итгэл үнэмшил үүссэн. Ийм учраас 2024 оны сонгуульд дахиад өмнө нь оролцож байсан аргаар оролцсон. Тэгэхээр энэ Эрх Чөлөөний Эвсэл Намын хувьд, татварын байгууллагын хувьд шинэ төрлийн маргаан биш, өмнө шийдэгдсэн маргаан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2, 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтуудад шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй асуудлаар хэргийн оролцогчид маргахгүй, тухайн асуудлаар дахин нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан учраас маргах асуудал биш гэж үзэж байна. Гэхдээ 2020 онд шүүх, захиргааны байгууллагууд нь өөрсдөө шийдэж дүгнэлтээ өгчхөөд, 2024 онд тэрнийх нь дагуу үйл ажиллагаагаа явуултал дахиад торгоод байгаа явдал нь харамсалтай байна.Тэгэхээр захиргааны байгууллагууд Эрх Чөлөөний Эвсэл нам, аль нэг нам сонгуульд сая дурдсан арга замаар оролцож болох юм байна гэдэг итгэлийг өгсөн учраас хамгаалагдана гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтыг хэрхэн тайлбарлах вэ, энэ дээр зардлын данс нээгээгүй явдал зөрчил болж хуульчлагдсан уу, үгүй юү гэдэг дээр Улсын Дээд шүүхийн бас нэг тогтоол байна. Гэхдээ зардлын данс нээгээгүй маргааныг шийдвэрлээгүй, харин нээсэн боловч бүртгүүлээгүй маргааныг шийдсэн. Энэ маргааныг шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтыг тайлбарласан учраас энэ маргааны хувьд хууль хэрэглээний ач холбогдолтой гэж харж байна.
Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128 дугаартай тогтоолын Хянавал хэсгийн 18 гэдэг дугаартай хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна гэж зааснаар тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэж хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмаас үүдэлтэй” гэсэн. Иймд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан үйлдлийг л зөрчил гэж үзнэ гэдэг байдлаар тайлбарлаад, үргэлжлүүлээд “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх”, “зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах” гэсэн хоёр үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил болохыг тодорхойлсон” гэдэг байдлаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, энэ хууль дээр нэгдүгээрт данс бүртгүүлэх гэдэг зөрчил, хоёрдугаарт дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах гэсэн хоёр зөрчил байна гэдэг агуулгаар тайлбарласан. Тэрнээс дансыг нээлгээгүй гэдэг зөрчил байна гэж тайлбарлаагүй.
Татварын улсын байцаагчийн зүгээс зардлын дансыг нээж бүртгүүлээгүй гээд энийг нэг зөрчил юм шиг тайлбарлаж байна. Иймд данс нээхгүй байх, данс нээсэн ч бүртгүүлэхгүй байх, бүртгүүлсэн ч журмын дагуу зарцуулахгүй байх гэдэг гурван асуудал тус тусдаа байгаад байна. Үүнээс хууль тогтоогч бол хоёрыг нь зөрчил юм гэдэг байдлаар заасан. Харин данс нээхгүй байх явдлыг зөрчил гэж заагаагүй.
Мөн бид нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тайлбарласан, Улс төрийн намын тухай хуульд намын эрх, үүргүүдийг заасан, нам өөрийнхөө зохион байгуулалт, бүтэц, үйл ажиллагаа явуулах арга замыг чөлөөтэй сонгоно гэдэг байдлаар заасан. Энэ хүрээнд Сенатын тогтоол гаргасан, зөвхөн нам сурталчилгаа явуулна, данс нээнэ, нэр дэвшигчид сурталчилгаа явуулахгүй, данс нээхгүй, хандив хүлээж авахгүй гэдэг нь Эрх Чөлөөний Эвсэл намын сонгосон сонгуульд оролцох арга хэлбэр байна. Харин өнөөдрийн байдлаар Сенатын тогтоолыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн ямар нэгэн шийдвэр, акт гараагүй, нэхэмжлэгч Ш.А хувьд намын гишүүн байгаа учраас Сенатын тогтоолын дагуу сонгуульд оролцсон гэж үзэж байна. Тийм учраас гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
5.Хариуцагч татварын улсын байцаагч Б.А хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“1/ Нэхэмжлэгч Ш.А нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг зөрчсөн үйл баримтын талаар:
Нэхэмжлэгч Ш.А Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Эрх Чөлөөний Эвсэл намаас сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймгаас нэр дэвшсэн болох нь Сонгуулийн хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 142 дугаар тогтоол, нэр дэвшигчээр бүртгүүлсэн үнэмлэх болон нэхэмжлэгчийн тайлбар, мэдүүлгээр, мөн нэхэмжлэгч нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн зардлын данс нээлгээгүй болох нь Эрх Чөлөөний Эвсэл намын Сенатын 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Эрх Чөлөөний Эвсэл намаас нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох үйл ажиллагааны тухай” № С/05 тогтоолын 4 дэх заалт, Үндэсний Аудитын газраас ирүүлсэн “Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Эрх чөлөөний эвсэл намаас нэр дэвшсэн сонгуулийн зардлын данс нээлгээгүй 40 нэр дэвшигчийн жагсаалт”, нэхэмжлэгчийн тайлбар, мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон. Энэ асуудлаар нэхэмжлэгч тал маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-д “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусталх хугацаанд энэ хуулийн 39.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана”, 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна” гэж тус тус зохицуулжээ.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгогч нь хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д зааснаар нам, эвсэлд саналаа өгөхөөр тус тус заасан байх тул сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын нэг данс /нээх/-тай байхаар зохицуулсан нь нам, эвсэл болон нэр дэвшигч тус тусдаа сонгуульд оролцох болсонтой шууд холбоотой байна.
Тодруулбал, сонгуулийн зардлын данс нээлгэж бүртгүүлэх, уг дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, зориулалтын дагуу зарцуулах нь нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилан сэргийлэх, сонгуулийн хуульд заасан “шударга ёсыг сахих” зарчмыг хангах цогц эрх зүйн харилцаа мөн гэж үзэж байна.
Иймээс нэхэмжлэгчийн “...нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй, ...сонгуулийн зардлын данс нээсэн нэр дэвшигч нь тус журам, хугацаа ёсоор зардлаа бүртгүүлэх үүрэгтэй...” гэх тайлбар огт үндэслэлгүй болно. Харин сонгуульд оролцож буй нэр нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс нээх, тухайн дансыг эрх бүхий байгууллагад мэдэгдэн урьдчилж бүртгүүлэх, бүртгүүлсэн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж ,зарцуулах үүрэг зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасан байна.
Бидний хувьд заавал зардал гаргасан байхыг шаардаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Данснаас зардал гаргахгүй ч гэсэн заавал тайлан гаргах, данс нээхийг Сонгуулийн тухай хуулиар үүрэг болгосон учраас данс нээж, тэрийгээ заавал бүртгүүлэх үүрэгтэй гэж үзсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэгчээс “...сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь ямар журам, зохион байгуулалт, арга замаар сонгуульд оролцох, ямар байдлаар сонгуулийн зардлыг санхүүжүүлэх, төвлөрүүлэх, зарцуулах зэрэг дотоод үйл ажиллагааг өөрөө мэдэн зохион байгуулах эрхтэй” гэж улс төрийн нам үүсгэн байгуулах, намын бүртгэлд бүртгэх, өөрчлөн байгуулах, татан буулгах, намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, хяналт, санхүүжилт, хариуцлагын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулсан Улс төрийн намын тухай хуулийг сонгуулийн харилцаанд холбон тайлбарласан нь өөрөө үндэслэлгүй юм.
Учир нь, сонгуулийн зардлын данс нээлгэж бүртгүүлэх, уг дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх үйл баримтад холбоотой сонгуулийн маргаанд Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж сонгуулийн үйл ажиллагаанд холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг хэрэглэх, сонгуульд оролцогч нь уг хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй болохоос үүнийг төр оролцох эрхгүй намын дотоод үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ш.А нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Эрх Чөлөөний Эвсэл намаас нэр дэвшихдээ сонгуулийн зардлын данс нээх, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг зөрчсөн болно.
2/ Нэхэмжлэгч (холбогдогч) Ш.А Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлийн талаар:
Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасан.
Нэхэмжлэгч нь нэгэнт сонгуулийн зардлын данс нээх, бүртгүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь тогтоогдсон тул түүнд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (10,000,000)-өөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэгч Ш.А нэхэмжлэл үндэслэлгүй тул түүний татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0043646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч Ш. А “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0043646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдол үндэслэлгүй байна.
2. Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043646 дугаартай шийтгэлийн хуудсаар Ш.А Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн зардлын данс бүртгүүлэх, мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж, данс нээх, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Гомдол гаргагч Ш.А нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт Эрх Чөлөөний Эвсэл намаас нэр дэвшсэн байх ба нэр дэвшигчийн хувьд сонгуулийн зардлын данс нээлгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 1-4, 24-26, 27-30, 50-54, 66, 96-104 дэх тал, 2413001072 дугаартай зөрчлийн хэргийн материал/ тогтоогдсон, хэргийн оролцогчид уг үйл баримтын талаар маргаагүй болно.
Гомдол гаргагчаас “1/Нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь ямар журам, зохион байгуулалт, арга замаар сонгуульд оролцох, ямар байдлаар сонгуулийн зардлыг санхүүжүүлэх, төвлөрүүлэх, зарцуулах зэрэг дотоод үйл ажиллагааг өөрөө мэдэн зохион байгуулах эрхтэй. Энэ талаар Улс төрийн намын тухай хуулийн 7.1.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц , зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох” гэж заасан. Эрх Чөлөөний Эвсэл нам нь дээрх эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн зардлын нэг л данстай байхаар шийдвэрлэсэн.
2/ Зардлын данс нээгээгүй тул бүртгүүлэх үүрэг үүсэхгүй. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т зардлын дансыг бүртгүүлэх,түүнд мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, зарцуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол торгох талаар заасан. Зардлын данс нээлгэх талаарх журам зөрчсөн бол торгох талаар Зөрчлийн тухай хуульд заагаагүй” гэж маргасан.
4. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 49.4-т “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно”, 51 дүгээр зүйлийн 51.1-т “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-т “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Тодруулбал, сонгуулийн зардлын данс нээлгэж бүртгүүлэх, уг дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, зориулалтын дагуу зарцуулах нь нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилан сэргийлэх зорилготой, цаашлаад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан “шударга ёсыг сахих” зарчмыг хангах агуулгатай зохицуулалт юм.
5. Дээрх байдлаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын нэг л данс нээлгэх, тухайн зардлын дансыг эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байхаар тодорхой зохицуулсан байх ба энэхүү үүрэг зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх журмыг зөрчсөн буюу сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй үйлдэл /эс үйлдэхүй/-г зөрчилд тооцохоор заажээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгуульд оролцож байгаа нам, эвслээс гадна сонгуулийн тойрогт нэр дэвшигч бүр сонгуулийн зардлын данс заавал нээлгэж бүртгүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байх тул гомдол гаргагчийн “нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй, намаас бүрэн эрхийнхээ хүрээнд сонгуулийн зардлын нэг л данстай байхаар шийдвэрлэсэн” гэсэн тайлбар нь хуульд нийцэхгүй байна.
Мөн сонгуулийн зардлын данс нээлгэж бүртгүүлэх, уг дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, зориулалтын дагуу зарцуулах талаарх зохицуулалт нь дээр дурдсанчлан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан “шударга ёсыг сахих” зарчмыг хангах агуулгатай бөгөөд хуульд заасан сонгуулийн зардлын дансны талаарх журам нь сонгуульд оролцох бүх нам ,эвсэл, тойрогт нэр дэвшигчид адил тэгш үйлчлэх нь уг хуулийн зорилго, зарчимтай нийцэх юм.
Иймээс, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нарийвчлан заасан журмыг нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуульд оролцохдоо зөрчсөн эсэх талаарх маргаанд Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох” заалт нь хамааралгүй байх тул гомдол гаргагчийн “нам, эвсэл нь ямар журам, зохион байгуулалт, арга замаар сонгуульд оролцох зэрэг дотоод үйл ажиллагааг өөрөө мэдэн зохион байгуулах эрхтэй” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.
6. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж тус тус зааснаар материаллаг хууль тогтоомжоор тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй, биелүүлэх талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан бие даасан үйлдэл /эс үйлдэхүй/-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж тооцож, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “…шударга ёсыг тогтоох…” зарчимтай нийцэх юм.
Хууль тогтоогчоос “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн” буюу “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй” тохиолдолд зөрчил гэж үзэж, шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид тодорхойлсон бөгөөд сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар холбогдох хуульд “сонгуулийн тойрогт нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын нэг л данс нээлгэх, тухайн зардлын дансыг эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” байхаар зохицуулсан байх тул гомдолд гаргагчийн “Зардлын данс нээгээгүй тул бүртгүүлэх үүрэг үүсэхгүй. Зардлын данс нээлгэх талаарх журам зөрчсөн бол торгох талаар Зөрчлийн тухай хуульд заагаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
7. Иймд гомдол гаргагч Ш.А нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт Эрх Чөлөөний Эвсэл намаас нэр дэвшихдээ сонгуулийн зардлын данс нээлгэж бүртгүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасан “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн” зөрчлийн шинжийг хангаж байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Ш.А торгосон нь үндэслэлтэй, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасантай тус тус нийцсэн байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ш.А “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ