Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1095

 

     

 

 

 

  2023            11              16                                       2023/ДШМ/1095       

                       

Ц.Бод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

өсвөр насны шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/1167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар эсэргүүцлээр Ц.Бод холбогдох 2308019991390 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 00 дугаар дунд сургуулийн 00 дугаар ангийн сурагч, ам бүл 0, эгч, ах, түүний хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Хангарьд хотхоны 00-00 тоотод оршин суух хаягтай, /РД:**00000000/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч, 1 жилийн хугацаатай зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авагдсан;

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Найрамдал зуслангийн задгай тоотод хохирогч Б.Тийн нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд “зүүн хөмсөг хамрын нурууг хамарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 1, 2 дугаар шүд болон баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун доод 1 дүгээр шүдний эмтрэл, баруун бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Быг 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Бод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Б.Т болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Тийн нэхэмжилсэн 2.900.000 төгрөгөөс шүүгдэгч 1.818.000 төгрөгийг төлсөн, үлдэх 1.082.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны хүнд оногдуулах ял, түүний төрөл” гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд дор дурдсан ял оногдуулна. Үүнд:

Нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэсэн төрлүүдээс сонгож ял оногдуулахаар заасан тул прокуророос ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналыг шүүхэд гаргасан. Шүүх ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй өсвөр насны шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-д “Гэмт буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж тунхагласантай шууд хамааралтай.

Үндсэн хуулийн болон эрүүгийн эрх зүйн энэ зарчим бол хүн бүрийн хувийн эрх, эрх чөлөөний баталгаа юм. Ардчилсан эрх зүйн үйлчилгээнд дан ганц субъектив буюу эсхүл объектив яллагаа гэж байдаггүй тул гэмт хэрэг үйлдсэн нь түүний объектив болон субъектив бүх шинжүүдийн нийлбэрээр шийдвэрлэгддэг учраас гэмт хэрэг үйлдсэн этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчимтай. Эрүүгийн хуулийн энэ зарчим нэг этгээдийн бурууг нөгөөд нь хариуцуулдаггүй, үр хүүхдийн бурууг нь эцэг эхэд хүлээлгэдэггүй гэсэн тодорхой агуулгыг илэрхийлдэг.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/1167 дугаартай шийтгэх тогтоолоор: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журам тогтоосон байдаг ч үүнд торгох шийтгэлийн төрөл багтаагүй учир шүүхээс уг журмыг хэрэглээгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлах тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦ/1167 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхээс ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, 16 настай, өсвөр насны шүүгдэгч Ц.Бод торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэмт буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гарсан алдааг зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн байгаа. Эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч өсвөр насны шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн тухайн этгээдийг нийгэмшүүлэхэд оршино гэж зааснаар, мөн өсвөр насны шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага, түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун, сэтгэцийн онцлог, нийгэмд эзлэх өөрийн байр суурийг олоход нь туслах, боловсрол эзэмшүүлэхэд нь үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах зэрэг зорилгын хүрээнд анхан шатны шүүхээс ял оногдуулсан. Өсвөр насны шүүгдэгч Ц.Бын тухайд 12 дугаар анги буюу төгсөх ангийн сурагч байгаа. Сургууль нь Сонгинохайрхан дүүрэгт байдаг, харин өөрийнх нь гэр нь Хан-Уул дүүрэгт байдаг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны шатанд өсвөр насны шүүгдэгч Ц.Бын гэр бүлийн нөхцөл байдлыг танилцуулсан. Эцэг, эх хоёр нь 7 жилийн өмнө Солонгос улс руу явсан. Хэрэг гарахын өмнө буюу 2, 3 сарын өмнө эцэг нь өндрийн уналтаас хүнд гэмтэл авсан бөгөөд 400.000.000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, хураасан мөнгө төгрөг нь байхгүй болсон. Одоо Монгол Улс руу ирж байгаа бөгөөд цаашид эмчилгээ хийлгэх ямар ч боломжгүй болсон байгаа юм. Иймд өсвөр насны шүүгдэгч Ц.Бын ар гэрийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Миний үйлчлүүлэгч Ц.Б нь эцэг, эхээсээ хол өссөн, одоо эгчтэйгээ хамт амьдардаг. Прокурорын зүгээс эрүүгийн хариуцлагыг бусдад халдаан шийтгэж байгаа асуудлын талаар хэлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу иргэний хариуцагчаар түүний эгч З.Цэрэнпил оролцсон. Эгч З.Цэрэнпилийн хувьд торгох ял шийтгэлийг нь хариуцаж, хохирол төлбөрийг төлье гэх байдлаар оролцдог. Иймд өсвөр насны шүүгдэгч Ц.Бын ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Найрамдал зуслангийн задгай тоотод хохирогч Б.Тийн нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Ц.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд дараах ял оногдуулна: гээд “1.1нийтэд тустай ажил хийлгэх”, “1.2зорчих эрхийг хязгаарлах”, “1.3сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” гэж тус тус хуульчилжээ.

Гэм буруутайд тооцогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүх талаас нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б нь 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 8 сар 10 хоногтой байсан нь иргэний улсын бүртгэлийн баримтууд /хх 36, 53, 57/-аар тогтоогдож байхад шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд тусгайлан заасан зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны шүүгдэгчид заавал хэрэглэх хэм хэмжээг хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлаагүй үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэлт хийж, ял шийтгэлийг өөрчлөх эрх хэмжээг хэрэгжүүлэх боломж хууль зүйн хувьд хязгаарлагдмал байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул өсвөр насны шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/1167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                                  М.АЛДАР

                                 ШҮҮГЧ                                                  Т.ӨСӨХБАЯР