Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 397

 

А.Б- холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг, хохирогч С.С-, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 424 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 479 дүгээр магадлалтай, А.Б- холбогдох 1806093080376 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ***, Б овогт А-н Б-.

А.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 07 болон 09-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 25 дугаар гудамжны 687 тоот өөрийн гэртээ найз эмэгтэй С.С-тэй маргалдан зодож эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-г 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Б-гаас 719,554 төгрөгийг гаргуулж хохирогч С.С-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нар хамтран гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлалын тодорхойлох хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүсэл зоригт нийцүүлэх албагүй тул’’...  Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч С.С-н гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож, бодит хохирлын дүнг зөв тогтоосон байна гэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргахдаа шийтгэх тогтоолоор 719,554 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс заримыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний гэх нотлох баримтуудыг нэг бүрчлэн зааж бичсэн ба давж заалдах шатны шүүх магадлалынхаа тодорхойлох хэсэгт эдгээр баримтууд дээр хуулийн хүрээнд нэг бүрчлэн зааж, аль баримт нь шүүгдэгч А.Б-гийн хохирогчид учруулсан хохиролд хамаарах эсвэл хамаарахгүй болохыг зөв үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

Шүүгдэгч А.Б- нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн улмаас учирсан хохирогчийн эмчилгээний хохирлоо хариуцах нь хуулийн дагуу шударга ёсонд нийцнэ. Гэтэл тус дүгнэлтээр тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл А.Б-гийн хохирогчид учруулсан гэмтэлд хамааралгүй, өөр эмэгтэйчүүдийн эмчилгээний баримтыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүхээс 719,554 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс шүүх эмнэлгийн 13,468 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэмтэлтэй хамааралтай 128,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч (хх-64 шшүх 8,000, тархины зураг авахуулсан 120,000 төгрөг, нийт 128,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч) бусад төлбөр болох 591,554 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

хх-66-67 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн серологийн шинжилгээ 10,000 төгрөг нь дох тэмбүүний шинжилгээ, бүгд 95,000 төгрөг нь дотроо ( эсийн шинжилгээ 35,000 төгрөг, мазок шинжилгээ үзлэг 20,000 төгрөг, үтрээний дуран эхо 25,000 төгрөг, угаалга, цацлага 15,000 төгрөг), хх-68 Манал оточ эмнэлгийн ор хоног эмчилгээ 350,000 төгрөгийн баримт, авсан гарын үсэг байхгүй, тамга, тэмдэггүй, чухам юуны эмчилгээ болох нь тодорхойгүй, зайлшгүй хэвтэж эмчлүүлнэ гэж үзсэн эмчийн баримт дэвтэргүй гэх мэт нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн Манал оточийн шинжилгээ гэх 25,000 төгрөг нь эмэгтэйчүүдэд үзүүлсэн шинжилгээ, (шүүх хуралдаанд хохирогч эмэгтэйчүүдэд үзүүлсэн төлбөр 25,000 гэж хэлсэн болно) хх-69-70 авагдсан баримтууд нь хэний, юуны төлбөрт зарцуулсан нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй дийлэнх нь эмэгтэйчүүдэд үзүүлсэн баримтууд хавсаргасан байна.

Иймд А.Б-гийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршигтай холбоогүй, эмэгтэйчүүдэд үзүүлсэн, эмчлүүлсэн гэх бусад 591,554 төгрөгийг хасан тооцож, бодит хохирлын дүнг зөв тогтоон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн шүүхээс хүсэхэд шүүгдэгч А.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хятад хэлний орчуулагчаар ажилд орсон гэж байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөл сольж, хуульд заасан хамгийн бага торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг хэлсэн саналдаа “Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтыг шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Бид хохирлоос 128,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин бусад хохирлын баримт нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн, эм тарианы төлбөр бөгөөд энэ мөнгө А.Б-гийн үйлдсэн хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч ажилд орсон тул албадан ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч О.Цэвэлмаа хэлсэн саналдаа “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж болохгүй гэж заасан. Хохирогчийн эмчилгээний зардал нь 719,540 төгрөгийн баримтыг хуулийн шаардлага хангасан байна гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг  хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хохирол хамаарахгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн А.Б- холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

А.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 07 болон 09-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 25 дугаар гудамжны 687 тоот өөрийн гэртээ найз эмэгтэй С.С-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн байцаалтаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч болон хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хамтдаа хэрэглэдэг, согтуурсан үедээ хоорондоо маргалддаг нөхцөл байдал тогтоогдсон байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 07 болон 09-ний өдрүүдэд хэрэг гарах нөхцөлийг хохирогч бүрдүүлж, хардалтын улмаас хэрүүл маргаан өдүүлж, шүүгдэгчийн эрх чөлөөнд түрүүлж халдан, харилцан зодолдох эхлэлийг тавьсан байх бөгөөд хохирогчийн дээрх хууль бус үйлдлээс шалтгаалан харилцан зодолдох явцад шүүгдэгч нь хохирогчийн зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг учруулжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцааны түүх, амьдралын хэв шинж гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөл байдал болон хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэлээ.

Түүнчлэн, шүүхүүд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлуудыг тооцож шүүгдэгчээс нийт 719,554 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хохирлын талаар хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд хохирогчоос гаргаж өгсөн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалан хийгдсэн эмчилгээ, үйлчилгээнд бус өөр бусад зүйлд зарцуулсан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байх тул хохирлыг зөв тооцож, зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хохирлыг зөвтгөж, шүүхээс оногдуулсан ялыг торгох ялаар сольсон өөрчлөлтийг тус тус оруулж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “...хохирогчид учирсан хохирлыг зөв тогтоох, ...шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг торгох ялаар сольж өөрчлөлт оруулах” агуулгатай гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 424 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 479 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б- 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”.

2. “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-гаас 128,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.С-д олгосугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч А.Б- болон түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН