Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0382

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар0221/МА2017/0382

Улаанбаатар хот

Д.Г нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н гаргасан давж заалдах гомдлоор Д.Г нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.Г 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэр бичилт хийлгэхийг даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-д заасныг тус тус баримтлан Д.Г нэхэмжлэлээр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Г урьд эрхэлж байсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний үүрэгт ажилд томилохыг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх нийт 5 сар 20 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 3.397.343 /гурван сая гурван зуун ерэн долоон мянга гурван зуун дөчин гурван/ төгрөгөөс 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 1803417 /нэг сая найман зуун гурван мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг хасаж тооцож нийт 1593926 /нэг сая таван зуун ерэн гурван мянга есөн зуун хорин зургаан/ төгрөгийг Д.Г олгохыг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Г ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Д.Г нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан ба уг тушаалын үр дагаврыг хүлээн зөвшөөрч тушаалын хүрээнд тэтгэлэг олгохыг хүссэн өргөдөл гаргасан байдаг.

Д.Г 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн боловч анхан шатны шүүхээс Төрийн албаны зөвлөлд хандсанаар хугацаа тасалдсан гэж үзсэн байна.

Гэвч маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд хамаарах маргаан биш бөгөөд Улсын Дээд шүүхийн 2016 оны 33 дугаар тогтоолд заасны дагуу хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэсэн заалттай зөрчилдөж байна.

Анхан шатны шүүхээс урьд эрхэлж байсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтнээр томилохыг даалгасан. Гэтэл Д.Г нь урьд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хороо хариуцсан халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан нь одоогийн бүтцэд байхгүй албан тушаал юм.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийдэврийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс болгон нэгтгэн зохион байгуулсан, мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоог баталсантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар бүтэц, орон тоо шинэчилэн батлагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Г мөн өдрөөс нь үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн байгууллага нийлүүлэх, нэгтгэх байдлаар өөрчлөн байгуулагдсан боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан, хэдийгээр маргаан бүхий актад хуулийн энэхүү заалтыг үндэслээгүй ч бодит нөхцөл байдалд Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг нэгтгэснээр нэхэмжлэгчийн эрхэлж байсан хороо хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан биш цөөрсөн, мөн эрхлэх чиг үүрэг нь үгүй болоогүй, харин ч нэмэгдсэн гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд шинэ бүтцээр бий болсон албан тушаалд томилогдох ажилтныг хариуцагч Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу шалгаруулж авах үүрэгтэй, гэтэл 00 дүгээр хороонд Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаа гэх н.Д /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ нь хуульд заасан шаардлагыг нэхэмжлэгчээс илүү хангаж байгааг нотлох, түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонгон шалгаруулалтыг явуулсан талаарх холбогдох баримт байгаа мэтээр тайлбарлах боловч тэдгээр нь хэрэгт огт авагдаагүй байна.

Иймд шинэ бүтцээр бий болсон албан тушаалд томилогдсон албан хаагч нь мэргэшил, ур чадвар, дадлага, туршлагын хувьд нэхэмжлэгчээс илүү эсэхийг хэрхэн шалгаруулж авсан талаарх нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгч Д.Г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн маргаан бүхий акт үндэслэлтэй эсэх, түүнчлэн нэхэмжлэлийн нэг шаардлага болох Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгчийг томилохыг хариуцагчид даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх үр дагавартай. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинэ бүтцээр батлагдсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний орон тоо гүйцсэн, сул орон тоо байхгүй гэх бөгөөд магадгүй нэхэмжлэлийн шаардлага хангагдах тохиолдолд одоогийн томилогдон ажиллаж байгаа холбогдох албан хаагчийг чөлөөлөх үр дагаварт хүрэх болохоос бус шүүхийн шийдвэрийн дагуу батлагдсан орон тоог нэмэгдүүлэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхээс үл хамааран дээрх нөхцөл байдлыг тодруулан шалгаж, харьцуулан дүгнэлт хийх байдлаар маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН