Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 17

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2016/0018/З/

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би иргэн Б.Болдын нэхэмжлэлтэй, Онон-Улз голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дэлгэрмаад холбогдох “...Ажлаас үндэслэлгүй халсан тушаал гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн бол 6 сарын тэтгэлэг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Б.Болд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бавуудорж овогтой Болд би Эко-Ази дээд сургуулийг 2009 онд төгсөж, байгаль хамгаалал экологич мэргэжил эзэмшсэн. Би 2014 оны 5 сард Төрийн албаны шалгалтыг Онон голын сав газрын захиргааны зарласан орон тоо дээр шалгалт өгч тэнцээд нөөцөнд бүртгэгдээд байж байгаад Ц.Дэлгэрмаа даргын саналын дагуу Онон голын сав газрын захиргааны газрын  усны нөөц, ашиглалт хариуцсан мэргэжилтнээр 2015 оны 02 дугаар сарын 28-нд анх ажилд орсон. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс гадаргын усны нөөц, экологи хариуцсан ахлах мэргэжилтнээр 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Мөн жолоочийн ажил хавсран хийж байсан.

Байгаль Орчин, Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын Яамны Сайдын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаар тушаалаар Онон голын сав газрын захиргаа 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болон татан буугдаж, Онон-Улз голын сав газрын захиргаа 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс байгуулагдсан. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Байгал орчин нийгмийн хамгаалал аялал жуулчлалын яамны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Х.Түвшинбаяраар ахлуулсан ажлын баг ирж бид бүхэнд сайдын тушаал, Сав газрын захиргаадын байршил, Онон-Улз голын сав газрын захиргааны бүтэц, орон тоо, Онон-Улз голын сав газрын захиргааны дүрмийг танилцуулж Онон дээр 3 мэргэжилтэн үлдэх ёстой гэсэн заавар өгсөн. Тухайн үөд миний эхнэр Б.Уранбилэг бид хоёрыг нэг гэр бүлийн хүн хамт ажиллаж байгааг мэдээд ашиг сонирхлын зөрчил байж магадгүй хуулиа харж, яаман дээрээ очиж байж шийд хэлнэ. Гэхдээ ажлаас халагдана гэж битгий айгаарай хэмээн хэлж байсан. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өглөө дарга Ц.Дэлгэрмаа, мэргэжилтэн миний эхнэр Б.Уранбилэг, мэргэжилтэн Ж.Баярхүү нар Улз голын сав газрын захиргаа татан буулгах ажил хүлээлцэхээр намайг ажлаа хийж бай хэмээн үлдээсэн. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн үдээс хойш эхнэр маань надад "гэр бүлийн хүн хамт ажиллаж болохгүй яамнаас хал гэсэн үүрэг өгсний дагуу нэг мэргэжилтнээ ажлаас нь халлаа” гэж хурал дээр хэллээ гэж хэлсэн. Учрыг нь тодруулах гэж сав газрын удирдлагын хэлтсийн дарга Х.Түвшинбаяртай утсаар холбогдон асуутал яаман дээрээ очиж байж хариу хэлнэ гэж хэлсэн. Одоо болтол халсан тушаал өгөөгүй, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн бол тэтгэлэг олгогдох ёстой байсан энэ тушаал гараагүй.

Ингээд хуучин ажиллаж байсан мэргэжилтнүүдийг Онон-Улз голын сав газрын захиргаанд томилсон. Ингээд намайг томилохгүй байсан шалтгаан нь: жолоочийн ажил үүргийг давхар гүйцэтгэж цалингийн 40% цалинжуулна гэсэн боловч цалингийн данс руу шилжүүлж буцааж аваад өөрийн хувийн машинд сэлбэг хэрэгсэл авдаг байсан. Анх 2016 оны 1 дүгээр сараас эхлэн жолоочийн цалинг өгнө гэсэн боловч 1, 2 сарын цалинг дахин авч эхэлсэн тул үүнээс болж бид хоёрын хооронд зөрчил үүссэн. Ц.Дэлгэрмаа дарга намайг ажлын байр байсан боловч хувийн эрх ашгийнхаа төлөө ажилд буцаан аваагүй болохыг мэдсэн.

2016 оны 4 сарын 20-ны өдөр Байгал орчин нийгмийн хамгаалал аялал жуулчлалын яамны Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Давааням миний эхнэр Б.Уранбилэгтэй холбогдон танай нөхөр Б.Болд нь ажлаас халагдсан 6 сарын тэтгэлэгийг олгоход өргөдөл нь байх шаардлагатай байна, ямар шалтгаанаар ажлаас халагдсан тухайгаа бичээд яаралтай явуул гэснийг надад дуулган тэр өдөр Давааням мэргэжилтний өөрийн и-мэйл хаягаар явуулсан. Ингээд сар хагасын дараа мөн X.Түвшинбаяр даргатай холбогдон тэтгэлэгээ асуухад манай санхүү, эдийн засгийн хэлтэст өргөдлөө явуул гэсний үндсэн дээр 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дахин өргөдлөө бичиж шуудангаар явуулсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа сав газрын удирдлагын хэлтсийн дарга Х.Түвшинбаяртай холбогдон тэтгэлэгээ асуухад яам хал гэсэн чиг үүрэг өгөөгүй ээ та нар Ц.Дэлгэрмаагаасаа тэтгэлэгээ олж ав гэсэн хариу өгсөн. Мөн Ц.Дэлгэрмаа дарга надад албан ёсоор уулзаж чиний халагдсан тушаал чинь энэ байна гэж хэлж, өгч байгаагүй.

Миний хувьд ажлаас үндэслэлгүй халагдсан тушаал байхгүй байгаа учраас өөрийгөө энэ байгууллагын ажилтан гэж бодож байна. Ажлаас халсан тушаал байхгүй учраас хохироод байж байна.

Иймд: Ажлаас халсан тушаал байхгүй, яам ажлаас халаагүй гэдгээ хэлсэн тул:

1 .Ажилдаа эргэн орох

2. Цалингүй суулгасан сарын цалинг /шүүхийн шийдвэр гарах хугацааны цалинг/ нэхэмжлэх эсвэл бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа бол 6 сарын тэтгэмж гаргуулах / 1сарын цалин 580710 төгрөг/ таван зуун наян мянга долоон зуун арав/

  1. Жолоочийн 40% нэмэгдэл 4 сарын цалинг нэхэмжлэх /570500/ таван зуун далан мянга таван зуу/

Иймд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Болд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Б.Болд миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй танилцсан болно. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул энэ татгалзлыг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Б.Болд нь Онон-Улз голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дэлгэрмаад холбогдуулан “...Ажлаас үндэслэлгүй халсан тушаал гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн бол 6 сарын тэтгэлэг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх явцад нэхэмжлэгч Б.Болд нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байна. Уг хүсэлтдээ: Б.Болд миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа бөгөөд эрх үүргээ ойлгож байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан. Дээрхи эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Б.Болд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, татгалзлаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан иргэн Б.Болдын нэхэмжлэлтэй, Онон-Улз голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дэлгэрмаад холбогдох “...Ажлаас үндэслэлгүй халсан тушаал гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн бол 6 сарын тэтгэлэг гаргуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч тухайн маргаанаар дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН