Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01193

 

“Эксим Финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/03564 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1390 дүгээр магадлалтай,

“Эксим Финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

САмармандахад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 41.722.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч “Эксим Финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгсийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, Б.Буяндэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрахтамир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Эксим Финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Амармандах 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус ББСБ-mga  зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин 15 000 000 төгрөгийг сарын 5% хүүтэйгээр, 6 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Энэ гэрээний төлбөрийг хэрхэн төлсөн, ямар дансаар яаж төлсөн талаарх суутгалын тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн. С.Амармандах нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт 50.356.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хүү төлөгдсөн гэж үзсэн. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 2 зээлийн гэрээний  хүү 11 722 000 төгрөг,  үндсэн зээл 30 000 000 төгрөг нийт 41 722 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийн барьцаа хөрөнгө болох Xан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал таун хотхон 116 дугаар байр В-2 давхар 8 тоотод байрлалтай, Ү-2206034397 дугаартай, 15 м.кв талбайтай авто зогсоол, В-1 давхар, 23 тоотод байрлалтай, Ү-2206035675 дугаартай, 15 м.кв талбайтай авто зогсоолуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Амармандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрахтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ЗГ141032 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ141117 тоот зээлийн гэрээ тус тус байгуулагдсан. Дээрх зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. С.Амармандах нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг графикийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт хугацаандаа төлж байсан. Харамсалтай нь эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлтэй тулгарч, үлдэгдэл 20 757 000 төгрөг төлөгдөөгүй. С.Амармандах болон “Эксим финанс” ББСБ нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ141032 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15 000 000 төгрөг, түүний хүүд 4 475 000 төгрөг, нийт 19 475 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ141117 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15 000 000 төгрөг, түүний хүүд 4 525 000 төгрөг нийт 19 525 000 төгрөг буюу нийт хоёр зээлд 39 000 000 төгрөг төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээнүүдийн хугацаа 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон ба уг хугацаанаас хойш гэрээг үргэлжлүүлэн сунгаагүй. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. С.Амармандах нь үндсэн зээл, түүний хүүд нийт 18 243 000 төгрөгийг төлж барагдуулсан, 20 757 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг анхаарч үзнэ үү. Бусад нэхэмжлэлийн шаардлага болох нотариат, өмгөөллийн зардал гэх төлбөрүүдийг хариуцагч тал төлөх хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрүүд үндсэн зээлээс хасагдана гэсэн журмын дагуу эхний зээлээс 368 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 3 800 000 төгрөг, нийт 4 168 000 төгрөгийг хасаад 10 832 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэж байна. 2 дахь зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс илүү төлсөн 75 000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2 000 000 төгрөгийг хасаад 12 925 000 төгрөг, нийт 23 757 000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд үүнийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/03564  дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Амармандахаас 41 722 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эксим финанс ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч тогтоох хэсгийн 1-д заасан төлбөрийг барагдуулаагүй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2206034397 дугаартай, Олимпийн гудамж, Маршал таун хотхон, 116 дугаар байр, В-2 давхар, 8 тоотод байрлалтай, 15 м.кв талбайтай авто зогсоолыг, Улсын бүртгэлийн Ү-2206035675 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал таун хотхон, 116 дугаар байр, В-1 давхар, 23 тоотод байрлалтай, 15 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус албадан худалдаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч С.Амармандахаас 366 560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1390 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/03564 дүгээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...41 722 000...” гэснийг “...30 674 185...” гэж, “...олгосугай...” гэснийг “...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 047 815 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “..366 560...” гэснийг “...311 321...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ундрахтамираас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 305 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Эксим Финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1390 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Эксим финанс ББСБ-н зүгээс иргэн С.Амармандахтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хянан шийдвэрлэж нэхэмжлэгч “Эксим финанс” ББСБ-ын гаргасан нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлтэй гэж үзэн бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

2. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1030 тоот магадлалын тухай.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдер хэлэлцээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/03564 тоот шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдол, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дараах байдлаар хэргийг хянасан байна. Үүнд:

Магадлалд “Нэхэмжлэгч "Эксим финанс ББСБ” ХХК нь хариуцагч С.Амармандахад үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор барагдуулаагүй тохиолдолд дээрх зээлийн гэрээнүүдийг цуцлахыг мэдэгдэж, уг хугацаа дууссанаар гэрээ цуцлагдсан талаар баримт хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн хүү гаргуулахаас татгалзсан” байна.

“... Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнүүд цуцлагдах хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл, хэтэрсэн хугацааны хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй”,

... “Харин гэрээ цуцлагдсанаас хойш төлөгдсөн мөнгөн хөрөнгийг үндсэн зээлээс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан хугацаа нь болсон үүргийн гүйцэтгэх дараалал тогтоосон зохицуулалтанд нийцэхээр байхад шүүх хуулийг буруу хэрэглэж тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой”,

... Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЭГ-141032 тоот зээлийн гэрээний үүрэгт 15.015.714 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15.658.471 төгрөг, нийт 30.674.185 төгрөгийг зээлдэгч нь нэхэмжлэгч “Эксим финанс ББСБ’ ХХК-д төлөх үүрэгтэй байх тул..гэж тус тус магадлалдаа дурдсан.

3. Хяналтын журмаар гаргаж буй гомдлын үндэслэл, шаардлага.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь иргэний хэргийг хянан магадлахдаа Иргэний хуулийн зүйл заалтыг дутуу тайлбарлаж хэрэглэсэн, мөн иргэний хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай үнэлж авч үзээгүй гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг дараах байдлаар тодорхойлсон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаас үзвэл үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь төлж барагдуулах боломжгүй тохиолдолд өөрийн хүсэл зоригоор аль нэг үүргийн сонгож төлөх эрхтэй гэж заасан байна. Харин ийнхүү сонгох эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэхээр заасан.

Энэхүү зохицуулалтаас үзвэл үүрэг гүйцэтгэгч нь өөрийн биелүүлэх үүргийн дарааллыг сонгож байгаа эсэх, сонгож байгаа болохоо баталгаажуулж ямар нэг хүсэл зориг илэрхийлж байгаа эсэхийг тодорхойлох шаардлагатай юм.

Иргэн С.Амармандахын хувьд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөр төлөхдөө өөрийн хүсэл зоригоо тухай бүр илэрхийлж байсан бөгөөд зээлийн хүүгийн төлбөрийг төлж байсан болно.

Түүнчлэн үүрэг гүйцэтгэх дарааллын хувьд, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан ЗГ-141032 тоот Зээлийн гэрээ, 2014 дүгээр зүйлийн 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан ЗГ-141117 тоот Зээлийн гэрээний 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4.2.6. зүйлд тодорхой заасан.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1390 тоот магадлалыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Эксим Финанс ББСБ” ХХК нь хариуцагч С.Амармандахад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41.722.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө “...зээлийн гэрээний хугацаа дууссан тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй” гэжээ.

С.Амармандах нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 116 дугаар байрны В-1 давхрын 23 тоот, В-2 давхрын 8 тоотод байрлах авто зогсоолуудыг барьцаалан “Эксим Финанс ББСБ” ХХК-с 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус бүр 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 5-14 дүгээр тал/.

Дээрх 2 гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 31, 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрүүдэд тус тус дууссан, талууд гэрээний хугацааг сунгаагүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан байхад давж заалдах шатны шүүх “...2015 оны 11 дүгээр сарын 08-ны дотор гэрээг цуцлахыг мэдэгдсэн...” гэж үзэж, мөн өдрөөс хойших тооцсон зээлийн хүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 167 дугаар зүйлийн 167.1.3-т нийцээгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй атлаа зээлийн хүүг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилсэныг анхан шатны шүүх хангаж, мөн хугацааны хүүг хариуцагчаас гаргуулсан нь буруу болсноос гадна шийдвэрийн 2 дах заалт ойлгомжгүй болжээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх замаар хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 26 дугаар зүйлийн 26.2-т нийцээгүй гэж үзнэ. Дээрх хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй хэдий ч нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ хуульд заасан журмыг баримтлах шаардлагатай.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс мөн хугацааны /2 сар 26 хоног/ хүүд илүү нэхэмжилсэн 4.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1390 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/03564 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан С.Амармандахаас 37.422.000 /гучин долоон сая дөрвөн зуун хорин хоёр мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эксим Финанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4.300.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч С.Амармандах төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, 116 дугаар байрны В-1 давхрын 23 тоот, В-2 давхрын 8 тоотод байрлах авто зогсоолуудыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж, 3 заалтын “366.560” гэснийг “345.060” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Эксим Финанс ББСБ” ХХК-с  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 22-ний өдөр төлсөн 191.716 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ