| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00009/И |
| Дугаар | 150/ШШ2025/00073 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 150/ШШ2025/00073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... хот, ..... дүүрэг, ... дугаар хороо, .... дүгээр хороолол, .... тоотод оршин суух иргэн .... овогт ...... (РД:.....) нэхэмжлэлтэй
Хариуцагч: .... аймгийн .... сум, .... .. дугаар баг, ... аймаг, ... сум, .... дүгээр баг ... тоотод түр оршин суух иргэн .... овогт ...... (РД:.....) холбогдох 52,165,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагч ....., хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .... нь .... холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохирол 19,665,000 төгрөг, хөдөө аж ахуйн техник ашиглан олсон ашгийн тал хувь 32,500,000 төгрөг нийт 52,165,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие .... нь 2021 оны 09-р сарын 07-ны өдөр ХАА-г дэмжих сантай БелТТ-21/112-04 тоот "Трактор, хөдөө аж ахуйн техник зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулан 135,000,000 төгрөгний үнэ бүхий газар тариалангийн техник хэрэгсэл авсан. Тухайн техник хэрэгсэл нагац ах болох .... маань эзэмшилд байх үед ... нь худалдан авахаар санал гарган .... аймгийн ... суманд очиж уулзсан байсан. Ингээд ах маань надаас .... зарах эсэх талаар асуусан ба миний бие урьдчилгаа 35.000.000 төгрөг өгөөд техникүүдээ авч болно 2022.09.09-нд төлөх зээлийн төлөлтийг хугацаанд нь хийснээр нэр дээр чинь зээлийг шилжүүлж өгье гэж тохирон түүнд бүх техникээ хүлээлгэн өгсөн. Гэтэл .... урьдчилгаа мөнгөө 3 хувааж төлөн техник хэрэгслийг маань хавар, намар хэрэглэчихээд 2022.09.09-ний өдөр төлөх зээлийн төлөлтийг хийгээгүй. ..... дэмжих сангаас надруу удаа дараа ярьж зээлээ төлөхийг шаардаж байсан тул миний бие өөрөө зээлээ төлж барагдуулсан. Ингээд нагац ах .... "..... техникүүдээ аваарай, би өөрөө зээлээ төлөөд дууссан..." гэж хэлсэн. Ингээд ах маань .... техникүүдээ авах гэтэл өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандаж авсан байсан. Гэтэл буцаан авсан техникүүд маань маш их эвдрэлтэй байсан тул бидний хувьд маш их хохиролтой зүйл болсон. Тухайлбал хадуур бол миний өөрийн хадуур биш хүний хуучин сэг өгсөн байсан, тармуурны ихэнх шүд хугарсан, хаман боогч ажиллахгүй болсон, тракторын хянахын самбар нь ажиллахгүй, хүч дамжуулагч нь эвдэрсэн гэх мэт эвдрэлгүй шинэ техникээ өгөөд ямар ч хэрэглэх боломжгүй хуучин эвдрэлтэй техник хэрэгсэл буцаан авч маш ихээр хохироод байна.
Ингээд бид .... текникүүддээ эвдрэл хохирлын унэлгээг мэргэжлийн байгууллагад хандан гаргуулсан. 2024 оны 10-р сарын 23-ны өдрийн 2277 дугаартай "......" ХХК-ийн "Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан"-аар уг ХАА-н техник хэрэгслийн нийт 15 төрлийн эд ангид их хэмжээний эвдрэл учирсан болох нь тогтоогдож нийт 19.665.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.
Би техникүүдээ цоо шинээр нь .... зээлээр худалдан авсан ба нагац ах маань мэддэг чаддаг хүнээр нь тохиргоо хийлгэж хөдөлгөн 5 га газар л ногоон тэжээл хадахад ашигласан. Шинээрээ шахуу техникээ .... өгөөд жил тойрон хэрэглүүлээд авахдаа энэ хэмжээний эвдрэлтэй болгон буцаан авсан.
Мөн .... нь жил тойрон миний техникийг хэрэглэхдээ эрт ургацын төмс хураан авч зарж ашиг олсон, 65 мянган боодол өвс хадаж, боож ..... аймаг руу аваачиж зарж 65 сая төгрөгний ашиг олсон бөгөөд энэ талаараа өөрөө бидэнд хэлж удахгүй төлөлтөө хийнэ гэж хүлээлгэж байсан юм.
Иймд .... миний техникүүдэд учруулсан эвдрэл хохирлын үнэ болох 19.665.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулж, мөн дээр нь миний техник хэрэгслийг үнэ төлбөргүй ашиглан олсон орлого болох 65.000.000 төгрөгний тал хувь болох 32.500.000 төгрөгийг, нийт 52.165.000 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний зээ дүү .... Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 135,000,000 төгрөгөөр зээлээр авсан хадлангийн иж бүрдлийг аваад ... ирж уулзсаны үндсэн дээр би ..... холбогдсон. .... 2 хоногийн дараа дүүтэйгээ ирсэн. Бид хоёр худалдан авах гэрээ хийсэн. Би энэ техникийг зарах тухай зөвшөөрөл аваад 06 дугаар сарын 20-ны өдөр хавьд .... энэ техникийг хүлээлгэж өгсөн. ...., ....р хоёрыг өөрсдийг нь уулзуулсан. Тэгээд бид хоёр ам гэрээ, хэлцэл хийгдсэн. 09 дүгээр сарын 09-ний өдөр төлөх ёстой байсан зээлийн эхний төлөлтийг хийгээгүй учир бид нарын дунд маргаан үүссэн. Тэгээд шүүхээр шийдвэрлүүлэх болсон. Би 35,000,000 төгрөгийг буцааж өгөхөөр болсон. Би энэ мөнгөнөөс 20-иод сая төгрөгийг нь төлөөд явж байгаа. Нэгт: техник маань эвдэрч хэмхэрсэн. Хоёрт: Миний техникийг ашиглаад нэлээд хэмжээний ашиг олсон учир би эхлээд 32,520,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнийг нэхэмжлээд явж байх хугацаандаа би 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр .... ХХК-аар миний техникийн эвдрэлийн хохирлын үнэлгээний тайланг гаргаж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Дүгнэлтээр хохирлыг 19,665,000 төгрөг гэж гарсан. Шүүгч ...... тэргүүтэй шүүхээс хүмүүс очиж техникт биет үзлэг хийсэн. Би энэ баримтыг хавсаргасан байгаа. .... миний техникийг ашиглаж байхдаа 65,000,000 төгрөгийн ашиг олж борлуулсан. Энэ талаар өөрөө надад хэлж байсан. Тухайн үед би өөрийн ах Цагаанбаатартай очиж уулзаж байсан. Одоо би энэ мөнгөний 50 хувь болох 32,500,000 төгрөгийг ..... нэхэмжилж байна. Хариуцагч ...... нийт 52,165,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
.... төлөх ёстой 28,000,000 төгрөгийг 32,000,000 төгрөг болгож нэхэж байна гэсэн зүйлийг ярьж байна. Ийм зүйл бол огт болоогүй. Чи урьдчилгаагаа өгсөн юм чинь Хөдөө аж ахуйг дэмжих сантай харьц гэж хэлсэн. Тухайн үед миний машинд ...., ..... бид гурав сууж байгаад Төмөр замын арктай шар байшингийн тэнд уулзаж байгаад бид нар энэ талаар ярьж байсан. Ийм байхад ..... тэр хүнтэй огт уулзаагүй гэж хэлж байна. Тэгж ярьж болохгүй шүү. Хоёрт: Тэр цагдаа, прокурор гэж яриад байна. Яагаад шалгасан гэхээр .... миний тракторыг аваад бусад хэрэгслийг нь алга болгосон. Намайг авах гэтэл юу ч байхгүй байсан. Тэгээд би цагдаад хандсан. Цагдаагийн байгууллага надад олж өгсөн. Би .... гэдэг хүнээс хэмхэрхий хадуур хүлээж авсан. Хаман боогчийг энэ хүн ....н гэдэг хүн зарсан хаман боогчийг аваад надад буцааж орлуулж өгсөн. Энэ талаар ....., ..... бүгд мэдэж байгаа. Тармуур гэрийнх нь гадаа байж байсан. Хэд хэдэн шүд нь нугарсан байсан. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Цагдаагийн байгууллага надад энэ техникийг олж өгсөн учир би үүнийг хүлээж авсан. Хоёр дахь удаа яагаад цагдаагийн байгууллага шалгасан гэхээр энэ нөхөр надаас анх миний шинэ техникийг хуурч аваад заръя гэсэн бодолтой байсан юм байна. Анхнаасаа залилан хийсэн юм байна гэдэг үүднээс цагдаад би гомдол гаргасан. Манай базад 2 өрөө байр байдаг үүнийг барьцаалаад би чөлөөлүүлээд өгье гэж хэлсэн. Тэр баз нь 2 өрөө байраа барьцаалж надад өгөх байсан уу, үгүй юу энэ талаар би огт мэдээгүй. Би гэнэдээд үгэнд нь хууртаж өгсөн. Надад ..... хэлэхдээ ...Би таны 32,0000,000 төгрөгийг төлнө эхлээд би 8,500,000 төгрөг төлнө. .... аймгийн .... сумын Засаг дарга ....н гэдэг хүнд би 19,000,000 төгрөг зээлсэн байгаа. Энэ хүнээс би мөнгөө аваад л өгнө..” гэж хэлсэн. Би итгээд л өгсөн. Цагдаагаас та техникээ буцаагаад авчихсан юм байна. Үүнийг шалгахгүй гээд миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Би “чи над руу мөнгө шилжүүлээд би зээлийг чинь төлье” гэж хэлсэн асуудал огт байхгүй. Би ..... Хөдөө аж ахуйн дэмжих сан руугаа ярь л гэж хэлж байсан. .... хадлан хийж байхад нь би төрсөн ах .... очиж..... уулзаад мөнгөө төл гэж хэлэхэд Би .... аймаг руу гэрээ хийсэн. 10,000 боодол өвсийг 65,000,000 төгрөгөөр зарах гэж байгаа гэж хэлсэн. Хүний техникийг аваад жил хэрэглэчхээд ингэж хэлж болохгүй гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч .... шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээ болон тухайн эд хөрөнгийг ашиглаад олсон ашиг орлогын 50 хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Дараах зүйлүүдээр тогтоогддог. Нэгт: Хариуцагч тухайн хөдөө аж ахуйн техник хэрэгслийг өөрийнхөө эзэмшилд аваад өнөөдөр хэрэглээгүй гэж ярьж байгаа боловч тэрийг бид нар мэдэхгүй. Хэрэглээд байлгасан гэдэг нь үйл баримт тогтоогддог. Өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Тухайн техник хэрэгсэлд учраад байгаа хохирол, эвдрэл, гэмтлийг тухайн техник хэрэгслийн өмчлөгч шаардах эрхтэй. Энэ эд хөрөнгөд учирч байгаа хохирол тухайн техник хэрэгслийн өмчлөгчид учраад байгаа хохирол юм. ..... гэдэг хүн тухайн техник хэрэгслийг .... гэдэг хүнээс заавал хуулийн дагуу хэлцэл хийж аваад эвдэж хэмхэлсэн тохиолдолд хохирлын төлнө. Түүнээс биш тухайн хүнийг хэн гэдгийг мэдээгүйгээр учруулсан хохирол байх юм бол төлөхгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ хариуцагчид тухайн техник хэрэгслийг шилжүүлэхдээ ...... уулзуулсан талаар хэлдэг. Хариуцагчийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт тодорхой байдаг. Нэрийг нь дурдаагүй боловч Хөдөө аж ахуйн тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр очиж уулзсан. Уулзахдаа зээлдэгч тэнд байхгүй байхад мэдээллийг энэ хоёрт өгнө гэж байхгүй. Тэгэхээр ...... нар гурвуулаа Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр очоод ямар байдлаар энэ техник хэрэгслийг ..... нэр дээр шилжүүлэх боломжтой вэ гэдэг талаар асуусан нь тодорхой байгаад байна. Энэ талаар .... өөрөө мэдүүлдэг. ....нь би ..... огт мэдэхгүй, танихгүй гэж хэлж байгаа нь худлаа гэдэг нь нотлон тогтоогдож байна. Хоёрт: Эд хөрөнгөө .... шилжүүлээд буцаагаад авахдаа энэ хэмжээний хохирол учраад байна гэдгийг зургаар, бичлэгээр, хохирлын үнэлгээгээр нэхэмжлэлийн үндэслэлээ хангалттай тогтоогоод байгаа юм. Хариуцагчийн зүгээс үүнийг няцааж чаддаггүй. Миний анх хүлээж авсан техник ийм эвдрэлтэй байсан юм. Эсхүл би хүлээлгэж өгөхдөө ийм ийм бүрэн бүтэн техник хэрэгсэл хүлээлгэж өгсөн юм, хохирлын үнэлгээг гаргахдаа магадгүй миний хүлээлгэж өгсөн техник хэрэгслээр биш энэ тэндээс сэг авчраад 19,000,000 төгрөг гаргачхаж гэдэг ч юм уу нотолж, няцааж чаддаггүй. Няцааж байгаа үндэслэлээ хариуцагч болон түүний өмгөөлөгч баримтаар нотлох ёстой. Түүнээс биш бид нар нэхэмжлэлийн шаардлагаа бид нар хангалттай нотолж байна. Одоо сүүлд нь бид нарын хүлээлгэж өгсөн техник хэрэгсэл мөн ч юм уу, биш ч юм уу гэдэг байдлаар гөлөг төөрүүлж байгаа юм шиг юм яриад баймааргүй байна. Өмнө нь хоёр шатны шүүхээр энэ хоёр хүний хооронд хэлцэл хийгдээгүй хэрэг шийдэгдсэн, асуудал маргаан шийдэгдсэн гэж яриад байна. Гэтэл энэ хоёр хүний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй учир ..... гэдэг хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар .... шилжүүлэн авсан 35,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Давж заалдах шатны шүүхээс магадлал гараад хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр энэ хоёр хүний хооронд хэлцэл байгуулагдаагүй учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн. Хариуцагч тал өнөөдөр ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй байхад юм нэхэмжлээд байна гэж хэлээд байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учир буцаан шаардах шаардлага гэж байгаа. Нэг нь техник солилцоод нөгөө нь мөнгө солилцоод байна. Энэ хоёр хүний хооронд хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байхгүй учраас .... мөнгөө буцаагаад авахаар болчихлоо. Тэгвэл хүний шилжүүлээд авсан эд хөрөнгийг эвдрэл гэмтэлгүй буцааж өгөх ёстой. Хэрэв эвдрэл гэмтэл учруулсан бол тэр эвдрэл гэмтлийг төлөх шаардлагатай. Буцаан шаардах шаардлага буюу Иргэний хуулийн 493 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Тухайн эд хөрөнгийг ашиглаж хэрэглээд ашиг олсон бол ашгийн 50 хувийг шаардах эрхтэй гэж зааж өгсөн байна. Энэ шаардлагад хамаарсан зүйлийг өнөөдөр нэхэмжлэгч нэхэмжлээд байна. Мөн хариуцагч нь 2022 оны 06 сард техник хэрэгслийг өөрийнхөө эзэмшилд аваад тухайн оныхоо 09, 10 сард тракторыг нь өгөөд 2023 оны 08 сард ..... би техник хэрэгслээ авч чадахгүй байна гэж цагдаагийн газарт өргөдөл өгөхөд тэр өргөдлийн дагуу ..... гэрчийн мэдүүлэг авахад надад тэр 4-н техник хэрэгсэл нь байгаа юм. Миний мөнгийг өгөхгүй байгаа учир би байлгаж байна гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн байгаа. Энэ нь 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 146 дугаартай хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол дээр байгаа. Энэ мэдүүлгийг маш сайн анхааралтай шинжлэн судлаасай гэж хүсэж байна. Хариуцагч түүний өмгөөлөгчийн зүгээс цагаан дээр хараар бичсэн байгаа юмыг тайлбарлаж хэлэхдээ өөрт ашигтай байдлаар шал буруугаар тайлбарлаж байна. Жил хагасын дараа энэ хугацаанд ашиглаагүй гэж байгаа боловч тухайн үед мөнгөө нэхэхээр эрт ургацын төмс хураагаад өгнө. Хөвсгөл рүү 65,000,000 төгрөг буюу 10,000 боодол өвс хадаж байгаа тэрийгээ зараад өгнө гэдэг ч юм уу ийм байдлаар итгэл өгөөд хүлээлгээд байсан асуудал байгаад байна. Нэг бол ингэж худлаа залилаад байсан юм уу эсхүл үнэхээр тийм ашиг орлого олоод байна уу. Нэхэмжлэгчийн хувьд ..... рүү 65,000,000 төгрөгөөр 10,000 боодол өвс зарсан гэдэг асуудлыг өөрсдөө сонссон учир энэ олсон орлогын 50 хувийг нэхэмжлээд байгаа юм. Энэ орлогыг олсон эсэх талаар дансны хуулга гаргуулъя гэж хүсэлт өгсөн боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж татгалзаад байдаг. Ийм байдлаар бид нар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжгүй асуудал үүсээд байдаг. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс итгэмжлэлийн тал дээр өмнөх шүүх хуралдаанд ч гэсэн маргадаг. Итгэмжлэл хуулийн дагуу олгогдсон болоод нотариатаар итгэмжлэл ирээд байна. Энэ чинь одоо цахим болчхоод байна. QR код уншуулаад .... байгаа хүн .... нотариат руу яваад төлөөлж байгаа хүнийхээ байгаа газрын нотариат руу цахимаар итгэмжлэлээ явуулдаг болсон. Өмнөх шүүх хуралдаанд хэрэг яагаад хэрэгсэхгүй болсон гэхээр .......нотариат нь улаан тамгаар дарах байсныг дараагүй хараар дарсан учир итгэмжлэл хүчингүй гэдэг байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болсон байгаа. Одоо итгэмжлэл дээр маргаад байгаа асуудал өөрөө үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид ..... гэдэг хүний өөрийнх нь өмчид хохирол учраад байгаа энэ хохирлыг ..... хариуцагч .... таньдаг, уулзсан байдлаас үл хамаараад нэхэмжлэх эрхтэй. Өөрийнх нь хөрөнгөнд хохирол учруулаад байгаа этгээдээс хохирлоо гаргуулах шаардах эрх нь ..... байна. ..... шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч .... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би хариуцагч .... 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдөр трактор техник зарна гэхээр нь очиж наймаа хийхээр уулзаж байсан. .... манай хүүгийн трактор байгаа гэж хэлж байсан. Манай хүү Хөдөө аж ахуй дэмжих сангаас трактор техник авсан, одоо энийг хэрэглэхээргүй болчхоод зарах гэж байна гэж хэлж байсан. Би 06 дугаар сарын 28-ний өдөр хамгийн сүүлд мөнгөн гүйлгээгээ хийсэн. Би 35,000,000 төгрөгөөс 8,500,000 төгрөгийг 06 дугаар сарын 28-ний өдөр хийгээд трактор, техникээ авч байсан. 09 дүгээр сарын 02-ны өдөр ..... надаас 32,000,000 төгрөг нэхсэн. Би Хөдөө аж ахуй дэмжих сангаас асуухад 27,400,000 төгрөг гэж хэлсэн. Надаас энэ хүн 5,000,000 төгрөг илүү нэхсэн. Энэ маргаанаас болж бид трактор, техникээ буцаахаар болсон. Энэ асуудлыг шүүх шийдээд дууссан байгаа. ...... гэж надаас мөнгө нэхэмжилж байгаа хүнийг би танихгүй, хараагүй, өөртөө нь би уулзаж байгаагүй. Тэгэхээр энэ ..... нэхэмжилж байгаа мөнгийг би төлөх шаардлага байхгүй гэж үзэж байна. Нэмэлт тайлбарыг миний өмгөөлөгч хэлнэ гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ..... шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Ер нь бол .... маш үндэслэлгүй нэхэмжлэл гаргаад цаг хугацаа аваад, өөрийнхөө эдийн засаг, .... ч гэсэн эдийн засгаар хохироогоод яваад байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эзэмшигчээс үүсэх үр дагаврын дагуу шаардлага гаргаад байна. Үүнд маш тодорхой зүйл байгаа. Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй. Үүнд үүрэг хүлээсэн гэж нэг зүйлийг хэлээд байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлд “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шимийг шаардана шүү гэж байгаа юм. Энэ нь тус хуулийнхаа 492 дураар зүйлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг дэд бүлэгт хамаараад байна. Энэ хүн ямар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм бэ гэхээр ...... гэдэг хүний өмнө үүрэг хүлээсэн байхыг л шаардаж байгаа юм. Таньдаг, таньдаггүй байх чинь маш их ач холбогдолтой юм. Хэрэв зээ энэ хүн ...... гэдэг хүнийг мэдэхгүй байж байгаад өмчид нь гэм хор учруулах юм бол тус хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаарддаг юм. Энэ хүний үйлдэл эс үйлдэхүй байх ёстой. Санаатай юм уу, болгоомжгүй юм уу. Болгоомжгүйгээр эд хөрөнгийг нь эвдэлчихлээ, гэмтэл учруулсан гэх юм бол энэ хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүсэх юм бол энэ хэргийг 3-н шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар шаардах эрхээ үүсгэж байгаа юм бол заавал хэлцэл юм уу үүрэг хүлээсэн байхыг хүсэж байгаа юм. Энэ хоёр хүний хооронд ямар ч хэлцэл, үүрэг хүлээх бололцоо байхгүй. Сая би ..... асуусан. Танд .... гэдэг хүн ямар нэгэн байдлаар хэлцэлд төлөөлөх эрх олгосон уу, энэ техник хэрэгслийг зараадах, зарахдаа энэ ..... очоод тохирчих, ийм асуудлаар та хоёр хэлэлцээд тохирчих гэсэн асуудал байхгүй. Итгэмжлэл энэ хүмүүст байхгүй байгаад байна. Бусдын өмч хөрөнгийг зарах гэж байгаа бол өөр асуудал яригдана. ..... холбоотой хэлцлийг аль хэдийн шүүх шийдвэрлээд дуусчихсан. Хэрэв зээ энэ хүн тухайн үедээ энэ эд зүйлийг эвдэлсэн, хэмхэлсэн байх юм бол эрх бүхий байгууллага үүнийг шалгаж тогтоогоод дүгнэлт гарна. Шинжээчийн дүгнэлт дээр энэ эвдрэл юм уу, элэгдэл хорогдол юм уу гэдгийг яагаад дүгнэж бичээгүй юм бэ. Зүгээр л эвдэрсэн гэж л байна. Үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих санг эд нар янз бүр болгож байгаад зээл авсан юм болов уу гэж би харж байна. Тэгээд ..... итгэмжлэлээ гаргаж өгөхгүй байна уу. ..... хүлээж авсанд тооцно гэж тайлбарлаад байгаа юм. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд 64.1-64.2-д зааснаар бичгээр мэдэгдсэнээр бүрэн эрх олгож болно, итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх; 64.3.Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Энэ хуулийг л хэлсэн юм. Болоогүй үйл баримтад бид нар яаж дүгнэлт хийх юм. Бид нар тэр техник хэрэгслийг эвдээгүй, цагдаагийн байгууллага ирээд аваад явахад *******аас асуусан. Одоо ******* хэлж чадахгүй байна. ...... техник хэрэгслийг үйлдэл эс үйлдэхүйгээр эвдэлсэн зүйл огт байхгүй. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийг би тодорхой хэлсэн. Тус хуулийн 492 дугаар зүйл дээр үүсгэнэ. Тус хуулийн 492-д заавал нэгний өмнө үүрэг хүлээсэн байхыг шаардана. Ийм учир хэргийг өнөөдөр шүүгч дангаар шийдвэрлэж байна. Хэрэв гэм хор учруулсан бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар л шийдвэрлэнэ. Хоёрт: Чи миний техникийг ашиглаж байгаад орлого олсон байх ёстой гэж баахан мөнгө нэхэмжлээд байна. Энэ техникийг ашиглах боломжгүй гэдэг талаар энэ хүн тодорхой хэлсэн. Тракторыг аваад явчих юм бол энэ техник хэрэгслүүдийг ашиглах боломжгүй гэж хэлсэн. Энэ хүн үгүй ш дээ гэж маргаагүй. Чи өөр трактор ашигласан байж болох гэж маргаагүй. Энэ чинь үл салгаж болох эд хөрөнгө юм. Өмчийн эзэн гээд байгаа техникийн гэрчилгээ харамсалтай нь зөвхөн тракторынх байгаа юм. Бусад эд зүйл чинь одоо энэ зурагт байгаагаар энэ тракторын иж бүрдэл мөн үү гэдгийг эд нар огт нотлоогүй. Энд заавал гэрчилгээ байх ёстой. Эд нар чинь бүгд /хадуур, тармуур/ ар талдаа арлын дугаартай явж байх ёстой. Энэ хоёр арлын дугаар тохирч байна гэдгийг эд нар тайлбарлаж огт нотлоогүй. Тэгэхээр үнэлгээ тогтоосон баримт, шүүхийн аваачиж үзүүлсэн үзлэг хийлгэсэн баримтуудаас энэ нь тракторын иж бүрдэл байсан гэдэгт би итгэхгүй байна. ******* нэхэмжлэл гаргахаас өмнө бүх асуудлуудыг цагдаагийн байгууллагаар шалгаж тогтоолгочхоод ******* бүх юм аа авч дууссаны дараа өөрийнх нь шийдвэр өөрт нь ашигтай байж магадгүй гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Ашиггүй гарахаар дандаа нэг юм гаргаж ирнэ. Худлаа ингэж хуулийн байгууллагаар ажил хийлгээд байгаа юм. Хэрэг бүртгэлтийн хэргийг 08 сард шалгаж байх явцад 09 сард хааж байхад энэ хүн бүх техник хэрэгслээ авчихсан байж гомдол гаргаагүй. 2023 оны 08 сард авснаас хойш бүтэн жил гаруй хугацааны дараа очиж шүүхээр үзлэг хийлгэсэн. Энэ нотлох баримтууд ямар ч үндэслэлгүй. Өөрөө юу хийгээд техникээ эвдэлсэн гэдгийг бид нар мэдэхгүй. Харин яг тухайн үедээ цагдаагийн байгуулахынхтай үзээд энэ эвдэрсэн байна. Энийг чи эвдэлсэн байгаа учир энэ зүйл ангиар бид нар шалгуулж байна гэсэн бол ямар ч асуудалгүй. Энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй. 2 ширхэг CD хэрэгт байдаг. Үүнийг хэн үзүүлээд явсан юм хэнийх юм бүү мэд. Яг үнэндээ ******* гэж бичээд *******ын хийсэн үйлдэлтэй холбоотой урьд шийдсэн шүүхийн шийдвэртэй холбоотой үйл баримтыг бид нар нөгөө талаас нь хараад байна. Иймд ******* нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байсан байна. *******гийн өмнө ******* ямар нэгэн байдлаар үүрэг хүлээгээгүй учир Иргэний хуулийн 493 дугаар зүйлд зааснаар шаардлага биелүүлэх үүрэг үүсэхгүй. Нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан:
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, .......... олгосон итгэмжлэл, ............ улсын дугаартай МТЗ-82.1 маркийн Тракторын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, фото зургууд, техникт үзлэг хийсэн тэмдэглэл, .......... гэрчээр асуусан тэмдэглэл, ..... аймгийн ..... сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ний өдөр дүрс бичлэгийн СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, Хөрөнгө үнэлгээний “.......-ний 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн №2277 тоот Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, .... аймгийн ...... сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн №146 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, .... аймгийн .... сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 150/ШЗ2024/00918 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж,
Хариуцагчийн гаргаж өгсөн: .... аймгийн ..... сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн №146 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, ..... аймгийн ..... сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн №193 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, ..... аймгийн ..... сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 150/ШЗ2024/00918 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, ..... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 208/МА2024/00036 тоот магадлал, .... аймгийн ..... сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 150/ШШ2024/00067 тоот шийдвэр зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон Үүнд: .... нь 2021 оны 09-р сарын 07-ны өдөр ..... дэмжих сантай БелТТ-21/112-04 тоот "Трактор, хөдөө аж ахуйн техник зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулан 135,000,000 төгрөгний үнэ бүхий газар тариалангийн техник хэрэгсэл авсан. Тухайн техник хэрэгсэл нагац ах болох ...... маань эзэмшилд байх үед ..... нь худалдан авахаар санал гаргаж урьдчилгаа 35.000.00 төгрөг өгөөд техникүүдээ авч 2022.09.09-нд төлөх зээлийн төлөлтийг хугацаанд нь хийснээр нэр дээр чинь зээлийг шилжүүлж өгье гэж тохирон түүнд бүх техникээ хүлээлгэн өгсөн. Гэтэл ..... урьдчилгаа мөнгөө 3 хувааж төлөн техник хэрэгслийг маань хавар, намар хэрэглэчихээд 2022.09.09-ний өдөр төлөх зээлийн төлөлтийг хийгээгүй. Ах .....аас техникүүдээ авах гэтэл өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандаж авсан байсан. Гэтэл буцаан авсан техникүүд маань маш их эвдрэлтэй байсан тул хохироод байна.
ХАА-н текникүүддээ эвдрэл хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагад хандан гаргуулсан. 2024 оны 10-р сарын 23-ны өдрийн 2277 дугаартай .........ХХК-ийн "Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан"-аар уг ХАА-н техник хэрэгслийн нийт 15 төрлийн эд ангид их хэмжээний эвдрэл учирсан болох нь тогтоогдож нийт 19.665.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.
Мөн ..... нь жил тойрон миний техникийг хэрэглэхдээ эрт ургацын төмс хураан авч зарж ашиг олсон, 65 мянган боодол өвс хадаж, боож Хөвсгөл аймаг руу аваачиж зарж 65 сая төгрөгний ашиг олсон бөгөөд энэ талаараа өөрөө бидэнд хэлж удахгүй төлөлтөө хийнэ гэж хүлээлгэж байсан юм.
Иймд ...... миний техникүүдэд учруулсан эвдрэл хохирлын үнэ болох 19.665.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулж, мөн дээр нь миний техник хэрэгслийг үнэ төлбөргүй ашиглан олсон орлого болох 65.000.000 төгрөгний тал хувь болох 32.500.000 төгрөгийг, нийт 52.165.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлов.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:
Иргэний хуулийн 493 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эзэмшигчээс үүсэх үр дагаврын дагуу шаардлага гаргаад байна. Үүнд маш тодорхой зүйл байгаа. Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй. Үүнд үүрэг хүлээсэн гэж нэг зүйлийг хэлээд байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлд “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шимийг шаардана шүү гэж байгаа юм. Энэ нь тус хуулийнхаа 492 дураар зүйлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг дэд бүлэгт хамаараад байна. Энэ хүн ямар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм бэ гэхээр ....... гэдэг хүний өмнө үүрэг хүлээсэн байхыг л шаардаж байгаа юм. Таньдаг, таньдаггүй байх чинь маш их ач холбогдолтой юм. Хэрэв энэ хүн ******* гэдэг хүнийг мэдэхгүй байж байгаад өмчид нь гэм хор учруулах юм бол тус хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаарддаг юм. Энэ хүний үйлдэл эс үйлдэхүй байх ёстой. Санаатай юм уу, болгоомжгүй юм уу. Болгоомжгүйгээр эд хөрөнгийг нь эвдэлчихлээ, гэмтэл учруулсан гэх юм бол энэ хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүсэх юм бол энэ хэргийг 3-н шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар шаардах эрхээ үүсгэж байгаа юм бол заавал хэлцэл юм уу үүрэг хүлээсэн байхыг хүсэж байгаа юм. Энэ хоёр хүний хооронд ямар ч хэлцэл, үүрэг хүлээх бололцоо байхгүй Шинжээчийн дүгнэлт дээр энэ эвдрэл юм уу, элэгдэл хорогдол юм уу гэдгийг яагаад дүгнэж бичээгүй юм бэ. Зүгээр л эвдэрсэн гэж л байна.
Чи миний техникийг ашиглаж байгаад орлого олсон байх ёстой гэж баахан мөнгө нэхэмжлээд байна. Энэ техникийг ашиглах боломжгүй гэдэг талаар энэ хүн тодорхой хэлсэн. Тракторыг аваад явчих юм бол энэ техник хэрэгслүүдийг ашиглах боломжгүй гэж хэлсэн. Энэ хүн үгүй гэж маргаагүй. Чи өөр трактор ашигласан байж болох гэж маргаагүй. Энэ чинь үл салгаж болох эд хөрөнгө юм. ******* нэхэмжлэл гаргахаас өмнө бүх асуудлуудыг цагдаагийн байгууллагаар шалгаж тогтоолгочхоод ...... бүх юм аа авч дууссаны дараа өөрийнх нь шийдвэр өөрт нь ашигтай байж магадгүй гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Хэрэг бүртгэлтийн хэргийг 08 сард шалгаж байх явцад 09 сард хааж байхад энэ хүн бүх техник хэрэгслээ авчихсан байж гомдол гаргаагүй. 2023 оны 08 сард авснаас хойш бүтэн жил гаруй хугацааны дараа очиж шүүхээр үзлэг хийлгэсэн. Энэ нотлох баримтууд ямар ч үндэслэлгүй. Өөрөө юу хийгээд техникээ эвдэлсэн гэдгийг бид нар мэдэхгүй. Иймд ******* нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байсан байна. ..... өмнө .....р ямар нэгэн байдлаар үүрэг хүлээгээгүй учир Иргэний хуулийн 493 дугаар зүйлд зааснаар шаардлага биелүүлэх үүрэг үүсэхгүй. Нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд 64.1-64.2-д зааснаар бичгээр мэдэгдсэнээр бүрэн эрх олгож болно, итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх; 64.3.Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл байна гэж татгалзаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэн ....... 2021 оны 09-р сарын 09-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сантай трактор, хөдөө аж ахуйн техник худалдах худалдан авах гэрээ хийж "Беларусь-81" маркийн трактор, ГВР-630 маркийн тармуур, КДН-210 маркийн хадуур, ППТ-160 маркийн хаман боогч авчээ.
Дээрх хөдөө аж ахуйн техникүүдийн иргэн ........... зарахаар тохирч урьдчилгаанд 35,000,000 төгрөг өөрийн дансаар хүлээж авсан бөгөөд зээл төлөлт хугацаандаа хийгээгүй үндэслэлээр иргэн М.******* өөрийн хөдөө аж ахуйн техникүүдийн буцаан авсан байна.
Нэхэмжлэгч ..... нь 35.000,000 төгрөгийг өөрийн эхнэр ..... болон .......н данснаас шилжүүлсэн байна. ..... нь өөрийн хөдөө аж ахуйн техникээ ..... буцаан авсан болно.
Дээрх үйл баримт нь 2024 оны 03-р сарын 14-ны өдрийн 67 тоот шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлохгүй болно.
..... хөдөө аж ахуйн техникүүдийг худалдан авахаар тохиролцож ..... гэж өөр дээрээ байлгах хугацаандаа эвдрэл гэмтэл учруулж буцааж өгсөн байдлыг нотлохын тулд ".........." ХХК-аар үнэлгээ тогтоолгожээ.
2024 оны 10-р сарын 23-ны өдрийн 2277 дугаартай "Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан"-аар "Беларусь" маркийн трактор, тармуур, хадуур, пресс зэрэг ХАА-н техник хэрэгслийн нийт 15 төрлийн эд ангид 19.665.000 төгрөгийн хохирол учирсан гэж "............" ХХК үнэлгээ гаргасан байна. (х.х-ийн 33-рт)
"............" ХХК-ийн үнэлгээний тайланд "Беларусь" маркийн трактор, тармуур, хадуур, пресс зэрэг хөдөө аж ахуйн техник хэрэгсэлийн эзэмшигч нь ...... гэсэн нь маргаан бүхий тракторын өмчлөгч нь ........... гэж техникийн тодорхойлолтод бичигдсэнтэй зөрсөн мөн тракторийн иж бүрдэл М.*******ын эзэмшилд шилжсэн талаар нотлох баримтгүй байна. (х.х-ийн 68 32-рт)
"...........хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалтыг тайланд тусгахдаа “ослоос үүссэн хохирол тодорхойлох” гэж дүгнэсэн нь зохигчийн нэхэмжлэл, тайлбарт дурдсан үйл баримтаас зөрсөн өөрөөр хэлбэл маргаан бүхий "Беларусь" маркийн трактор, тармуур, хадуур, пресс зэрэг хөдөө аж ахуйн техник хэрэгсэл ямар нэг ослын улмаас гэмтэл учирсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Мөн нэхэмжлэгч ........нь .......... "Беларусь" маркийн трактор, тармуур, хадуур, пресс зэргийг ашиглан 65.000.000 төгрөгний ашиг олсон талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд .........., ......... нар трактор бүхий хөдөө аж ахуйн техникүүдыг худалдах худалдан авах талаар амаар тохиролцсон гэрээнээс татгалзаж хэлцлээр авсан зүйлээ харилцан буцаасан ба түүнээс учирсан хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй гэж дүгнэж .............. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд 64 дүгээр зүйлийн 64.2-д “Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино:
64.2.1-д “...итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх,..” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч ............... олгосон итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .............. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан үндэслэлгүй тул ........... холбогдох 52,165,000 төгрөг гаргуулах тухай ....... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА