Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 311/ШШ2025/00126

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ….. нэхэмжлэлтэй, Хариуцагч:…. холбогдох нийт 10,639,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга П.Янжмаа, нэхэмжлэгч Н…. нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Н…. шүүх хуралдааны товыг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр … дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б…. оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Н…. хариуцагч Б…. 9,300,000 төгрөг гаргуулах үндсэн шаардлага гаргаж, 9,300,000 төгрөгийг банкнаас зээлж авсан зээлийн хүү 1,339,200 төгрөгийг нэмж нэхэмжилсэн нийт 10,639,200 төгрөг гаргуулах нэхмэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Н…. нь хариуцагч Б…. автомашин худалдан авах зорилгоор 9,300,000 төгрөгийг иргэн Б…. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн байна. Б…. 9,300,000 төгрөгийг авсан боловч Н…. автомашиныг шилжүүлээгүй учир Н…. Б…. шилжүүлсэн 9,300,000 төгрөгөө буцаан шаардаж мөн 9,300,000 төгрөгт банкны зээлийн хүүгээр тооцож 1,339,200 төгрөгийн хохирлыг нэмж нэхэмжилсэн байна.

3. Нэхэмжлэгч Н… нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б.... машин худалдан авахаар болж машины урьдчилгаа болох 9,300,000 төгрөгийг иргэн Б.... Хаан банкны ... дансанд шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснээс хойш худлаа хэлээд утсаа авахаа больсон. Хааяа утсаа авахаараа мөнгийг чинь буцааж өгнө гэдэг боловч одоог хүртэл өгөөгүй байна. Иймд шилжүүлсэн мөнгө болох 9,300,000 төгрөг болон шүүхэд хандсаны 163,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Н…. миний бие нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б…. машин худалдан авахаар нөхөр болох … цалингийн зээл авахуулан 9,300,000 төгрөгийг иргэн Б…. дансанд шилжүүлсэн байдаг. Иймд 9,300,000 төгрөгийн зээлийн хүү болох 1,339,200 төгрөгийг нэмж гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б…. хариу тайлбартаа: Н…. гэдэг хүнээс 9,300,000 өөрийн дансанд авсан. 2025 оны 03 дугаар сарын 20-нд 3,500,000, 2025 оны 05 дугаар сарын 20-нд 5,800,000 төгрөгийг өгнө гэжээ.

Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагын талаар хариу тайлбараар өгөөгүй байна.

4. Нэхэмжлэгч Н…, хариуцагч Б... харилцан тохиролцож түүнээс автомашин худалдан авах зорилгоор худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж гэрээний зүйлийн үнийн урьдчилгаа 9,300,000 төгрөгийг Б…. дансанд шилжүүлсэн байна. Тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч Б…. нь харилцан тохиролцсон хугацаанд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй байсан боловч Б… үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир Н…. урьдчилгаанд шилжүүлсэн 9,300,000 төгрөгийг буцаан шаардсан ба хариуцагч Б…. дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч Н…. 9,300,000 төгрөгийг банкнаас зээлсэн учир 9,300,000 төгрөгт тохирох зээлийн хүү 1,339,200 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна.

Дээрх нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчид гардуулж, хариу тайлбараа 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлэх үүргийг хүлээлгэсэн байна.  Гэвч хариуцагч дээрх хугацаанд хариу тайлбар болон түүнийг нотолсон баримтуудаа шүүхэд ирүүлээгүй учир түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зохигч шүүх хуралдаанаас өмнө энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан ба хариуцагч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар хариу тайлбараа ирүүлээгүй учир хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Б…. 10,639,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н…. олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б…. 203,928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н…. олгох нь зүйтэй гэж үзээд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б…. 10,639,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н…. олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,928 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.... 203,928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.


 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.НАНДИНЦЭЦЭГ