Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 311/ШШ2025/00128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, нарийн бичгийн дарга П.Янжмаа, нэхэмжлэгч Ж... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Завхан аймгийн ... сумын ... багт оршин суух хаягтай ... овогт ... нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа  тогтоолгох тухай иргэний хэргийг  хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Би 1985 онд сургууль төгсөөд 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд мал маллаж байгаад 1988 онд цэрэгт яваад цэргээс ар гэрийн гачигдлаар халагдаж ирээд 1991 оны 01 сарын 01-нээс 1991 оны 11 сарын 02-ныг хүртэл Завхан аймгийн ... сумын .... нэгдэлд малчнаар, 1991 оны 11 сарын 02-ноос 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .... сумын .... компанид малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар Завхан аймгийн архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай Завхан аймгийн ... сумын ... нэгдлийн 1985, 1986, 1987, 1988 онуудад ... нэр дээр, 1991, 1992 онд Ж.... нэр дээр олгосон цалин хөлсний лавлагаа, ... хөдөлмөрийн дэвтрийг гаргаж өгч, гэрчээр П...., Б.... нарыг асуулгасан байна. Шүүх санаачилгаараа улсын бүртгэлийн хэлтэс, болон Завхан аймгийн нийгмийн даатгалын газар, Батлан хамгаалахын төв архиваас нотлох баримт гаргуулж авсан байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг -шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.... нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 02-ныг хүртэл Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд малчнаар, 1991 оны 11 сарын 02-ноос 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ... сумын ... ХК-нд  малчнаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай архивын лавлагааны “ 1991 онд 260 төг 1-12 сар Хуу № үгүй /Ж..../ 1992 онд 16264,20 төг 1-12 сар Хуу № үгүй /Ж..../” гэсэн хэсгээр, 1991, 1992 онд цалин авсан тухай цалингийн тодорхойлолтоор,

Ж... 1991, 1992 онд авсан цалинг сар бүрээр бичсэн хөдөлмөрийн дэвтрээр,

гэрч П... “...Би 1992 онд Завхан аймгийн ... сумын ... багт... очиж байсан.. Тэр үед ... аав ээжийн хамт мал маллаж байсан. Тухайн үед ... бригад гэж байсан юм. ... нь хувьчлалаар мал аваад л тэрнээс хойш дандаа л хувийн мал маллаж байгаа. Хувьчлалаас өмнө аавтайгаа ... нэгдлийн мал маллаж байсан. Цэргээс ирээд л ажилласан. Цэргээс 1990 байна уу 1991 оны үед ирсэн...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Б.... “ .... 1990 оноос хойш Завхан аймгийн ... сумын .... нэгдэл гэж байхад аав ээжтэйгээ мал маллаж байсан. ... нэгдэл 1992 онд хувьчлагдаж тарсан”  гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Ж... нь 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1988 оны 10 дугаар сарын 01-н хүртэл  Завхан аймгийн ... сумын .... нэгдэлд мал маллаж байсан гэж байгаа боловч тэрээр 1988 онд .... хотоос цэрэгт татагдсан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1988 оны 10 дугаар сарын 01-н хүртэл  Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд малчнаар ажиллаж  байсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд Ж.... нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1988 оны 10 дугаар сарын 01-н хүртэл  Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.... ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.2, 116, 118 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ... овогт ... 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл  Завхан аймгийн ... сумын .... нэгдэлд малчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 02-ноос 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ... сумын ... ХК-нд  малчнаар ажиллаж байсан болохыг тус тус  тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1988 оны 10 дугаар сарын 01-н хүртэл  Завхан аймгийн ... сумын ... нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.... нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.НАНДИНЦЭЦЭГ