Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч У.Солонго,

хохирогч С.Э

шүүгдэгч А.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Төгсжаргалыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708004910270 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 97-А тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Мухнай овогт Алтангэрэлийн Төгсжаргал /РД:ИТ92042204/.

А.Тнь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тахилтын 7-97 тоотод суух иргэн С.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаа буюу тогны асуудлаас болж маргалдан улмаар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Тшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүүхдээ хөдөө явуулчихаад ажил хийж байсан. Наадмын дараа гэртээ ирээд хөргөгчинд байсан махаа харахад гэссэн байсан. Энэ айлаас сарын 45.000 төгрөгөөр тог авдаг байсан. Намайг ажилдаа явсан хойгуур дандаа цахилгаан салгасан байдаг байсан. Баяр ёслол болж байсан болохоор хэрүүл хийгээд яахав гэж бодсон. Ер нь хэрүүл хийгээд байдаггүй. Энхцэцэг эгчид вино, Цогоо ахад пиво, хүүхдүүдэд нь чихэр, жимс аваад гэрт нь орох гэтэл Энхцэцэг эгч хашаанд нь байсан портертой хүнтэй маргаж байснаа, намайг хөөсөн. Би “баяр ёслол болж байхад хөрш айл байна танайд ороё” гэхэд нөгөө хүмүүстэй уурласан уураа надад гаргаж, хөөхөөр нь маргалдаад “тогоо салгуулна, тог залгуулсан утсаа авъя” гэж хэлсэн. Би эхлээд шууд ороод маргалдаагүй. Тэгээд маргалдаад байж байхад охидуудтайгаа нийлээд миний үс толгойноос зулгааж үсдэхээр нь би “Цогоо ах” гээд гэр рүү нь ороход Цогоо үүдэн дээрээ тасраад уначихсан байсан. Би буцаад тогны утсаа татахад араас зулгаагаад намайг унагасан. Миний цээжийг урсан ч би хөрш айл гэж бодоод цагдаад гомдол гаргаагүй. Миний хөл, цээж хөхөрсөн байсан учраас маргааш Цогоо ах буюу нөхөрт нь бүгдийг үзүүлсэн. Намайг цохиж, үснээс зулгаасан зүйл байхгүй гэж мэдүүлсэн байсан. Хохирлын хувьд одоо надад боломжгүй байгаа, ажилгүй, ээж минь хагалгаанд 10 сая төгрөгөөр орох гэж байна. Хазсан нь миний буруу” гэв.

Хохирогч С.эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед манай гэрийн гадаа нэг микро ирээд манай нөхрийг асуухаар нь “унтаж байгаа” гэж хэлэхэд явсан. Дараа нь Төгсжаргал орж ирээд “Цогоо ах байгаа юм уу” гэж асуухаар нь “Унтаж байна” гэж хэлэхэд “тэгвэл танайд орьё” гэж хэлээд манай ороод жаахан маргалдаад тэрнээс болж бөөн юм болсон. Надаас “тогны утсаа авмаар байна” гэхээр нь “эрүүлд чинь сольж өгсөн шүү дээ” гэхэд намайг “манай утсыг сольсон биз дээ, гэрлийнхээ утсыг авмаар байна” гэж хэлсэн. Тэгсэн Төгсжаргал “Цогоо ахаа сэрээрэй” гээд нөхрийг сэрээх гээд байхаар нь унтаж байгаа хүнийг сэрээх гэлээ гээд “гар” гэж хэлсэн. Хашааны үүдэнд миний гарыг хазсан. Тэгээд хашаагаараа даваад гэртээ орсон” гэв.

Эрүүгийн 1708004910270 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Энхцэцэгийн: “...Манай хажуу талын Төгсжаргал гэдэг хүүхэн манай гэрээс цахилгаан авдаг. 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед Төгсжаргал согтуу манай гэрт орж ирээд “Та манай цахилгааны утсыг сольсон байна, би одоо утсаа авмаар байна” гээд орж ирээд тогны утсыг салгаад тасалчихсан. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, чи эрүүлдээ орж ир, одоо гараач, согтуу юм байж” гэж хэлээд гаргах гэхэд миний нүүр рүү 2-3 удаа цохиод баруун гарын шуунаас хазсан. ...Надад Төгсжаргалыг үсдсэн, цохисон асуудал байхгүй. Эмчилгээтэй холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Надаас нийтдээ 50000-60000 төгрөгийн зардал гарсан гэж бодож байна. Уг мөнгийг нэхэмжилж байна. Өөр гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-7, 30-31/,

Гэрч Ө.Цогтбаатарын: “...Тэр өдөр би эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ байсан. Наадмын өдөр ганц шил юм уугаад унтсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Төгсжаргал хэзээ гэрт орж ирснийг мэдэхгүй. ...14-ний өглөө босоход эхнэрийн баруун гар нь шуу хэсэгтээ битүү хавдаад хөхөрчихсөн байдалтай шүдний ором орчихсон байхаар нь юу болсон талаар асуухад “хажуу айлын Төгсжаргал согтуу орж ирээд агсан тавиад тогны утас салгаад” гэж хэлсэн. Өөр зүйл тодорхой мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-34/,

Гэрч Х.Тэрбишийн: “...Би тухайн үед хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Над руу ямар ч байсан тэр өдрөө утсаар яриад “тогноос болж муудалцлаа, тэгсэн намайг үснээс зулгаагаад намайг зодлоо” гэж хэлсэн. Нөгөө хүүхэн удалгүй бас залгаад “танай охин чинь миний гарыг хазчихлаа” гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-36/,  

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2047.07.19-ний өдрийн 8963 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.Энхцэцэгийн биед баруун шууны зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх, баруун бугалганы цус хуралт, баруун бугалга, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо болон мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-9/,

А.Тлын яллагдагчаар өгсөн: “2017 оны 5 дугаар сараас хойш Тахилтын 7-97-А тоотод амьдарч байна. Манайх тоггүй байж байгаад хажуу айлаасаа сарын 45.000 төгрөг өгөхөөр тохиролцоод авдаг байсан. Манайхыг зөвхөн хөргөгч, гэрэл хоёрыг л залгуулдаг байсан. Хааяа нэг халуун тогоо залгачихаар бөөн юм болоод байдаг байсан. 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ирэхэд тог байсан боловч хөргөгч салгасан бололтой доторх мах нь гэсчихсэн байсан. Тэгээд би баяр ёслол болж байхад яахав гээд дэлгүүр ороод нэг вино, нэг пиво аваад гэрт нь орох гэсэн боловч үүдэн дээрээ өөр хүмүүстэй хэрүүл хийж байсан. Тэгээд би “сайн байна уу” гээд гэрт нь орох гэхэд оруулахгүй байхаар нь би Энхцэцэгт авсан юмаа өгөөд “жоохон юм ярьж суух уу” гэхэд “яв яв, гэр рүүгээ яв” гэхээр нь “та яагаад байгаа юм бэ, айл хөрш хүмүүс юм байж” гэхэд “намайг яв яв” гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би гэнэт уурлаад “та чинь одоо ямар сонин юм бэ, та ёстой муухай хүн байна. Намайг цаад айл чинь 30.000 төгрөгөөр тог ав л гэсэн. Тэгэхэд би танайхаас 45.000 төгрөгөөр авч байна” энэ тэр гээд жоохон уурлаж хэлтэл “тэгвэл тэр айлаасаа тогоо авахгүй юу” гэхээр нь би “тэгнэ, тэгвэл цахилгааны утсаа авна” гээд гэр рүү нь гүйгээд ороход нөхөр нь болох Цогоо гэгч нь гэртээ архи уугаад тасраад уначихсан байсан. Тэгсэн чинь араас гүйж ороод намайг шууд үсдээд газраар чирээд байсан... би “гутлаа авъя аа” гэхэд тавихгүй байсан. Тэгээд намайг тавьчихаар нь дахиж гүйж очоод цахилгааны утсаа гэрээс нь татаж авах гэхэд дахиж ирж үсдээд чирээд байхаар нь би баруун гарын шуу хэсгээс нь хазчихсан юм” гэх мэдүүлэг /хх-41-42/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, С.Энхцэцэгийн гаргасан өргөдөл /хх-4/, Цагдаагийн ерөнхий газрын хайлт, лавлагаа /хх-12/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-15/, Хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-23, 48/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-49/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-54/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Тнь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-97 тоотод суух иргэн С.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаа буюу цахилгааны асуудлаас болж маргалдан улмаар цохиж хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Дээрх байдал нь хохирогч С.Эгийн “...Төгсжаргалыг гаргах гэхэд миний нүүр рүү 2-3 удаа цохиод баруун гарын шуунаас хазсан...” гэх мэдүүлэг /хх-7/, шүүгдэгч А.Талын “...цахилгааны утсаа гэрээс нь татаж авах гэхэд дахиж ирж үсдээд чирээд байхаар нь би баруун гарын шуу хэсгээс нь хазчихсан...” гэх мэдүүлэг /хх-41-42/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.  

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Энхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “Эмчилгээний зардалд 50000-60000 төгрөг нэхэмжилнэ” гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч А.Тлыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Тлд торгуулийн ял оногдуулах боломжгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн буюу 30 хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Хохирогч хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй...” гэж,

Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлт гаргалаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Турьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч АТ-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Тыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Тнийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Хохирогч С.энь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Тэнэ тогтоолоор нотлох баримт бүхий бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР