| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2025/0001/З |
| Дугаар | 111/ШШ2025/0002 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 111/ШШ2025/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хоорондын “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1, 2.3, 4.2, 4.3-д заасны дагуу *******т таван жилийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1, 2.3, 4.2, 4.3-д заасны дагуу *******т таван жилийн тэтгэмж олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нэхэмжлэгч ******* Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1, 2.3, 4.2, 4.3-д заасны дагуу төрийн албанд ажилласан хугацааны 5 жилийн урамшуулал авахаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад бичгээр хүсэлт гаргасан. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ажлын хэсэг хуралдуулж хүсэлтийг хэлэлцүүлэх шийдвэр гаргасны дагуу “Төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох ажлын хэсгийн хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж ******* мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан байна.
Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Миний бие ******* нь Аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтнээр 2008 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1, 2.3, 4.2, 4.3 дахь заалтын үндэслэлээр мөнгөн урамшуулал авах хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу өгсөн байна. Татгалзсан үндэслэлдээ:
1.Сүүлийн 5 жил тасралтгүй ажиллаагүй
2. Журамд сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг 6 сараар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгоно гэж заасан боловч өмнөх 48 сар нь тухайн албан хаагчийнх тасарсан гэж бичсэн байна.
Миний хувьд тус ажлын хэсгийн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул шийдвэрийг өөрчлөн мөнгөн урамшуулал авах нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******аас гаргасан төрийн захиргааны албан хаагчийн 5 жилийн мөнгөн урамшууллыг авах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
******* нь аймгийн Засаг даргын Тамгын газарт 2008 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 3 сараас 6 сарыг дуустал эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авсан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 3.1.1-т ”эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа” тасралтгүй ажилласан хугацаанд тооцохоор заасан бөгөөд ******* нь 4 сарын чөлөө авсан байна.
Мөн журмын 2.1-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна” гэж заасан бөгөөд ******* нь аймгийн Засаг даргын Тамгын газарт 2008-2021 оны 3 сар хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан.
Гэтэл журмын 2.3-т “Мөнгөн урамшууллын хэмжээг тодорхойлохдоо Төрийн албаны тухай хуулийн 51.3-т заасныг баримтлан тухайн төрийн захиргааны алба хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг 6 дахин нэмэгдүүлж тооцно” гэж заасан бөгөөд *******ын 2008-2021 онуудад ажилласан хугацаагаар 5 жилийн хугацааг тооцлоо гэхэд сүүлийн 12 сарын цалингаар тооцохоор тасрах тул боломжгүй гэж ажлын хэсгээс үзсэн.
Иймээс *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчид 5 жилд тутам олгох мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 5 жил тутмын мөнгөн урамшууллыг олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2008 оноос 2021 оны 3 сар хүртэл төрийн захиргааны байгууллагад тасралтгүй 12 жил ажилласан. 2021 оны 3 сард “Ковид-19” өвчин маш хүнд тусаад тухайн оныхоо 6 сар хүртэл түр чөлөө авсан. Чөлөөний хугацаагаа дуусгаад ажилдаа эргэн орсон. Түүнээс хойш төрийн албанд тасралтгүй 4 жил ажиллаж байна. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагад ажилласан төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд мөнгөн урамшуулал авах журмын дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт мөнгөн урамшууллыг авахаар хүсэлтээ гаргасан боловч миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Энэ 5 жил тутамд олгох мөнгөн урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, урамшуулал олгохыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтний албан тушаал эрхэлдэг. 2008 оноос 2021 он хүртэл тасралтгүй 12 жил ажиллаж байгаад 3 сарын чөлөө аваад, буцаж ажилдаа ороод түүнээс хойш 4 жил ажиллаж байгаа гэдэгтээ маргаагүй. Нэхэмжлэгч таван жил тутамд олгох мөнгөн урамшуулал авах хүсэлтээ гаргасан боловч сүүлийн таван жил тасралтгүй ажиллаагүй. Иймд энэ мөнгөн урамшууллыг олгох боломжгүй гэв.
Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн, ахлах мэргэжилтний албан тушаалыг тус тус эрхэлж байсан байна. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2.-т зааснаар төрийн төрийн захиргааны албан тушаалтанд хамаарч байгаа гэдэгт хэргийн оролцогч нар маргаагүй болно.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаартай “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.1-д “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоход энэ журмыг баримтална.” гэж зааснаар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт төрийн захиргааны байгууллагын мэргэшсэн байдлыг сайжруулах, төрийн захиргааны албан тушаалд тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготой гарсан журам юм.
Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1.Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.” гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь 2008 оноос 2021 оны 3 сар хүртэл нийт 12 жил тасралтгүйгээр, 2021 оны 6 сараас өнөөдрийг хүртэл 4 жил буюу төрийн албанд нийт 16 жил төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байна.
Мөн дээрх журамд төрийн захиргааны алба хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг 6 дахин нэмэгдүүлж тооцно гэснээс төрийн захиргааны албан тушаалтныг тухайн албан тушаалд сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан байхыг шаардаагүй байна.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д зааснаар албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын *******т Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасны дагуу мөнгөн урамшуулал олгохгүй байгаа нь хууль бус байх тул нэхэмжлэгчид төрийн захиргааны албан тушаалд 5 жил ажилласны урамшуулал олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.7, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчид 5 жилд тутам олгох мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 5 жил тутмын мөнгөн урамшууллыг олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ