Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 319/ШШ2025/00159

 

2025      03          31

                  319/ШШ2025/00159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суух, ******* овогт ******* *******ы хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* *******ы миний бие 1970 оны 08 дугаар сарын 09-нд Ховд аймгийн Дуут сумын 2-р бригадад ******* 3 дахь хүү болж төрсөн. Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1979 онд элсэн орж суралцаад 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр наймдугаар анги төгссөн. Наймдугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд эцэг эхийн хамт малчинаар ажиллаж эхэлсэн ба ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдлийнхээ 2 дугаар бригадад эцэг эхийнхээ хамт мал маллаж байгаад 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* *******той гэр бүл болж мөн 2 дугаар бригадад мал маллаж амьдарсан. Тус нэгдлийг тартал малчнаар ажилласан ба одоог хүртэл мал маллаж амьдардаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Ц.******* намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2-р бригадад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2-р бригадад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, овог, нэр,эцэг, эх, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Батлан хамгаалахын төв архивын Ц.*******ы нэр дээрх архивын лавлагаа, Ц.*******ы 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 106 тоот албан бичиг, түүний хавсралтаар 1990,1989,1987,1986 онуудын 70 дугаар дансны хуулбар баримтууд, 1990 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 58 дугаартай Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын тушаал, иргэн *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, иргэн *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн Засаг даргын 11 тоот албан бичиг, хавсралтаар 1996, 1992, 1998 онуудын Б.*******гийн төрөлтийн түүх, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ховд аймгийн Дуут сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 11 тоот албан бичиг, хавсралтаар сурагчдын тухай тодорхойлолт, хичээлд суусан сурагчдын нэрстэй бүртгэл, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн овог, нэр, эцэг, эх, өөрийн нэр өөрчилсөн лавлагаа, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3.Шүүхээс гэрч *******ийн мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 29/301 дугаартай албан бичиг, хавсралтаар ХААТР 1, 7, 13, 15, 21 маягтуудын баталгаат хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Ц.*******ы ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1.1986 оны хүсэлт гаргагч Ц.*******ы эцгийн нэр дээрх 70 дугаар дансны хуулбар, 1987 оны хүсэлт гаргагч Ц.*******ы эцгийн нэр дээрх 70 дугаар дансны хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн овог, эцэг, эх, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагааны “өөрчлөхийн өмнөх мэдээлэл” хэсэгт “овог гэх хэсэгт Төнхөн” гэж, “эцэг, эхийн нэр гэх хэсэгт Борноосон” гэж, “өөрийн нэр гэх хэсэгт *******” гэж бичигджээ. Мөн Батлан хамгаалах төв архивын лавлагаанд “******* ******* БХЯ-ын 1988.10.16-ны өдөр... 1990.10.13-ны өдөр 610461 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэж, Ц.*******ы нэр дээрх 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтэрт “бүгд гэх хэсэгт 10 жил 3 сар” гэж, 1990 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 58 дугаартай Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын тушаалын “1 гэх хэсэгт ******* *******” гэж, 1999 оны ХААТР 1(А) маягтын “нийгмийн бүлэг гэх хэсэгт малчин” гэж, “ажилладаг байгуулага гэх хэсэгт малчин” гэж, “байнга оршин суудаг газар гэх хэсэгт Хөх бэлчир баг” гэж бичигдсэн байна.

3.2.Гэрч *******ын шүүхэд гэрчээр өгсөн “...Ц.******* нь 1986 оноос Дуут сумын Хөх бэлчир багт малчнаар ажиллаж байсан. 1986 онд 8 дугаар анги төгссөн байх. Түүнээс хойш тасралтгүй мал маллаж байгаа...” гэх мэдүүлэг

3.3.Гэрч *******ийн шүүхэд гэрчээр өгсөн “...Ц.******* нь 1986 оноос Дуут сумын Хөх бэлчир багт малчнаар ажиллаж байсан. 1986 онд 8 дугаар анги төгссөн байх. Түүнээс хойш тасралтгүй мал маллаж байгаа...”  гэх гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4.Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Дуут сумын хөх бэлчир багийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дугаартай албан бичиг, хавсралт 1996, 1992, 1998 онуудын төрөлтийн бүртгэл, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Мөнхдаваа, Б.Гандаваа, Б.Халиундаваа нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Ц.*******ыг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******ы Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2-р бригадад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ЭРДЭНЭ-ОЮУН