Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/1054

 

      2023             10            31                                        2023/ДШМ/1054

 

Д.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/564 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Л.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Цд холбогдох эрүүгийн 2210000000802 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д.Ц,   

            Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 404 дүгээр байрны 402 тоотод согтуурсан үедээ хамтран амьдрагч М.Дшатны уруу түлхэн унагааж, биед нь “баруун зулай яс, чамархай яс, хөхлөг сэртэн, гадна чихний суваг, баруун суурь ясны их далавч, суурийн хөндийг дайрсан хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдэд няцрал, зүүн чамархайн аалзан хальс доор цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун гуянд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Дармаа овогт Дариагийн Д.Цийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Д нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан, цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч М.Д нь Австрали улс руу суралцахаар урт хугацаагаар явсан бөгөөд 5 настай охин Ц.Соняг төрсөн эцэг болох миний биед бидний хамтын шийдвэрээр асран хамгаалуулахаар болсон юм. Охиноо эрүүл орчинд, хайр халамжаар дүүрэн, аз жаргалтай, бие болон оюуныг хөгжүүлэх нөхцөлөөр хангаж өсгөн хүмүүжүүлэх нь миний үүрэг бөгөөд хүсэл эрмэлзэл мөн. Миний ганц дүү Д.Цэлмэн гэр бүлийн хамт гадаадад суралцан амьдарч байгаа бөгөөд 70 гарсан буянтай ээж, аавыгаа асран хамгаалах эрх болон үүрэг гагцхүү надад оногдож байгаа. Үүний дагуу эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс би ипотекийн зээлээр орон сууц худалдан авч, тус байранд ээж, аавыгаа амьдруулж байгаа билээ. Тэтгэврийн мөнгө нь өдөр тутмын хэрэгцээгээ хангахаас цаашгүй байдаг. Би хувийн хэвшлийн хэд хэдэн аж ахуйн нэгжид ажилладаг бөгөөд улс орныхоо хөгжилд өөрийн хэмжээгээр хувь нэмэрээ оруулж, нийгмийн идэвхитэй амьдардаг. ...Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. Би дахин ийм үйлдэл хэзээ ч гаргахгүй гэж өөртөө амласан. Би охиноо эцгийн хайраар дутаахгүйгээр амьдрахыг хүсдэг. Би айлын том хүү бөгөөд дунд дүү минь нас барсан. Харин бага дүү минь гадаад улсад суралцдаг учраас Монгол Улсад ирэх боломжгүй. Би хүүхдээ асран хамгаалахаас гадна эцэг, эхээ асран хамгаалах үүрэгтэй. Иймд миний хувийн байдал, гэм буруугаа маргаангүй хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал, хохирлыг сайн дураараа төлсөн зэргийг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/564 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

            1. Шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсныг биечлэн эдлүүлэхгүйгээр хөнгөрүүлэн торгох ялаар солих хууль зүйн боломжтой талаар:

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хувьд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулан шийдүүлэх мөн торгуулийн ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан яллах дүгнэлтийг дэмжиж оролцсон билээ. Шүүгдэгч Д.Цийн хувийн байдлын тухайд гэвэл тэрээр ам бүл 3 уулаа амьдарч байсан бөгөөд хохирогч М.Д нь урт хугацаагаар Австрали улс руу суралцахаар явсан ба тэрээр өөрийн охин Ц.Соняг болон өндөр насны тэтгэвэртээ гарсан аав, ээжийгээ асран хамгаалж тэжээн тэтгэх цорын ганц хүн нь юм. Асран хамгаалах тэжээн тэтгэх гэдэгт тэдний өдөр тутмын хэрэгцээ шаардлагаас гадна миний үйлчлүүлэгч Д.Цийн өндөр настай аав, ээж нь түүний банкны урт хугацааны ипотекийн зээлээр авсан байранд амьдардаг ба тэрээр банкны зээлийн төлбөр болон охиныхоо цэцэрлэгийн төлбөр гэх мэт олон төлбөрийг ажил хийж олсон орлогоороо сар бүр төлөх үүргийг хүлээдэг юм. Д.Цийн төрсөн дүү Д.Цэлмэн нь одоогоор гадаадад сургуульд сурч байгаа бөгөөд өөрийн биеэр болон санхүүгийн байдлаар аав, ээждээ тусламж үзүүлэх ямар ч боломжгүй ажил хийж өөрийн сургалтын төлбөрөө олж байдаг билээ. Тиймээс миний үйлчлүүлэгч Д.Ц нь өөрийн охин болон аав, ээжээ асран хамгаалах, тэжээн тэтгэх цорын ганц хүн нь болоод байгаа билээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ” бол, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн; ” бол, мөн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж тус тус заасан байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд дээрх хуулийн зохицуулалтад дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн хангаснаас гадна хохирогчийн зүгээс аливаа гомдол санал байхгүй, гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй, хэрэв ирээдүйд эмчилгээний зардал шаардагдвал иргэний журмаар жич нэхэмжлэх болно гэж, мөн хүүхдээ цаашид аавынх нь асрамжид үлдээнэ гэдгээ илэрхийлсэн ба энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар бүгд авагдсан байгаа билээ. Нэгэнт хохирогч ийнхүү мэдүүлэг өгөөд хүүхдээ аавынх нь асрамжид үлдээж өөрөө гадаад улс руу суралцахаар явсан тул хүүхдийн эрхийн асуудал яригдах нь зүйн хэрэг билээ. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж тус тус хуульчилсан байна. Дээрх үйл баримт болон хууль зүйн боломжоос дүгнэлт хийхэд: Хууль тогтоогчоос гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа чин сэтгэлээсээ ухамсарлаж гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг сайн дураараа барагдуулсан мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг тооцохдоо сонгодог хэлбэрээр хуульчилж өгсөн байна. Иймд миний үйлчлүүлэгч шүүгдэгч Д.Ц нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хөнгөрүүлэн торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч Д.Ц нь гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Д.Ц нь хоригдоод 2 сар болж байна. Мөн шүүгдэгч Д.Ц нь өндөр настай эцэг, эхээ болон 5 настай охиноо асран хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Ц хоригдсоноор түүний эцэг, эх, охины эрх ашиг хөндөгдөж байна. Шүүгдэгч Д.Ц нь эцэг, эхдээ ипотекийн зээлээр орон сууц худалдан авч өгсөн бөгөөд түүнийг хоригдож байгаа учраас уг зээлийг төлөх хүнгүй болж байна. Одоогийн байдлаар түүний 5 настай охин Ц.Соня 70 нас гарсан өвөө, эмээтэйгээ хамт амьдардаг бөгөөд цэцэрлэгийн төлбөр нэхэгдэж эхэлсэн. Үүний улмаас түүний гэр бүлд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Өмгөөлөгчдийн зүгээс Хил хамгаалах ерөнхий газарт хохирогч М.ДМонгол Улсад орж ирсэн эсэх лавлагааг хүссэн боловч баталгаа гаргаж зөвхөн танилцах үүрэг өгсөн. Гэтэл хохирогч М.Д нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсаас гараад өнөөдрийн байдлаар орж ирээгүй байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Цд оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

            Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний шөнө согтуурсан үедээ хамтран амьдрагч М.Дшатны уруу түлхэн унагааж, биед нь “баруун зулай яс, чамархай яс, хөхлөг сэртэн, гадна чихний суваг, баруун суурь ясны их далавч, суурийн хөндийг дайрсан хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдэд няцрал, зүүн чамархайн аалзан хальс доор цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун гуянд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан. Шүүгдэгч Д.Ц нь гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч Д.Ц цаашид гарах эмчилгээний зардлыг ямар нэгэн байдлаар төлнө гэж илэрхийлж байгаагүй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Цийн хувийн байдлыг харгалзан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын саналыг шүүхэд гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж шүүгдэгч Д.Цд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Л.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 404 дүгээр байрны 402 тоотод согтуурсан үедээ хамтран амьдрагч М.Д шатны уруу түлхэн унагааж, биед нь “баруун зулай яс, чамархай яс, хөхлөг сэртэн, гадна чихний суваг, баруун суурь ясны их далавч, суурийн хөндийг дайрсан хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдэд няцрал, зүүн чамархайн аалзан хальс доор цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун гуянд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч М.Дгийн “...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед гэртээ харьсан ба манай нөхөр Д.Ц архи уучихсан байсан. Охиноо цэцэрлэгээс нь аваагүй байхаар нь ээжээс асуусан чинь манай байрны эгч Нансалмаагийнд байгаа гэж хэлсэн. Тэгээд байрны эгчийн гэрт очиж, охиноо айлд жаахан тоглуулж байгаад, 21 цаг өнгөрөөгөөд хүүхдээ аваад гэр рүүгээ ороод, охинтойгоо унтахаар хэвтсэн. Манай нөхөр тухайн үед гэрийн доод давхарт архи ууж байсан. ...шөнө Д.Ц намайг орноос татаж босгоод намайг доошоо буулгаж хутгалж ална гээд чирээд байхаар нь би шатны бариулаас зуураад эсэргүүцэж байсан чинь хөлнөөс зуураад, хоолойноос боогоод өргөсөн, би зууралдаж байгаад аль болох биеэ шатнаас хойшлуулсан, тэгсэн намайг шатны уруу унагаасан тэгээд би эмнэлэгт сэрсэн, хэдний өдөр сэрснээ санахгүй байна, хажууд нөхөр байсан. ...” /1хх 48-51, 56-57/,

            яллагдагчаар Д.Цийн “...шөнө сэрээд дээшээ 2 давхар руу орондоо орохоор гарахад унтлагын өрөөнөөс М.Д гадуур хувцасаа өмссөн өөдөөс гарч ирэхээр нь “хөөе хаачих гэж байгаа юм бэ” гэхэд “би гарлаа” гэхээр нь мэдээж согтуу эхнэрээ гаргахгүй гэсэн чинь өрөө рүү хувцасаа өмсөх гээд явахад хажуугаар зөрөөд гүйсэн. Эргэж харах хооронд унаж байгаа чимээ дуулдсан, сандараад гүйгээд очиход шатан дээр хэвтсэн, толгойноос нь цус гарсан, ухаан алдсан байдалтай хэвтэж байхаар нь түргэн тусламж дуудсан. ...” /1хх 62-64/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7992 дугаар “1. М.Дгийн биед баруун зулай яс, чамархай яс, хөхлөг сэртэн, гадна чихний суваг, баруун суурь ясны их далавч, суурийн хөндийг дайрсан хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдэд няцрал, зүүн чамархайн аалзан хальс доор цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1хх 88-89/,

            Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр иргэн М.Дгаас гаргасан хүсэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4, 7-8/, аюулын зэргийн үнэлгээ /1хх 6/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /1хх 22-30/, түргэн тусламжийн төвийн дүн бүртгэлээс ирүүлсэн №2022037389 дугаар хуудас /1хх 43/, гэрч Б.Б мэдүүлэг /1хх 59-60/, гэрч М.Б мэдүүлэг /1хх 69-71/, гэрч Х.А мэдүүлэг /1хх 74-75/, гэрч Х.Л мэдүүлэг /1хх 77-79/ зэрэг хэрэгт авагдаж анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.  

            Шүүгдэгч Д.Цийг хохирогч М.Дгийн биед “...баруун зулай яс, чамархай яс, хөхлөг сэртэн, гадна чихний суваг, баруун суурь ясны их далавч, суурийн хөндийг дайрсан хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдэд няцрал, зүүн чамархайн аалзан хальс доор цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун гуянд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Цд тухайн зүйл ангид зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байгаа хэдий ч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирогчтой эвлэрсэн, цаашид хохирогчид гарсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, бага насны хүүхэдтэй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгийн торгох ялаар сольж шийдвэрлэлээ. 

Иймд шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Л.Баасанжав нарын “...торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ц нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон, мөн хохирогч М.Дд 10.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, Д.Цийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/564 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: 

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Цийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 63 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /63х15000=945.000/ эдлэх ялаас нь хасаж /20.000.000-945.000=19.055.000/, түүний торгох ялыг хэмжээг 19.055.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн өөрчлөлтийг оруулж,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Цд мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай. 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Д.Цийг нэн даруй сулласугай.

5. Шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Л.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсныг, шүүгдэгч Д.Ц нь хохирогч М.Дд 10.000.000 /арван сая/ төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ