Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00562

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00562

 

 

 

А.Ө.Т.А.М ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/00268 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Ө.Т.А.М ХХК-ийн, хариуцагч А.Э.Ж.А.Ө.Т ГХОХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 6 дугаар сараас хойшхи хугацааны компанийн санхүүгийн болон нягтлан бодох үйл ажиллагааны тайлан, түүнтэй холбоотой мэдээллийг хувьцаа эзэмшигч болох тус компанид гарган өгч, танилцуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бүрнээ, М.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Э.Ж.А.Ө.Т ГХОХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу нийт нийлүүлсэн хөрөнгийн 50 хувийг А.Ө.Т.А.М ХХК, үлдсэн 50 хувийн хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд болох А.Э.Ж.Х.Э.П.Э.С ПТЭ.ЛТД компани тус тус эзэмшдэг. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаас хойш энэхүү нэхэмжлэлийг гаргасан өдрийг хүртэлх хугацаанд 2 хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагааг хамтран явуулах боломжгүй болсон. Тиймээс хэд хэдэн удаа бие биедээ өөрийн эзэмшдэг хувьцааг худалдах санал гаргасан боловч тохиролцоонд хүрч чадаагүй.

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаас хойш дээрх маргаантай холбоотойгоор компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Б намайг компанийн Санхүү, захиргаа эрхэлсэн захирлын үүргээс хууль бусаар чөлөөлсөн ба үүнтэй холбоотой хөдөлмөрийн маргаан Улсын Дээд шүүхэд байгаа ба эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй болно. 2 хувьцаа эзэмшигчдийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр компанийн нэр бүхий банкуудад эзэмшдэг данснуудыг захиран зарцуулахтай холбоотой 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг гүйцэтгэх захирал болох М.Ж.О.М, 2 дугаар гарын үсэг зурах эрхийг компанийн Санхүү, захиргаа эрхэлсэн захирал Г.Б тус тус эзэмшихээр зохицуулсан.

Гэтэл М.Ж.О.М уг хувьцаа эзэмшигчдийн гэрээг зөрчин өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, тус гэрээг хүчин төгөлдөр хэвээр байхад Г.Быг хууль бусаар буюу үндэслэлгүйгээр ажлаас халах замаар 2 дугаар гарын үсэг зурах эрхийг хууль бусаар компанийн нягтлан бодогч н.Амартүвшинд шилжүүлж, улмаар компанийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг зөвхөн өөрийн мэдэлд бүрэн шилжүүлэн авсан болно. Өөрөөр хэлбэл, 2019 оны 6 дугаар сараас хойш Компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд нөгөө хувьцаа эзэмшигчийн тавих хяналтыг бүр мөсөн алга болсон. Үүнтэй холбоотойгоор бидний зүгээс хэд хэдэн удаа компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцах талаар санал хүсэлт, шаардлагыг бичгээр тавьж байсан боловч одоо хүртэл танилцаж чадаагүй байгаа. Үүний улмаас 2019 оны 6 дугаар сараас хойш одоо хүртэл компанид ямар хэмжээний өр төлбөр, мөнгөн хөрөнгө байгаа талаар нэг ч мэдээлэл бидэнд байхгүйгээр барахгүй гүйцэтгэх захирал Майкл Жон 0Маллей компанийн мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа дээр хяналт тавьж чадахгүй байна. Түүнчлэн, компани нь 2019 оны 6 дугаар сараас хойш компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн гэсэн нэрийдлээр их хэмжээний хэлцлийг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тодорхой болсон. Тодруулбал, Оюу толгой ХХК-тай байгуулсан их хэмжээний хэлцлийг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулаагүй. Мөн үүнээс өөр ямар их хэмжээний эсвэл сонирхлын зөрчилтэй хэлцлийг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулахгүйгээр, дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд бид мэдэх эрхтэй.

Хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргаан нь энэ хэрэгт хамааралгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасны дагуу энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй.

Иймд компанийн санхүүгийн болон нягтлан бодох үйл ажиллагааны тайлан, түүнтэй холбоотой мэдээллийг 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Ө.Т.А.М ХХК-д гарган өгч, танилцуулахыг А.Э.Ж.А.Ө.Т ГХОХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч гэх А.Ө.Т.А.М ХХК нь компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд хувьцаа эзэмшигчийнхээ эрхийн хүрээнд тус нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь маргаантай байгаа бөгөөд тус маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Тодруулбал компанийн үүсгэн байгуулагч болох А.Э.Ж.Х.Э.П.Э.С ПТЭ.ЛТД компанийн зүгээс А.Ө.Т.А.М ХХК-д холбогдуулж, хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгож, А.Ө.Т.А.М ХХК-ийн эзэмшлийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, А.Ө.Т.А.М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх зүйн байдал маргаантай байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон компанийн дүрмийн заалтуудыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэв энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж шүүхээс нэхэмжлэгчийг компанийн хувьцаа эзэмшигч мөн гэж тогтоовол Компанийн тухай хуульд заасан үүргийн дагуу холбогдох мэдээллийг танилцуулахад татгалзахгүй. Харин энэ хэргийг шийдвэрлэхээс өмнө танилцуулбал мэдээллийг өөр байдлаар ашиглах, улмаар компанид хохирол учрах болзошгүй гэж үзэж 2019 оны 6 дугаар сард хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүссэнээс хойшхи мэдээллийг танилцуулаагүй нь үнэн.

Мөн Компанийн дүрмийн 23.2 болон 23.3 дах хэсэг хэрэв талуудын хооронд компанийн дүрэмтэй холбоотой буюу бусад маргаан үүссэн тохиолдолд түүнийг эцэслэн шийдвэрлүүлэхээр Монгол Олон улсын болон Үндэсний арбитрт нэхэмжлэл, хүсэлт гаргах тухай маргаан шийдвэрлэх харъяаллыг талууд тохиролцсон. Харин хувьцаа эзэмшигчийн гэрээний 14.3-т зааснаар маргааныг Олон улсын худалдааны Австрали дах Арбитрын төвд шийдвэрлүүлэхээр тохиролцжээ. Хэрэв компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний хооронд аливаа зөрчил гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн гэрээний нөхцөл давуу хүчинтэй үйлчлэхээр заасан байна. Иймд маргааныг Олон улсын худалдааны Австрали дах Арбитрын төвд эцэслэн шийдвэрлэхээр байна. Шүүх хэргийн харъяалал зөрчсөн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.7-д заасан нөхцөл бүрдсэн тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 97 дугаар зүйлийн 97.2-д заасныг баримтлан 2019 оны 6 дугаар сараас хойшхи хугацааны компанийн санхүүгийн болон нягтлан бодох үйл ажиллагааны тайлан, түүнтэй холбоотой мэдээллийг хувьцаа эзэмшигч болох А.Ө.Т.А.М ХХК-д гарган өгч, танилцуулахыг А.Э.Ж.А.Ө.Т ГХОХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ, Хан-Уул дүүргийн шүүхэд хянагдаж буй хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хувьцаа эзэмшигч хэвээр байгаа нөхцөлд түүний хуулиар олгогдсон компанийн мэдээлэлтэй танилцах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн байна. Мөн нэгэнт нэхэмжлэгч нь хариуцагч хуулийн этгээдийн 50 хувийн хувьцаа эзэмшигч тул хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч танилцуулах үүрэг хүлээнэ гэсэн.

Гэвч нэхэмжлэлийн шаардлага болох компанийн санхүүгийн болон нягтлан бодох үйл ажиллагааны тайланг гаргуулж, холбогдох мэдээллийг авахыг даалгуулах шаардлагыг тухайн компанийн хувьцаа эзэмшигч эдэлнэ. Харин нэхэмжлэгч 50 хувийн хувьцаа эзэмшигч гэх А.Ө.Т.А.М ХХК нь компанийн хувьцаа эзэмшигч хэвээр байгаа эсэх талаарх маргааныг өөр шүүх хянан шийдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар шүүхээс эцсийн шийдвэр гаргаагүй байна.

Тодруулбал, компанийн үүсгэн байгуулагч болох Ай Эс Жи Холдингс ПТИ ЛТД компанийн зүгээс А.Ө.Т.А.М ХХК-д холбогдуулж, Хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгож, А.Э.Ж.А.Ө.Т ГХОХХК-ийн эзэмшлийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хувьцаа бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан тул хувьцаа бэлэглэх гэрээг хувьцаа бэлэглэгч хүчингүй болгох эрхтэй. Ийнхүү бэлэглэх гэрээг хүчингүй болгосноос гарах эрх зүйн үр дагавар нь хуульд зааснаар биш, бэлэглэгчийн хүсэл зоригоос хамаарч хэрэгждэг.

Иймээс А.Ө.Т.А.М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх зүйн байдал маргаантай байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар шаардах эрх эдлэх эсэх нь маргаантай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь заалтад зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт ...65.1.7-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Гэтэл зохигчдын маргаж байгаа зүйл болох хувьцаа эзэмшигчийн эрх, хувьцаа эзэмшигч байх эсэх талаарх хэргийг өөр шүүх шийдвэрлэж байхад анхан шатны шүүхээс хувьцаа эзэмшигч мөн гэж дүгнэн, энэ хэргийг одоо шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.Ө.Т.А.М ХХК нь хариуцагч А.Э.Ж.А.Ө.Т Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хувьцаат компани /цаашид ГХОХХКомпани гэх/-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сараас хойшхи хугацааны компанийн санхүүгийн болон нягтлан бодох үйл ажиллагааны тайлан, түүнтэй холбоотой мэдээллийг хувьцаа эзэмшигч болох тус компанид гарган өгч, танилцуулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... нэхэмжлэгч буюу хувьцаа эзэмшигчийн эрх зүйн байдал маргаантай, шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа, ... хэргийн харъяалал зөрчсөн ... учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 65.1.1, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

Сингапур Улсын хуулийн этгээд болох А.Э.Ж.Х.Э.П.Э.С ПТЭ.ЛТД компани болон Монгол Улсын хуулийн этгээд А.Ө.Т.А.М ХХК нар А.Э.Ж.А.Ө.Т ГХОХХКомпанийн хувьцааг 50х50 хувиар эзэмшдэг үйл баримтыг хэргийн 6-32, 64 дүгээр талд авагдсан компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Э.Ж.Х.Э.П.Э.С ПТЭ.ЛТД компанийн, А.Ө.Т.А.М ХХК-д холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээгээр шилжүүлсэн 50 000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх83-95, 111-112/ Гэхдээ энэ үйл баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан нөхцөлд хамааруулан, А.Ө.Т.А.М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э.Ж.А.Ө.Т Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хувьцаат компанид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Ө.Т.А.М ХХК нь А.Э.Ж.А.Ө.Т ГХОХХК-ийг хариуцагчаар татаж, хуулиар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэх нэхэмжлэл гаргасан, зохигчдын маргааны зүйл нь бэлэглэлийн гэрээний талууд болох А.Э.Ж.Х.Э.П.Э.С ПТЭ.ЛТД компанийн, А.Ө.Т.А.М ХХК нарын хооронд үүссэн маргаанд хамааралгүй байх тул уг хэргийг бэлэглэлийн гэрээний маргааныг шийдвэрлэхээс өмнө шийдвэрлэх боломжгүй нөхцөл бий болсон гэж үзэхгүй.

Хариуцагч тал хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэл заан маргажээ.

Хэрэгт авагдсан хариуцагч А.Э.Ж.А.Ө.Т ГХОХХК-ийн дүрмийн 23.2-т энэхүү дүрэмтэй холбоотой буюу үүсэх аливаа маргааныг талууд эхлээд харилцан зөвшилцөх байдлаар шийдвэрлэх, 23.3.1-д ... харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэж чадаагүй бол талуудын аль нь ч уг маргааныг хэлэлцэх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж буй МОУҮАТ-ийн Арбитрын дүрмийн дагуу эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтийг арбитрт гаргах эрхтэй гэж заасан нь хувьцаа эзэмшигч А.Э.Ж.Х.Э.П.Э.С ПТЭ.ЛТД компани, А.Ө.Т.А.М ХХК нарын компанийн дүрэмтэй холбоотой аливаа маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх харьяалал тогтоосон гэж үзэхээр байна.

Мөн дээрх хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан А.Э.Ж.А.Ө.Т ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигчдын гэрээний 14.2-т заасан уг гэрээтэй холбоотой маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх тохиролцоо нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна. Иймээс хэргийн харьяалал зөрчсөн, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохиуцуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 97 дугаар зүйлийн 97.2 дах хэсэгт зааснаар компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж хувьцаа эзэмшигчид танилцуулах үүрэг хүлээжээ. Хариуцагч тал 2019 оны 6 дугаар сараас хойш компанийн санхүү болон нягтлан бодох үйл ажиллагааны тайлантай нэхэмжлэгчийг танилцаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байна.

Хариуцагч А.Э.Ж.А.Ө.Т ГХОХХК-ийн дүрэм болон улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгч А.Ө.Т.А.М ХХК нь тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч хэвээр байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байх тул А.Э.Ж.А.Ө.Т ГХОХХК-ийн санхүү болон нягтлан бодох үйл ажиллагааны тайлан, түүнтэй холбоотой мэдээлэлтэй танилцуулахыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 97 дугаар зүйлийн 97.2 дах хэсгийн заасанд нийцжээ.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/00268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД