Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 125

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Т.Оюунжаргал,

хохирогч Д.Ж, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тамга овогт Баттулгын Хонгорт холбогдох эрүүгийн 1705008690303 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ:

“... 2017 оны 05 сарын 16-ны өдөр Жамъяансүрэн машинаа барьцаалаад надад мөнгө авч өгсөн. Би такси компанид өөрийн нэр дээр явдаг таксигаа 4 сая төгрөгөөр худалдаж аваад эргүүлээд мөнгө нэмээд заръя гэж бодож байсан. 4 сая төгрөг өгөөд машинаа нэр дээрээ шилжүүлж авах гэтэл 1 сая гаран төгрөг дутсан. Тэгээд наймаа буцсан. Би компаниасаа 4 сая төгрөгийг авсан боловч үрээд дуусгасан. Өөрийн гэм буруугаа ойлгож байна...” гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ж мэдүүлэхдээ:

“... Би өөрийн машинаа барьцаанд тавиад Б.Хын таксинд явдаг машиныг нь авахаар болсон. Тэгээд 4 сая төгрөг өгөөд нэр дээрээ шилжүүлж авах гэхэд мөнгөө төлөх хугацаа өнгөрөөд хүү алданги тооцогдсон байна гэсэн. Би мөнгөө эргүүлж авъя гэхэд Хонгор надад “манай аав Германаас машин захисан байгаа. Тэр машин нь ирэхээр хуучин машиныг нь аваад чамд өгье” гэж байсан. Намайг урд ажилтай байхад манай ээжид 2 сая төгрөг өгсөн байсан. Мөн 1 сая төгрөгийг бид хоёр хамтран зарцуулсан байх. Би машинаа банк бус санхүүгийн байгууллагаас 6.450.000 төгрөгөөр чөлөөлж авсан. Б.Хоос 6.450.000 төгрөг одоогийн байдлаар нэхэмжилж байна...” гэв.    

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Х-ын өгсөн:

            “... Би 2017 оны 05 дугаар 16-ны өдөр найз Жамъяансүрэнгийн эзэмшлийн 31-23 УБА улсын дугаартай приус 30 маркийн автомашиныг барьцаалан зээлдүүлэх газарт тавиад 4.000.000 төгрөгийг нь авсан. Би 2011 оноос хойш “экспресс такси” нэртэй газрын 17-51 УНӨ улсын дугаартай Хонда Элентра маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг унадаг байсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын хэдний өдрийг нь санахгүй байна би Жамъяансүрэнтэй уулзаад “экспресс такси” нэртэй газар машин зарж байгаа юм байна, тэр газраас машин хямдхан аваад буцаагаад жаахан үнэ нэмж зарж болох юм байна, чи надад өөрийн машинаа Банк бус санхүүгийн байгууллага дээр 5 саяд тавиад мөнгийг надад өгчих, би энэ экспресс таксигаас хямдхан машин аваад буцаагаад, уг машинаа зараад чамд мөнгийг чинь өгье гэж хэлэхэд Жамъяансүрэн тухайн үед нь зөвшөөрөөгүй. Харин маргааш нь надтай уулзаад бид хоёрт хэр их ашиг гарах юм бэ гэж асуухаар нь 4 сая төгрөгөөр аваад буцаагаад 7-8 саяд зарчих ч болох байх, ер нь бол ашигтай гэж хэлэхэд Жамъяансүрэн зөвшөөрсөн юм. Тэгээд Жамъяансүрэн Баянгол дүүргийн 3 хороо Гранд плаза дотор машинаа нэг Банк санхүүгийн байгууллагад тавьчихлаа гээд миний гар утас руу залгахаар нь за ойлголоо гээд нисдэг машины замын урд талд “экспресс такси” нэртэй газрын гадна уулзаад хамтдаа дотогш ороод захирал болох Ариунболд ахтай уулзаад би өөрийн барьж байсан 17-51 УНӨ улсын дугаартай Хонда Элентра маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг 4.000.000 төгрөгөөр худалдан авъя гэж хэлэхэд Ариунболд та хоёр эхлээд 4.000.000 төгрөгөө өгчих гэж хэлэхээр нь бид хоёр 4.000.000 төгрөг өгсөн юм. Тэгээд дараа нь миний санаж байгаагаар Ариунболд ахтай уулзаад нөгөө машинаа авах гээд очиход Ариунболд ах чиний авах гэж байгаа 17-51 УНӨ улсын дугаартай Хонда Элентра маркийн мөнгөлөг саарал өнгийн машины торгуулийн мөнгө, засвар гээд нийт 2.000.000 төгрөг нэхэмжилэхээр Жамъяансүрэн бид хоёр угаасаа худалдан аваад зарахад ашиггүй юм байна, та бид хоёрын мөнгийг өгчих гэж хэлэхэд Ариунболд ах чиний өгсөн мөнгийг мөрийтэй тоглоод алдчихсан, нэг их удаалгүй өгчихнө гэж хэлсэн. Тэгээд Ариунболд ах эхлээд 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, дараа нь 500.000 төгрөг, 800.000 төгрөг, дараа нь бэлнээр 1.200.000 төгрөг өгсөн. Харин үлдсэн 500.000 төгрөгийг саяхан авсан юм. Тухайн мөнгөнүүдийг би бага багаар үрээд дуусгачихсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-29, 39-40/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ж-гийн өгсөн:

“... Би Хонгор гэх хүнтэй 10 жилдээ нэг сургуульд сурдаг байсан, найзууд байгаа юм. Хонгор “экспресс такси” нэртэй такси компанид ажилладаг бөгөөд уг таксинууд нь Голомт банкны нэр дээр байдаг 4 сая төгрөг өгвөл өөрийн болгож авдаг гэж надад хэлж байсан. 2017 оны 05 сарын 16-ны өдөр манай найз Хонгор найз нь өөрийн унаж байгаа таксигаа Голомт банкинд алдах гээд байна, чи найздаа машинаа барьцаалаад мөнгө гаргаад өгчих, би машинаа буцааж үнэд оруулж зараад чиний машиныг аваад өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плазагийн доор байдаг банк бус санхүүгийн байгууллагад нийт 5 сая төгрөгөнд тавьсан. Тэгээд би Хонгорын хамт 4 сая төгрөгийг аваад Хонгорын ажил болох Аз моллын хажууд байрлах такси экспресс дээр нь очоод захирал Ариунболд гэх хүнд нөгөө 4 сая төгрөгөө өгөөд, тэндээсээ хамтдаа, Голомт банк дээр очоод би өөрийнхөө нэр дээр нөгөө Хонгорын машиныг шилжүүлэх гэхэд торгууль нь төлөгдөөгүй, нэр шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Тэгээд би 2-3 хоногийн дараа Дундговь аймаг руу явсан. Дундговь аймгаас 10-аад хоногийн дараа ирээд Хонгортой уулзахад нөгөө такси нь байхгүй, Голомт банкин дээр очиж буцааж өгөөд 4 сая төгрөгнийхөө 3 сая төгрөгийг нь буцааж авсан гэж надад хэлсэн.

Тэгэхээр нь би 1 сая төгрөг нь яасан юм бэ гэхэд такси экспрессийн захирал Ариунболд зээлсэн гэж надад хэлэхээр нь үлдсэн 3 сая төгрөгийг яасан юм бэ гэж асуухад нь өмнө нь байсан Соната 5 маркийн машинаа зарсан боловч нөгөө машин нь эвдэрчихсэн, авсан хүн буцааж мөнгө нэхэхээр нь өгчихсөн, харин 1 сая төгрөгийг нэг найздаа өгсөн гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэг сарын хугацаа нь дууссан юм. Тэгээд 2017 оны 07 сарын 20-ны өдөр нөгөө ББСБ-аас миний машиныг хураагаад авахаар нь ээж аавд үнэнгээ хэлээд мөнгө авч байгаад сунгуулсан. Тухайн үед Хонгор манай аав Германаас машин захиалчихсан байгаа, машин нь ирэхээр аав надад өөрийнхөө унаж байгаа машинаа өгнө, тэр үед нь би чиний машины зээлийг төлөөд аваад өгье гэж хэлээд 2 сарын хугацаатай сунгасан...” гэх мэдүүлэг /хх-н 5-6, 15-19/  

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Даваасамбуугийн өгсөн:

“... Хонгор гэдэг хүн бол манай найз Баттулгын хүүхэд байгаа юм. Би “экспресс такси” нэртэй Голомт банкны санхүүжилтээр үйл ажиллагаа явуулаад 2017 оны 06 сард үйл ажиллагаа түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд Хонгор нь 2014 оноос хойш 17-51 УНӨ улсын дугаартай элентра маркийн автомашиныг түрээслэж эзэмшдэг байсан. ... 2017 оны 05 дугаар сард Хонгор нь өөрийн эзэмшиж байсан 17-51 УНӨ улсын дугаартай, элентра автомашиныг худалдаж авъя гэж санал тавьсан. Тэгэхээр нь би Хонгорт зөвшөөрөөд уг машиныг 4.000.000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд Хонгор над дээр ирж мөнгө өгөхдөө нэг найз гээд Приус 30 маркийн автомашинтай залуугийн хамт ирээд бэлнээр 4.000.000 төгрөг өгөхөөр нь би 4.000.000 төгрөгийг аваад Голомт банкны зохих албан тушаалтай хүмүүстэй уулзахад үнэлгээний зөрүү гэж 700.000 төгрөг, торгуулийн мөнгө 560.000 төгрөг нийт 1.260.000 төгрөгийг нэмж төлбөл, уг автомашиныг зарж нэрийг шилжүүлж өгнө гэж надад мэдэгдсэн. Тэгэхээр нь Хонгортой уулзаад чиний авна гээд байгаа машиныг Голомт банкнаас нэмж 1.260.000 төгрөг төлөөд ав гэж байна гэж хэлэхэд Хонгор надад нэмж өгөх боломж үнэхээр байхгүй байна гэж хэлээд наймаа буцахаар болсон. Би Хонгорт мөнгийг нь гурав хувааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

- Сэжигтэнг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 25-26/

- Зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-н 49-53/

- Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-н 56/

 

- Шүүгдэгч Б.Х-ын хувийн байдалтай холбоотой баримтууд

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 57/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Х нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            хохирогч Д.Жгийн  “... 2017 оны 05 сарын 16-ны өдөр манай найз Хонгор өөрийн унаж байгаа таксигаа Голомт банкинд алдах гээд байна, чи найздаа машинаа барьцаалаад мөнгө гаргаад өгчих, би машинаа буцааж үнэд оруулж зараад чиний машиныг аваад өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плазагийн доор байдаг банк бус санхүүгийн байгууллагад нийт 5 сая төгрөгөнд тавьсан. Тэгээд би Хонгорын хамт 4 сая төгрөгийг аваад Хонгорын ажил болох Аз моллын хажууд байрлах такси экспресс дээр нь очоод захирал Ариунболд гэх хүнд нөгөө 4 сая төгрөгөө өгөөд тэндээсээ хамтдаа, Голомт банк дээр очоод би өөрийнхөө нэр дээр нөгөө Хонгорын машиныг шилжүүлэх гэхэд торгууль нь төлөгдөөгүй, нэр шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн юм...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Даваасамбуугийн “... Хонгор гэдэг хүн бол манай найз Баттулгын хүүхэд байгаа юм. Би “экспресс такси” нэртэй Голомт банкны санхүүжилтээр үйл ажиллагаа явуулаад 2017 оны 06 сард үйл ажиллагаа түдгэлзсэн. Энэ хугацаанд Хонгор нь 17-51 УНӨ улсын дугаартай элентра маркийн автомашиныг түрээслэж эзэмшдэг байсан элентра маркийн автомашиныг худалдаж авъя гэж санал тавьсан. Тэгэхээр нь би Хонгорт зөвшөөрөөд уг машиныг 4.000.000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд Хонгор над дээр ирж мөнгөө өгөхдөө найз гээд Приус 30 маркийн автомашинтай залуугийн хамт ирээд бэлнээр 4.000.000 төгрөг өгөхөөр нь би 4.000.000 төгрөгийг аваад Голомт банкны зохих албан тушаалтай хүмүүстэй уулзахад үнэлгээний зөрүү гэж 700.000 төгрөг, торгуулийн мөнгө 560.000 төгрөг нийт 1.260.000 төгрөгийг нэмж төлбөл, уг автомашиныг зарж нэрийг шилжүүлж өгнө гэж надад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, сэжигтэнг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Хыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирлын талаар

Хэргийн 56 дугаар талд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтын 928.000 төгрөгийг хохирогчийн нэхэмжилж байгаа 6.450.000 төгрөг дээр нэмээд нийт 7.378.000 төгрөг болж байна. Үүнээс 1 сая төгрөгийг шүүгдэгч, хохирогч нар хамтдаа зарцуулсан талаар хохирогч, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мөн 2 сая төгрөг төлөгдсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Хоос нийт 4.378.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хохирогчид төлөх төлбөртэй зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн Шудрага ёсны зарчимд нийцэж байна гэж үзлээ.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-ыг 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Х цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Х-оос 4.378.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ж-д олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ