Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/1085

 

      2023            11           09                                          2023/ДШМ/1085

 

Б.Мхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дэлгэрмөнх,

хохирогч Б.Ч,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Чийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Мхолбогдох эрүүгийн 2311014811201 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б.М, 

            Б.М нь 2023 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 46-7 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз М.Уянгыг өмөөрч, Б.Чтой маргалдан нүүрэн тус газар нь гурилын модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Моногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Чоос нэхэмжилсэн 700.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 627 дугаар шийтгэх тогтоолтой 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр танилцаж дараах гомдлыг гаргаж байна. 2023 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө гэртээ байхдаа Б.Мзодуулж, эрүүл мэнддээ хөнгөн хохирол авсан. Би тухайн үед эхнэртэйгээ маргалдаж байхад эхнэрийн найз Б.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн буюу өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ эхнэрийг өмөөрөх нэрээр намайг гурил элддэг модоор цохиж, миний биед гэмтэл учруулсан. Эмэгтэй хүнийг эсэргүүцэх, үйлдлийг нь зогсоох гэхээр түүнийг гэмтээх байх гэж бодоод би хариу үйлдэл үзүүлээгүй зодуулсан. Тухайн гэмтлийн улмаас нүүр битүү хавдартай, өвдөлт ихтэй байсан учраас 10 хоног ажилдаа явж чадаагүй, эмнэлгээр үзүүлээд явах гэхээр мөнгөгүй байсан учраас гэртээ хэвтэж байгаад эдгээсэн. Одоо хэдийгээр шарх эдгэрсэн боловч тонгойх, хүнд юм өргөх үед зовиуртай байгаа. Би “Хэт Тэх Итгэл” ХХК-нд дуудлагын жолоочоор ажилладаг. Өдрийн 70.000 төгрөг түрээсэндээ өгч, тээврийн хэрэгслийг ашиглахаар гэрээ хийж, дуудлагын такси үйлчилгээнд явдаг. Б.Мзодуулснаас хойш 10 хоног нүүр эдгэрч, хүнд үйлчлэх боломжтой болох хүртлээ гэртээ байсан ба тухайн өдрүүдийн түрээсийн мөнгөө төлж чадалгүй машинаа хураалгасан. Ах, дүү найз нараасаа мөнгө зээлж машинаа буцааж аваад такси үйлчилгээнд явж байгаа. Хэргийг мөрдөн шалгах явцад миний бие эмнэлгийн зардал нэхэмжлээгүй, ажилгүй байх хугацаанд түрээсээ төлж чадаагүй мөнгө болох 700.000 төгрөгийг нэхэмжилсэн. Би өдөрт 100.000-200.000 төгрөгийн орлого олдог байсан ч найз нөхдийн хувьд түүнд “миний машины түрээсийг ажиллаж чадаагүй өдрүүдээр тооцоод өгчих” гэсэн. Б.М ч үүнийг хүлээн зөвшөөрөөд 2 хуваагаад төлье гэдгээ илэрхийлсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн байхад нотлох баримт гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжилсэн хохирлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид хамгийн хөнгөн ял шийтгэл оногдуулсанд маш их гомдолтой байна. Хохирлоо төлж барагдуулаагүй шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж байгааг хохирогчийн зүгээс ойлгохгүй байна. Би хавтаст хэрэгт түрээсийн гэрээ, дансны хуулга зэрэг түрээс төлдөг байсан тухай баримтуудаа гаргаж өгөхөөр бэлдсэн байсан боловч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэж байгаа тухай мөрдөгч, прокуророос хэн ч мэдэгдээгүй, хэргийг шүүх рүү шилжүүлэх гэж байгаа тухай ч мэдэгдээгүй. Анхан шатны шүүхээс ч мөн 700.000 төгрөг нэхэмжилж байгаа тухай баримт хэрэгт авагдсан байхад надад шүүх хуралдааны тов мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн байгаа нь хэргийг хэт нэг талыг барьж хохирогч миний гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчиж, шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байх тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэв.

            Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Мхолбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлэхдээ хохирогчийг оролцуулах талаар прокурорын зүгээс тусгайлан гаргасан санал байхгүй байсан. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаа учраас шүүхээс нэн даруй шүүх хуралдаан болохыг мэдэгдэж, шүүх хуралдааныг хийсэн. Шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах шаардлагагүй гэх үүднээс шүүх хуралдааныг явуулсан. Хавтаст хэргийн 51 дүгээр хуудаст хохирогчоос нэхэмжилсэн, тус компанид ажилладаг гэсэн хуулбар байдаг бөгөөд хуулбарын дагуу прокуророос мөрдөгчид хохирогчоос нотлох баримтын шаардлага хангуулах ажиллагааг хийлгэх талаар амаар үүрэг чиглэл өгсөн. Хохирогч Б.Ч өөрөө байхгүй, бичгээр хүсэлт өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хүсэлтдээ 700.000 төгрөгийг нэхэмжилж байна, барагдуулж өгнө үү гэсэн байдаг. Анхан шатны шүүхээс хохирогч Б.Чийн бичгээр гаргасан хүсэлтийг харгалзан 700.000 төгрөгийг хангуулахаар гаргаж өгсөн баримт гэж үзэхгүйгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Чоос нэхэмжилсэн 700.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Б.Чт 700.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдуулан баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Чийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг 2023 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 46-7 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз М.Уянгыг өмөөрч, Б.Чтой маргалдан нүүрэн тус газар нь гурилын модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хамт шүүхэд ирүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. Тодруулбал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.” гэж тус тус хуульчилжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/1373 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр товлосон байх боловч /хх 63/ хохирогч Б.Чт хурлын тов мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ бүлэгт заасан шүүх хуралдаанд шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.” гэж заасан байх бөгөөд шүүхийн шатанд хохирогч Б.Чт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй учраас хохирогч шүүх хуралдаанд оролцох эсэх талаарх хүсэл зоригоо илэрхийлэх боломж нөхцөлөөр хангагдаагүй, оролцогчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх шүүх хуралдаанд оролцох эрхээр хангагдах боломжгүй болсон байна.

Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрх дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон хэмээн ойлгож болохгүй.

Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрт хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь тэгш эдлүүлэх учиртай.

Иймд дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хохирогч Б.Чийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/627 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч Б.Мурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                     ШҮҮГЧ                                          М.АЛДАР

                   ШҮҮГЧ                                          Б.АРИУНХИШИГ