Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 122/ШШ2025/0006

 

2025       02         19                                                 122/ШШ2025/0006

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын Монгол Ардын намын хороо,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.******* нарын хоорондын сонгуультай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сумын Монгол Ардын намын хорооны хууль ёсны төлөөлөгч Д.Амартайван, түүний өмгөөлөгч Х.Ургаа, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунбат, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.*******гийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар И.Өсөхбаяр нар оролцов.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Сүхбаатар аймгийн ******* сумын Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор намуудаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцжээ.

1.2. Сүхбаатар аймгийн ******* сумын Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай тогтоол гаргаж Ардчилсан намаас нэр дэвшигч Амгаабазарын *******г түр түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

1.3. Сүхбаатар аймгийн ******* сумын Сонгуулийн хороо 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаартай тогтоол гаргаж Ардчилсан намаас нэр дэвшигч Амгаабазарын *******г түр түдгэлзүүлсэн тогтоолоо өөрөө хүчингүй болгож шийдвэрлэжээ.

1.4. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сумын Монгол Ардын намын хорооноос Сүхбаатар аймгийн ******* сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн ******* сумын сонгуулийн хорооны 2024.10.15-ны өдрийн 34 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын 16-д бичигдсэн А.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байна.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сумын Монгол Ардын намын хорооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 4 дүгээр тойрогт МАН-аас Гонгор овогтой ******* тэргүүтэй гишүүд нэр дэвшсэн. Сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор нэр дэвшигчдийг бүртгэж улмаар санал хураалтад Ардчилсан намаас нэр дэвшигч А.******* нарын хүмүүс өрсөлдсөн.

Гэтэл нэр дэвшигч А.******* нь 2024 оны 3 дугаар сард тус сумаас шилжин явсан, 180 хоногоос илүү хугацаагаар оршин суугаагүй гэсэн мэдээлэл байна. Уг асуудлыг сумын Сонгуулийн хороо нягталж шалгалгүйгээр нэр дэвшигчээр бүртгэсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан нэр дэвшигчид тавигдах ерөнхий шаардлагыг зөрчсөн байна.

Улмаар сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 14.10-т “Аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн Сонгуулийн хороо нь, сум дүүргийн хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна”, 32.1-т “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана, 32.1.2 энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй”, 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож нийтэд мэдээлнэ” гэж заасан.

А.******* нь нэр дэвшигчээр бүртгэгдэж улмаар төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсоноор тус тойрогт МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн төлөөлөгчөөр сонгогдох эрх зөрчигдсөн.

А.*******г нэр дэвшигчээр бүртгэсэн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох сумын Сонгуулийн хорооны тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 “дахин сонгууль” гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгоно, 77 дугаар зүйлийн 77.1-т “Сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсон болон энэ хуулийн 4.7, 74.6-д заасан үндэслэлээр дахин сонгууль явагдана” гэж зааснаар дахин сонгууль явагдах нөхцөл бүрдэх юм.

Иймээс сумын Сонгуулийн хорооны А.*******д холбогдох хэсгийг, сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын хавсралтын 16-д байгаа А.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

******* сумын Сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай тогтоол гаргасан ба мөн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 30 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон албан бичгүүдийг өгсөн.

Иймээс Сүхбаатар аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 124 дугаартай Шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 390 дугаартай тогтоолд зааснаар ******* сумын Сонгуулийн хорооны гаргасан тогтоол, мэдэгдэх хуудсыг хавсарган дахин нэхэмжлэлээ гаргаж байна гэжээ.       

              

2.2. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амартайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч А.******* нь 2024 оны 3 сард тус сумаас шилжин явсан нь Аймаг, нийслэлийн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн бөгөөд улмаар ******* сумын Сонгуулийн хорооноос 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 34 дугаартай тогтоол гарсан. Иймээс тус тогтоолын А.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан шаардлагыг Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч А.******* нь хангаагүй буюу 2024 оны 02 сарын 15-ны өдөр ******* суманд бүртгэлгүй байсан нь Улсын бүртгэлийн байгууллага, Цагдаагийн газраас ирсэн лавлагаа зэргээс харагддаг.

Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч А.*******г нэр дэвшигчдийн жагсаалтаас хасуулах тухай гомдлыг манай талаас сумын сонгуулийн хороонд гаргасан байдаг. Үүний дагуу ******* сумын Сонгуулийн хороо 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор А.*******д холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн ба үүний дараа Аймгийн Сонгуулийн хороо ******* сумын Сонгуулийн хороонд чиглэл өгсөн байдаг. Үүний дагуу Сонгуулийн хороо 34 дугаартай тогтоолоо хүчингүй болгосон. Нэгэнт Сонгуулийн хороод татан буугдсан тул хариуцагчаар эрх залгамжилсан этгээд болох Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг татсан.

Сумын Сонгуулийн хорооны хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шаардлага хангаагүй этгээдийг нэр дэвшигчээр бүртгэсэн. Нэгэнт зөрчигдсөн эрхийг сэргээх шаардлагатай болсон тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан зохицуулалт хэрэгжих ёстой. Гэтэл дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэхгүйгээр буюу нэг удаа хэрэгжүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон.

Зөрчигдсөн эрхийг сэргээх арга нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан нөхөн сонгууль явуулах байж болно. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Нөхөн сонгууль” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41, 42 дугаар зүйлд зааснаар Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно гэж заасан. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 1.8-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон” гэж заасны дагуу 34 дүгээр тогтоолын нэр дэвшигч А.*******тай холбоотой хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэв.

            Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

            3.1. Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн ******* сумын Монгол Ардын Намын хорооноос Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр гаргасан “Сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай тогтоолын хавсралтын 16-д байгаа А.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй танилцан эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн санал хураалт 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явагдаж, сумын Сонгуулийн хорооны 2024 оны 34 дүгээр тогтоолоор А.******* нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон. Энэхүү тогтоол нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцэж гарсан шийдвэр бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт энэ хуулийн 34.3, 37.2, 47.1,47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ гэж заасан. Хуулийн энэхүү заалт нь сонгуулийн дүн гарсны дараа нэр дэвшигчийг хасахыг зохицуулсан хуулийн заалт бөгөөд иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар сонгуулийн санал хураалтад оролцож Төлөөлөгчөөр сонгогдсон иргэнийг төлөөлөгчөөс хасах, төлөөлөгчөөр сонгогдсон шийдвэрийг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй байна.

2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7 дахь хэсэгт Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно гэж заасны дагуу сумын сонгуулийн хороо нь нэр дэвшилт явагдаж байх цаг хугацаанд энэ үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Харин ******* сумын сонгуулийн хороо нь эрхээ хэрэгжүүлээгүй энэ үйлдлээс болж ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтад оролцож, ******* сумын 4 дүгээр тойргийн сонгогч иргэдийн олонхын саналыг авч сонгогдсон А.*******гийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж болохгүй болно. Учир нь хувь хүний буруутай үйлдлээс бус тухайн шатны Сонгуулийн хороо буюу төрийн байгууллагын алдаатай үйлдлээс иргэдийн үндсэн эрх сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж болохгүй юм.

Иймээс ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуульд тус сумын 4 дүгээр тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшиж олонхын санал авч Төлөөлөгчөөр сонгогдсон А.*******д холбогдох сумын Сонгуулийн хорооны 34 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэл хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунбат гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн ******* сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагатай танилцлаа. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* сумын Сонгуулийн хорооноос А.*******г иргэдийн Төлөөлөгчөөс түдгэлзүүлсэн гэх илт хууль зөрчсөн шийдвэрийг гаргажээ.

******* сумын Сонгуулийн хороо нь шийдвэр гаргахдаа Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1. хууль дээдлэх, 7.4.2. ил тод байдлыг хангах, 7.4.3. шударга ёсыг сахих,17 дугаар зүйлийн 17.3.10. өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, хариуг бичгээр өгөх, 19 дүгээр зүйлийн 19.1. Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана, 19.20. Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах, эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй. Уг шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэнэ, 19.21. Сонгуулийн хорооноос бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй, 20 дугаар зүйлийн 20.8. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.6.1, 20.6.2, 20.6.3, 20.6.4, 20.6.5, 20.6.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас            хасалгүйгээр “Тайлбар” хэсэгт “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийх бөгөөд нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн тухайн сонгогчийг  сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй байх тухай хуулийн заалтуудыг үндэслэсэн нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаагүйг харуулж байна.

Өөрөөр хэлбэл хуульд тусгайлан эрх олгоогүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг түр түдгэлзүүлэх тухай илт хууль зөрчсөн шийдвэр гаргаж ******* сумын 4 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж олонхын санал авч төлөөлөгчөөр сонгогдсон А.*******гийн эрхийг зөрчжээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1/35 тоот “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлж сумын Сонгуулийн хорооны 2024 оны 36 дугаар тогтоол буюу А.*******г түр түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгох тухай хуулийн хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлж, А.*******г сонгогдох эрхийг зөрчсөн сумын Сонгуулийн хорооны 36 дугаар тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн болно гэжээ.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Сонгуулийн хороо 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дугаартай тогтоолын А.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай тал нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэр гарсан. Тиймээс нэр дэвшигчид тавигдах шаардлагатай холбоотой маргаантай асуудал байхгүй гэж ойлгож байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан буюу зөвхөн “шүүхийн шийдвэрээр” гэх шаардлага байгааг дурдъя. Энэ зохицуулалт нь сонгуулийн үеийн хууль бус сурталчилгаа болон хандивтай холбоотой асуудлаар хууль зөрчигдөж, тэр нь тогтоогдсон үед нэр дэвшигчийг жагсаалтаас хасах тухай зохицуулалт юм. Мөн хуулийн “Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна” гэж заасан.

******* сумын Сонгуулийн хороо 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 34 дугаартай тогтоол нь илтэд хууль бус шийдвэр бөгөөд уг тогтоолоороо нэр дэвшигч А.*******гийн эрхийг түр түдгэлзүүлж, түүний эрхийг зөрчсөн. Үүний улмаас 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 1/35 тоот албан тоотоор хууль хэрэглээний зөрчлөө арилга гэсэн чиглэл өгсөн байсан. Сумын Сонгуулийн хороог шатлан захирах ёсны дагуу аймгаас чиглэл өгч ажиллаж байсан гэв.

Дөрөв.Гуравдагч этгээдийн тайлбар, шаардлага:

4.1. Гуравдагч этгээд А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн ******* сумын багийн иргэн Амгаабазар овогтой ******* миний бие нь Сүхбаатар аймгийн ******* сумын Монгол Ардын Намын хорооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэл Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 122/Ш32025/0006 дугаар захирамжтай танилцан хариу тайлбар гаргаж байна.

 

Миний бие нь 1993 онд Хөдөө Аж ахуйн Их сургуулийг малын их эмч мэргэжлээр төгсөж, 1995 онд ******* суманд Мал эмнэлгийн тасагт тасгийн эрхлэгчээр томилогдож, 1999 онд Улсын мал эмнэлэг хувьд шилжсэнээр “******* *******” нэртэй хувийн мал эмнэлэг байгуулснаас хойш одоог хүртэл тус суманд мэргэжлээрээ 30 дахь жилдээ ажиллаж амьдарч байна.

 

Миний хувьд банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан машиныхаа
зээлийг бага хүүтэй мөнгө авч төлөх зорилгоор тухайн үед “Голомт” банкнаас 24
сарын хугацаатай тэтгэврийн зээл олгож байсан ба суманд тус банкны салбар
байдаггүй учир хотод хүүхдийнхээ амьдардаг хаяг руу түр шилжилт хийсэн хэдий ч
сумандаа амьдарч, ажлаа хэвийн хийж байсан.

                                                                                              

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэх заалтыг зөрчөөгүй болно.

 

Мөн ******* сумын Монгол Ардын намаас гаргасан нэхэмжлэлд 180 хоногоос илүү хугацаагаар оршин суугаагүй гэх асуудал нь ээлжит сонгуульд ямар ч хамааралгүй болно. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг.

 

Миний хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан нэр дэвшүүлэх нийтлэг шаардлагыг хангасан байх тул тус хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу сумын Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийг хуулийн дагуу бүртгэж авсан гэж үзэж байна гэжээ.

 

  4.2. Гуравдагч этгээд А.******* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Амгаабазар овогтой ******* 2024 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас 4 дүгээр тойрогт нэр дэвшиж олонхын санал авч төлөөлөгчөөр сонгогдсон тухай ******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон шийдвэр гарсан. Гэтэл сумын Сонгуулийн хорооны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор А.*******г төлөөлөгчөөс түр түдгэлзүүлсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзэж аймгийн Сонгуулийн хороонд сумын Ардчилсан намаас гомдол гаргасан. Аймгийн Сонгуулийн хороо нь 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 1/35 албан бичиг хүргүүлсний дагуу сумын Сонгуулийн хороо хүчингүй болгосон. ******* сумын Монгол Ардын намаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сумын Сонгуулийн хорооны 36 дугаар тогтоолыг үндэслэж 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор төлөөлөгчөөр сонгогдсоныг хүчингүй болгохоор шүүхэд хандсан байна.

Сонгуулийн хорооны 34 дүгээр тогтоол нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд байхгүй заалтаар миний сонгогдох эрхийг зөрчсөн тогтоол гарсан. Сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.3-т шүүхийн шийдвэр гарсны дараа нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэрийг хүчингүй болгох, санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны Сонгуулийн хороо уг этгээдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгоно гэж заажээ.

Сумын Сонгуулийн хороо нь миний сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учир ******* сумын Сонгуулийн хорооны 36 дугаар тогтоол нь илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4.3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг дэмжиж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Хэргээс харахад тогтоолыг эс зөвшөөрч байгаа бол 7 хоногийн дотор гомдол гаргах хуулийн шаардлагыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан захирамжийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх гаргасан байсан. Нэр дэвшигчийн бүртгэлийг зөвхөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу хүчингүй болгох боломжтой. Гэтэл дээрх заалтад заасан нэр дэвшигч хандив, сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн мөрийн хөтөлбөр, нэр төрийг гутаасан гэх мэт зөрчлийг гаргаагүй бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй. Тиймээс гуравдагч этгээдийн өмгөөлөгч миний хувьд нэхэмжлэгч тал гол шаардлагаа шүүх хуралдаанд ярьсангүй гэж үзэж байна гэв.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны “ Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 тоот тогтоолын[1] хавсралтын 16-д бичигдсэн А.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, оролцогчдын маргасан асуудалд дүгнэлт хийж шийдвэрлэлээ.

 

            3.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сумын Монгол ардын намын хорооны дарга Д.Амартайван нь тус сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “ Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай ” 34 дүгээр тогтоолын хавсралтын 16 дугаарт бичигдсэн А.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан.

 

            4.******* сумын Монгол ардын намын хороо, тус сумын 4 дүгээр багийн иргэн Г.******* нараас  “  ******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 27 дугаар тогтоолын А.*******д холбогдох хэсгийг[2], 2024 оны 10 дугаар сарын 15-ны “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 34 дугаар тогтоолын хавсралтын 16 дугаарт бичигдсэн А.*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах ” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийг шүүх 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 124 тоот захирамжаар[3] хүлээн авахаас татгалзсан.

 

            5.Ийнхүү шийдвэрлэхдээ сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “ Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж, харин 2024 оны 10 дугаар сарын 15-ны “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох” 34 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. 

 

            6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-д “ Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна”, 81 дүгээр зүйлийн 81.2-т “ Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан энэ хуулийн 14.10-т заасан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана ” гэсэн хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь ******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “ Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай ” 34 дүгээр тогтоолын хавсралтын 16 дугаарт бичигдсэн А.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар сумын Сонгуулийн хороонд хандсан болох нь Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 124 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт дурдсанаар нотлогдож байна.

 

            7.******* сумын Сонгуулийн хороо дээрх гомдлыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “ Ардчилсан намаас нэр дэвшигч А.*******г түр түдгэлзүүлэх тухай ” 36 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “ Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай ” 124 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүх 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 890 дүгээр шүүхийн тогтоолоор[4] захирамжийг хянан шийдвэрлэж уг тогтоолыг нэхэмжлэгчид 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхээс шуудангаар хүргүүлсэн тул тэрээр шүүхэд хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзэв.

 

            8.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Нэр дэвшигч А.******* нь 2024 оны 3 дугаар сард ******* сумаас шилжин явсан, 180 хоногоос илүү хугацаагаар оршин суугаагүй. Уг асуудлыг сумын Сонгуулийн хороо нягталж шалгалгүйгээр нэр дэвшигчээр бүртгэсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “ 18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй ” гэж заасан нэр дэвшигчид тавигдах ерөнхий шаардлагыг зөрчсөн гэж тайлбарладаг. 

 

            9.Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ, ... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож нийтэд мэдээлнэ гэж заасан нь сонгуулийн дүн гарсны дараа нэр дэвшигчийг хасахыг зохицуулсан хуулийн заалт бөгөөд иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар санал хураалтад оролцож төлөөлөгчөөр сонгогдсон иргэнийг төлөөлөгчөөс хасах, төлөөлөгчөөр сонгогдсон шийдвэрийг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7 дахь хэсэгт Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж нэр дэвшигчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж болохгүй гэж маргадаг.

 

            10.Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 05 тоот тогтоолоор[5] аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий аймгийн Сонгуулийн хороог байгуулж, тус Сонгуулийн хороог 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор[6] татан буулгасан.

 

            11.Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 01 тоот тогтоолоор[7] орон нутгийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сумдын сонгуулийн хороог байгуулж, мөн тус сонгуулийн хороог 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 34 тоот тогтоолоор[8] татан буулгасан.

 

            12.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ Сүхбаатар аймгийн ******* сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох Сонгуулийн хороо болон түүнийг байгуулсан аймгийн Сонгуулийн хороо татан буугдсан болох нь баримтаар тогтоогдсон.

 

            13.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “ Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “ Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан, ... хуулийн этгээд татан буугдсан бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно ” гэснийг үндэслэн энэхүү хэрэгт хариуцагч ******* сумын Сонгуулийн хорооны эрх залгамжлагчаар Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тогтоож шийдвэрлэсэн.[9]

 

            14.******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 4 дүгээр тойрогт Ардчилсан намаас О.*******, О., А.*******, Монгол ардын намаас Г.*******, Р., Ч. нарын нэрийг дэвшүүлсэн.

 

            15.Ардчилсан нам нэр дэвшигч А.*******тай холбоотой ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр дэвшигчийн зөвшөөрөл[10], Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тухай тодорхойлолт,[11] Татварын ерөнхий газрын холбогдох тодорхойлолт,[12] нэр дэвшигчийн намтар,[13] Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт,[14] Сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэл,[15] иргэний үнэмлэхийн хуулбар[16] зэрэг баримтыг ******* сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоно.

 

            16.Тус сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 сарын 13-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 27 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 2-т Ардчилсан намаас нэр дэвшигч А.*******г нэр дэвшигчээр бүртгэж шийдвэрлэсэн.

 

            17.Ийнхүү ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн санал хураалт 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр явагдаж, сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор А.******* нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.

 

            18.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “ 18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж нэр дэвшигчээр бүртгүүлэх урьтач нөхцөлийг заасан.

 

            19.Нэр дэвшигч А.******* нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг //-д оршин сууж байсан боловч тэрээр 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ******* сумаас Улаанбаатар хот ******* дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол ******* байр, ******* тоот хаягт шилжиж, 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ******* сумын 2 дугаар баг //-д шилжин ирж бүртгүүлсэн болох нь баримтаар нотлогдоно.[17]

 

            20.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “ Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ”, 18.2-т “Иргэний 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа газрын хаяг нь энэ хуулийн 19.1-д заасны дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна”, 18.3-т “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд аймаг, сум, нийслэл, дүүргийн нэр, баг, хорооны нэр, дугаар, хороолол, гудамжны нэр, байр, хаалганы дугаар, газар зүйн нэрийг бүртгэнэ” гэж заасан.

 

            21.Хуулийн дээрх хэм хэмжээнд хууль зүйн дүгнэлт өгвөл, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж байнгын оршин суугчаар бүртгүүлж тухайн сонгуулийн санал хураалтын өдөр хүртэл шилжилт хөдөлгөөн хийхгүй байх хуулийн шаардлага тавигдаж байна.

 

            22.Гэтэл нэр дэвшигч А.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багаас шилжин Улаанбаатар хот ******* дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний бүртгэл хийлгэж, мөн оны 7 дугаар сарын 2-ны өдөр ******* сумын 2 дугаар баг //-д буцаж шилжин ирж бүртгүүлсэн байна.

 

            23.Нөгөө талаас нэр дэвшигч нь тухайн нутаг дэвсгэрт байнгын оршин суугч байх хуулийн шаардлага тавигдаж байгаа. Байнгын оршин суугч гэдгийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн дээр дурдсан хэм хэмжээгээр тодорхойлсон. Нэр дэвшигч А.*******гийн хувьд хуульд заасан байнгын оршин суугч байх шаардлагыг хангаагүй болох нь баримтаар нотлогдоно.

 

            24.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно”, 31.7-д “ Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно” гэсэн байхад ******* сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг нягтлан шалгах хуульд заасан үүргээ дутуу гүйцэтгэж хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй иргэнийг нэр дэвшигчээр бүртгэн, улмаар санал хураалтад оруулж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгох тухай тогтоол гаргаж хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн тул сумын Сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхээс зөвтгөх боломжгүй.

 

            25.Нөгөө талаас А.******* нэр дэвшигчид тавигдах хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байхад ******* сумын Ардчилсан нам нь түүнийг нэр дэвшүүлж холбогдох хуулийг зөрчсөн болох нь үйл баримтаар нотлогдоно.

 

            26.Ийнхүү Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт дурдсан үндсэн зарчмуудыг зөрчиж, нэр дэвшигч нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй болох нь сонгуулийн санал хураалтын дүн гарсны дараа тогтоогдож байх тул ******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 34 дүгээр тогтоолын хавсралтын 16-д бичигдсэн А.*******д холбогдох хэсгийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэж байна.

 

            27.******* сумын Сонгуулийн хороо нь “ Ардчилсан намаас нэр дэвшигч А.*******г түр түдгэлзүүлэх тухай ” 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор[18] нэр дэвшигч А.*******гийн төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, тус Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “ Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 27 тоот тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 34 тоот тогтоолын хавсралт дах А.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

            28.Сумын Сонгуулийн хороо нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Ардчилсан намаас нэр дэвшигч Амгаабазарын *******г түр түдгэлзүүлэх тухай ” 36 дугаартай тогтоолоо 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Амгаабазарын *******г түр түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгох тухай” 37 дугаар тогтоолоор[19] хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

            29.Гуравдагч этгээд А.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Ардчилсан намаас нэр дэвшигч Амгаабазарын *******г түр түдгэлзүүлэх тухай” 36 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргасан.[20]

 

            30.******* сумын Сонгуулийн хороо нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоо 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэж тус 36 дугаар тогтоол нь эрх зүйн үйлчлэлгүй болсон тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            31.Түүнчлэн гуравдагч А.******* нь бие даасан шаардлагаа сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж гаргасан хэдий ч тус маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актад тавигдах шинж байхгүй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.4, 17 дугаар зүйлийн 17.3.4, 73 дугаар зүйлийн 73.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг ханган, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 34 дүгээр тогтоолын хавсралтын 16-д бичигдсэн Амгаабазарын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* сумын Монгол ардын намын хороонд олгосугай.

 

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ЭРДЭНЭТУЯА

 

[1] Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 135-137 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас

 

[5] Хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 57-63 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 64 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 85 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 90 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 89 дүгээр хуудас

[17] Хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас

[18] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас

[20] Хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас