Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Ж.З нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баяраа овогт Батхүүгийн Загджүсүмд холбогдох 1705013890073 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 3 хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж 23 дугаар байр 36 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 40 байр 5 тоотод түр оршин суудаг, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд

2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ПА92072410 регистрийн дугаартай, Баяраа овогт Батхүүгийн Загджүсүм.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З-ийн “2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23б байрны гадаа Ч.Бээжинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ:

“... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.З-ийн өгсөн:

“... 2017 оны 11 сарын 11-ний 15 цаг 00 минутанд би ЭХЭМҮТ-ийн урд талын “Гурван гал” эмнэлэгт хүүхэддээ дусал хийлгэж дуусчихаад 10 дугаар хорооллын тэнд байдаг бариачид 15 цаг 20 минутанд цаг авсан учраас яараад орон сууцны дундуур зам товчлоод явсан. Тэгсэн урд нэг хүн машинаа зам хаагаад хөндлөн тавьсан хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгээд 10 минут орчим хүлээгээд зогсож байхад араас нэмж машинууд ирээд манай хүүхэд ч уйлаад би буугаад очсон. Тэгсэн одоо хохирогч гэх залуу машинаа хөндлөн тавьчихсан, цас цэвэрлэж байна зайлцгаа гэсэн зогсож байсан. Би хүүхэд өвдөөд байна, яараад байна, зам хаалаа гээд маргасан. Тэгсэн тэр залуу эхлээд намайг мөргөсөн, тэгээд харилцан зодолдсон. Намайг нэг залуу, нэг ахтай ирээд намайг бариад нөгөө ах намайг цохисон. Хөл гар руу цохиод хүрзээрээ цохисон, хүрзээрээ намайг цохиход хүрз нь хугарсан.

Арын машинууд ухарсан, манай эхнэр хүүхэд ч бууж ирээд хүүхэд уйлаад байсан учраас яараад явсан. Би цагдаа дуудаагүй, нөгөө залуу л машины зураг аваад үлдсэн. Одоо миний хавирга хөндүүрлээд баруун гарын ядам хуруу мурийсан. Хоёр залуу нь намайг барьчихаад нөгөө залуу нүүр рүү цохиод байсан. Би нүүрээ гараараа хаахад гарын хуруу эвгүй болсон. Өмнө нь хавдсан байсан хуруу бүр мурийчихсан. Бээжин гэж хүнтэй уулзаж, хохирлын 500.000 төгрөг төлсөн ...” гэх мэдүүлэг /хх-н 21-22, 27-28/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Б-ийн өгсөн:

            “...2017 оны 11 сарын 11-ний 15 цагийн орчим БГД-ийн 15 дугаар хороо 23б байрны орцны үүд хэсгийн замыг цэвэрлэсэн. ... Цасаа цэвэрлэж байтал үл таних залуу ирээд “би ийшээ гармаар байна, яахаараа зам хааж цэвэрлэгээ хийдэг юм” гээд дайраад байсан. Би хүүхдүүд хальтарч унаад байгаа юм, машин ч гулгаад хэцүү байгаа шүү дээ, өөр замаар явчих гэж хэлсэн. Тэр хавьд өрхийн эмнэлэг байдаг, өрхийн эмнэлэг рүү явж байгаа хүүхэд хөгшчүүл хальтраад байгаа, бусад машинтай хүмүүстэйгээ адил өөр замаар яваач гэж хэлсэн. Би бүр тайлбарлаж хэлээд байхад ойлгохгүй өөрийнхөөрөө зүтгээд байсан. Тэгж байгаад гэнэт намайг барьж аваад мөргөөд, гараараа хамар руу цохисон, би хөл рүү нь өшиглөсөн, нэг гартаа хүрз барьчихсан байсан болохоор би тэр залууд гар хүрээгүй. Тэгсэн тэнд байхдаа л “намайг хүрзээ хугартал цохилоо” гээд байсан. Би хүрзээр цохиогүй, тэнд хугарсан хүрз байгаагүй. Тэгээд тэр хавийн хүмүүс намайг өмөөрөөд салгасан. Би цагдаа дуудсан, мөн тэр залууг цагдаа иртэл байж бай гэсэн чинь замаа чөлөөлье гэж хэлээд машиндаа суугаад явчихсан. Миний дух хавдаад, хамар хугарч цөмөрсөн, шүд эмтэрсэн. Би шүдний эмнэлэг, 1-р эмнэлэг, гэмтлийн эмнэлэгт тус тус үзүүлсэн.

Надад одоо гомдол санал байхгүй, надад эмчилгээний зардалд 500.000 төгрөг гаргаж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-н 10-12/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Одонтуяагийн өгсөн:

  “... 2017 оны 11 сарын 11-нд нөхөр бид хоёр 7 сартай хүүхдээ үзүүлээд явж байсан, “Гурван гал” эмнэлэгт дусал хийлгээд 10 дугаар хороололд хувиараа бариач хийдэг хүн дээр очих гээд явж байсан. Тэгээд тэр хүн дээр очих цаг болчихоод яараад манай нөхөр байрны голоор ороод явчихъя гээд “Гурван гал” эмнэлгээс гараад байрны голоор явтал урд нилээн түгжрэл үүссэн байсан. 5-6 минут орчим хүлээгээд манай нөхөр буугаад явсан. Урд хүмүүс нэг залуутай уулзаад байх шиг байсан юм, тэгээд манай нөхөр тэр хүнтэй нь уулзах гээд явчихсан. Тэгээд манай нөхөр ирэхгүй байхаар нь би хүүхдээ тэврээд буугаад очтол хоёр хүн манай нөхрийг заамдчихсан, нэг залуу өшиглөөд байж байсан. Би болиоч та нар гэхэд нэг өндөр ах “чи нялх хүүхэдтэй цаанаа байж бай” гэсэн. Намайг хүүхдээ тэврээд очиход манай нөхрийг ч заамдахаа больсон. Удалгүй нөгөө зодуулсан гэх залуу “танай машин аль вэ” гэсэн.

... Зодуулсан залуу машины наагуур цаагуур явж байснаа манай нөхрийг очоод цохиод шанаадаад авсан. Тэгэхэд манай нөхөр “энэ хараа энэ залуу ингээд намайг гэнэдүүлээд цохиж аваад байгаа байхгүй юу” гэж хэлсэн. Тэнд байсан нөгөө өндөр ах намайг “миний дүү нялх хүүхэдтэй машиндаа сууж бай” гэсэн, нөгөө эмэгтэй болохоор бас л “чи ганцаараа нялх хүүхэдтэй юмуу, нөхрөө аваад яваач” гээд над руу дайрсан. Би тэгэхээр нь “би ямар ч буруугүй над руу битгий дайр" гэж хэлсэн. Тэр зодуулсан гэх хүн машинаа зам хөндлөн тавьсан байсан. Тэгээд манай нөхөр очоод энэ хэний машин бэ гэхэд тэр залуу миний машин гэж хэлсэн гэсэн. Манай нөхрийн ярьснаар тэр залуу хүрзээр толгой руу нь цохиход хүрз нь хугарсан гэсэн. Тэгээд манай нөхөр надад толгойгоо үзүүлэхээр нь тэр газарт нь дараад үзэхэд толгойн орой хэсэгтээ хавдсан байсан. Бас хавирга өвдөөд байна, хөл рүү өшиглөсөн гэсэн. Тэгээд хөлийг нь харахад хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд бид нар хүүхдээ аваад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Золжаргалын өгсөн:

“... 2017 оны 11 сарын 11-нд манай байрны оршин суугчид, СӨХ-ны холбоо, хорооноос зохион байгуулаад байрны гадаах цасыг цэвэрлэх ажил зохиогоод их олон хүмүүс оролцсон юм. Манай нөхөр цэвэрлэгээнд гарсан. Тэгээд 15 цагийн үед байх гадаа цэвэрлэгээ дуусах дөхөж байгаадаа гэж бодоод 4 давхрын гэрийнхээ хойшоо харсан цонхоор хартал олон хүмүүс бөөгнөрөөд манай нөхөр нэг залуутай маргаад байгаа бололтой, тэр залуу нь манай нөхөр рүү дайраад хойшоо түрээд байгаа харагдсан. Тэгэхээр нь цонхоороо болиоч гэж хэлэх гээд цонхны ручка авч цонхоо онгойлгоод хартал манай нөхрийн хамар, хувцас хунар нь цус болчихсон харагдсан. Тэгээд би сандраад хувцсаа өмсөөд гараад очсон. Манай байрны цас цэвэрлэж байсан иргэд бүгд л тэр залуу руу дайраад, чи залуу хүн байж ухамсаргүй юм бэ гээд байсан. Уг залуу машины зам хаасан гээд л байх шиг байсан. Тэр залуугийн машины урд өөр нэг машин зогсож байснаа жолооч нь тэр залууд хандаад “чи машинаа ухраагаад гарчих, би ч гэсэн ухарч гармаар байна” гэхэд ямар ч сонсож хүлээж авах шинжгүй, манай нөхөр рүү л дайраад байсан.

Би ч тэр залууд өөрөөсөө ахмад хүнийг болиоч гэхэд тэр залуу “та нар ах гэхээрээ яадаг юм” гээд л улам дайрч давшлаад байсан. Тэр хооронд нөгөө залуугийн эхнэр хүүхдээ тэврээд ирчихсэн, тэнд байгаа хүмүүст хандаад “та нар бүгдээрээ зэрэг манай нөхөр рүү дайрахаа больчих” гээд байсан. Би тэр байдлаас нь уг залууг нилээн огцом ширүүн ууртай зантай юм байна даа гэж дүгнэсэн. Би тэр залуу манай нөхрийг яаж цохисныг харж чадаагүй, эхлээд харахад маргаад байгаа бололтой манай нөхөр рүү дайраад манай нөхөр цааш нь түлхээд, харилцан заамдалцаад байгаа байдалтай байсан. Тэгээд би цонх онгойлгох хооронд л цохьчихсон байсан, би цонхоо онгойлгоод харахад манай нөхрийн хамар ам, хувцас хунар цус болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 15/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Очирбатын өгсөн:

“... 2017 оны 11 сарын 11-нд манай СӨХ-ны ажилчид, 23а,б байрны оршин суугчид сайн дураар байрнуудын хойд талын орон сууцны хороолол дундах мөстсөн замыг цэвэрлэж байсан. Тэгээд цас цэвэрлэж байтал нэг машинтай залуу цэвэрлэж байсан газраар гарна гээд хашгираад байсан. Тэгээд манай байрны цас цэвэрлэж байсан залуугийн хамар руу цохиод, заамдаад авсан. Би тэгэнгүүт салгах санаатай гүйж очсон, өөр олон ч хүн цугласан. Би тэр цас цэвэрлэж байсан залууг дараа нь Бээжин гэдэг нэртэй гэдгийг мэдэж авсан. Бид боль гээд болиулсан. Бээжин гэх залуугийн хамраас цус гарсан, хүзүү нь гэмтсэн юм уу гэлжийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн 14166 тоот: 

1. Ч.Б-н биед хамрын зүүн хажуу ясны хугарал, баруун дээд 7-р шүдний эмтрэл, духны зүүн талд хүрэн өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө

гэх дүгнэлт /хх-н 20/

 

Шүүгдэгч Б.З-ийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 32/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.З-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Зд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

                  Шүүгдэгч Б.З-ийн “2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23б байрны гадаа Ч.Бээжинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтад шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн 14166 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ч.Б нь нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчоор дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12/, болон “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” /хх-н 49, 51/ гэх хүсэлт зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Б.Зийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Б.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан торгох ял биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.З-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.З-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Зийн торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.З-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ