Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00563

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00563

 

 

 

Ө.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/00380 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Огийн хариуцагч Ц.От холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Отэй харилцан тооцоо нийлж, мөнгө шилжүүлсэн болон буцаан төлсөн дансны хуулга зэргийг үндэслэж, анхны нэхэмжлэлийн шаардлага болох 4 100 000 төгрөгөө 1 950 000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл 1 550 000 төгрөг, зээлийн хүү 100 000 төгрөг, алданги 500 000 төгрөг, нийт 2 150 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Ө.О, Ц.О нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээнд зээлийн хэмжээг 2 200 000 төгрөг гэж бичсэн байгаа боловч тухайн өдрөө 1 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөн сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн нь дансны хуулгаар харагдана. Мөн оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 25 хоногийн хугацаатай буюу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна. Аман тохиролцоогоор 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 50 000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Энэ нь дансны хуулгаар харагдана.

Дээрх үзвэл хариуцагч Ц.От 5 удаагийн зээлийн гэрээгээр нийт 3 250 000 төгрөгийг зээлдүүлсэн. Үүнээс Ц.О нь нийт 9 удаагийн гүйлгээгээр 1 700 000 төгрөг төлж, одоо төлөгдөөгүй үндсэн зээл 1 550 000 төгрөг байна.

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 1 000 000 төгрөгт 10 хувийн хүү тооцоход 100 000 төгрөг, зээлийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул хүү, алданги 600 000 төгрөг гэж тооцон, нийт 2 150 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хариуцагч Ц.От зээлийн хүү, алдангийг хасч тооцон эвлэрэх саналыг удаа дараа тавьсан боловч зөвшөөрөөгүй.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ө.Огоос 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш удаа дараа мөнгө зээл авч байсан. Зээлээ буцаан төлж, бидний дунд маргаан гарч байгаагүй.

2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2 200 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн боловч 1 000 000 төгрөгийг дансаар өгсөн. Мөн сарын 28-ны өдөр миний дансанд 1 000 000 төгрөг орж ирсэн. Би энэ мөнгийг зээлж аваагүй. Ө.О өөрөө миний данс руу шилжүүлсэн. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр АТМ-ээс 300 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 01-ний өглөө АТМ-ээс 500 000 төгрөг тус тус авч, Ө.Од аваачиж өгч, үлдэх 200 000 төгрөгт нь алтан ээмгээ ломбардад барьцаанд тавиулах гээд өгсөн. Ө.О нь мөрийтэй тоглоом тоглодог.

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2 200 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 1 000 000 төгрөг өгсөн. Ө.О нь гэрээний үүргээ биелүүлдэггүй, гэрээгээ зөрчдөг.

Би 2 000 000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс зээлийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт дансаар 1 700 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тэтгэврийн зээл авч 200 000 төгрөг, мөн бэлнээр 400 000 төгрөг тус тус төлсөн. Гэтэл бэлэн өгсөн мөнгийг тооцохгүй байгаад гомдолтой байна.

Ө.О эгч бид хоёр нэг нутгийн хүмүүс бөгөөд буяны ажилд гэж над руу шилжүүлсэн 200 000 төгрөг, 50 000 төгрөгийг зээл гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Би зээлсэн мөнгөө буцааж төлж байсан. Одоо төлөгдөөгүй төлбөр 200 000, 300 000 төгрөг л байгаа байх.

Бид хоёрын дунд яагаад маргаан үүссэн гэхээр корона вирусийн цар тахлын улмаас би ажилгүй, орлогогүй болсон. Ө.О нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр над руу утсаар ярьж хүрээд ир хоёулаа гэрээгээ шинэчилье гэсний дагуу 2 300 000 төгрөгийн гэрээ хийсэн. Ө.О эгч миний төлсөн 1 700 000 төгрөгийг хасахгүй, хүү нь гээд байсан.

Би харвасны улмаас мөнгийг удаашруулсан. Энэ байдлыг Ө.О эгч өөрөө ч ойлгож байсан. Төлбөрийг санаатайгаар удаагаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Оээс 1 600 000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ө.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 550 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 40 550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Од олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Ө.Огийн өмгөөлөгчийн тоо нийлэх хүсэлтээр шүүх хуралдаан хойшилж байсан. 2018 оны 10 дугаар сарын 30-ний хүүгийн гэсэн зээлэнд 10 хувийн хүүгүй гэсэн гэрээтэй 1 100 000 төгрөгийн хүүгүй гэсэн гэрээ хийсэн. Дансанд хийлжүүлэхдээ 1 000 000 төгрөг шилжүүлсэн эргэн төлөлтөнд 10 хувийн хүү авсан.

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүүгүй гэсэн 2 200 000 төгрөгийн гэрээтэй 2 000 000 төгрөг дансаар шилжүүлсэн эргэн төлөлтөнд 2 200 000 төлж 200 000 төгрөгийн хүү төлсөн.

Ө.Огоос 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг нийт мөнгөн дүн нь 2 000 000 төгрөг авсан нь үнэн. Нэхэмжлэгч Ө.О нь ямар ч мөнгө аваагүй гэж худал бичсэн. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөс 1 500 000 төгрөгийг дансаар Ө.Огийн ХААН банкны 5072086965 тоот данс руу Ц.О миний ХААН банкны 5034224186 тоот данснаас 1 500 000 төгрөгийн дансны хуулганы баримт байсаар байтал ямар ч эргэн төлөлт хийгээгүй гэж гүтгэж байна. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ө.О нь өөрөө утасдаж гэрээгээ шинэчлэх гэж дуудсан. Гэрээг шинэчлэхдээ 2 300 000 төгрөг болгон өөрчилсөн эргэн төлөлтийн 1 500 000 төгрөгийн хасалт хийхгүй юм уу гэхэд хийхгүй хүү нь гэж хэлсэн. Энэ гэрээнээс болж Ө.О бид хоёрын хооронд маргаан үүссэн. 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр тэтгэврийн зээл 1 408 000 төгрөгийн зээл авч Ө.Огийн үлдэгдэл мөнгийг төлөх гэж залгасан боловч 200 000 төгрөг данс руу шилжүүлчих гэсэн учир мөн сарын 22-ны өдөр 200 000 төгрөг данс руу шилжүүлсэн. Тухайн өдрийн орой 10 дугаар хорооллын 6 дугаар хороо 30 байр, 31 тоотод очиж бэлнээр 400 000 төгрөг өгсөн. Би Ө.Од 1 700 000 төгрөгийг дансаар 400 000 бэлнээр нийт 2 100 000 төгрөг төлсөн боловч Ө.О нь эргэн төлөлт хийгээгүй гэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн 1 000 000 төгрөг нь Ө.Огийн нэхэмжлэлд ямар ч хамаагүй мөнгө болно.

Ө.О нь н.Энхбаяр гэдэг жолоочтой 2020 оны 5 дугаар сард ирж машиныг чинь хурааж авна гэсэн. н.Энхбаяр нь би ийм юманд оролцохгүй гээд гараад явсан. 2020 оны 6 дугаар сард мессэж бичиж гэрт чинь очиж машиныг чинь авна гэж дарамталсан. Ө.О нь байнга хүүгүй гэрээ хийгээд 10 хувийн хүү авдаг, түүний дарамт эрхшээлд орж 10 хувийн хүүтэй зээл авдаг.

Иймд дахин хүү төлөх шаардлагагүй үндсэн зээлээ төлж дууссан гэж үзэж байна. Энэ байдалд бодитойгоор дүгнэлт хийлгүй надаас 1 600 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт хохироож байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ө.О нь хариуцагч Ц.Оээс зээлийн гэрээний үүрэгт 4 100 000 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 150 000 төгрөг болгон багасгажээ.

Талуудын байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2 200 000 төгрөгийн дүн бүхий зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Ө.О нь мөн өдрөө 1 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1 000 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус зээлдэгч Ц.Оийн данс руу шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх4-7, 140/ Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, шаардах эрхийн үндэслэлийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч тал зээлийн үүргээс 200 000-300 000 төгрөг төлөөгүй, үлдэх үүргийг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримт буюу хариуцагч Ц.Оийн ХААН банк дах дансны хуулга, зохигчдын хэн алины тайлбар зэргээр хариуцагч нь зээлийн гэрээний нийт үүргээс 1 700 000 төгрөг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь тогтоогдсон байна. /хх-120-125/ Харин үлдэх үүргийг хариуцагч Ц.О биелүүлсэн гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Тодруулбал, хариуцагчаас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр шилжүүлсэн авсан 1 000 000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэдэгт маргаагүй тул уг мөнгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Анхан шатны шүүх уг мөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасантай нийцсэн байна.

Хэргийн 120-122 дугаар талд авагдсан ХААН банк дах депозит дансны хуулгаас үзвэл хариуцагч Ц.О нь 2019 оны 10 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 5 удаагийн шилжүүлгээр нийт 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Огийн данс руу шилжүүлжээ. Уг мөнгийг зохигчдын хооронд аман хэлбэрээр байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасанд харшлаагүй, өөрөөр хэлбэл хариуцагчийг энэ хуульд заасны дагуу зээлийн үүргээс сонгож гүйцэтгэсэн гэж үзнэ.

Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр 1 000 000 төгрөгийн 25 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-4/ Гэрээний дагуу 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.О нь хариуцагч Ц.От шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн үүргээс 700 000 төгрөг төлсөн үйл баримтыг зээлийн гэрээ, төлбөр шилжүүлсэн талаарх банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Улмаар дээрх гэрээгээр хүлээсэн хариуцагчийн үүргийг зээлийн гэрээний 3.3-т заасны дагуу зээлийн хүү, 3.7-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг болох 400 000 төгрөгт ногдох алдангийг 50 хувиар тус тус тооцон тодорхойлж, түүнээс энэ гэрээний үүрэгт үндсэн зээл 300 000 000 төгрөг, хүү 100 000 төгрөг, алданги 200 000 төгрөг, нийт 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсгийн заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчийн данс руу 2020 оны 02 дугаар сарын 22, мөн оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус тус шилжүүлсэн нийт 250 000 төгрөгийг зээлийн гэрээний харилцаанд хамааралтай буюу уг мөнгийг зээлдүүлэхээр хариуцагчид шилжүүлсэн гэдгээ нотлоогүй гэх агуулгаар тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ө.О нь 2019 оны зээлийн гэрээний үүрэг шаардсан, анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн хүрээнд нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагч давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/00380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 40 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД