Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 1705014980016 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм” караоке паб-д хохирогч Б.Энхболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Т-ийн өгсөн:

            “... 2017 оны 11 сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороололд ажлынхаа хүмүүстэй Титэм караоке, паб орж 2 цаг дуулахаар болж орцгоосон. Тэгээд 00 цагийн үед санагдаж байна, ариун цэврийн өрөө орохоор би ганцаараа караокений өрөөнөөс гарч явсан ба ариун цэврийн өрөөнд ороход надад зодуулсан гэх Энхболд гээд 30 гаруй насны залуу утсаар яриад зогсож байсан. Тэгээд би кабинд ороод бие засаад зогсож байхад араас нөгөө залуу утсаа ярингаа чи наанаасаа хурдан гар, би утсаар ярьж байна гэхээр нь би тоолгүй бие засчихаад гараа угаачихаад гарах гэсэн чинь баруун мөрнөөс татаж хамар руу 1 удаа цохиход миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би зөрүүлээд зүүн хацар руу нь 1 удаа цохиход нөгөө залуу нүүрээ дараад хойшоо ухрахаар нь би хамраа дараад гараад явсан.

... Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Шинжээч эмчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би зүүн нүд орчимд нь 1 удаа цохисон. Тэрнээс биш олон удаа бол цохиогүй. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна.  ...” гэх мэдүүлэг /хх-н 25-26, 50-51/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-ын өгсөн:

            “... 2017 оны 11 сарын 17-ны орой ажлаа 20:00 цагт тарчихаад Дэлгэрбатынд очсон. Очиход 2 хүүхэд нь хүргэн ах Бат-Эрдэнэ нар байсан. Би машинтай явж байсан учир намайг хүлээж байгаад Дэлгэрбат, Бат-Эрдэнэ хоёртой гарч Бат-Эрдэнэ ахыг хүргэж өгөнгөө Дэлгэрбатын эхнэрийг ажил дээрээс нь авахаар явсан. Тэгсэн Дэлгэрбатын эхнэр нь ажил тарах болоогүй байна гэж хэлсэн учир Бат-Эрдэнэ, Дэлгэрбат бид гурав хамт хүлээхээр болж Титэм паб руу 21 цагийн үед орж суусан. Тус пабад орж 2 шил архи гурвуулаа хувааж уусан байсан ба би ариун цэврийн өрөө рүү утсаар ярихаар орсон. Утсаар яриад ариун цэврийн өрөөнд зогсож байхад үл таних хүн намайг цохиж миний нүдийг гэмтээсэн. Тэр хүн намайг цохьчихоод гараад явсан ба би ариун цэврийн өрөөнд суугаад үлдсэн. Би босоод ариун цэврийн өрөөнд байж байхад манай найз Хүрэлбат орж ирээд чи цохиулчихсан байна шүү дээ, сая ариун цэврийн өрөөнөөс нэг пээдгэр нөхөр гараад явчихаар нь сэжиглээд ороод ирлээ гэж хэлсэн.

            Хүрэлбат удалгүй нөгөө залууг найзуудтай нь хамт дуудаж гаргаж ирэн учраа олох гэхэд хэн нь цохисон гэдэг нь мэдэгдэхгүй байсан учир цагдаад дуудлага өгсөн. Өөрийн хүсэлт сонирхлоор Б.Ттэй эвлэрч байна. Шаардлагатай эм тариаг надад авч өгч байгаа учир цаашид ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Эрдэнэжаргалын өгсөн:

            “... 2017 оны 11 сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 20-р хороо 5 шарын нөхөрлөлийн гудамжинд байдаг Силпро тоног төхөөрөмжийн компаниасаа би Төгөлдөр, Чанцаа, Нараа, эмэгтэй Баяраа, 2 Мөөгий, Ганаа, Цэрмаа, Даваа, Буяа, Тулгаа гэх мэт 10 орчим хүн байсан. Бид нар хоол идчихээд 00 цагийн үед нэрийг нь санахгүй байна нэг караокед орж үйлчлүүлсэн. Үйлчлүүлж байтал 01 цаг өнгөрч байхад санагдаж байна бид нарын сууж байсан Караокены өрөөнд 2 залуу орж ирээд танай энэ залуутай чинь уулзая гээд Төгөлдөр рүү заагаад гаргаж зодно, ална гээд чирээд гарахаар нь бид нар очиж тэр залуусыг Төгөлдөрөөс салгасан. ... Төгөлдөр хэлэхдээ бөх байрын намхан залуутай ариун цэврийн өрөөнд байхдаа маргалдсан гэж хэлж байсан. Тухайн үед харахад бөх байрын Энхболд гээд байгаа залуугийн нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Оюунтунгалагийн өгсөн:

            “... 2017 оны 11 сарын 17-18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5-р хороо Титэм паб, караокед ажлынхаа хүмүүстэй орсон. ... Тухайн караокед бид нар ороод 2 цаг аваад сууж байгаад 1 цаг орчим өнгөрсний дараа Төгөлдөр ариун цэврийн өрөө орохоор явсан ба хэсэг хугацааны дараа орж ирээд суусан. Бид нар Төгөлдөрийг анзаараагүй байж байхад гаднаас нэг залуу өрөө рүү орж ирээд манай найзыг хэн цохьчихов гээд ороод ирэхээр нь бид нар хэн ч цохиогүй гээд хэлэхэд Төгөлдөр “би цохьчихсон юм, намайг эхлээд цохихоор нь би тэр залууг цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 16/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Л.Мягмарсүрэнгийн өгсөн:

            “... 2017 оны 11 сарын 17-ны өдөр ажлын хүмүүстэйгээ Баянгол дүүрэгт байрлах Титэм караоке, паб руу орсон. Тэндээ бид нар 2 цаг аваад архи, пиво захиалж ууцгаасан. 22 цаг өнгөрч байсан санагдаж байна, нэг залуу орж ирээд манай найзыг хэн зодсон гээд хаалга онгойлгоод бүлтгэр нүдтэй, махлаг залуу орж ирсэн. Тэгэхээр нь юу болсон, яасан гэхэд Төгөлдөр босоод тэр залуутай хамт дээшээ паб руу гарсан. Бид нар араас нь гараад очиход тэр залуу манай найзын нүдийг цохьчихсон байна гээд Төгөлдөрийг хэлсэн. ... Тэгэхээр нь Төгөлдөрөөс юу болсон талаар асуухад энэ ах чинь намайг ариун цэврийн өрөө ороход утсаар ярьж байсан ба намайг бие засч байхад ярьж дуусаад ууртай байсан. Тэгээд намайг доромжлоод цохьчихоор нь би тэр залууг зөрүүлээд 1 удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 18/

           

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Дэлгэрбатын өгсөн:

            “...2017 оны 11 сарын 17-ны орой Энхболд, Бат-Эрдэнэ хоёр манай гэрт хүрч ирсэн санагдаж байна. Бид гурав гэрээс гарч манай эхнэрийг ажлаас нь авахаар явсан. Тэгээд 10 дугаар хороололд очоод эхнэр гарч ирэх арай болоогүй байна гэхээр нь Титэм нэртэй паб-д 19 цагийн үед орж хүлээхээр болсон. Тэнд 0,75 литрийн архийг гурвуулаа хувааж уусан. 2 дахь шилтэй архи ууж дуусгасан үгүйг санахгүй байна. Энхболд утсаар ярина гээд босоод явсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Энхболд зүүн нүдэндээ цохиулсан байдалтай, нүд нь хавдчихсан хүрээд ирсэн. Тэгэхээр нь Бат-Эрдэнэ бид хоёр хэнд цохиулчихав, юу болов гэтэл Энхболд сайн мэдэхгүй байна гэж хэлж байсан санагдаж байна, ямар ч байсан ариун цэврийн өрөөнд цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь зөөгчөөс нь очиж ариун цэврийн өрөөнд манай найз хэнд цохиулчихав гэхэд цуг байсан хүн нь доошоо караоке өрөө рүү орсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 27/   

 

            Мөрдөн байцаалтад гэрч Л.Хүрэлбатын өгсөн:

            “... 2017 оны 11 сарын 17-ны орой 21 цагийн үед манай үеэл Энхболд над руу залгаад 10-р хорооллын Титэм кафед сууж байна, чи ирээд машин бариад гэрт хүргээд өгөөч гэхээр нь би 21 цаг өнгөрч байхад тухайн кафед яваад очсон. Очиход Энхболд Энхболдтой хамт 3 хүн сууж байсан ба Тоноо гэж дууддаг залуу, Оюунцагаан, Дэлгэрбат нар сууж байсан ба намайг ороход эд нар архи тавьчихсан ууж байсан. Тэгээд намайг ороод удалгүй Энхболд утсаар ярихаар ариун цэврийн өрөө рүү явсан ба би араас нь удалгүй очиж бие засахад Энхболд утсаар яриад зогсож байсан. Би бие засчихаад ариун цэврийн өрөөнөөс гараад ширээн дээр очоод суугаад ариун цэврийн өрөө рүү харахад нэг 20 орчим насны залуу ариун цэврийн өрөөнөөс гараад ирсэн ба гарч ирэхдээ гараа савалчихсан, ийш тийшээ хараад явахаар нь би энэ залуу яагаад ийм сонин пээдгэр яваад байна гэж бодоод тэр залууг ширээний хажуугаар өнгөрхөөр нь ариун цэврийн өрөө рүү явж очоод хаалга онгойлгоод ороход ариун цэврийн суултуур дээр Энхболд доошоо харчихсан сууж байхаар нь би нүүрийг нь дээш өргөж хартал нүүр рүү нь цохиод зүүн билүү, баруун тал нь хамартайгаа хавдчихсан байхаар нь би Энхболдод яасан юм бэ гэхэд намайг сая орж ирсэн залуу цохьчихлоо гэсэн.

Намайг ариун цэврийн өрөө рүү орж бие засчихаад гарснаас хойш ариун цэврийн өрөө рүү Төгөлдөр гэх залуу л орсон. Өөр хүн ороогүй. Төгөлдөр гэх залуу ариун цэврийн өрөөнөөс сэжигтэй гарахаар нь сэжигтэй санагдаад Энхболд руу очсон...” гэх мэдүүлэг /хх-н 53-54/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 14406 тоот: 

1. Б.Э-н биед хамар ясны хугарал, дух, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хх-н 21/

 

Шүүгдэгч Б.Т-ийн хувийн байдалтай холбоотой:

- Гэрч Г.Сэргэлэн, Б.Чулуунцэцэг нарын мэдүүлэг /хх-н 12, 17/

- Бакалаврын дипломын хуулбар /хх-н 28-29/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30, 42/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 31/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 52/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм” караоке паб-д хохирогч Б.Энхболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Э-ын “... 2017 оны 11 сарын 17-ны орой ... Титэм паб руу 21 цагийн үед орж суусан. Тус пабад орж 2 шил архи гурвуулаа хувааж уусан байсан ба би ариун цэврийн өрөө рүү утсаар ярихаар орсон. Утсаар яриад ариун цэврийн өрөөнд зогсож байхад үл таних хүн намайг цохиж миний нүдийг гэмтээсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Д.Эрдэнэжаргалын “... 2017 оны 11 сарын 17-ны өдөр ... Караокены өрөөнд 2 залуу орж ирээд танай энэ залуутай чинь уулзая гээд Төгөлдөр рүү заагаад гаргаж зодно, ална гээд чирээд гарахаар нь бид нар очиж тэр залуусыг Төгөлдөрөөс салгасан. ... Төгөлдөр хэлэхдээ бөх байрын намхан залуутай ариун цэврийн өрөөнд байхдаа маргалдсан гэж хэлж байсан. Тухайн үед харахад бөх байрын Энхболд гээд байгаа залуугийн нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ц.Оюунтунгалагийн “...2017 оны 11 сарын 17-18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5-р хороо Титэм паб, караокед ажлынхаа хүмүүстэй орсон. ... Бид нар Төгөлдөрийг анзаараагүй байж байхад гаднаас нэг залуу өрөө рүү орж ирээд манай найзыг хэн цохьчихов гээд ороод ирэхээр нь бид нар хэн ч цохиогүй гээд хэлэхэд Төгөлдөр би цохьчихсон юм, намайг эхлээд цохихоор нь би тэр залууг цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Л.Мягмарсүрэнгийн “...2017 оны 11 сарын 17-ны өдөр ажлын хүмүүстэйгээ Баянгол дүүрэгт байрлах Титэм караоке, паб руу орсон. ... Төгөлдөрөөс юу болсон талаар асуухад энэ ах чинь намайг ариун цэврийн өрөө ороход утсаар ярьж байсан ба намайг бие засч байхад ярьж дуусаад ууртай байсан. Тэгээд намайг доромжлоод цохьчихоор нь би тэр залууг зөрүүлээд 1 удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

           

            гэрч Д.Дэлгэрбатын “...2017 оны 11 сарын 17-ны орой ... Титэм нэртэй паб-д 19 цагийн үед орсон. Тэнд 0,75 литрийн архийг гурвуулаа хувааж уусан 2 дахь шилтэй архи ууж дуусгасан үгүйг санахгүй байна. Энхболд утсаар ярина гээд босоод явсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Энхболд зүүн нүдэндээ цохиулсан байдалтай, нүд нь хавдчихсан хүрээд ирсэн. Тэгэхээр нь Бат-Эрдэнэ бид хоёр хэнд цохиулчихав, юу болов гэтэл Энхболд сайн мэдэхгүй байна гэж хэлж байсан санагдаж байна, ямар ч байсан ариун цэврийн өрөөнд цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь зөөгчөөс нь очиж ариун цэврийн өрөөнд манай найз хэнд цохиулчихав гэхэд цуг байсан хүн нь доошоо караоке өрөө рүү орсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Л.Хүрэлбатын “... 2017 оны 11 сарын 17-ны орой 21 цагийн үед манай үеэл Энхболд над руу залгаад 10-р хорооллын Титэм кафед сууж байна, чи ирээд машин бариад гэрт хүргээд өгөөч гэхээр нь би 21 цаг өнгөрч байхад тухайн кафед яваад очсон... удалгүй Энхболд утсаар ярихаар ариун цэврийн өрөө рүү явсан ба би араас нь удалгүй очиж бие засахад Энхболд утсаар яриад зогсож байсан. Би бие засчихаад ариун цэврийн өрөөнөөс гараад ширээн дээр очоод суугаад ариун цэврийн өрөө рүү харахад нэг 20 орчим насны залуу ариун цэврийн өрөөнөөс гараад ирсэн ба гарч ирэхдээ гараа савалчихсан, ийш тийшээ хараад явахаар нь би энэ залуу яагаад ийм сонин пээдгэр яваад байна гэж бодоод тэр залууг ширээний хажуугаар өнгөрхөөр нь ариун цэврийн өрөө рүү явж очоод хаалга онгойлгоод ороход ариун цэврийн суултуур дээр Энхболд доошоо харчихсан сууж байхаар нь би нүүрийг нь дээш өргөж хартал нүүр рүү нь цохиод зүүн билүү, баруун тал нь хамартайгаа хавдчихсан байхаар нь би Энхболдод яасан юм бэ гэхэд намайг сая орж ирсэн залуу цохьчихлоо гэсэн.

Намайг ариун цэврийн өрөө рүү орж бие засчихаад гарснаас хойш ариун цэврийн өрөө рүү Төгөлдөр гэх залуу л орсон. Өөр хүн ороогүй. Төгөлдөр гэх залуу ариун цэврийн өрөөнөөс сэжигтэй гарахаар нь сэжигтэй санагдаад Энхболд руу очсон...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 14406 тоот дүгнэлт болон шүүгдэгч Б.Тийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Д.Энхболд нь “..хохирлын 480.000 төгрөг төлсөн тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт, мэдүүлэг /хх-н 44, 48/ зэргээр шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй болох нь нотлогдож байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Б.Тийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 700 нэгжээр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т-ийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3  сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ