| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2205029580405 |
| Дугаар | 2023/ДШМ/1084 |
| Огноо | 2023-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сэргэлэнбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2023/ДШМ/1084
П.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сэргэлэнбаатар,
хохирогч Г.Т өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун,
шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Б.Очбадар,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/696 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Эд холбогдох эрүүгийн 2205029580405 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
П.Э,
Шүүгдэгч П.Э нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн зам, 4 дүгээр цахилгаан станцын гэрлэн дохиотой уулзвар дээр 83-02 УАК улсын дугаартай, “Тоёота Харьер” загварын тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ урьд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний маргаанаас үүдэж хохирогч Г.Ттэй маргалдаж, улмаар хохирогчийг тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж машины копуд буюу хамар хэсгээс зүүгдсэн байх үед тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөн эхлүүлж улмаар түүнийг унагааж биед нь “дал, бүсэлхий, өвдөгт зулгаралт, гуя, өвдөгт цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Эг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч П.Э шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч П.Эд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлж, шүүгдэгч П.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, эд мөрийн баримтаар шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Г.Т гомдолтой гэснийг, шүүх хуралдаанаар хэлэлцээд гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын мөнгө болох 440.000 төгрөгийг шүүгдэгч П.Э төлж барагдуулсныг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл, дүгнэлтийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Хохирогч гэх Г.Т илтэд худал мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл “...П.Эгийн машины цонхыг тогшоод гараад ир уулзъя” гэж хэлэхэд П.Э нь цонхоо онгойлгохгүй бууж ирэхгүй машинаараа хөдлөх гээд байхаар нь би машиных нь урд нь зогсоод “Чи гараад ир, уулзъя” гэж хэлэхэд П.Э нь “чамайг яасан ч яадаг юм” гээд машинаараа хаазлаад хөдөлсөн. Би копуд дээр нь мөргүүлж гарсан бөгөөд унахгүйн тулд копудных нь ирмэгээс гараараа барихад П.Э нь намайг унагаах зорилгоор машинаараа 2 тал руу займчаад хаазлаад байсан.” гэжээ. Гэтэл гэрч Д.Батсайхан, Р.Гантөмөр нар түүний мэдүүлгээс илтэд зөрүүтэй, “...үл таних залуугийн хажуугаар гарах гээд хөдлөхөд тухайн залуу нь П.Э захирлын машины хамар дээрээс нь гараараа тулаад зуурсан. Машинаа зогсоогоод буугаач гэж хэлэхэд тухайн залуу нь буухгүй байсан.” талаар маш тодорхой мэдүүлжээ. Түүнчлэн миний үйлчлүүлэгч П.Э нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “хохирогч гэх Г.Тг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үед ямар зан харьцаа, үйлдэл хийсэн” талаар тодорхой дурдсан. Прокуророос тогтоол үйлдэхдээ хохирогч гэх Г.Т хийсэн илтэд санаатай, гэм буруутай үйлдэлд огт дүгнэлт хийлгүй, түүний доорх хууль, тогтоомжийн заалтыг зөрчсөн үйлдлийг харьцуулан үнэлсэнгүй.
Тухайлбал: А/. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 4 "зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна; 3.1.5 "замын хөдөлгөөн" гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг; 3.1.8 ”замын хөдөлгөөний аюулгүй байдал" гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг; 13 дугаар зүйлийн 13.2-т Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1 Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;
Б/. Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
В/. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Иргэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ: 31.1.1 бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх;
Г/. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсэгт Хүн, хуулийн этгээд 52.1 замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх; 53.Явган зорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 37. 3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч энэ зүйлийн 35, 36 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар тээврийн хэрэгслийг түр, удаан зогсоох журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Д/. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 1.2.19. “замын хөдөлгөөн” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5-д заасныг; 1.2.20. “замын хөдөлгөөнд оролцогч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1,7-д заасныг; 1.2.21. “зорчих хэсэг” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно; 1.2.52. “явган зорчигч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.11-д заасныг; 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; гэсэн маш олон хууль, тогтоомжийн заалтыг зөрчсөн үйл баримт хангалттай тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Г.Т хэдийгээр өөрөө автомашин жолоодож явсан гэх боловч дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан байна. Үүнд:
1. Өөрийн жолоодож явсан автомашинаасаа буун зорчих хэсэг, гэрлэн дохионы уулзвар дээр зогсож буй П.Эгийн жолоодож явсан автомашиныг цонхыг цохих, бусдын хөдөлгөөнд санаатай саад учруулсан;
2. Тэдний хооронд хэдийгээр эд хөрөнгөтэй холбоотой иргэний маргаан байсан ч П.Этэй уулзах, хэрүүл маргаан үүсгэх зорилгоор очиж бусдыг өдөөн хатгаж, илүү ноцтой гэмт хэрэг үйлдэл гаргаж болзошгүй, нийтийн хэв журмыг зөрчсөн үйлдэл гаргасан.
3. П.Эгийн өдөөн хатгасан үйлдлээс нь зайлсхийх гэсэн үйлдэлд нь санаатай саад учруулж, автомашиных нь өмнүүр орж, хашиж зогсох, копуд дээр нь гарах зэргээр бусдын өмч хөрөнгө, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдсан. Хэрвээ П.Э нь автомашиныхаа хаалгаа нээж уулзсан, маргаан үүссэн бол түүнээс ч илүү ноцтой хэн нэгнийх нь эрүүл мэнд, амь насанд аюул учирч болохуйц нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй юм.
Хоёр. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гэх Г.Т камерын бичлэгийг сидинд хуулбарлан нотлох баримтаар үнэлүүлэхээр гаргаж өгснийг мөрдөгчөөс хүлээн авч эд мөрийн баримтаар тооцжээ. Гэтэл тухайн бичлэгээс үзвэл хохирогчийн зүгээс өөрт ач холбогдолтой гэсэн хэсгийг таслан авч гаргаж өгсөн байх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл автомашины ар талаас очиж байгаа байдлаас бичлэг эхлээгүй. Энэ нь Г.Т хувьд гаргасан үйлдлээ бүрэн бичигдсэн бичлэгийг гаргаж өгөөгүйг нотолж байна.
Мөн дээрх бичлэгийг хэд хэд дахин давтан үзэж, нөхцөл байдалд дүгнэлт хийвэл Г.Т нь хөдөлгөөн эхлэх үед П.Эгийн жолоодон явсан автомашины копуд руу өөрөө үсрэн гарч, зүүгдэж байгаа нь маш тодорхой харагдаж байна. Энэ нь өөрийнхөө эрүүл мэнд, амь насанд эрсдэл, гэмтэл учруулах боломжтой үйлдлийг Г.Т өөрөө эхлэн хийж буйг харуулсан хангалттай нотлох баримт болж байна. Дээрх ноцтой үр дагавар үүсгэж болох олон зөрчил, гэмт үйлдлийг Г.Т маш олон хууль, тогтоомжийн заалтыг зөрчиж гаргасан хангалттай тогтоогдсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд харин ч учирч болох аюул, эрсдэлээс өөрийгөө зайлуулсан, өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалсан. Шүүхээс “асуудлыг шүүгдэгч П.Э эв зүйгээр зохицуулахын оронд тээврийн хэрэгслээр цааш хөдөлгөөнд оролцож, хохирол учруулсан.” гэжээ. Гэтэл ямарваа маргааныг П.Э эхлүүлээгүй, харин ч хохирогч Г.Т бусдын хөдөлгөөнд саад учруулах байдлаар автомашины зам дээр буюу зорчих хэсэг дээр өдөөн хоргоосон үйлдэл гаргасан нь бичлэг, бусад гэрчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Хэрвээ Г.Т ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээнээс үүссэн эд хөрөнгийн маргааныг зохих журмын дагуу шийдвэрлэх тохиолдолд харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар олгогдсон эрх нь нээлттэй байсан. Анхан шатны шүүхээс өгч буй дүгнэлтийн хувьд Г.Тг асуудлыг эв зүйгээр зохицуулахын оронд автозамын дунд бусдыг өдөөн хоргоосон, хэрүүл маргаан үүсгэсэн, маргаанаас зайлсхийж машины хаалгыг цоожилсон байхад нь онгойлгох гэж татах, цохих, машиных нь урдуур орж хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд нь дүгнэлт хийсэнгүй. Хууль, журмын дагуу замын хөдөлгөөнд оролцоод зорчиж явсан П.Э ямар учраас гэнэт гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлэх нөхцөл байдалд хүрэв гэдэгт шүүгчээс бодитой дүгнэлт өгч чадсангүй. Өөрөөр хэлбэл, Г.Т зам дээр очиж маргаан эхлүүлээгүй бол П.Э дээрх үйлдлийг гаргахгүй байсан. Анхан шатны шүүхээс автозамын гарцаар эсхүл замаар явж байсан урьд нь өглөг, авлагын маргаантай байсан хүнийг санаатайгаар автомашинаараа дайрсан, шүргэсэн мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн дүгнэлт өгөхөд хүрч байна. Шүүгдэгч П.Э харин ч өөрийнх нь эрх чөлөөнд халдаж, хэрүүл маргаан, зодоон үүсгэх гэсэн Г.Тгээс зугтсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан “Гарцаагүй байдалд хохирол учруулсан” шинжтэй бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон.
Гурав. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, мөн насанд хүрээгүй 5 хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр, хувийн бизнес эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, эмчилгээний төлбөр буюу баримтаар тогтоогдсон бодит хохирлыг бүрэн төлсөн дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэнгүй. Шүүгдэгч П.Эд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан. Гэтэл П.Эгийн хувьд оногдуулсан ял нь нийгэмшүүлэх бус зөвхөн цээрлүүлэх зорилгыг агуулсан. Түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь П.Эг цаашид бизнесийн үйл ажиллагаагаа зохицуулахад хязгаарлагдмал байдлыг бий болгоно гэж дүгнэсэн атлаа 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь мөн адил нөхцөл байдлыг үүсгэх юм. Шүүх одоогоор компани үйл ажиллагаа түр зогссон байгаагаас торгох ял оногдуулах боломжгүй гэжээ. Торгох ялыг заавал эрхэлж буй ажил хөдөлмөрийн орлогоос бус бусад эд хөрөнгөөс төлүүлэх боломжтой. Хавтас хэрэгт түүний эд хөрөнгө болох автомашины эзэмшил, өмчлөлийн талаарх лавлагаа баримтууд хангалттай хавсаргагдсан байгаа. Иймд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах”, хэрвээ түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гэж үзвэл тухайн зүйл хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/696 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч П.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Илтгэгч шүүгчээс “...яагаад хөдөлгөөнөө зогсоогоогүй вэ...” гэж асууж байна. Тухайн үед хохирогч Г.Т “ална” гэж хэлж, цонхны шил рүү 2, 3 удаа хүчтэй цохиж, хаалга руу хөшиглөхөд эмэгтэй хүн ирж уг үйлдлийг нь зогсоосон байгаа. Би өөрийгөө хамгаалахын тулд машинаа аль болох зайчилсан. Мөн замын голд гарцан дээр байсан учраас огцом зогсож чадаагүй. Хэрэв тээврийн хэрэгслээ огцом зогсоосон бол тухайн хүнийг илүү гэмтээх, магадгүй өөр том осол гаргах нөхцөл бий болох байсан учраас би хөдөлгөөнийг үргэлжлүүлж, хурдаа хасаж, уулзвар гарч тээврийн хэрэгслээ зогсоосон. Түүнээс би тэр хүнийг гэмтээе, хохирооё гэж огт бодоогүй. Аль болох тэр хүнээс хурдан салаад явъя гэж бодсон.” гэв.
Хохирогч Г.Т өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон” гэх байдлаар цагаатгах байр суурьтай оролцож байна гэж ойлголоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан ямарваа нэгэн нөхцөл байдал үүсээгүй. Тухайн эрх ашгийг бодитоор аюулаас хамгаалах, аюул үүсээгүй. Камерын бичлэгийн тухайд хохирогчийн өөрийнх нь хийсэн бичлэг байсан. Хохирогч Г.Т нь шүүгдэгч П.Этэй уулзах гээд очсон боловч явж эхэлдэг. Хөдөлгөөн эхлэх үед маш хурдтай явж, өөр машиныг хүртэл гүйцэт түрүүлж, 100 гаруй метрийн зайтай явсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогч Г.Тг санаатай алахыг завдсан гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү гэх байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүхийн шийдвэртэй өмгөөлөгчийн зүгээс маргаагүй тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Ц.Сэргэлэнбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Эгийн өмгөөлөгч А.Очбадарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд хохирол учруулах талаар ярьж байна. Гарцаагүй байдлын улмаас бусдад хохирол учруулах нь учруулж болох байсан хохирлоос давуулахгүй, өөр арга хэрэгслээр тухайн учирч болох хохирлыг арилгах боломжгүй нөхцөлд энэ нөхцөл үүснэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд идэвхтэй, санаатай үйлдлээр илэрдэг. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хохирогч тухайн машинаас зүүгдсэн гэх газраас унасан гэх газарт хэмжилт хийхэд нийт 116 метр газар явсан байдаг. 116 метр нь маш хол газар байгаа. Шүүгдэгч П.Эгийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой учраас санаатай үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хангаж байгаа юм. Цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлагын тухайд П.Э нь хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх үед тодорхой эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого тодорхойгүй байсан учраас анхан шатны шүүхээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн, нийгэмшүүлэх, цээрлүүлэх ялын зорилгыг хангасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Э нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн зам, 4 дүгээр цахилгаан станцын гэрлэн дохиотой уулзвар дээр 83-02 УАК улсын дугаартай, “Тоёота Харьер” загварын тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ урьд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний маргаанаас үүдэж хохирогч Г.Ттэй маргалдаж, улмаар хохирогчийг тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж машины копуд буюу хамар хэсгээс зүүгдсэн байх үед тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөн эхлүүлж улмаар түүнийг унагааж биед нь “дал, бүсэлхий, өвдөгт зулгаралт, гуя, өвдөгт цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Г.Т “...би “Номгон Хайрхан оргил” ХХК-нд гүйцэтгэх захирлаар 2020 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд манай байгууллага нь гүний худаг усжуулалтын ажил гүйцэтгэдэг юм. ... Гэрээний дагуу манай компани ажлаа хийж гүйцэтгэж дуусгаад “Монголиан Майнинг Супортинк Сервис” ХХК-ийн хуулийн зөвлөх Амартүвшин гэх хүнд хүлээлгэж өгөөд “Монголиан Майнинг Супортинк Сервис” ХХК-ийн захирал П.Этэй утсаар яриад “ажил дууссан үлдэгдэл төлбөрөө төлөөрэй” гэхэд П.Э нь “ажил явдал гарсан” гэж хэлээд 7 хоног алга болсон. Тэгээд дахин холбогдоход П.Э нь “би уурхай дээрээ очоод 72 цаг гоожуулж үзээд төлбөрөө төлнө” гэж хэлээд мөн адил олон хоног алга болсон бөгөөд “асуудалгүй болсон байна, мөнгө төгрөгийг чинь төлнө” гэж шалтаг шалтгаан хэлээд алга болсон. Ингэж “Монголиан Майнинг Супортинк Сервис” ХХК-ийн захирал П.Э бид хоёрын дунд өр ширний асуудал үүссэн бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын уулзвар дээр П.Этэй машинтай тааралдсан. Гэрлэн дохионы уулзвар дээр тааралдсан бөгөөд би машинаасаа буугаад П.Эгийн машины цонхыг тогшоод “гараад ир уулзъя” гэж хэлэхэд П.Э нь цонхоо онгойлгохгүй бууж ирэхгүй машинтайгаа хөдлөх гээд байхаар нь би машиных нь урд нь зогсоод “чи гараад ирээ уулзъя” гэж хэлэхэд П.Э нь “чамайг яасан ч яадаг юм” гээд машинаараа хаазлаад хөдөлсөн. Би копут дээр нь мөргүүлж гарсан бөгөөд унахгүйн тулд копутных нь ирмэгээс гараараа барихад П.Э нь намайг унагаах зорилгоор машинаараа 2 тал руу займчлаад хаазлаад байсан. Тэгээд замын баруун талд явж байсан машин руу хавчуулж унагаах гээд баруун гар тийшээ чиглэхээр нь “энэ нөхөр намайг алах юм шиг байна” гэж бодоод хажууд явж байсан машин зөрөөд өнгөрөхөөр нь би гараа тавиад зам дээр унасан. П.Э нь тэр чигтээ яваад өгсөн. П.Э нь машиндаа өөрөөсөө гадна 2 хүнтэй харагдаж байсан. Гэхдээ машины хаалгыг онгойлгоогүй машинаасаа бууж ирээгүй учраас сайн мэдэхгүй байна. Тухайн машин нь тоёота харьер загварын, 83-02 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан бөгөөд жолоог П.Э нь өөрөө жолоодож байсан.” /хх 12/,
гэрч Д.Б “...би П.Э захирлын машинд суугаад 2 жолооч нарын хамт Драгон орох гээд явж байсан. Явж байх замд Моносын уулзварын гэрлэн дохион дээр зогсож байхад гэнэт үл таних залуу ирээд П.Э захирлын машины цонхыг нь цохиод П.Э захирлыг “буугаад ир, энд үзье, зодолдъё” гээд заналхийлээд байсан бөгөөд тухайн үед ногоон гэрэл асаад ардаас машин дуут дохиогоо өгөөд байхаар нь П.Э захирал тухайн үл таних залуугийн хажуугаар гарах гээд хөдлөхөд тухайн залуу нь П.Э захирлын машины хамар дээрээс нь гараараа тулаад зуурсан. Тэгсэн П.Э захирал гэнэт машинаа зогсоогоод “буугаач” гэж хэлэхэд тухайн залуу нь буухгүй байсан бөгөөд П.Э захирал зөөлөн хөдлөөд замын туслах зам руу орж зогсоход үл таних залуу уначихсан. Тэгээд тухайн үл таних залуу гайгүй босоод ирэхээр нь захирал машинтайгаа хөдлөөд яваад өгсөн” /хх 22/,
гэрч Р.Г “... би П.Этэй ажил төрлийн шугамаар танилцсан бөгөөд Булган аймгийн Бүрэгхангай суманд эксковатор засаад бид хоёр Булганы Бүрэгхангай сумаас хамт ирсэн юм. П.Эгийн машинтай явж байсан бөгөөд машинд бас Батсайхан гэх жолооч нарын хамт явж байсан. Моносын гэрлэн дохионы уулзвар дээр улаан гэрэл асаад зогсож байтал гэнэт нэг үл таних эрэгтэй хүн машины цонхыг цохиод хаалгыг нь татаад “буугаад ир” гээд орилж хашгираад байсан. П.Э нь хажуугаар нь явахаар хөдлөхөд тухайн үл таних залуу машины копуд хэсэг дээр өөрөө үсрээд гараад ирсэн. Тэгэхэд П.Э машинаа зогсоогоод тухайн үл таних залууд хандаж “чи буугаачээ” гэхэд тухайн залуу буухгүй байсан. П.Э машинаа хөдөлгөөд туслах зам руу орохоор зөөлөн явсан бөгөөд тэр үед тухайн залуу унах шиг болсон. Тэгээд П.Э хөдлөөд Драгон ороод би тэндээ буусан. ...П.Э тухайн залууг буу гэж хэлэхэд буухгүй байсан бөгөөд түүнийг буулгах гэж 2 тийшээ машинаараа займчсан үйлдэл гаргахад тухайн залуу замын хажуу руу унасан.” /хх 24/
шинжээч эмч Н.Т "... дээрх гэмтэл унах, цохигдох хүчний улмаас үүссэн байх боломжтой гэмтэл. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд. ...” /хх 47-48/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11976 дугаар “...Г.Т биед дал, бүсэлхий, өвдөгт зулгаралт гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх 27-28/,
Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 108-119/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 120-126/ зэрэг хэрэгт авагдаж анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч П.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч П.Эг хохирогч Г.Т биед “Г.Т биед дал, бүсэлхий, өвдөгт зулгаралт гуя, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, П.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар “... Миний үйлчлүүлэгч П.Эгийн хувьд гэмт хэрэг, зөрчилд чиглэсэн үйлдэл гаргасан хохирогчийн үйлдлээс зугтаах, гарцаагүй байдалд хийсэн үйлдэл гэж үзэж байна. Гарцаагүй байдалд хийсэн үйлдэл учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан хөндлөнгийн хууль бус аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан хор, хохирлын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж бусдад хохирол учруулах байдлаар илэрдэг тул аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг санаатай зөрчин аюул, осол бүхий нөхцөл байдлыг өөрөө буй болгож бусдад хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй хамаарах тул өмгөөлөгчийн гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Г.Т, гэрч Д.Батсайхан, Р.Гантөмөр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Эг гарцаагүй байдалд хохирол учруулах гэх нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Мөн шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй гэж хуульчилсан бөгөөд П.Э нь дээрх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй байна.
Тухайлбал, шүүгдэгч П.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/696 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ