| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0741/З |
| Дугаар | 128/ШШ2025/0033 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.*******
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /цаашид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд гэх/ нарын хооронд үүссэн газрын маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар[2] иргэн Д.*******д аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар дүүрэг, *******, *******ийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн *******ийн аманд байршилтай 39,998 м.кв газрыг ашиглах эрхийн гэрчилгээ[3] /0201550/ олгожээ.
2.2. Нэхэмжлэгчид газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосноос хойш *******ийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтийг *******ийн байгалийн цогцолборт газар-ын хамгаалалтын захиргаанд ирүүлж байгаагүй байна.
2.3. Улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******ийн байгалийн цогцолборт газар-ын Хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу[4] тус газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэх үндэслэлээр Д.*******гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
2.4. Уг тушаалд Тусгай хамгаалалтын газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, *******ийн байгалийн цогцолборт газар-ын Хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэсэн байна.[5]
2.5. 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******ийн байгалийн цогцолборт газраас 22 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандан өөрийн фэйсбүүк /facebook/ пэйж хуудсаар дамжуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад зааснаар сонсох ажиллагааг явуулж тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаар олон нийтэд мэдэгдэл болгон нийтэлсэн[6].
2.6. Маргаан бүхий актын 2 дахь заалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд /хуучнаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд/-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг иргэн Д.*******д мэдэгдэхийг *******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгожээ. Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Д.******* гуравласан гэрээ байгуулж, газрын төлбөр төлөхөөр дүүргийн Татварын хэлтэст очих үед газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг мэдэн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөө *******ийн байгалийн цогцолборт газар-ын хамгаалалтын захиргаанд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг албан ёсоор гаргуулахаар өргөдөл гаргасан аж[7].
2.7. Улмаар Д.******* нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд /хуучнаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд/-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг эс зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулахаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2024/6784 дугаар захирамжаар буцаахад 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлж тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШЗ2024/7354 дугаар захирамжаар захиргааны үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******ийн ******* миний бие бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор *******ийн байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын бааз барих хүсэлтийг 2020 оны 4-р сард гаргасан. Хүсэлтийг маань харгалзан үзэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5-р сарын 29-ний өдрийн ******* тоот тушаалаар миний нэр дээр дүүрэг, *******ийн Байгалийн Цогцолбор газарт 39,998 м бүхий, "*******" нэртэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах гэрчилгээг (№021550) таван жилийн хугацаатай олгосон.
Миний бие гэрчилгээ олгогдсоноос хойш жуулчны баазын зураг төслийг хийлгэж 2021 оноос барилгын ажлыг эхлүүлэн гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй байсан боловч дэлхий дахинд COVID-ын цар тахал гарч хүндрэлтэй байдалд орсон. Уг цар тахал урт удаан хугацаанд үргэлжилж миний эзэмшдэг компаниудын үйл ажиллагаанууд зогсож хаахад хүрсэн. Гэсэн хэдий ч цар тахлын дараа аялал жуулчлалын үйл ажиллагаа сэргэнэ хэмээн найдаж төлөвлөгөөний дагуу жуулчны баазаа барьж ашиглалтад оруулахын тулд гадаадын оруулагчидтай өдийг хүртэл хамтран ажиллаж байна.
2024 оны 5-р сарын 20-ны өдөр гуравласан гэрээ байгуулж, газрын төлбөр төлөхөөр дүүргийн татварын албанд очтол уг газрыг ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар мэдсэн. Тухайн өдрөө *******ийн Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа-нд өргөдөл гарган уг газрыг ашиглах эрхийг цуцлах тухай мэдэгдэл болон хүчингүй болгосон шийдвэрийг албан ёсоор гаргаж өгөхийг хүссэн. Миний гаргасан өргөдлийн дагуу шалгаж үзээд надад ямар нэгэн мэдэгдэл ирүүлэлгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9-р сарын 25-ны өдрийн ******* тоот тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай 2024 оны 6-р сарын 10-ны өдөр надад мэдэгдэж, миний бие өөрийн биеэр очиж мэдэгдлийг авсан.
Миний бие уг газрыг дэлхий нийтийн цар тахлын өмнөхөн авч, цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа маань хүнд байдалд орсон хэдий ч жуулчны бааз барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөний дагуу ажиллаж нэлээд хэмжээний зардлыг гаргасан болно. Үүнд:
-Аялал жуулчлалын газар ашиглах тэмдэгтийн хураамж 25,000,000
-Газар ашиглах эрхтэй холбоотой зардлууд 45,000,000
-Жуулчны баазын зураг төсөл хийлгэх зардал 65,000,000
-Гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалт, замын зардлууд 82,000,000
-Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан зураг төсөл, бизнесийн зөвлөх үйлчилгээний зардлууд 155,000,000
-Бусад холбогдох зардал 25,000,000
Нийт 397,000,000 (гурван зуун ерэн долоон сая) төгрөг.
Цар тахлын үеийн хүнд байдал орсон хэдий ч жуулчны бааз барих төлөвлөгөөний дагуу багагүй хэмжээний хөрөнгө оруулсан байдлыг маань харгалзан үзэж уг газрыг ашиглах эрхийг маань сэргээж өгөх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өргөдөл гарган 2024 оны 6-р сарын 11-ний өдөр хандсан боловч 2024 оны 7-р сарын 9-ний өдөр уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу хүлээн авсан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн танилцуулах, мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах үйл ажиллагааг зөрчсөн хууль бус Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9-р сарын 25-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэжээ.[8]
3.2. Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэгдүгээрт. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.*******д *******ийн байгалийн цогцолборт газарт газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон. Үүнээс хойш Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 1 дүгээр тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 181 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 226 дугаар тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай 27 дугаар тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 91 дүгээр тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 104 дүгээр тогтоолууд гарсантай холбогдуулан хязгаарлалтад өртсөн Д.*******гийн тайлбарласнаар санхүүгийн хувьд ч боломж бололцоогүй нөхцөл байдал үүссэн. Үүнээс үзвэл маргаан бүхий захиргааны актын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэх нөхцөл үгүйсгэгдэх боломжтой. Тухайлбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6 дахь заалтад ...гэрээнд заасан зориулалтын дагуу ... ашиглаагүй... гэх агуулга байгаа. Энэ нь гуравласан гэрээг байгуулж, уг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгохыг хуулиар заасан. Гэтэл Д.*******тэй *******ийн байгалийн цогцолборт газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гэрээ байгуулсан зүйл байхгүй.
Хоёрдугаарт. Д.*******г сонсох ажиллагаанд оролцуулж, эрх ашиг нь зөрчигдөх шийдвэр гаргах гэж байгааг мэдэгдсэн бол холбогдох санал, тайлбар, баримтаа гарган өгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаа нотлох бүрэн боломжтой байсан. Төрийн байгууллагын буруутай шийдвэр, үйл ажиллагаа байсныг илтгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.*******, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Маргаан бүхий газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар *******ийн байгалийн цогцолборт газрын *******ийн хязгаарлалтын бүсэд иргэн *******ийн ******* ()-д таван жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон
Нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул газар эзэмших эрхийг хуульд заасны дагуу цуцалсан болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье... гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.*******д дүүрэг, *******ийн байгалийн цогцолборт газарт, 39998м2 бүхий ******* нэртэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах гэрчилгээг (№021550) 5 /таван/ жилийн хугацаагаар олгосон байна. Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт ...Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ... гэж заасан байтал нэхэмжлэгч Д.******* 4 жилийн дараа гуравласан гэрээ байгуулах хүсэлт гаргахаар очихдоо газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг мэдсэн гэж тайлбарлаж байгаагаас үзвэл Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж байна. *******ийн байгалийн цогцолборт газар-т хийсэн үзлэгээр газар нь хоосон байгаа нь фото зургаар баталгаажсан. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд ...Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1 дэх хэсэгт ...тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах..., Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ... Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно..., 1 дэх заалтад ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, ...40.1.6-д заасан үндэслэлээр... гэж заасан бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтад ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ... бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно... гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал (а) газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, (б) ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, (в) ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд тухайн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
4.3. Мөн Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно..., Мөн зүйл, хэсэгт заасан " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно... хэмээн тайлбарласан.
4.4. Хариуцагчийн тайлбар, түүнд хавсаргасан баримтаар нэхэмжлэгч Д.*******д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар анх газар эзэмших гэрчилгээ олгож, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх үүссэн өдрөөс хойш маргаан бүхий актыг гарах хүртэл тэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагаа явуулахаас бусад байдлаар аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулан ашиглах эрхээ 3 жил 4 сар хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдсон.
4.5. Тус үйл баримттай холбогдуулан шүүхээс *******ийн байгалийн цогцолборт газар-ын Хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын хавсралт хэсэг дэх *******ийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд суурин болон хээрийн судалгааны ажлын тэмдэглэл[9]-ийг нягтлахаар маргаан бүхий газарт үзлэг[10] хийхэд нэхэмжлэгч Д.******* нь дүүрэг, *******, *******ийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн *******ийн аманд байршилтай 39,998 м.кв газраа хашаалаагүй, хуульд заасан нөхцөл журмын дагуу барилга байгууламж бариагүй, хоосон байгаа нь болох нь тогтоогдсон.
4.6. Энэ тухайгаа нэхэмжлэгч ...Ковид 19 цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож бизнес маань хүнд байдалд орж, төслөө хэрэгжүүлэхэд санхүүгийн хүндрэл үүссэн[11], ...жуулчны бааз барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөний дагуу нийт 397,000,000 төгрөгийн зардлыг гаргасан...[12] гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд өөрийнхөн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон болохыг нотлох Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Force majeure буюу Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон Hardship буюу хүнд нөхцөл байдлын гэрчилгээ байхгүй.
4.7. Мөн шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/8268 дугаартай албан бичгээр дээрх 397,000,000 төгрөгийн зардалтай холбоотой баримтыг гаргуулахаар шаардахад 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн хариу бичгээр ...COVID-ын улмаас компанийн оффисыг удаа дараа нүүлгэж санхүүгийн баримтуудыг автомашины гараашинд хадгалж байсан бөгөөд 2024 оны зун үерт автаж санхүүгийн баримтуудын архив дахин сэргэх бололцоогүй болсон тул зардлын баримтуудыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байна...[13] хэмээх хариуг өгсөн.
4.8. Бусад байдлаар бодит зардал гарсан эсэх талаар баримт гаргаж өгөөгүй болно.
4.9. Хэдийгээр хавтаст хэрэгт нэхэмжлэгч Д.*******гийн Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас, Эко аялал жуулчлалын баазын төсөл, Байгаль орчны төлөв байдлыг судалгаа[14] зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг баримтууд нь анх газар эзэмших эрхийн гэрчилгээ авах үед хамааралтай баримтууд учир эдгээрийг нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр 08-ны өдрийн хариу бичиг болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсан 397,000,000 сая төгрөгийн зардалд тооцох боломжгүй юм.
4.10. Түүнчлэн нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн гэрчилгээ /0201550/-г хүчингүй болгох гэж буй талаар сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргах боловч хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******ийн байгалийн цогцолборт газраас 22 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандан фэйсбүүк /facebook/ пэйж хуудсаар дамжуулан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн[15]байх тул энэхүү захиргааны үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт ...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно..., 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт ...хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх... заасантай нийцнэ гэж шүүх үзлээ.
4.11. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Д.*******гийн хувьд 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гурвалсан гэрээ байгуулахаар *******ийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж байгаа нь түүнийг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт ...90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулна... гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй болохыг нотолж байна[16].
4.12. Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн Д.*******г бусдын хууль бус үйлдлийн улмаас тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэх, хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалаараа хүчингүй болгосон нь зөв байхаас гадна уг захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хуульд үндэслэх; 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; тусгай зарчмыг захиргааны үйл ажиллагаандаа баримталсан байх тул шүүхэд уг захиргааны актыг хууль бусад тооцон хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******гээс гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР