Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 59

 

 

2023        11          07                                      2023/ДШМ/59

 

Ө.Алтанзул, П.Бат-Эрдэнэ нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж,  шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч Ө.Алтанзул түүний өмгөөлөгч н.Буянжаргал/цахимаар/, Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч П.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Д.Нямдорж, нарийн бичгийн дарга А.Раднаабазар нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Ө.Алтанзул түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ө.Алтанзул, П.Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 2336001450184 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн Өвгөн ургийн овогт Өлзийсайханы Алтанзул, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл гурав, ээж, эгчийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 08 дугаар (Индэрт) багийн 45 тоотод оршин суудаг, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 20 хоногийн баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 15 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: дю88082019.

 

2. Монгол Улсын иргэн Оготор Еншөөбү ургийн овогт Пүрэвжавын Бат-Эрдэнэ, 1993 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бул хоёр, эхийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 02 дугаар (Баяншанд) багийн 7 дугаар гудамжны 18 тоотод оршин суудаг, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: дю93030931.

3. Шүүгдэгч Ө.Алтанзул, П.Бат-Эрдэнэ нар нь 2022 оны 05 дугаар сарын 28-аас 29-ний өдрийн хооронд бүлэглэн Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг "Өндөр далан" гэх газраас хохирогч Б.Сүмбээхүүгийн 32 тооны адууг БНХАУ-д үйлдвэрлэсэн "Мустанг-5" загварын, улсын дугааргүй мотоциклоор тууж мал хулгайлсан нь

-Мөн "шүүгдэгч Ө.Алтанзулыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Рашааны задгай тоотод О.Ганбархасын гэрт Т.Тогтохмэндийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

4.Ховд аймгийн Прокурорын газраас Ө.Алтанзул, П.Бат-Эрдэнэ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Ө.Алтанзулын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

5. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

5.1 Өвгөн ургийн овогт Өлзийсайханы Алтанзул, шүүгдэгч Оготор еншөөбү ургийн овогт Пүрэвжавын Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.12.22.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Өвгөн ургийн овогт Өлзийсайханы Алтанзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

5.2 Шүүгдэгч Ө.Алтанзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.12.22.4-т зааснаар 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хорих ялаар

- Шүүгдэгч П.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.12.22.4-т зааснаар 3 (гурван) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

5.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Алтанзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хорих ял дээр дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт оногдуулах ялыг 7 (долоон) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

5.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ө.Алтанзулд оногдуулахаар тогтоосон хорих ялаас цагдан хоригдсон хоригдсон 313 (гурван зуун арван гурван) хоногийг хасаж, биечлэн эдлэх 6 (зургаан) жил 1 (нэг) сар 22 (хорин хоёр) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид,

шүүгдэгч П.Бат-Эрдэнэд оногдуулахаар тогтоосон хорих ялаас цагдан хоригдсон 92 (ерэн хоёр) хоногийг хасаж, биечлэн эдлэх 3 (гурван) жил 2 (хоёр) сар 28 (хорин найман) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлж,

5.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5150'000 (таван сая нэг зуун тавин мянган) төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Ө. Алтанзулаас 2,575,000 (хоёр сая таван зуун далан таван мянган) төгрөгийг, шүүгдэгч П.Бат-Эрдэнээс 2,575,000 (хоёр сая таван зуун далан таван мянган) төгрөгийг, мөн шүүгдэгч Ө.Алтанзулаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын, улсын дугааргүй мотоциклын үнэлгээ болох 300'000 (гурван зуун мянган) төгрөгийг тус тус албадан гаргуулж, хураан авсан хөрөнгөөс 800'000 (найман зуун мянган) төгрөгийг хохирогч Б.Сүмбээхүүд олгож, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлж,

5.6 Шүүгдэгч Ө.Алтанзулд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж, шүүгдэгч П.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорьж,

 

5.7 Иргэний нэхэмжлэгч Н.Гонгорсүрэнгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Н.Гонгорсүрэн нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

5.8 Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

5.9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалж,

5.10 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгч Ө.Алтанзул түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолд Ө.Алтанзулд оногдуулсан 6 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Гэтэл шүүгдэгч Ө.Алтанзул нь хаалттай хорих байгууллагад 6 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг эдлэх хүсэлтээ байгаа болно.

6.2 Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэжээ. Ө.Алтанзул нь нь хэдий санаатай 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн ч 7 жилээс доогуур хорих ял оногдуулах боломж анхан шатны шүүхэд байсан байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Ө.Алтанзулд ял эдлэх хорих байгууллагыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ө.Алтанзулын өмгөөлөгч н.Буянжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Алтанзулын хувьд давж заалдах шатны шүүхэд ял хөнгөрүүлэх саналыг гаргасан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн зүгээс уг зүйлчлэлд маргадаггүй. Түүний хувийн нөхцөл байдлын хувьд өндөр настай ээжийн хамт амьдардаг ба 80 хувийн группт байдаг бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй байх тул нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж үзээд хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил болгож багасгаж өгнө үү гэв.

7.Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Нямдорж, Д.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1 Шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатнаас Ө.Алтанзул намайг адуу туугаад өгөөч, миний адуу юм гэдгийг тогтвортой мэдүүлдэг. Н.Гонгорсүрэнгээс мэдүүлэг авахад би хулгайн мал гэж мэдээгүй, худалдаж авсан гэдгийг тайлбарладаг. Н.Гонгорсүрэнгийн мэдүүлгээс П.Бат-Эрдэнэд хулгайн мал гэдгийг хэлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүхээс П.Бат-Эрдэнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна гэж тайлбарласан. Үүнээс П.Бат-Эрдэнийг эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэл байна

7.2 . Гэмт хэрэгт хамжигчаар оролцож байгаа тохиолдолд хамжигчаар оролцсон хүний ял, гүйцэтгэгч зохион байгуулагчийн ялаас хамаагүй бага байдаг. Гэтэл шүүх хэргийг гардан зохион байгуулсан Ө.Алтанзулд 3 жил оногдуулсан боловч П.Бат-Эрдэнэд 3 жил 6 сарын ял оногдуулсан байна. Үүнээс үзэхэд шүүх хууль үндэслэлтэй дүгнээгүй. Хулгайн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзвэл 2 жилийн хугацааг хорьж шийдвэрлэж өгнө үү.

Хэрэгт цугларсан баримтаар Ө.Алтанзултай  хамтарч хулгайн гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн үндэслэл байхгүй байна.

7.3 Ө.Алтанзул мал туулцаад өг гэж хэлээд дагуулаад явсан. Гэгээн цагаан өглөөгүүр айлын мал туугаад яваад байгаа болохоор хулгайн адуу гэж бодоогүй, хулгайн адуу гэж надад хэлээгүй. Өндөр настай ээжийн хамт амьдардаг, ээжийгээ асардаг юм. Хэдийгээр эгч маань байдаг боловч бага насны хүүхдүүдтэй, бага хүүхэд нь байнга эмчилгээнд явдаг. Надаас өөр ээжийгээ харах хүн байдаггүй гэв.

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: П.Бат-Эрдэнэ, Ө.Алтанзул нар 32 тооны адуу хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Ө.Алтанзул, П.Бат-Эрдэнэ нарын хөнгөрүүлэхэд өөрчлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

1. Шүүгдэгч Ө.Алтанзул, П.Бат-Эрдэнэ нар нь 2022 оны 5 дугаар сарын 28-аас 29-ний өдрийн хооронд бүлэглэн Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг “Өндөр далан” гэх газраас хохирогч Б.Сүмбээхүүгийн 32 тооны адууг БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” загварын улсын дугааргүй мотоциклоор тууж мал хулгайлсан,

Мөн шүүгдэгч Ө.Алтанзул нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Рашааны задгай тоотод О.Ганбархасын гэрт Т.Тогтохмэндийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Прокурорын газраас шүүгдэгч Ө.Алтанзулын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            2. Анхан шатны шүүх “шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэж дүгнэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгч Ө.Алтанзул, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүдэгч П.Бат-Эрдэнэ нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

            3. Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Тухайлбал шүүгдэгч Ө.Алтанзул нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна. /1хх-ийн 197-200х/

            Улмаар Ө.Алтанзул нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/хмшз/188 дугаар шүүгчийн захирамжаар 2 жил 5 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд энэхүү захирамж хэрэгт авагдаагүй байна. /1хх-ийн 238х/

            Гэвч хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч Г.Ганбатын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1/632 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар шүүгдэгч Ө.Алтанзул нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх үедээ санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь илэрхий байхад шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж заасан байна.

Гэтэл шүүх хорих ялаас хугацааны өмнө суллагдсан байх үедээ санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ө.Алтанзулын хувийн байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэж ял оногдуулаагүй орхигдуулсан байна. 

4. Анхан шатны шүүхийн “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчлөх боломжгүй бөгөөд дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

5. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Ө.Алтанзул түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нарын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар” гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,  

 

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 2. Шүүгдэгч Ө.Алтанзул, П.Бат-Эрдэнэ нарт авсан цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР