Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2025/0039

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О******* ХХК /РД: *******/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.******* нарын хоорондын маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ц******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийн О******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн сумын ******* нэртэй газарт 263.97 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцож О******* ХХК-д нөхөн олгосон.

2.2. Ашигт малтмал газрын тосны газар 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10/2820 дугаартай албан бичгээр О******* ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна... гэж мэдэгдэл хүргүүлжээ.

2.3. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 311 дугаартай шийдвэрээр О******* ХХК-ийн ******* аймгийн сумын нутаг дахь ******* нэртэй 263.97 гектар талбай бүхий тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, энэ талаар 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 10/3223 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

2.4. О******* ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газарт 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 24/13 дугаар албан бичгээр гомдол гаргасан.

2.5. Ашигт малтмал, газрын тосны газар 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1/3799 дугаар албан бичгээр ... тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах зохицуулалтгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ-020785 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, 07 дугаар сарын 31-ний өдрийн 10/3223 дугаартай албан бичгээр танай компанид мэдэгдсэн байна. Иймд танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье гэж хариу хүргүүлжээ.

2.6. Дээрх хариуг эс зөвшөөрч О******* ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

2.7. Нэхэмжлэгчийн зүгээс ...О******* ХХК нь 9 жилийн хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг зохих ёсоор биелүүлж, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөр-ийг хуульд заасан хугацаанд төлсөөр ирсэн.

2024 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлөх үүрэгтэй байсан. Компанийн санхүүгийн нөхцөл байдлын хувьд шинээр хөрөнгө оруулалт орж ирэх хугацаа түр хойшилсон. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал болох Сингапур улсын иргэн *******гийн хувьд Сингапур улсад байсан зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдалтай байсан. Тусгай зөвшөөрлийн 10 дах жилийн төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулж өгөөч гэдэг агуулга бүхий хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн гэх агуулгаар маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс ...О******* ХХК оруулалт орж ирээгүйгээс шалтгаалаад түр хугацаагаар хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд төлбөрийг хойшлуулах хугацаа зааж өгөөгүй, ямар нэгэн эрх Ашигт малтмал, газрын тосны газарт олгогдоогүй. Алдангийн хамт 30 хоног нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуусаж байгаа. Үүнийг нэхэмжлэгч компани мэдэж байгаа, мэдэгдсэн. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар хойшлуулж өгөөч гэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг хууль дээр тодорхой заасан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Нэхэмжлэгч О******* ХХК нь Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийн О******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Учир нь дээрх шийдвэрээр О******* ХХК-ийн Ашигт малтмал ашиглалтын МҮ-020785 дугаартай тусгай зөвшөөрөл (Монгол Улс, ******* аймаг, сумын ******* нэрт газарт байрлах 263.97 гектар талбай бүхий уурхайн талбайд 2045.06.08-ны өдрийг дуустал хугацаанд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн)-ийг цуцалсан бөгөөд хариуцагч нь энэхүү шийдвэрийг гаргахдаа хуульд заасан журмыг ноцтой зөрчиж хууль бус шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч О******* ХХК нь 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан, ******* регистрийн дугаартай, гадаад худалдаа, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс Ашигт малтмал ашиглалтын МҮ-020785 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа болно. Манай компанийн зүгээс өнгөрсөн 9 жилийн хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг зохих ёсоор биелүүлж, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөр-ийг хуульд заасан хугацаанд төлсөөр ирсэн.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар (Ашигт малтмал, газрын тосны газар)-аас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10/2820 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт ...Танай компанийн дараах тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд төлсөн нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар уг тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна гэсэн.

Манай компани 2024 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан журмын дагуу 2024 оны 06 дугаар сарын 08-ны дотор төлөх үүргийг хүлээсэн боловч компанийн санхүүгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын хугацаа хойшилсон, мөн тухай үед компанийн гүйцэтгэх захирал байсан ******* нь Сингапур улсад байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөр төлөх хугацааг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулах агуулга бүхий хүсэлтийг 2024.07.24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан.

1.3.4.Гэтэл тус газраас 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 10/3253 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг бичигтээ ...Танай компани өөрийн эзэмшлийн ашигт малтмалын дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг мэдэгдье гэх агуулга бүхий үндэслэлгүй хариуг өгсөн.

1.3.5.Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийн хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газраас авах арга хэмжээ, цаашлаад тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл журмын талаар дараах байдлаар тодорхой зохицуулсан байна.

34.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.

34.6 Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.

34.7 Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална:

56.1 Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална:

56.1.2 тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй

56.2 Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.

56.3 Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

56.4 Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.

1.3.6. Дээрх зохицуулалтаас үзвэл, тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг тухайн зөвшөөлийг олгосон өдрөөр тооцож урьдчилан төлөх бөгөөд хэрэв энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд хоногийн 0.3 хувиар нийт 30 хоног алданги тооцохоор зохицуулсан байна. Алданги тооцох 30 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл бүрдэх бөгөөд ийнхүү тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 хоногийн дотор төрийн захиргаан байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлээ тусгай зөвшөөрөл цуцлах болсон үндэслэлийг тодорхой заахаар зохицуулсан.

1.3.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдэгдлийг хүлээн авснаас хойш тухайн мэдэгдэлд заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол холбогдох нотлох баримтын хамт албан бичгийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд төрийн захиргааны байгууллага баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох, хэрэв үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны процессыг тодорхой зохицуулжээ.

1.3.8. О******* ХХК-ийн эзэмшиж буй дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр авсан бөгөөд жил бүрийн төлбөрийг тухайн жилийн 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор урьдчилан төлсөөр ирсэн. Хэрэв энэ хугацаанд төлбөр төлөөгүй нөхцөлд Ашигт малтмалын тухай хуулийн 34.6-д заасны дагуу 0.3 хувиар хоног тутамд алданги тооцож, мөн хуулийн 34.7-д заасны дагуу 30 хүртэл хоног буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл алданги тооцохоор байна. Энэ хугацаанд төлбөрийг алдангийн хамт төлөөгүй нөхцөлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэх бөгөөд ажлын 10 хоногийн дотор манай компанид тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл ирүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бидэнд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор мэдэгдэх ёстой байсан.

1.3.9. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдэхээс өмнө 10/2820 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн боловч, уг албан бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасан төлбөр төлсөн тухай баримтаа ирүүлэхийг шаардсан агуулгатай байсан.

1.3.10. Тиймээс манай компанийн зүгээс төлбөр төлөх хугацаан хойшлуулах хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус газарт хүргүүлсэн боловч, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10/3253 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр манай компанийн эзэмшлийн дугаартай тусгай зөвшөөрлийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 311 дугаартай шийдвэрээр цуцалсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн ойлгомжгүй тайлбарыг ирүүлсэн. Үүгээр бид тусгай зөвшөөрөл цуцлагдсан болохыг анх мэдсэн бөгөөд ийнхүү цуцлахдаа хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1.3.11. Учир нь дээр дурдсанчлан тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш төрийн захиргааны байгууллага Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан мэдэгдлийг огт ирүүлээгүй, манай компанид мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах боломж олгоогүй атлаа 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 311 дугаартай гэх шийдвэрээр манай компанийн эзэмшлийн дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй байна. Мөн дээрх тусгай зөвшөөрөл цуцалсан тухай шийдвэрийг манай компанид огт мэдэгдээгүй болно.

1.3.12. Ийнхүү төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчиж тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь манай компанийн эрх ашгийг ноцтой хохироож байгаа төдийгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй, мөн хуулийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах шаардлагыг хангаагүй хууль бус шийдвэр болсон.

1.4. Маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухайд:

1.4.1. О******* ХХК нь дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайд өнгөрсөн 9 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр 85,592,000 төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 3,045,378,600 төгрөг, нийт 3,130,970,600 төгрөгийн зардал гаргасан.

1.4.2. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хууль бус шийдвэр гарсны улмаас манай компанийн дугаартай тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийн талбайд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнг эзэмших эрх зөрчигдөж байна.

1.4.3. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр манай компани ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмших, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

1.5. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

1.5.1.Нэхэмжлэгч О******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10/3253 тоот албан бичгээр өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-020785 дугаартай тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024.07.30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрээр цуцлагдсан болохыг анх мэдсэн.

1.5.2 Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/13 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад бичгээр гомдол гаргасан боловч 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/3799 тоот албан бичгээр манай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн болно.

2.Хоёрдугаар шаардлага буюу хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх тухайд:

2.1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт ...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ, мөн хуулийн 11.1.15 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл ... цуцлах ... гэж тус тус заасан.

2.2.Үүнээс үзвэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан тул хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг татах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Гадаад худалдаа, ашигт малтмал, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм. Тус компанийн хувьд Монгол улс, ******* аймаг, сумын ******* нэртэй газарт байрлах 263,97 метр талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан хөрөнгийн нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмалын MV-020785 дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хойш эзэмшиж байна. Өнгөрсөн 9 жилийн хугацаанд бол Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг зохих ёсоор биелүүлж мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд тогтмол төлж ирсэн.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10/2820 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг манай компанид ирүүлсэн. Албан бичигт танай компанийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дах хэсэгт заасан хугацаанд төлсөн нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна гэсэн агуулгатай мэдэгдэл байсан. Өөрөөр хэлэх юм бол танайх төлбөрөө төлөөгүй байна шүү, төлбөр төлөх хугацаа одоо болж байна гэсэн агуулгатай байсан. 2024 онд тусгай зөвшөөрлийн хуульд заасны дагуу төлөх хугацаа бол 2024 оны 06 дугаар сарын 08-ны дотор төлөх ёстой. Компанийн санхүүгийн нөхцөл байдлын хувьд шинээр хөрөнгө оруулалт орж ирэх хугацаа түр хойшилсон.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирал болох Сингапур улсын иргэн *******гийн хувьд Сингапур улсад байсан зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдалтай байсан. Тусгай зөвшөөрлийн 10 дах жилийн төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулж өгөөч гэдэг агуулга бүхий хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн. 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 10/3253 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг ирсэн. Өөрөөр хэлэх юм бол манай 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн албан бичигт хариу ирүүлсэн.

Танай компанийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дах хэсэгт заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийг зөрчсөн тул 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл, Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 311 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг өгсөн. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг хэрхэн яаж цуцлах вэ гэдэг процессыг дэлгэрэнгүй, ойлгомжтой зааж өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34 дүгээр зүйлийн 34.6-д энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги тооцно, 34 дүгээр зүйлийн 34.7-д алданги тооцох хугацаа 30 хоног байна 30 хоногоос хойшоо хэтрэх юм бол тус хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж байна.

Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол цуцалж болно. Төрийн захиргааны байгууллага нь цуцлах үндэслэл бүрдсэнээс хойш буюу төлбөр төлөх хугацааг нэмээд алданги тооцох гуч хоногийн хугацаа дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн болохыг мэдэгдэнэ гэж байна.

Тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэл түүнийг тодорхой зааж өгнө гэсэн агуулгатай байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг хэрвээ тусгай зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрөхгүй байх юм бол түүнийг нотолсон баримтыг төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Төрийн захиргааны байгууллага тэр баримтыг хүлээж аваад хэрвээ үндэслэлтэй байх юм бол цуцлахгүй цааш үргэлжлүүлнэ, үндэслэлгүй гэж үзэх юм бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тусгай зөвшөөрөл цуцалсан талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөлд эзэмшигчид мэдэгдэнэ гэсэн байна.

Манай үйлчлүүлэгчийн хувьд сая дурдсанчлан 6 дугаар сарын 08-ны өдөр буюу жил болгон урьдчилж төлөх ёстой, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 30 хоногоор алданги тооцно гэж заасан байна. 06 дугаар сарын 08-ны өдөр төлж чадаагүй гэдгээ төлж чадаагүй гэдгээ дурдсан. Алданги тооцох хоногийг бодох юм бол 06 дугаар сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл гуч хоногийн хугацаанд алданги тооцно. Ингээд 07 дугаар сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдэж байгаа. Хуульд заасны дагуу 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор буюу наадмын амралттай хоногууд таарч байгаа учраас ажлын 10 хоногийг тоолоход 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор тусгай зөвшөөрөл цуцалсан үндэслэл бүрдсэн гэдэг мэдэгдлийг манай компанид хүргүүлээд тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийн талаар тайлбараа төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх процессын журамтай байсан. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдэхээс өмнө төлбөр төлөгдөөгүй байна, төлбөр төлчихсөн баримтаа ирүүлнэ гэдэг агуулгатай бичиг ирсэн болохоос биш тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн шүү, албан ёсны тайлбараа ирүүлээч гэдэг мэдэгдэл ирүүлээгүй.

Төлбөртэй холбоотой бичиг ирэхээр хөрөнгө оруулалт болон гүйцэтгэх захиралтай холбоотой нөхцөл байдал үүсэж байгаа учраас түр хугацаанд хойшлуулж өгөөч гэдэг албан бичгийн хариуг 08 дугаар сарын 02-ны өдөр өгөхдөө тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 07 дугаар сарын 30-ны өдрийн 311 дугаартай шийдвэрээр цуцалсан гэдэг агуулгатай хариуг бид нарт өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйл болон 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой процессын арга хэмжээг хариуцагч байгууллага аваагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг тусгасан байна. Хуульд өөрт нь тайлбар байгаа. Маргаан бүхий захиргааны акт эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн эдийн засгийн үр дагавар гэдэг дээр хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэглэх ёстой. Нотлох баримт шинжлэн судалсны дараа харагдах байх. Тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компанийг хөрөнгө оруулалт хийж шилжүүлж авснаасаа хойш өнөөдрийг хүртэл 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчхээд цаашид уурхай дээр ашиглалтын үйл ажиллагаа явуулна гээд хөрөнгө оруулалт хайгаад явж байхад Ашигт малтмал, газрын тосны газар буюу эрх олгосон байгууллага хуульд заасан процессын ажиллагаа хийхгүйгээр тухайн жилийн төлбөр болох 5 сая төгрөгийг төлөөгүй гэдэг асуудлаар том хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа лицензийг шууд цуцалж байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар даргад нь гомдол гаргасан. Даргын зүгээс сая дурдсан асуудлаар өмнөхтэй ижилхэн хариуг өгсөн.

Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 311 дугаартай шийдвэрийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байна. Захиргааны хэрэг үүссэнтэй холбоотой нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах шүүгчийн захирамж гарсан. Яагаад захиргааны актын шинжийг хангаж байгаа вэ, нэхэмжлэгч компанийн эрх ашгийг хэрхэн яаж хөндөж байгаа вэ, урьдчилсан шийдвэр ажиллагаа яаж хийсэн бэ гэдэг талаар бол дэлгэрэнгүй бичээд тайлбар өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж хүсэж байгаа юм гэв.

3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т сонсох ажиллагааны мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гээд 20 болон түүнээс доош этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд нь шууд хүргүүлнэ, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах гэж тодорхой заасан байна. Манай компанид шууд мэдэгдээгүй, өөрсдөө ч нотолж чадаагүй гэж үзэж байна.

Яагаад вэ гэхээр 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэл буцаалт гэсэн байна. Энэ дугаарт утсаар мэдэгдлээ хариу нь ингэж ирсэн, эсвэл шуудангаар энэ хаягт явуулсан гэдгээ нотолж чадаагүй. Танайх хаягаа өөрчилсөн бол мэдэгдэх ёстой байсан гэдэг тайлбар өгч байна. Цуцалсан мэдэгдэл манай компанид ирээгүй. Тийм учраас сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, процессын алдаа гаргасан гэж үзэж байна. 2024 оны 06 дугаар сарын 27-ны бичиг бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдэл биш юм.

2024 оны 07 дугаар сарын 08-28-ны өдрийн хооронд зохих журмын дагуу өгсөн байсан бол маргах зүйл байхгүй. Зохих журмын дагуу сонсох ажиллагааг хийгээгүй учир ашиг сонирхлоо хамгаалуулахаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын үндсэн дээр нэхэмжлэлийг гаргаж ашиг сонирхлоо хамгаалахаар хандаж байна. Тийм учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.4. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2-д заасны дагуу ******* аймгийн сумын нутагт орших ******* нэртэй газарт 263.97 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрээр О******* ХХК-д олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, гэж 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, гэж 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж хуульчилсан.

Гэтэл О******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөр тооцож 10 дахь жилийн төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөх ба мөн зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө төлөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах эрхийг зааж өгсөн ба 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл хадагдах үүргээ хэрэгжүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тухайлсан зохицуулалт байхгүй.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар солигдсон тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д Оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичиг гардуулсанд тооцно гэж, 43 дугаар зүйлийн 43.3-д Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж заасан.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийг О******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагч буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас хариу тайлбар өгсөн. Хариу тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бүхэлд нь дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр MV-020785 тусгай зөвшөөрлийг олгосон. Тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой асуудлаар жил болгон нэхэмжлэгч компани 2015 оноос хойш жил болгон Ашигт малтмалын тухай хуулийн 31, 32, 33, 34 дүгээр зүйлд зааснаар жил болгон 5,741,348 төгрөгийг төлж явж байсан. 2024 онд 10 дах жилийн төлбөрийг нэхэмжлэгч компаниас төлөөгүй.

Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/2820 албан бичгээр төлбөрөө төл, төлөөгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу цуцлахыг мэдэгдэж байна гэсэн албан бичгийг явуулсан. Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэл ажиллагааг хийсэн. Тухайн бичгийг гардаж аваад хариу тайлбар өгсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөг дурдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасны дагуу монгол шуудангаар явуулснаас хойш Нийслэлд ажлын 5 хоногийн дотор мэдэгдсэнд тооцно гээд зааж өгсөн. Төлбөрөө төл, төлөхгүй бол цуцална гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдсэн. Мэдэгдсэнтэй холбоотойгоор маргахгүй байх шиг байна. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл 56 дугаар зүйлд заасны дагуу цуцална гэж тодорхой заасан.

Үүнийг ******* ХХК компани хэрэгжүүлээгүй. Мөн хуулийн 32 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр урьдчилан төлнө гэж хууль дээр заасан. Тусгай зөвшөөрлийг 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр олгосон. 2024 оны 06 дугаар сарын 08-ны дотор төлөх үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой асуудлаар Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д төлбөрийг төлөөгүй бол алдангийн хамт төлөх хугацааг хойш нь сунгаж өгсөн. 30 хоногийн дотор алдангийн хамт төлөхгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу төлөхгүй бол 56 дугаар зүйлд заасны дагуу цуцална гэж заасан. Цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн.

Нэхэмжлэгч компаниас нэхэмжлэлийн шаардлагадаа хэлж байна хөрөнгө оруулалт орж ирээгүйгээс шалтгаалаад түр хугацаагаар хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд төлбөрийг хойшлуулах хугацаа зааж өгөөгүй, ямар нэгэн эрх Ашигт малтмал, газрын тосны газарт олгогдоогүй. Алдангийн хамт 30 хоног нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуусаж байгаа. Үүнийг нэхэмжлэгч компани мэдэж байгаа, мэдэгдсэн. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар хойшлуулж өгөөч гэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг хууль дээр тодорхой заасан. Ашигт малтмал, газрын тосны газар Монгол Улсын Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй захиргааны байгууллага юм. Үүний дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй, төлбөр төлөөгүй гэдэгтэй маргахгүй байгаа. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 311 дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д ... тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгохоор, төлбөр-ийг хуульд заасан хугацааны дотор, хэмжээгээр, бүрэн гүйцэд төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой аливаа харилцааг уг хуулиар тусгайлан зохицуулсан байна.

4.3.Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-020785 дугаар тусгай зөвшөөрлийнхөө ээлжит 10 дахь жилийн төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс өмнөөс төлөх ёстой бөгөөд нэхэмжлэгч хувьд төлбөр төлөх хугацааны талаар маргаагүй, харин уг хугацааг хойшлуулж, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлөхийг хүссэн, энэ учир шалтгааныг хөрөнгө оруулалт орж ирэх хугацаа хойшлогдсон, компанийн гүйцэтгэх захирал Сингапур улсын иргэн ******* Сингапур улсад байсан гэж маргасан.

4.4.Гэвч нэхэмжлэгч ******* ХХК-ийн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д тодорхойлсон хүндэтгэн үзэх шалтгаан-д тооцогдох ойлголтод хамаарах шалтгаан бүхий баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл гарч, өөрийнхөн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон болохыг нотлох Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Force majeure буюу Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон Hardship буюу хүнд нөхцөл байдлын гэрчилгээг гаргуулан авч ирүүлээгүй тул шүүхээс нэхэмжлэгч компанийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.5.Харин хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56.2.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56 дугаар зүйлийн 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж тус тус заасан нөхцөл байдал үүссэн, түнийг арилгаагүйгээс бий болох үр дагаврын талаар 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/2820 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн[1] байхаас гадна тус хуулийн этгээдээс гаргасан 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 24/10 тоот ...10 дахь жилийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулах...-ыг хүссэн хүсэлтэд 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10/3253 дугаар албан бичгээр ...хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг... гэх хариу өгч Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн.

4.6.Нөгөөтээгүүр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанаас даруй 19 хоногийн дараа гарч буй хугацаанд бий болсон зөрчлийг арилгаж  тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах боломжийг ашиглаагүй зэргээс үзвэл хариуцагчаас ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-020785 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй зааснаар цуцалсан шийдвэр нь үндэслэл бүхий уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй шүүх дүгнэлээ.

4.7.Түүнчлэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* хувьд Сингапур улсад амьдарч байсан эсэхээс үл шалтгаалан улс хоорондын гүйлгээ хийх аргыг сонгон, ашигт малтмалын ашиглалтын MV-020785 дугаар тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн 5,741,348 төгрөгийн төлбөр-ийг хуульд заасан хугацаанд төлөх боломжтой байсан.

4.8.Хавтас хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрлийн эзэмших хугацаандаа зарцуулсан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн хэдий ч энэ тохиолдолд захиргааны үйл ажиллагаанаас бус дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүргээ хэрэгжүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим-ыг хэрэглэх боломжгүй, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй болно.

4.9.Эцэст нь хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг нэхэмжлэгчид гардуулаагүй нь буруу, гэвч энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй боломжгүй.

4.10. Иймээс дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийн О******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР