Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00571

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00571

 

 

 

Э.Ү.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00127 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Ү.Т ХХК-ийн хариуцагч П.Ид холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5 907 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ү.Т ХХК нь Т.И ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд баригдаж буй орон сууцны барилгаас 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон. Үүний дагуу Т.И ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ZA-025/208/2018 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж, 73 738 500 төгрөгийн үнэлгээ бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Зайсан апартмент орон сууцны барилгын 2 давхрын 208 тоот, 44.69 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ажлын хөлсөндөө авахаар гэрээгээр тохирсон бөгөөд компанийн зүгээс ажлаа бүрэн хийж гэрээ дуусгавар болсон. Манай компани уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар авсан орон сууцыг П.Ид 78 207 500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ZA-025/208/2018 тоот орон сууцны барилгын захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж захиалагчийн эдлэх бүх эрх үүргийг шилжүүлсэн. П.И нь орон сууцны төлбөрт 72 207 500 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 6 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2019 оны 7 дугаар сард үлдэгдэл төлбөрийг удахгүй төлж барагдуулна, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу Т.И ХХК-д мэдэгдэн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг П.Иийн нэр дээр гаргуулж өгсөн боловч төлбөрөө төлөөгүй. Хариуцагч П.Иээс 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан ба төлбөр төлсөн тооцоолол дээр алдаа гаргаснаа залруулж, үлдэгдэл төлбөрт 5 907 500 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Утай 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ZA-025/208/2018 тоот орон сууцны барилгын захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулан, нийт 72 507 500 төгрөгийг Б.Уын дансанд шилжүүлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Зайсан апартмент орон сууцны 2 давхрын 208 тоот, 44.69 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авч Т.И ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ZA-045/208/2019 орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Э.Ү.Т ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн АБ/19-23 албан бичгээр П.И нь төлбөр тооцооны үлдэгдэлгүй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээр нь гаргуулах хүсэлт гаргаж, үүнтэй холбоотой аливаа асуудлыг манай компани бүрэн хариуцна гэсэн утгатай албан бичгийг Т.И ХХК-д хүргүүлсэн. Иргэн нь орон сууц худалдан авахад төлбөрийн баримт авсан байх ёстой болсон бөгөөд Т.И ХХК нь Э.Ү.Т ХХК-ийн Б.Уаас баримтаа ав гэсэн тул Б.Уаас удаа дараа баримтаа нэхсэн боловч өгөөгүй. Харин татварын буцаан олголтын 2 хувийн урамшууллын 1 500 000 төгрөгийг хасахаар тохиролцож байсан. Мөнгө шилжүүлсэн баримт тутамд и-баримт өгөх ёстой боловч өгөөгүй. П.И нь татварын багц хуулиар буцаан олголтын 6 000 000 төгрөг авах боломжоо эдэлж чадахгүй мөн 2 хувийн буцаан олголтын 1 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгөөр хохирч байна. Нэхэмжлэгч компани тухайн орон сууцыг П.Ид худалдан борлуулахаар тохирсон зүйл байхгүй. Үлдэгдэл төлбөрийг Б.У нь Т.И ХХК-д төлөх ёстой. Б.Ут төлсөн 72 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин Б.Ут хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгааг одоо тодорхойлох боломжгүй тэрээр тусдаа нэхэмжлэх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Иээс гэрээний үлдэгдэл төлбөрт 5 907 500 төгрөг гаргуулах тухай Э.Ү.Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны барилгын захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ болон хуульд нийцээгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Э.Ү.Т ХХК нь Т.И ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд баригдаж буй орон сууцны барилгаас 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон. Үүний дагуу Т.И ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2А-025/208/2018 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж, 73 738 500 төгрөгийн үнэлгээ бүхий 2 өрөө орон сууцыг ажлын хөлсөндөө авахаар гэрээгээр тохирсон бөгөөд, манай компанийн зүгээс ажлаа бүрэн хийж, гэрээ дуусгавар болсон. Манай компани гэрээний дагуу бартераар авсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Зайсан апартмент орон сууцны барилгын 2 давхрын 208 тоот 44.69 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг иргэн П.Ид 78 207 500 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2А-025/208/2018 тоот орон сууцны барилгын захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж захиалагчийн эдлэх бүх эрх үүргийг шилжүүлсэн. П.И нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны төлбөрийг төлж барагдуулаагүйгээс нэхэмжлэгч тал шүүхэд хандсан болно.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан өөрт хамааралтай бүхий л нотлох баримтаа гаргаж өгсөн, ойлгомжгүй, тодорхойгүй зүйл байхгүй болно.

Түүнчлэн хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Э.Ү.Т ХХК-тай гэрээ байгуулаагүй иргэн Б.Утай гэрээ байгуулсан гэж маргасан бөгөөд энэ тайлбар нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч П.И Хан-Уул дүүргийн татварын албанд манай компанид холбогдуулан орон сууц худалдан борлуулсан төлбөрийн баримт олгоогүй, төлбөрийн баримт олгоогүйгээс татварын хөнгөлөлт эдэлж чадахгүйд хүрч хохирч байна гэх гэх утгатай гомдол гаргасан байсан. Уг гомдолтой холбоотойгоор манай байгууллагаас П.Ид гэрээний үнийн дүнгээс тооцон төлбөрийн баримт /и-баримт/-ыг шивж өгсөн бөгөөд үүнтэй холбоотой холбогдох тайлбараа шүүх хуралдаанд хэлсэн.

Хариуцагч П.И нь 2А-025/208/2018 тоот орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний худалдагч тал нь Э.Ү.Т ХХК болохыг тодорхой мэдэж байсан учраас манай компаниас орон сууц худалдан борлуулсан төлбөрийн баримт өгөхийг шаардсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэн нэхэмжлэх эрхтэй нь тодорхойгүй, захиалгын гэрээнүүд ямар агуулгыг илэрхийлж байгаа нь ойлгомжгүй гэж дүгнэсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогүй дутуу тогтоосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүгч П.Иийн Хан-Уул дүүргийн татварын албанд хандаж гаргасан гомдол, болон Э.Ү.Т ХХК-ийн П.Ид олгосон төлбөрийн баримтыг холбогдох эрх бүхий этгээдээс гаргуулж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж, хэргийн бодит үйл баримтыг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Хэргийн нотлох баримт дутуу бүрдүүлсэн тохиолдолд үйл баримт бүрэн тогтоогдохгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Э.Ү.Т ХХК нь хариуцагч П.Ид холбогдуулан орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 907 500 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээдийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт Э.Ү.Т ХХК нь Т.И ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 058 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, иргэн Б.У, Т.И ХХК нарын байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ZA-025/208/2018 дугаартай Орон сууцны барилгын захиалгын гэрээ, иргэн Б.У, П.И нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ZA-025/208/2018 дугаартай Орон сууцны барилгын захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ тус тус авагджээ. /хх-9-20/

Нэхэмжлэгч Э.Ү.Т ХХК, П.Иийг хариуцагчаар татаж түүнээс орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ ... манай компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар авсан ... орон сууцыг иргэн П.Итэд худалдахаар тохиролцож, .... орон сууцны барилгын захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, захиалагчийн бүх эрх, үүргийг шилжүүлсэн, ... орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэж тайлбарласан байна. /хх 107-108/

Хэргийн 19-20 дах талд авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ZA-025/208/2018 дугаартай Орон сууцны барилгын захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээнд эрх шилжүүлэгч Б.У, эрх хүлээн авагч П.И нар харилцан тохиролцон гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан байх тул Э.Ү.Т ХХК-ийн захирал Б.Уыг иргэнийхээ хувиар хариуцагч П.Итэй уг гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

Иймээс худалдах-худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч Э.Ү.Т ХХК шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, үйл баримтыг бүрэн тогтоогоогүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 109 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД