| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2336000000172 |
| Дугаар | 60 |
| Огноо | 2023-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 60
2023 11 07 2023/ДШМ/60
Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/219 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн 2336000000172 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн Гол Шар ургийн овогт Баахүүгийн Отгонбаяр, 1979 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл нэг, Ховд аймгийн Жаргалант сумын 07 дугаар (Магсаржав) багийн 1 дүгээр гудамжны 22 тоотод оршин суудаг, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн (2002 оны) тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаар: пг79061611.
2. Шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Рояал (Royal) гэх зочид буудлын 302 тоот өрөөнөөс хохирогч О.Мягмарын эзэмшлийн Самсунг Галакси А13 (Samsung Galaxy A13) загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас Б.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч гол шар ургийн овогт Баахүүгийн Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Отгонбаярт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,
4.4 Шүүгдэгч Б.Отгонбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.5 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
4.6 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 (нэг) ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалж,
4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Б.Отгонбаяр түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Отгонбаярыг 2023 оны 05 сарын 11-ний орой 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах Рояал /Royal/ гэх зочид буудал руу хүнтэй уулзах зорилгоор ороод 302 тоот өрөөнд амарч байсан хохирогч О.Мягмарын Самсунг Галакси А13 загварын гар утсыг хулгайлан авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн" гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзэн гэм буруутайд тооцон, хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
5.2 Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д "Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон нэвтэрч үйлдсэн" гэж хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан. Тухайн тохиолдолд яллагдагчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэж хууль бус нэвтрэлт мөн эсэхийг нь заавал тогтоосон байхыг шаарддаг.
Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно. УДШ-ийн 2019.10.30-ны №570 тогтоол/ "Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ." /УДШ-ийн 2019.10.16-ны №511 тогтоол/ гэж тус тус тайлбарлажээ.
5.3 Улсын Дээд Шүүхийн дээрх албан ёсны тайлбаруудаас бус нэвтрэлтэд буруутгахын тулд харахад яллагдагчийг хууль Хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан байх, Хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээтэй байх, Яллагдагч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчин түлхүүр тааруулах цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон байх гэсэн гол шалгуур шинжүүдийг хангасан эсэхийг тогтоосон байхыг шаардсан байна. Шүүгдэгч Б.Отгонбаярын 2023 оны 05 сарын 11-ний орой 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Рояал /Royal/ гэх зочид буудал руу хүнтэй уулзах зорилгоор ороод 302 тоот өрөөнд амарч байсан хохирогч О.Мягмарын Самсунг Галакси А13 загварын гар утсыг хулгайлан авсан үйлдэл нь дээрх шалгуур шинжүүдийг хангахгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан "хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орсон" гэж хүндрүүлэн зүйлчилж ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолд Б.Отгонбаярыг гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн зүгээс тухайн цаг хугацаанд ямар нэгэн байдлаар хориг саад тавиагүй нэвтрэлт биш гэж хэлж байна. Хохирогч нь “Royal” зочид буудлын 302 тоот өрөөнд байрласан байсан. Тухайн обьект нь хохирогчийн эзэмшил өмчлөлд байгаа. Б.Отгонбаяр тухайн цаг хугацаанд хохирогчтой ямар нэгэн харилцаа хамараал байхгүй, тухайн цаг хугацаанд орох зөвшөөрөл байхгүй байсан учраас хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.
Хамгаалалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Хохирогчтой харилцаа хамааралгүй байсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн зөв байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.
3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
4. Шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Рояал (Royal) нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнөөс хохирогч О.Мягмарын эзэмшлийн Самсунг Галакси А13 (Samsung Galaxy A13) загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, хохирогчид 407,200 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч О.Мягмар, гэрч Б.Отгонцэцэг, яллагдагч Б.Отгонбаяр нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэгт буюу зочид буудлын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий болсон байна.
6. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь “түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулыг шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж дүгнэлээ.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд хэргийн зүйлчлэл буюу хууль хэрэглээний асуудлаар маргаж давж заалдах гомдол гаргажээ.
7.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл хууль тогтоогч хуулийг тайлбарлахдаа “зочид буудал”-ыг хүн байнга буюу түр амьдрах зориулалттай орон байранд хамаарахаар шууд нэрлэж заасан байна. Иймээс шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хулгайлах “гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн” гэдэг нь гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй нэвтэрсэн байхыг ойлгох ба харин тухайн үед гэр, орон сууц, зочид буудал зэргийн хаалга дотроосоо түгжээгүй байхад орсон, эсхүл түгжээтэй байх үед нь түлхүүр тааруулж орсон, түгжээг эвдэж орсон зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярын цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР