| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0932/З |
| Дугаар | 128/ШШ2025/0055 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарын хоорондын маргааныг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийдвэрийн ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах[1].
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаартай Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрээр[2] аймгийн сумын нэртэй газарт 5668.60 га талбай бүхий ******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* ******* ХХК-д олгосон[3].
2.2. Ашигт малтмал газрын тосны газар 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 10/2055 дугаартай албан бичгээр ******* ******* ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийн ээлжит 2 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна гэх мэдэгдэл хүргүүлжээ[4].
2.3.Уг мэдэгдлийг хүргүүлэх үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил үүргээ эрхлэх боломжгүй байсан тул тухайн мэдэгдлийг гардан авч чадалгүй байсаар 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ очиж дээрх мэдэгдэлтэй танилцаж, мөн өдрөө тусгай зөвшөөрлийн төлбөрийг 30 хоногийн алдангийн хамт төлсөн аж.[5]
2.4.Гэвч тусгай зөвшөөрөл эзэмшигч ******* ******* ХХК-иас өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийнхээ төлбөрийг төлөхдөө зэрэгцэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 200 дугаартай шийдвэр[6] гарч, ******* ******* ХХК-ийн аймгийн сумын нэртэй газарт 5668.60 га талбай бүхий ******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалчихжээ.
2.5.Хариуцагч энэ тухайгаа 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 10/2323 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлэхэд ******* ******* ХХК-иас тухайн шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газарт 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр А-07/01 дугаартай албан бичгээр гомдол гаргасан.
2.6. Уг гомдолд Ашигт малтмал, газрын тосны газар 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1/3350 дугаар албан бичгээр ... Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан 200 дугаар шийдвэрийг хүчингүй болгох боломжгүйг мэдэгдье гэх хариу хүргүүлэхэд хариуг эс зөвшөөрч ******* ******* ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийдвэрээр манай дээрх тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Цуцалсан шийдвэртээ дурдсанаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй тул цуцалсан. Энэ нь нэхэмжлэгчийн эрх эзэмших буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг зөрчсөн байна.
Компанийн гүйцэтгэх захирал Л.******* Бүгд Найрамдах Солонгос Улс руу хагалгаанд орохоор явсны улмаас манай компани тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуулийн хугацаанд төлж чадаагүй, харин Кадастрын хэлтсээс төлөх тухай мэдэгдэл хүлээж авмагц 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлбөрийг төлсөн боловч уг өдрөөр тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж заасан.
Гэтэл цуцлах мэдэгдэл хүлээн авмагцаа тухайн өдөрт нь төлбөрийг төлсөн байхад Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн буюу 56.3-т заасны дагуу тайлбар, нотлох баримт авахгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэлгүй. Иймд гүйцэтгэх захирал эмчилгээтэй байсан хүндэтгэн үзэх шалтгаан болон мэдэгдэл хүлээн авмагц төлбөрөө шилжүүлсэн нөхцөл байдал, Ашигт малтмалын хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн зэргийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү.
Ашигт малтмалын газрын даргад 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй байж байгаад сая бүрдүүлбэр хангуулах захирамжийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар дээр очиж хариуг нь авсан болно. Уг хариу нь хаяг андуурагдсан буюу манай компанид ирээгүй байсан байна. Уг хариу нь мөн манай гомдлын шаардлагыг хангаагүй тул ийнхүү шүүхэд хандаж байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр цуцалсан. Уг үндэслэлээр цуцлахын тулд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дах заалтад энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаа хэтэрвэл 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хугацаа бол 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байна. Үүнээс Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан 30 хоногийг тооцвол 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болно.
Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсон хугацаа нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байна. Ямар журмаар цуцлахыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгнө гэж байна. Тэгэхээр 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд мэдэгдлээ өгөх ёстой байсан. Энэ мэдэгдэл дээр тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг тодорхой заана гэсэн байна. Хэрэгт авагдсан баримтаас харах юм бол 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ямар нэгэн цуцлах үндэслэл тогтоогдсон талаарх мэдэгдлийг өгөөгүй байна. 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдэж магадгүй гэдэг мэдэгдлийг өгсөн байна.
Өөрөөр хэлбэл цуцлах үндэслэл тогтоогдохоос өмнө өгсөн. 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд мэдэгдэл, сонсох ажиллагаа хийгээгүй байж 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 200 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч компани болох ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.******* нь эрүүл мэндийн байдлын хувьд ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэхэд боломжгүй байсан. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос Улсад зүрхний баруун, зүүн талдаа стент тавиулсан байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Жил болоод стентээ солиулах юм уу, 6 сар болоод сэдлүүлэх эмчилгээ хийлгэдэг. Стент өөрөө гадны биет болохоор тосорхог хоол идэхээр бөглөрдөг.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тодорхой харагдаж байна. 2023 онд 1 удаа солиулж байсан. Тослогийг бууруулах эмчилгээ байгаа юм. Сэдгэх эмчилгээ, тослогийг бууруулах дусал, тариа зэрэг эмчилгээг хийлгэдэг. Энэ үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирал Л.******* Бүгд Найрамдах Солонгос Улсыг зорьсон. Уг хугацаанд товлолд эмчилгээгээ хийлгэсэн. 2022 онд анх хагалгаанд ороод байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Урамшуулалт улирал эхэлсэнтэй холбоотой үнэ төлбөргүй стентийн тослогийг бууруулах эмчилгээ хийсэн. Л.******* тослог бууруулах эм дуусаж байсан учир мөн авахаар очсон. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улсад байсан.
Үүнээс цааш Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг зорьж ижил үйлчилгээтэй боловч хямд үнэтэй эм байдаг талаар сонсоод тухайн улс руу явсан. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсад ирсэн. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байх хугацаанд хоолны дэглэмээ алдаад тослог ихтэй хүнс хэрэглээд тослог бууруулах шарлага, дусал эмчилгээний үр нөлөө багассан шинж тэмдэг илрэн зовуурь өгсөн. Сая яваад буцаж ирсэн учир эмийн тунг нэмж уусан. Эмийн тунг хэтрүүлэхээр дотор муухайрах, бөөлжих, нойр хүрч нозоорох зэрэг харшлын эмтэй ижил шинж тэмдэг илэрдэг. Ирснээс хойш 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл биеэ сайжруулах зорилгоор хэвтрийн дэглэм барин гэртээ амарсан байдаг.
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ очоод 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөх ёстой байсан гэдгээ мэдээд тухайн өдөр банк орж 30 хоногийн алдангийн хамт ээлжит жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн. Төлбөрөө төлчхөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу банканд төлбөрөө тушаасан бол төрийн захиргааны байгууллагад уг баримтыг хүргэж өгснөөр төлбөр төлснөөр тооцогдоно гэсний дагуу нэг цэгийн үйлчилгээнд баримтаа аваачиж өгөхөд ажилтан нь төлбөр төлсөн баримтыг хүлээн авсны дараа тусгай зөвшөөрөл цуцалсан байна гэж хэлсэн. Өөрөөр хэлэхэд төлбөр төлсөн өдөр тусгай зөвшөөрөл цуцлагдсан байна. 200 дугаартай шийдвэр 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарсан байдаг.
Ашигт малтмалын тухай хуульд төлбөр төлсөн өдрийг хэрхэн тооцох тухай тусгайлан заасан. Тус хуульд төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцно гэж заасан. Цагаар биш, минутаар биш, өдрөөр тооцно гэж заасан. 2024 оны 05 дугаар сарын 21-ий өдөр төлбөрөө төлөхөд мөн өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан зөрчил бүхий үндэслэл арилсны дараа захиргааны байгууллага байхгүй зөрчилд хариуцлага тооцох агуулгатайгаар буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх энэ зарчмыг зөрчиж гарсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Зөрчлийн шалтгаан нь төлбөр төлөөгүйтэй холбоотойгоор компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах ажиллагааны журмыг Ашигт малтмалын тухай хуульд тусгайлан заасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зөрчил тогтоогдсоноос хойш 10 хоногийн дотор мэдэгдэнэ гэж байна. 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд мэдэгдэл өгсөн бол төрийн захиргааны байгууллага үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжтой байсан. Мэдэгдэл өгөхгүйгээр цуцалснаар зөрчил арилсан байхад хариуцлага тооцсон байсан. Арилсан зөрчилд хариуцлага тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан хууль бус захиргааны акт болж байна. Хууль бус захиргааны акт учир хүчингүй болгож өгнө үү гэв.
3.3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... аймгийн сумын нутаг дахь нэртэй 5668.60 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрээр 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаагаар ******* ******* ХХК-д олгожээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ******* ******* ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байсан. Дээрх хугацаанд төлөөгүй бол энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алдангийг ногдуулдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 10/2055 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасны дагуу ******* ******* ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй тул тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэжээ. Шийдвэрийн дагуу мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10/2323 дугаар албан бичгээр компанид хүргүүлсэн байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ******* ******* ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь алдангийн хамт бүрэн төлөөгүй... үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 200 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.
Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй тул ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.******* гадаад улсад хагалгаанд орохоор явсны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуулийн хугацаандаа төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн түүнчлэн тус газарт ******* ******* ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-07/01 дугаар албан бичгээр гаргасан гомдолд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1/3177 дугаар албан бичгээр болон 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн албан бичигт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1/3350 дугаар албан бичгээр ... Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-т тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг, 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийн талаар заасан ба мөн зүйлийн 31.1 дэх хэсэлт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан тул Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан 200 дугаар шийдвэрийг хүчингүй болгох боломжгүйг мэдэгдье гэсэн хариуг тус тус хүргүүлжээ.
Иймд ******* ******* ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4.2.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д ... тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгохоор, төлбөрийг хуульд заасан хугацааны дотор, хэмжээгээр, бүрэн гүйцэд төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой аливаа харилцааг уг хуулиар тусгайлан зохицуулсан байна.
4.3.Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч "******* ХХК-ийн хувьд ашигт малтмалын ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийнхөө ээлжит 2 дахь жилийн төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнөөс төлөх ёстой бөгөөд нэхэмжлэгчээс ...төлбөр төлөх хугацааны талаар маргаагүй, харин компанийн гүйцэтгэх удирдлагын эрүүл мэндийн эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэлтэй танилцаж мэдсэнээр төлбөр төлөх ёстой байсан гэдгээ мэдээд тухайн өдөр банканд 30 хоногийн алдангийн хамт ээлжит жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн гэж маргасан.
4.4.Хариуцагчаас ... Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй тул "******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.******* гадаад улсад хагалгаанд орохоор явсны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуулийн хугацаандаа төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй... гэж тайлбарласан болно.
4.5.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж тус тус заажээ.
4.6.Харин Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцох-оор зааснаас үзвэл нэхэмжлэгч "******* ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийнхөө ээлжит 2 дахь жилийн төлбөрийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаартай шийдвэрээ ******* ******* ХХК-ийн аймгийн сумын нэртэй газарт 5668.60 га талбай бүхий ******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гарахдаа зэрэгцэн төлсөн байна.
4.7.Дээрх захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан өдөр-өөр тодорхойлогдохоор байх тул энэ тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаартай шийдвэрийн үйлчлэл бүрэн хэрэгжихээс өмнө ашигт малтмалын ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийнхөө ээлжит 2 дахь жилийн төлбөрөө төлсөн нэхэмжлэгч "******* ******* ХХК-ийг шүүхээс өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байдлыг хадгалахад шаардагдах төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж үзлээ.
4.8.Учир нь нэхэмжлэгчийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 10/2055 дугаар албан бичгийг хүлээн авсан даруйд өөрт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн тухай баримтаа шүүхэд ирүүлснийг шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлэн дээрх дүгнэлтийг өгсөн болно.
4.9.Иймээс дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийдвэрийн ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
4.10.Хэдийгээр шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах зарчмыг хэрэгжүүлэн, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/277 дугаар[7] 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/528 дугаар албан бичгээр[8] нотлох баримт шаардсан боловч хариуцагчаас тогтоосон хугацаанд шаардсан баримтыг гаргаж өгөөгүй.
Гэвч шүүхээс нэхэмжлэгчийн маргааны үйл баримтад хамаарах асуудлыг нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болон өмгөөлөгчөөс тодруулсны эцэст нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах ач холбогдол бүхий нотлох баримт хавтас хэрэгт цугларсан хэмээн үзэн дээрх албан бичгээр шаардсан баримтыг хүлээлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
4.11.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу товлогдсон шүүх хуралдааны товыг мэдсэн[9] боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заасны дагуу шүүгчийн туслахаар дамжуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдоход ...надад гачигдал гараад ажлаас чөлөө авсан байгаа. Хурал орвол бичгээр өгсөн хариу тайлбараа дэмжиж байна... хэмээх тайлбарыг өгсөн байна[10].
Улмаар хуралдааныг хойшлуулж[11], дээрх хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой баримт ирүүлэх хугацаа олгосон боловч ирүүлээгүй тул шүүх түүний ...Хурал орвол бичгээр өгсөн хариу тайлбараа дэмжиж байна... гэснийг хүлээн авч,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчээс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг үндэслэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.12.Эцэст нь Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тогтоолд ... шийдвэр биелүүлэх арга, журмыг дэлгэрэнгүй ойлгомжтой бичиж хэвших замаар шүүхийн шийдвэр хурдан бөгөөд бодитой биелэгдэх боломжтой[12] болохыг дурдсан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн, хариуцагч ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар тушаалын ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр ******* ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх шууд сэргэх тул хариуцагч 30 хоногийн дотор нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн бүртгэж, хавсралт мэдээллийг нөхөн бүртгэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийдвэрийн ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дүгээр зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг 30 хоногийн дотор сэргээн, хавсралт мэдээллийг нөхөн бүртгэх байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР