Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2025/0056

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, ******* ХХК-аас, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *******4 дугаартай захирамжийн Ч.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тус шүүхэд нэхэмжлэгч ******* ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн ******* ХХК-ийн дэд захирал Н.*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Ц.*******, гуравдагч этгээд Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нар нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү гэрээгээр талууд ******* компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт эвлэрэх, тус маргааныг дуусгавар болгохтой холбоотой харилцааг зохицуулав.

1.2.Талууд энэхүү гэрээгээр тохирч эвлэрсэн асуудлаар дахин маргах, түүнийг үгүйсгэх, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг хүлээн зөвшөөрөв.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл

2.1.Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *******4 дугаартай захирамжийн иргэн Ч.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, иргэн Ч.******* нь өөрийн эзэмшил газраа нэхэмжлэгч *******-д шилжүүлэхээр тохиролцов.

2.2.Гуравдагч тал нь Ч.*******, нэхэмжлэгч тал ******* ХХК-д газраа шилжүүлэхдээ газрын эрхийн зөрчлийг арилгасан байна.

2.3.Хариуцагч нь иргэн Ч.*******ын эзэмшиж буй ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэгж талбарын дугаар бүхий, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 2,998 м.кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг үндэслэн ******* ХХК-д шилжүүлж шийдвэрлүүлэхээр тохиролцов.

2.4.******* ХХК нь энэхүү гэрээний 2.1-т дурдсан эзэмших эрхийг шилжүүлэн авч, цаашид газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

2.5.Иргэн Ч.*******ын нэр дээрх газар эзэмших эрхийг ******* ХХК-д шилжүүлэх нь хууль тогтоомж зөрчихгүй, гуравдагч этгээдийн эрхийг хөндөхгүй болохыг талууд хүлээн зөвшөөрөв.

2.6.Энэхүү эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох бөгөөд талууд тухайн маргаантай асуудлаар дахин маргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болно.

Гурав. Бусад

3.1 Эвлэрлийн гэрээгээр үүрэг хүлээсэн тал тухайн үүргээ зөрчих нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх үндэслэл болно.

3.2. Гэрээг дөрвөн хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгалах бөгөөд нэг хувийг шүүхэд өгөв.

3.2. Эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/140 дүгээр итгэмжлэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Ц.******* нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь хэсэгт заасны дагуу эвлэрэх эрх олгосны[1] дагуу хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Ц.******* нараас ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт ******* ХХК-ийн дэд захирал Н.*******, болон гуравдагч этгээд Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж заасан шаардлагуудыг хангаж байхаас гадна уг гэрээнд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хөндөж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Иймд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу ******* ХХК-ийн дэд захирал Н.*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Ц.*******, гуравдагч этгээд Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нарын хооронд эвлэрлийг баталж, ******* ХХК-ийн нэхэжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *******4 дугаартай захирамжийн Ч.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй эрхгүй талаар тайлбарласан бөгөөд талууд зөвшөөрч, холбогдох баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн *******4 дугаартай захирамжийн иргэн Ч.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт ******* ХХК-ийн дэд захирал Н.*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Ц.*******, гуравдагч этгээд Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР