Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 143

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Онон,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Шүүгдэгч У.М, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүхийн хэлэлцүүлгээр:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.М нарт холбогдох эрүүгийн 1705015050288 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өргөө-1 кинотеатрын автобусны буудал дээр байрладаг ТҮЦ-ыг түрээслэгч У.Мгээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 50.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч У.М нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг 3, 4 дүгээр хорооллын Өргөө-1 кинотеатрын автобусны буудал дээр байрладаг Түргэн үйлчилгээний цэгт Тамхины хяналтын тухай хуулинд заасныг зөрчиж тусгай зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулж байсныг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын газрын тусгай хамгаалалтын хэлтсийн 2 дугаар тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Б илрүүлэхэд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ц.Бод 50.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй. Би хөгшин ээжтэйгээ амьдардаг, надад нэг боломж өгнө үү...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.М мэдүүлэхдээ:

“...Тухайн үед 50.000 төгрөгийг өгөхдөө би торгуулж байна гэж бодож өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.\


            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Бын өгсөн:

            “... Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож байна. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 35х/,

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч У.Мгийн өгсөн:

            “... Би У.Мгээс 50.000 төгрөгийн хахууль авсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлыг хуулийн дагуу хурдан шуурхай үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-н 36-38х/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Батзаяагийн өгсөн:

 “... Би Батболдын төрсөн эгч нь байгаа юм. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Батболд над руу залгаад “ажаа би нэг болохгүй юм хийчихлээ” гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад “би ажлаа тараад ТҮЦ-нээс ундаа тамхи авах гээд орсон чинь нэг хүүхэн савтай пиво барьчихсан, тамхи зарж байсан юм. Тэгэхээр нь худалдагч хүүхэнд нь чи ингэж болохгүй шүү дээ гэхэд ахаа би дахиж тэгэхгүй, надад 50.000 төгрөг байна, та үүнийг авчихаач гэхээр нь нилээн бодож зогсож байгаад авчихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 25-26 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Баянжаргалын өгсөн:

 “... Би У.Мгийн төрсөн ээж нь байна. Би Хархорин зах дээр наймаа хийдэг юм. Охин маань Өргөө кино театрын урд байдаг ТҮЦ-ийг түрээсэлж ажиллуулдаг юм. Би зах руу өдөр 12 цаг гээд явдаг. Автобусны билет дуусчихсан байсан болохоор охиныхоо ТҮЦ-нээс мөнгө авах гээд ороход надтай зөрөөд нэг цагдаа хувцастай залуу гараад явсан юм. Тэр залууг надтай зөрөөд гарахад нь охиноосоо “яасан бэ миний хүү” гээд асуухад “торгуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь нэг их ч тоосонгүй хэдэн төгрөгөөр торгуулсан юм бэ гэж асуухад Тавин мянга гэж хэлсэн. Тэр явдлын дараа би охинтойгоо хамт ТҮЦ дээр очиход охинтой минь хамт нөгөө цагдаа залуу, түүний эгч нь гээд жирэмсэн хүүхэн хоёр хамт зогсож байсан.

Тэр жирэмсэн эмэгтэй надад “эгчээ манай дүү буруу юм хийчихжээ, танай охиноос 50.000 төгрөг авсан байна. Бид хоёр уулчлалт гуйх гэж ирсэн юмаа” гэж хэлсэн. Цагдаа залуу манай охиныг торгосон гээд торгуулийн тасалбар өгөөгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 44-45 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн:

“... Ц.Б нь 2017 оны 03 дугаар сард цагдаагийн албанд анх томилогдсон байдаг юм байна лээ. 2017 оны 08 дугаар сараас хойш манай хамгаалалтын тасагт томилогдож ирсэн. Тэр цагаас хойш түүнтэй хамт ажиллаж байна. ... Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын хэлтэс нь нийтийн эмх замбараагүй байдал бий болсон эсхүл мал амьтны гоц халдварт өвчний үе, жагсаал цуглааны үед л ажиллах үндсэн чиг үүрэгтэй газар юм. Гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлаас шалтгаалаад бусад цагдаагийн газар хэлтсүүдэд нэмэлтээр ажилладаг. Хуучин Захиргааны хариуцлагын тухай хуулиар Батболд нь Торгуулийн хуудас бичих эрхтэй байсан. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хамгаалалтын газрын офицер, ахлагч нарт торгууль хуудас, шийтгэврийн хуудас бичих эрхийг олгоогүй. Манай хэлтсийн албан хаагчийн хувьд торгуулийн хуудас бичих эрхгүй учраас гэмт хэрэг, зөрчил илрүүлвэл тухайн зөрчил гарсан газрын цагдаагийн хэлтэст мэдэгдэж, гэмт хэрэг зөрчил арга хэмжээ  авхуулах, зөрчлийг илрүүлсэн талаараа илтгэх хуудас бичиж хүлээлгэж өгөх ёстой...” гэх мэдүүлэг /хх-н 47 дугаар хуудас/

 

            - Ажлын байрны тодорхойлолт /хх-н 70х/,

 

Шүүгдэгч Ц.Б, У.М нарын  хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 53, 54х/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 61-62, 110х/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 96х/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 75/,

- Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 76-77х/,

- Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-н 79-89х/,

- Төрийн албан хаагчийн анкет /хх-н 90-93х/,

- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-н 97х/,

- Бакалаврын дипломын хуулбар /хх-н 98-99х/,

- Чадамжийн гэрчилгээний хуулбар /хх-н 100х/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

          Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохироогүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдэх үеийн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын газрын тусгай хамгаалалтын хэлтсийн 2 дугаар тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч гэх албан тушаал нь Авилгын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлд хамраарах нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өргөө-1 кинотеатрын автобусны буудал дээр байрладаг ТҮЦ-ийг түрээслэгч У.Мгээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 50.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэргийг,

            шүүгдэгч У.М нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг 3, 4 дүгээр хорооллын Өргөө-1 кинотеатрын автобусны буудал дээр байрладаг Түргэн үйлчилгээний цэгт Тамхины хяналтын тухай хуулинд заасныг зөрчиж тусгай зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулж байсныг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын газрын тусгай хамгаалалтын хэлтсийн 2 дугаар тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Б илрүүлэхэд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ц.Бод 50.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:  

            гэрч Д.Батзаяагийн “...Батболд над руу залгаад “ажаа би нэг болохгүй юм хийчихлээ” гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад “би ажлаа тараад ТҮЦ-нээс ундаа тамхи авах гээд орсон чинь нэг хүүхэн савтай пиво барьчихсан, тамхи зарж байсан юм. Тэгэхээр нь худалдагч хүүхэнд нь чи ингэж болохгүй шүү дээ гэхэд ахаа би дахиж тэгэхгүй, надад 50.000 төгрөг байна, та үүнийг авчихаач гэхээр нь нилээн бодож зогсож байгаад авчихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Баянжаргалын “...Охин маань Өргөө кино театрын урд байдаг ТҮЦ-ийг түрээсэлж ажиллуулдаг юм. Би зах руу өдөр 12 цаг гээд явдаг. Автобусны билет дуусчихсан байсан болохоор охиныхоо ТҮЦ-нээс мөнгө авах гээд ороход надтай зөрөөд нэг цагдаа хувцастай залуу гараад явсан юм. Тэр залууг надтай зөрөөд гарахад нь охиноосоо яасан бэ миний хүү гээд асуухад “торгуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь нэг их ч тоосонгүй хэдэн төгрөгөөр торгуулсан юм бэ гэж асуухад 50.000 төгрөг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Быг У.Мгээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 50.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч У.Мг Түргэн үйлчилгээний цэгт Тамхины хяналтын тухай хуулинд заасныг зөрчиж тусгай зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулж байсныг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын газрын тусгай хамгаалалтын хэлтсийн 2 дугаар тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Б илрүүлэхэд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ц.Бод 50.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Д.Энхцэцэгээс “...Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлд заасан буюу Дураараа аашлах гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэснийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б, У.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих, шүүгдэгч У.Мг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжихийг тус тус үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Б-ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, У.М өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжихийг,

шүүгдэгч У.М-г мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжихийг тус тус үүрэг болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б, У.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ