Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/00340

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/00340

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн ******* тоотод оршин суух ******* ******* ******* ******* /*******/,

 

Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн ******* тоотод оршин суух ******* ******* ******* ******* нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундрагын тоотод оршин суух, ******* -т холбогдох

 

8,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 04-нд иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Хариуцагч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******, Ц.******* нар нь хариуцагч Б.т холбогдуулан 8,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Б.*******, Ц.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.тай харилцан тохиролцож, Булган аймгийн ЗДТГ-ын барилгын пасадны ажлыг хийхээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ныг хүртэл ажилласан. Ц.*******т цалин 2,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Б.*******т өдрийн 100,000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцож ажиллуулсан боловч удаа дараа очиж, шахаж, дарамталж, ажил хийх боломжгүй болсон тул 2024 оны 07 дугаар сарын 16-наас ажиллахаа больсон. Ажиллах хугацаанд Ц.*******т 2,500,000 төгрөг өгсөн. Б.*******т огт цалин өгөөгүй тул Б.******* 23 хоног ажилласан цалин болох 2,300,000 төгрөг, Ц.******* өдрийн 150,000 төгрөг буюу 55 хоногийн цалин 8,250,000 төгрөгийг, мөн гагнуурын аппаратын 400,000 төгрөг, нийт 10,950,000 төгрөгийг өгөөгүй болно. Иймд авсан 2,500,000 төгрөгийг хасаад 8,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

3. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид нар найзууд байсан, чамайг ирээд уучлалт гуйчих юм болов уу гэж их харсан. Эрин группээс 50,000,000 төгрөг авсан гэдгийг чинь Эрин группийн хүн хэлсэн. Ажлаас болих болсон шалтгаан нь өглөө 8 цагаас, орой 20 цаг хүртэл ажилласан. Бие өвдөөд халуурч байхад манай нөхөр найзыгаа байхгүй байхад итгэлийг нь алдаад хэрэггүй гээд халуураад өндөр шатнаас унах гээд байж байхдаа би 3 давхар эм уугаад ажиллаж байсан. Би тогооч хийсэн, чи туслах тогоочдоо чөлөө өгөөд явуулахад чинь би тогооч хийсэн. Хувьдаа машин унаагүй, өглөө 8 цагаас орой 20 цаг хүртэл ажиллачихаад ямар ажил амжуулах юм бэ. Бид хоёр хоёр хүүхдээ аваад байр түрээслээд Булганд очсон. Цалин өгөх нь итгэл үнэмшилгүй болсон. Эхнэр хүүхдээ дагуулж ирээд ажил явахгүй байна гээд байнга стресст ордог байсан. Бид хоёрын төлөвлөөд хийсэн ажлыг буцаж буулгаад уурлаж, дандаа загнадаг байсан. Ирэх нь ховордоод, ярилцах нь багасаад, цалингаа өгөх нь тодорхойгүй, Эрин группийн хүмүүс нь утсаа авахгүй байна, та нар гэж хүнтэйгээ өөрсдөө цалингаа тохиролцоорой, манайх та нарт цалин өгөхгүй гэж хэлсэн. Бензин тосны мөнгөгүй хаяж яваад бид нар өөрсдөөсөө мөнгө гаргаад хийсэн, хувьдаа машин унаж байгаагүй. Улаанбаатараас ирж ажилласан хүмүүстэйгээ нийлээд хавтан их эвдсэн. Би чамд буруу хийгээд байна, болохгүй байна гэж хэлэхэд чи тоогоогүй. Хийж чадна гэж байгаад хийж чадахгүй байсан гэж хэлж байна. Чи өөрөө хийсэн бүх ажлыг үгүйсгэсэн. Яагаад 2 сарын дараа нэхэмжлэл гаргасан гэхээр энэ хугацаанд ирээд уучлаарай гэж хэлэх юм байх гэж горьдсон. Эцсийн эцэст мөнгө чухал биш, нөхөрлөл чухал байсан. Чамд үүнээс хойш нөхөрлөлөө авч үлдье гэж хэлээд больсон. Танайхаас очиж гагнуурын аппаратаа аваагүй, танайх нялх нойтон хүүхэдтэй байсан учраас тэрийг чинь хүндэлсэн. 2 дугаарт та хоёр хуримаа хийсэн, бид хоёр хуримыг чинь хүндэлсэн. Тэгэхээр уучлалт гуйгаад 500,000 төгрөг өгсөн байсан бол нөхөрлөл үлдэх байсан. Эрин группийн хүн т 50,000,000 төгрөг өгсөн, та хоёр хаачсан юм бэ? та хоёрыг байхад ажил явдаг байсан гэж хэлсэн. Бид хоёрыг явсны дараа бүх зүйл назгайраад ажилчид нь багажийг чинь хулгайлаад явсан шүү дээ. Чамаас хүнлэг сэтгэл горьдсон шүү. 2,500,000 төгрөгийг авахдаа 3 хувааж авсан, сүүлд 1,500,000 төгрөгийг өгөхдөө гэр бүлийн цалин гэж өгсөн... гэв.

 

4. Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие *******, ******* нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Булган ЗДТГ-ын барилгын пасадны ажлыг хийхээр Эрэн гүрэн ХХК-тай гэрээ байгуулан ажиллахаар болж уг ажлыг хамтарч хийж гүйцэтгэхээр өмнө нь нэг ажил хамтарч хийж байсан, манай хүүхдүүдтэй хүүхэд нь нэг сургууль нэг ангид явдаг байсан *******тай хамтрахаар болсон юм. Би ахлаад ажиллая гээд байхаар нь ******* тухайн ажлыг биечилж удирдан хийхээр би арын ажлыг хариуцан ажиллахаар болсон юм. Ингээд өөр хэд хэдэн хүн авсан. Хамтарч ажиллахдаа би ******* болон *******т цалин өгнө гэж тохироогүй. Харин ашгаа хуваана гэж л тохирсон. Гэхдээ ажил эхлэнгүүт 1,000,000 төгрөг, нэг удаа мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь 500,000 төгрөг, нэг удаа 1,500,000 төгрөг нэг удаа тус тус өгч нийт 3,000,000 төгрөг өгсөн. Ингээд ажил маань 2024 оны 5 сараас эхэлсэн. Би *******т найдсан. Ингээд хамаг багаж тоног төхөөрөмж, түүхий эд материал, хувцас зэрэг юу хэрэгтэй байна тэр бүгдээр нь цаг өдөр тутам огт хүлээлтгүйгээр хангаж байсан. Гэтэл ажил үнэндээ явахгүй байсан. Цаад компани намайг шаарддаг, би *******ыг шаардаж байсан. Даанч үнэхээр ажлаа хийж чадахгүй байсан. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрч би үнэхээр чадахгүй юм байна, хоёулаа нөхөрлөлөө бодоод салцгаая гээд 07 дугаар сарын 14-нд ажлаа хаяад явсан. Тэгээд ч компани маань гэрээгээ цуцалж би ашиг олох биш 30,000,000 гаран төгрөгийн алдагдалд орсон. Би энэ хүнд итгэж найдаж ажиллуулснаас болж л хамаг ажил маань нурж алдагдалд орсон. Өөрөөр хэлбэл ******* ам хэлцлээр тохирсон ажлаа хийж чадахгүй орхиж явснаас гэрээ цуцлагдаж, би хохирол төлбөрт орсон. Энэ хүн нэхэмжлэгч биш харин би энэ хүнээс хохирлоо нэхэх учиртай хүн. Би *******ийг ажиллуулна гэж бол хэлээгүй. Харин ******* надад тусалж байгаа юмаа л гэж хэлдэг байсан. Ажиллаж байх явцдаа гагнуурын аппаратаа өөрөө унагаж эвдсэн. Үүнийг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Харин би засуулах гэж түүнээс авсан боловч одоо засуулж чадаагүй. Байгаа шүү, засуулж чадаагүй аваарай гэж хэлж байсан аваагүй. Тэгэхээр аппаратаа өөрөө авахгүй байгаа нь мөнгө нэхэх гэсэн сонирхолтой байсан юм байна. Би *******, ******* нартай өөрсдийнх нь хэлээд байгаа шиг өдрөөр цалин хөлс тохиролцоогүй, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ ажлаа амжилттай дуусгачихвал ядаж 40,000,000 төгрөгийн ашиг гарах байх, үүнийг л хуваая гэж ярьсан. Ажлыг 65 хоногт хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээ цуцлагдах гээд байна гэдгийг *******т байнга сануулж байсан боловч үнэхээр ажлаа сайжруулж арга хэмжээ аваагүйн улмаас цуцлагдсан. ******* хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4/, Б.*******, Ц.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл /хх-5-7/,

 

хариуцагчаас: Ц.*******ын 2024 оны 04 дүгээр сарын сүүлээс 06 дугаар сарын 14-нийг хүртэл хийсэн ажлуудын жагсаалт гэрэл зураг /хх-18-52/, цагийн бүртгэлийн дэвтэр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтрийг нотлох баримтаар өгсөн байна.

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******, Ц.******* нар хариуцагч Б.т холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний төлбөр 8,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б.тай харилцан тохиролцож, Булган аймгийн ЗДТГ-ын барилгын гадна пасадны ажлыг хийхээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ныг хүртэл ажилласан. Ц.*******т цалин 2,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Б.******* өдрийн 100,000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцож, ажиллуулсан боловч удаа дараа очиж, шахаж, дарамталж, ажил хийх боломжгүй болсон тул 2024 оны 07 дугаар сарын 16-наас ажиллахаа больсон: Ажиллах хугацаанд Ц.*******т 2,500,000 төгрөг өгсөн. Б.*******т огт цалин өгөөгүй тул Б.******* 23 хоног ажилласан цалин болох 2,300,000 төгрөг, Ц.******* өдрийн 150,000 төгрөг буюу 55 хоногийн цалин 8,250,000 төгрөгийг, мөн гагнуурын аппаратын 400,000 төгрөг, нийт 10,950,000 төгрөгийг өгөөгүй болно. Иймд авсан 2,500,000 төгрөгийг хасаад 8,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

4. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Би Булган аймгийн ЗДТГ-ын барилгын пасадны ажлыг хийж гүйцэтгэхээр Эрэн гүрэн ХХК-тай гэрээ байгуулан ажиллахаар болж, уг ажлыг хамтарч хийж гүйцэтгэхээр Ц.*******тай тохиролцож, ажлаа хийж гүйцэтгээд ашгаа хувааж авахаар тохиролцсон. Харин цалин хөлс өгнө гэж тохироогүй. Түүнд нийт 3,000,000 төгрөг өгсөн. Ингээд ажил 2024 оны 5 сараас эхэлсэн боловч ажлаа хугацаанд нь чанартай хийж чадахгүй байсан тул хүлээн зөвшөөрч 7 дугаар сарын 14-нд хаяад явсан. Бас компанитай хийсэн гэрээ цуцлагдаж, ашиг олох биш 30,000,000 гаран төгрөгийн алдагдалд орсон. Би *******ийг ажиллуулна гэж хэлээгүй, ******* надад тусалж байгаа гэж хэлдэг байсан. Ажиллаж байх явцдаа гагнуурын аппаратаа өөрөө унагаж эвдсэн. Би *******, ******* нартай өөрсдийнх нь хэлээд байгаа шиг өдрөөр цалин хөлс тохиролцоогүй, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Хариуцагч Б. нь Булган аймгийн ЗДТГ-ын барилгын гадна пасадны ажлыг хийж гүйцэтгэхээр Эрэн гүрэн ХХК-тай гэрээ байгуулж, уг ажлыг өөрийн найз Ц.*******тай хамтран хийж гүйцэтгэхээр амаар тохиролцож, ажлыг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн боловч шаардлага хангаагүйн улмаас гэрээ цуцлагдсан байна.

 

7. Дээрх хугацаанд нэхэмжлэгч Ц.******* нь эхнэр Б.*******ийн хамт уг барилгын ажил дээр ажиллаж байсан бөгөөд хариуцагч Б. ажилчдын цалин хөлс, хоол унд, барилгын ажлын бараа материал, багаж хэрэгслийг бэлтгэж байсан болох нь тогтоогдож байна.

 

8. Гэвч Ц.*******, Б.******* болон Б. нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, хариуцагч нь нэхэмжлэгч нарыг өдрийн 150,000 төгрөг, 100,000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулахаар тохиролцсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл талууд дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ямар хугацаанд ямар хөлс төлбөртэйгөөр хийж гүйцэтгэх талаар тохиролцоогүй, энэ талаар баримтгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч нар хэрэгжүүлээгүй байна.

 

9. Харин талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

10. Гэвч нэхэмжлэгч нар хариуцагчтай амаар тохиролцохдоо хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын хэрэгжүүлэх чиг үүрэг, ашиг алдагдлыг хэрхэн хуваарилах талаар тодорхой тохиролцоогүй, нэхэмжлэгч нар ямар хэмжээний үнэлгээ бүхий ажлыг ямар хугацаанд, чанарын ямар хэмжээнд хийж гүйцэтгэснийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

11. Мөн нэхэмжлэгч нар гагнуурын аппаратын үнэ 400,000 гаргуулах шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

12. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.*******, Ц.******* нарын хариуцагч Б.аас ажлын хөлс 8,050,000 төгрөг, гагнуурын аппаратын үнэ 400,000 төгрөг гаргуулах, нийт 8,5450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

13. Нэхэмжлэгч Б.*******, Ц.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Б.т холбогдох Б.*******, Ц.*******ын нарын 8,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******, Ц.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ