Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 62

 

 

2023        11          07                                        2023/ДШМ/62

 

П.Дамдинцэрэнд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, хохирогч С.Улаанхүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баярсайхан тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч П.Дамдинцэрэн түүний өмгөөлөгч Л.Ганболд, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхи шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/201 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн П.Дамдинцэрэнд холбогдох эрүүгийн 2336000000204 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Иргэд ургийн овогт Палжинбайн Дамдинцэрэн, 1975 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл - дөрөв, эхнэр хоёр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 01 дүгээр (Алагтолгой) багийн 9-17 тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 10 сарын 11-ний өдрийн 129/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, өөрт ногдох-суудлын автомашин-нэг, хашаа-нэг, хувийн сууц-нэг, сарын өрхийн орлого-1 сая төгрөг, регистрийн дугаар: ПВ75093019.

2. Шүүгдэгч П.Дамдинцэрэн нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 04 дүгээр (Бугат) багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 42-43 ХОУ улсын дугаартай Probox маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж явган зорчигч С.Улаанхүү, Б.Ариунбилэг нарыг мөргөж С.Улаанхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас П.Дамдинцэрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

4.1 Шүүгдэгч Иргэд ургийн овогт Палжинбайгийн Дамдинцэрэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... мөн эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Иргэд ургийн овогт Палжинбайгийн Дамдинцэрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дамдинцэрэнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн 2.3- т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч П.Дамдинцэрэнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Дамдицэрэнд эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 1 жил 2 сарын хугацаагаар явахыг хориглох хязгаарлалтыг тогтоож

4.5 2336000000204 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дамдинцэрэнгээс 2976510 (хоёр сая есөн зуун далан зургаан мянга таван зуун арван) төгрөгийг гаргуулж, хохирогч С.Улаанхүү, иргэний нэхэмжлэгч Ц.Баярсайхан нарт олгож, бусад хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Улаанхүү нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, насанд хүрээгүй хохирогч Б.Ариунбилэг, иргэний нэхэмжлэгч нар нь сэтгэл санааны хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

4.7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дамдинцэрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхэлж тоолж,

4.8 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан... Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солино... гэх журмыг шүүгдэгч П.Дамдинцэрэнд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ял, эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

4.9 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч П.Дамдинцэрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

4.10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5. Хохирогч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу эрэглэсэн гэж үзэж байна. С.Улаанхүү миний бие 2023 оны 05 дугаар сарын 29-ний оройн 22 цаг өнгөрч байхад охин Б.Ариунбилэгийн хамт дэлгүүр орох гээд явж байтал цагаан ингийн пробокс маркийн авто машин охин бид 2-ыг мөргөж унагаагаад зугтсан.

5.2 Энэ ослын улмаас С.Улаанхүү миний баруун хөлийн дунд чөмөг ясны дистал хэсгийн булууны дээгүүр шахагдан далд хугарч, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өгзгийг хамарсан, зүүн өвдөг шилбэнд тус бүр цус хуралт зөөлөн эд няцарч гэмтсэн. Миний охин Б.Ариунбилэгийн хүзүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн тохойнд өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Миний бие 2023 оны 05 дугаар сарын 29-ний орой гэмтэл авсан үеэсээ одоог хүртэл эмчийн хяналтанд хэвтэрт хүний байнгын асрамжинд эмчлүүлж байна.

5.3 С.Улаанхүү миний болон охин Б.Ариунбилэгийн бие учирсан гэмтлийг шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогоогүй, миний зүүн хөлөнд зөөлөн эдийн няцрал учирсны улмаас зүсэлт хийлгэж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн.

Охин Б.Ариунбилэгийн биед нуруу нугасанд нь гэмтэл учирсаныг шинжээч тогтоож дүгнэлтэндээ тусгаагүй орхигдуулсанд гомдолтой байна.

5.4 Бидний биед учирсан гэмтлийн нарийвчлан шалгаж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн байхад шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй хохирогч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Бид авто осолд орж биедээ гэмтэл авсны улмаас маш их айдаст автан олон · хэвтэрт хэвтэн, хүний гарт орж, сэтгэцэд хүнд хор уршиг учирч байна.

5.5 Иймд хэргийг хянан үзэж, С.Улаанхүү, Б.Ариунбилэг бидний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож, хохирлыг нөхөн төлүүлж, бодит байдалд нийцсэн шударга шийдвэр гаргаж өгнө үү.

6. Шүүгдэгч П.Дамдинцэрэн түүний өмгөөлөгч Л.Ганболд нар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлын хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1 П.Дамдинцэрэн миний бие нь 2023 оны 05-р сарын 29-ний шөнө авто машинтай явж байтал гэнт урдаас Улаанхүү, Ариунбилэг нар гарч ирээд машинд мөргүүлсэн. С.Улаанхүүгийн хөл гэмтсэн. Ховд аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өөрийн хүсэлтээр Улаанбаатар хот явж эмчлүүлж ирсэн. Охин Ариунбилэг нь тухайн үед Ховд аймгийн эмнэлэгт хэвтээгүй, Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлсэн гэсэн, хөнгөн гэмтэлтэй гэж гарсан гээд ярьж байсан. П.Дамдинцэрэн миний бие нь С.Улаанхүү, охин Б.Ариунбилэг нарын эмчлүүлсэн гэх зардал 5.476.510 төгрөгийг бүрэн өгч дуусгасан.

6.2  П.Дамдинцэрэн миний бие нь олон жил чихрийн шижингээр өвдөж байна. Одоо чихрийн шижин өвчин бүх биеийн эд эрхтэнд нөлөөлж титэм судасны нарийсалтай гол судас бөглөрсөн, зүрх муу, нүдэнд харвалт өгсөн, нүдний хараа муудаж нүд зовуурлаж өвдөөд нүдний хагалгаанд орох гэж байгаа. Чихрийн шижин өвчний эцсийн шатанд орсон тул инсилунаар хүйсэндээ байнга тарьж байна. 3. Ховд аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08-р сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Харин С.Улаанхүү, Ц.Баярсайхан нарын 2023 оны 08-р сарын 30-ны өдөр Ховд аймгийн эрүү иргэний давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хохирогч С.Улаанхүү болон иргэний хариуцагч Ц.Баярсайхан тэдний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээ өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хохирогч С.Улаанхүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баярсайхан нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоолд зохих өөрчлөлт оруулж  шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг   хангалттай  шалгаж тодруулсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4.Шүүгдэгч П.Дамдинцэрэн нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 04 дүгээр (Бугат) багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 42-43 ХОҮ улсын дугаартай РгоЬох маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т тус тус заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч С.Улаанхүү, Б.Ариунбилэг нарыг мөргөж хохирогч С.Улаанхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Ариунбилэгийн эрүүл  мэндэд хөнгөн хохирол тус тус  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Улаанхүү, Б.Ариунбилэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч Л.Баттөмөр, Ш.Цанжид нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэргийн гадрын үзлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 42-43 ХОҮ улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.Дамдинцэрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар гаргасан мөрдөгчийн магадлагаа,

Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 509 дугаартай “...С.Улаанхүүгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.”гэх дүгнэлт,

Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 503 дугаартай “...Б.Ариунбилэгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.”гэх дүгнэлт,

 Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101 дугаартай шүүх химийн шинжилгээний шинжээчийн ”...П.Дамдинцэрэнгээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. П.Дамдинцэрэнгээс авсан гэх шингэн цусанд 2.7 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.”гэх дүгнэлт, Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, шүүгдэгч П.Дамдинцэрэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Дамдинцэрэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй  байна.

5.Анхан шатны шүүх шүүгдэгч П.Дамдинцэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “... Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий болсон байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

6.Хохирогч С.Улаанхүү болон хохирогч Б.Ариунбилэгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баярсайхан нар давж заалдах шатны шүүхэд “...С.Улаанхүү миний болон охин Б.Ариунбилэгийн биед учирсан гэмтлийг шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогоогүй, миний зүүн хөлөнд зөөлөн эдийн няцрал учирсаны улмаас зүсэлт хийлгэж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн. Охин Б.Ариунбилэгийн биед нуруу нугасанд нь гэмтэл учирсаныг шинжээч бүрэн тогтоож дүгнэлтэндээ тусгаагүй орхигдуулсан, Бид авто осолд орж биедээ гэмтэл авсны улмаас маш их айдаст автан олон сар хэвтэрт хэвтэн, хүний гарт орж, сэтгэцэд хүнд хор уршиг учирсан  тул  бидний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож, хохиролыг нөхөн төлүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

6.1.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 509 дугаартай дүгнэлтэд “... С.Улаанхүүгийн баруун дунд чөмөг ясны дистал хэсгийн булууны дээгүүр шахагдсан далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өгзгийг хамарсан зүүн өвдөг шилбэнд тус бүр цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.” гэж,

Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 503 дугаартай дүгнэлтэд “...Б.Ариунбилэгийн хүзүүнд зөөлөн эдийн няцрал,  зүүн тохойд өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үенд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.” гэх дүгнэлтүүдийг тус бүр гаргасан байх бөгөөд шинжээчид хууль сануулж  мэргэжлийн шинжээч эмчийн гаргасан энэхүү дүгнэлтүүдээр хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

6.2. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 39.1 дүгээр зүйлийн 39.1.8 дахь хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлохын тулд сэтгэцийн шинжилгээг хийхээр”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг буюу Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар” тус тус хуульчилжээ.

Дээрх хуульд тусгагдсан агуулгаар Иргэний хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан “гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах” эрх зүйн зохицуулалтыг нэмж оруулсан бөгөөд хуулийн энэхүү өөрчлөлтийг Шүүхийн шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

Түүнчлэн  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон холбогдох бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлохын тулд сэтгэцийн шинжилгээг хийх, шинжилгээний байгууллага нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах эрх зүйн зохицуулалтууд нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдсэн гэмт хэрэгг хамаарч үйлчлэхээр  дээрх хуулиудад тусгагдсан байна.

Иймд  2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлохоор Иргэний хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг буцаан хэрэглэх боломжгүй байх тул хохирогч С.Улаанхүү, Б.Ариунбилэг нарын “...бидний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож, хохиролыг нөхөн төлүүлж өгнө үү...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 2023/ШЦТ/201 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтаас ”сэтгэл санааны” гэдгийг хасаж тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, хохирогч С.Улаанхүү болон хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Ц.Баярсайхан нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР  

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА