Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Шүүгдэгч/хохирогч Ё.М, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

Шүүгдэгч/хохирогч А.Х, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.М, А.Х нарт холбогдох эрүүгийн 1705015870004 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.М нь 2017 оны 11 сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернэшнл” караокед иргэн А.Хтай маргалдаж улмаар гадаа нь үснээс нь зулгааж, түлхэж унагаан чирж биед нь хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч А.Х үйлдсэн 2017 оны 11 сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернэшнл” караокед иргэн Ё.Мтай маргалдаж улмаар гадаа нь үснээс нь зулгааж нүүр рүү түлхэх зэргээр биед нь хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ё.М мэдүүлэхдээ:

“...Хэрэг гарсан өдөр би таньдаг хүмүүстэйгээ пабад сууж байхад Хишигжаргал хамт сууж байсан хүмүүсийн аль нэгнийх нь дуудсанаар ирсэн. Ирсэн цагаасаа хойш Хишигжаргал эвгүй харилцаа гаргаад байсан. Тухайн үед хамт байсан хүмүүс хоорондоо маргалдаад байхад би оролцоогүй. Тэгээд бид нар сууж байсан газраасаа цаг нь дуусаад гарах болоход Хишигжаргал гарч ирээд гадаа асуудал гаргаад байхаар нь Би “аятайхан байгаарай бацаан минь” гэж хэлсэн. Гэтэл Хишигжаргал үсэрч ирээд миний толгой руу цохисон. Би Хишигжаргалд “надаас уучлалт гуйгаач” гэхэд “чам шиг авгайгаас уучлалт гуйхгүй” гэж хэлсэн. Надад  нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Х мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр би Марал-Эрдэнэ гэх эгчийнхээ  дуудсанаар пабад очсон. Бид нар пабаас гараад караоке орсон. Тухайн үед Мөнхнаран намайг бацаан минь гээд дээрэлхэх янзтай байсан. Караокенаас гараад гадаа байхад Мөнхнаран намайг үсдээд, миний толгойг хагалсан. Хэрэг гарсаны маргааш өглөө Мөнхнарантай уулзахад 585.000 төгрөг өг нүүр ам муухай болчихлоо гээд намайг сүрдүүлээд байхаар нь өгсөн. Тухайн үед би гэр бүлийнхэндээ мэдэгдэхгүй гэсэндээ Мөнхнаранд мөнгө өгсөн. Тухайн үед Мөнхнаранд өгсөн 585.000 төгрөг болон  томографийн зураг авахуулсан мөнгөө нэхэмжилж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ё.М-гийн өгсөн:

“...Би 2017 оны 11 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Ариука, Оюунаа нартай хамт Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эль Хаус” Пабд хамт сууж байсан. Ариука гаднаас ганц шил архи оруулж ирээд цуг уух уу гэхээр нь би барменд хэлээд найз нь ээлжнээсээ буучихсан байна, оруулж ирээд уучихгүй юу гэж хэлээд тэд нар гаднаас архиа оруулж ирээд ууж байхад нь би ширээн дээр нь очиж суугаад цуг архи ууж сууцгаагаад байж байтал Ариука өөрийн танил дүү охиноо дуудчихсан одоо ирнэ гэж хэлж байсан. Удаагүй байтал Хишгээнээ гэх охин гаднаас жаахан халамцуу орж ирж хамт суугаад үргэлжлүүлээд архи уусан. Тамхины өрөөнд бүгдээрээ тамхи татаад зогсож байтал Ариука одоо бүгдээрээ караоке орно гэж хэлэхээр нь би явахгүй танай дүү жаахан дургүй байна гэхэд хэдүүлээ цуг явснаараа явъя гэж хэлээд тэндээсээ гарсан. Ариука өөрийн гар утсаа ломбарданд тавиад бид нар Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернешнл” караокед орсон. Караокед ороод архи ууж сууж байгаад гарах болоход Хишгээнээ гэх эмэгтэй хараалын үгээр доромжилж дайрч байх үед гаднаас зөөгч орж ирээд намайг түрүүлээд гарч байгаач гэж хэлэхээр нь би түрүүлж гараад караокены гадаа Ариукаг гарч ирэхийг хүлээгээд зогсож байхад миний араас Оюунаа, Хишгээнээ хоёр гарч ирээд Хишгээнээ надруу орилоод байхаар нь зүгээр байгаарай бацаан минь гээд хэлчихсэн чинь Хишгээнээ гүйж ирээд миний нүүрийг самардсан...” гэх мэдүүлэг /хх-н 57-59/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Х-ын өгсөн:

“...Би 2017 оны 11 сарын 26-наас 27-нд шилжих шөнө манай танил эгч Марал-Эрдэнэ утсаар би энд найзуудтайгаа байна миний дүү хүрээд ир гэж хэлэхээр нь Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эль хаус” пабд очсон. Тэндээсээ гараад ломбард орж Маралаа эгч өөрийн гар утсаа ломбарданд барьцаанд тавиад бид нар Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернешнл” караокед орж дуулсан. Караокед орохоос өмнө Мөнхнаран надад дургүйлхэж намайг тэнэг бацаан гэх мэтээр үгээр дайрч давшилаад байсан. Караокены үүдээр гарахад Мөнхнаран миний араас намайг дуудахаар нь би эргээд харахад намайг шууд үсдэж дараад толгойгоор минь газар унагачихаад намайг үснээс минь татаж чирсэн. Тэр үед гаднаас Оюунаа эгч, Маралаа эгч хоёр ирээд бид хоёрыг салгасан. Би босож ирээд толгойн ард талд өвдөхөөр нь би гараараа тэмтэрч үзэхэд цус гарч байсан.

Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 575.000 төгрөг хүлээж авсан гэж хэлсэн. Гэхдээ тэр өдөр нь ажлаас нь халчихсан учраас шаралхаж өргөдөл өгсөн байх. Би та яагаад өргөдөл өгч байгаа юм бэ, та өргөдлөө буцаагаад авчихаач гэж хэлэхэд надад нэмж 2.5 сая төгрөг өгвөл би буцааж авна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 63-65/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ё.М-гийн өгсөн:

“...Би 2017 оны 11-р сарын 26-ны өдөр орой Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эль Хаус пабд 21 цагийн орчимд Ариука, Оюунаа хоёртой архи уугаад сууж байхад Хишгээнээ гэх эмэгтэйг Ариука дуудаад ирсэн. Нилээн ууж суугаад архи дууссаны дараа пиво захиалж уугаад бид нар бүгдээрээ үүдний тамхины өрөөнд ороод тамхи татаад зогсож байгаад Ариука одоо бүгдээрээ үргэлжпүүлээд караоке орж дуулая дараа нь манайд очъё гээд тэндээс гарч явсан. Тэндээс гараад Хишгээнээгийн хадам ах Цолмон гэх залуу машинтай гадаа хүлээж байсан, мөнгөгүй учраас бид нар ломбард орж Ариука өөрийн бариж байсан гар утсаа барьцаанд тавиж мөнгө авах гээд орох хооронд Оюунаа Хишгээнээ хоёр хоорондоо муудалцаж, зодолдоод байхаар нь салгачихсан юм. Тэгээд Цолмон, Ариука хоёр ломбарднаас гараад ирэхэд нь би Цолмонд танай энэ хадам дүү чинь ямар сонин юм бэ яагаад агсам тавиад байгаа юм бэ гэж асуухад Цолмон хоорондоо учраа олчих байлгүйдээ гэж хэлээд машинаа асаагаад бид нар караоке орсон.

Караокед бид нар зургуулаа орж ирээд ширээнд суухад Хишгээнээ миний өөдөөс хараад хувцасаа тайлаач гэж хэлсэн би зүгээр гэж хариулаад гарах гэж байх үед би Цолмонд танай хадам дүү чинь арай дэндүү байна чи яагаад цуг яваад байгаа юм бэ гэж хэлэхийг Хишгээнээ сонсчихоод уурласан. Би караокены үүдээс түрүүлж гараад үүдэнд хүлээж байхад араас Хишгээнээ, Оюунаатай цуг гарч ирээд Хишгээнээ намайг зайл гээд хэлэхээр нь би зүгээр байгаарай бацаан минь гэж хэлэхэд гүйж ирээд намайг маажаад...” гэх мэдүүлэг /хх-н 8-10/,

Мөрдөн байцаалтад хохирогч А.Х-ын өгсөн:

“...Би 2017 оны 11 сарын 26-27-нд шилжих шөнө миний хуурай эгч Марал-Эрдэнэ намайг утсаар Эль Хаусын пабд байна эгчийн дүү хүрээд ирээч гэж хэлэхээр нь би яваад очсон. Намайг очиход Маралаа, Оюунаа, Мөнхнаран нар байсан. Тэнд бид нар пиво ууж сууж байгаад тэндээсээ гарч яваад Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернэшнл” караокед орж дуулсан. Караоке рүү орох замд Мөнхнаран нь хэл амаар доромжлоод намайг бацаан гэх мэтээр дургүй байгаагаа илэрхийлж байсан. Караокед байхдаа хоорондоо ямар нэгэн зүйл яриагүй байж байгаад караокенаас гарах замд шатаар дээшээ өгсөж байхад Мөнхнаран алхаж байхдаа намайг ардаас хэл амаар доромжилж би дөрвөн эрэгтэй дүүтэй чи намайг яах юм бэ гэх мэтээр заналхийлээд байсан. Караокений үүдээр гарахад намайг үсдэж дараад түлхэж унагаж үснээс зулгааж газраар чирж байхад Маралаа, Оюунаа эгч 2 намайг салгасан. Газраас босоод ирсэн чинь өмсөж явсан куртик урагдсан, толгой хагарсан байсан. Би өөрийн зүгээс 575.000 төгрөг Мөнхнаранд өгсөн, түүнийгээ болон өөрийн эмчилгээ шинжилгээнй зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 14-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Марал-Эрдэний өгсөн:

“...Оюунаа, Мөнхнаран бид гурав Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эль хаус пабд хамт архи ууж байсан. Тухайн үед манай хуурай дүү Хишигжаргал надруу яриад над дээр ирээд бид нар тэндээсээ гараад Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернэшнл” караоке орж дуулаад гарч ирж байх үед Мөнхнаран Хишигжаргалтай зодолдож байсан. Оюунаа бид хоёр очоод тэд нарыг татаж салгасан. Тухайн үед газраар ямар нэгэн цус байгаагүй гэхдээ Хишигжаргалыг дагуулаад харих замд Хишигжаргал миний толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Гэртээ очоод Хишигжаргалын үсийг угаахад ванн цус болсон...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюун-Эрдэний өгсөн:

“...Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эль хаус пабд Мөнхнаран, Ариука бид гурав уугаад сууж байхад гаднаас Ариукагийн дүү Хишгээнээ гэх охин орж ирсэн. Тэгээд бид нар тэндээсээ 01 цаг орчимд гарч яваад Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернэшнл” караоке дотор дуулж сууж байгаад гарах үед Хишгээнээ, Мөнхнаран хоёр түрүүлээд гараад явчихсан. Ариука бид хоёр утсаа хайж байгаад гараад ирэхэд тэр хоёр үсдэлцчихсэн зодолдож байхаар нь би түрүүлж очоод дээр нь байсан Мөнхнаранг татаж салгасан. Зодооныг салгасны дараа харахад Хишигжаргалын толгойн ар дагзны үс хэсгээр цус болчихсон байсан өөрөөр газарт ямар нэгэн цус болсон зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Цолмонгийн өгсөн:

“...Би 2017 оны 11 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Интернэшнл караокед Ариука, Хишгээнээ, Оюунаа, Мөөгий, Болдоо нарын хамт орж дуулж архи ууж сууцгааж байгаад би гадагшаа гарч хүний утаснаас гуйж яриад дуудлагын жолооч дуудчихаад эргээд орох гээд караокены үүдэн дээр ирэхэд караокены үүдэн дээр Мөөгий, Хишгээнээг үсдээд газар унагачихсан байсан. Ариука тэр хоёрын дундуур ороод салгаж байхад Оюунаа Хишгээнээг газарт унасан байсныг татаж босгосон юм. Би гүйгээд очиход Хишгээнээ надад энэ Мөөгий гээд танай найз чинь намайг аллаа гээд гүйхээр нь би араас нь очоод тайвшруулж байхад нь араас Болдоо, Оюунаа, Ариука, Мөөгий тэд нар ирсэн. Тэндээсээ Мөөгий бид нараас салаад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Доржоогийн өгсөн:

“...Би 2018 оны 11 сарын 26-27-нд шилжих шөнө ажил дээрээ Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернэшнл” караокед ажиллаж байхад 01 цагийн орчимд гаднаас өрөө байна уу гэж нэг эрэгтэй орж ирээд гаднаас 2 эрэгтэй, 4 эмэгтэй хүн гаднаас орж ирээд 6 номерийн өрөөнд тэд нарыг оруулсан. Тухайн үед тэдгээр хүмүүс өрөөн дотроо хэл амаараа жаал маргалдацгаагаад байхаар нь өрөөнд орж сануулах гээд үүдээр нь орохоор чимээгүй болчихоод байсан. Орой 04 цаг болж байхад караокены үүдийг барьчихаад сүүлийн хүмүүсээ гаргах гэж 6 номерын өрөөнд явж ороход тэдгээр хүмүүс одоо гарлаа гэж байсан. Тэр өрөөнөөс хамгийн эхлээд бор шаргал өнгийн куртиктэй бор үстэй 20-25 орчим насны эмэгтэй түрүүлээд гарах гэхээр нь тэр эмэгтэй тоохгүй түрүүлээд явсан. Тэгэхэд араас нь хар бараан өнгийн куртиктэй, 30-35 орчим насны махлаг шар эмэгтэй хүн араас нь шатаар дээш алхаж гарсан. Тухайн үед өрөөнд байсан бусад хүмүүс караокены тооцоо хийх гээд текэнд үлдэхээр нь би хаалгаа онгойлгож өгөх гээд дээш гарахад хоёр эмэгтэй цугтаа гарсан. Би хаалган дээрээ тооцоо хийж байсан хүмүүсийг хүлээгээд зогсож байхад махлаг шар эмэгтэй нь нөгөө эмэгтэйг араас нь үсдэхэд залуухан эмэгтэй нь эргэж харахад тэр махлаг эмэгтэй доош нь дарахад би махлаг шар эмэгтэйг араас нь тэвэрч салгах гэхэд тавихгүй зуураад нөгөө эмэгтэйгээ чирээд байсан. Би тэр хоёр эмэгтэйг салгасны дараа араас текэн дээр тооцоо хийж байсан хүмүүс гарч ирээд хоёр тийш нь салгаад аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14825 тоот:

               1.Ё.Мгийн биед дух, 2 хөмсөгний голд, баруун дээд доод зовхи, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 37/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14887 тоот:

               1. А.Х-н биед тархи доргилт, дагзанд шарх, дээд доод мөчдөд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 38/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 71, 81/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 87, 88/,

                        - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 72, 73, 80/,

            - бусад /хх-н 74-79, 82-86/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ёндонгийн Мөнхнаран нь 2017 оны 11 сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернэшнл” караокед иргэн А.Хтай маргалдаж улмаар гадаа нь үснээс нь зулгааж, түлхэж унагаан чирж биед нь хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Алтантуулын Хишигжаргал нь 2017 оны 11 сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернэшнл” караокед иргэн Ё.Мтай маргалдаж улмаар гадаа нь үснээс нь зулгааж нүүр рүү түлхэх зэргээр биед нь хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Ё.Мгийн “...Би 2017 оны 11-р сарын 26-ны өдөр орой Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эль Хаус пабд 21 цагийн орчимд Ариука, Оюунаа хоёртой архи уугаад сууж байхад Хишгээнээ гэх эмэгтэйг Ариука дуудаад ирсэн. ...Хишгээнээ намайг зайл гээд хэлэхээр нь би зүгээр байгаарай бацаан минь гэж хэлэхэд гүйж ирээд намайг маажаад үсдэж дараад тонгойлгоход Оюунаа ирээд намайг толгой руу өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч А.Хын “...Би 2017 оны 11 сарын 26-27-нд шилжих шөнө миний хуурай эгч Марал-Эрдэнэ намайг утсаар Эль Хаусын пабд байна эгчийн дүү над дээр хүрээд ирээч гэж хэлэхээр нь би яваад очсон. Намайг очиход Маралаа, Оюунаа, Мөнхнаран нар байсан. Тэнд бид нар пиво ууж сууж байгаад тэндээсээ гарч яваад Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернэшнл” караокед орж дуулсан. Караоке рүү орох замд Мөнхнаран нь хэл амаар доромжлоод намайг бацаан гэх мэтээр дургүй байгаагаа илэрхийлж байсан. Караокед байхдаа хоорондоо ямар нэгэн зүйл яриагүй байж байгаад караокенаас гарах замд шатаар дээшээ өгсөж байхад миний араас Мөнхнаран алхаж байхдаа намайг хэл амаар доромжилж би дөрвөн эрэгтэй дүүтэй чи намайг яах юм бэ гэх мэтээр заналхийлээд байсан. Караокений үүдээр гарахад намайг үсдэж дараад түлхэж унагаж үснээс зулгааж газраар чирж байхад Маралаа, Оюунаа эгч намайг салгасан. Газраас босоод ирсэн чинь өмсөж явсан куртик урагдсан, толгой хагарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч З.Марал-Эрдэний “...Оюунаа, Мөнхнаран бид гурав Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эль хаус пабд хамт архи ууж байсан. Тухайн үед манай хуурай дүү Хишигжаргал надруу яриад над дээр ирээд бид нар тэндээсээ гараад Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернешнл” караоке орж дуулаад гарч ирж байх үед Мөнхнаран Хишигжаргалтай зодолдож байсан. ...Гэртээ очоод Хишигжаргалын үсийг угаахад ванн цус болсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Оюун-Эрдэний “...Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эль хаус пабд Мөнхнаран, Ариука бид гурав уугаад сууж байхад гаднаас Ариукагийн дүү гэх Хишгээнээ гэх охин орж ирсэн. Тэгээд бид нар тэндээсээ 01 цаг орчимд гарч яваад Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернэшнл” караоке дотор дуулж сууж байгаад гарах үед Хишгээнээ, Мөнхнаран хоёр түрүүлээд гараад явчихсан. Ариука бид хоёр утсаа хайж байгаад гараад ирэхэд тэр хоёр үсдэлцчихсэн зодолдож байхаар нь би түрүүлж очоод дээр нь байсан Мөнхнаранг татаж салгасан. Зодооныг салгасны дараа харахад Хишигжаргалын толгойн ар дагзны үс хэсгээр цус болчихсон байсан өөрөөр газарт ямар нэгэн цус болсон зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Цолмонгийн “...Би 2017 оны 11 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Интернэшнл караокед Ариука, Хишгээнээ, Оюунаа, Мөөгий, Болдоо нарын хамт орж дуулж архи ууж сууцгааж байгаад би гадагшаа гарч хүний утаснаас гуйж яриад дуудлагын жолооч дуудчихаад өөрийнхөө машин байсан газар руу явчихаад ирэхэд караокены үүдэн дээр Мөөгий, Хишгээнээг үсдээд газар унагачихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч П.Доржоогийн “...Би 2018 оны 11 сарын 26-27-нд шилжих шөнө ажил дээрээ Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интернэшнл” караокед ажиллаж байхад 01 цагийн орчимд гаднаас өрөө байна уу гэж 2 эрэгтэй, 4 эмэгтэй хүн гаднаас орж ирээд 6 номерийн өрөөнд тэд нарыг оруулсан. ... Орой 04 цаг болж байхад караокены үүдийг барьчихаад сүүлийн хүмүүсээ гаргах гэж 6 номерын өрөөнд явж ороход тэдгээр хүмүүс одоо гарлаа гэж байсан. Тэдгээр өрөөнөөс хамгийн эхлээд бор шаргал өнгийн куртиктэй бор үстэй 20-25 орчим насны эмэгтэй түрүүлээд гарах гэхээр нь тэр эмэгтэй тоохгүй түрүүлээд явсан. Тэгэхэд араас нь хар бараан өнгийн куртиктэй, 30-35 орчим насны махлаг шар эмэгтэй хүн араас нь шатаар дээш алхаж гарсан. Тухайн үед өрөөнд байсан бусад хүмүүс караокены тооцоо хийх гээд текэнд үлдэхээр нь би хаалгаа онгойлгож өгөх гээд дээш гарахад хоёр эмэгтэй цугтаа гарсан. Би хаалган дээрээ тооцоо хийж байсан хүмүүсийг хүлээгээд зогсож байхад махлаг шар эмэгтэй нь нөгөө эмэгтэйг араас нь үсдэхэд залуухан эмэгтэй нь эргэж харахад тэр махлаг эмэгтэй доош нь дарахад би махлаг шар эмэгтэйг араас нь тэвэрч салгах гэхэд тавихгүй зуураад нөгөө эмэгтэйгээ чирээд байсан....” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14825 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14887 тоот дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч А.Хд шүүгдэгч Ё.Мгийн үйлдлийн улмаас учирсан хохиролд 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд дээрх хохирлыг шүүгдэгч Ё.Мгаас гаргуулж хохирогч А.Хд олгож, хохирогч А.Х нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ё.М, А.Х нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ё.М, А.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.М-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Х-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ё.М, А.Х нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлд зааснаар Ё.М-гаас 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөг гаргуулж хохирогч А.Хд олгосугай.

 

5. Хохирогч А.Х, Ё.М нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ё.М, А.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.М, А.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ