| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 183/2024/07503/И |
| Дугаар | 197/ШШ2025/00620 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/00620
2025 02 03 197/ШШ2025/00620
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн
шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх
хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .....-д
холбогдох,
Хохирол 3,953,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025
оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 192/ШЗ2025/01112 дүгээр захирамжаар
шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн
197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг
хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2024 оны 01
дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэг жуковт байрлах ******* супермаркет
дэлгүүрт орон гэж байхдаа үүдний шалан дээр халтирч баруун гараа
хугалсан,....иймд эмчилгээний зардалд 313,500 төгрөг, олох ёстой цалин хөлс
3,640,000 төгрөг, нийт 3,953,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын хөшөөний
замын урд ******* ******* салбар нь “******* *******” ХХК-ийн салбар
ба нэхэмжлэгч Д.******* нь тус хэрэгт хариуцагчийг зөв тодорхойлж өгөөгүй
байна. Хэрэг учрал болсон гэх газар нь “******* *******” ХХК-д болсон
асуудал бөгөөд “******* *******” ХХК-ийн охин компани болох “*******
*******” ХХК-тай холбоотой асуудал юм. Энэ нь Компанийн тухай хуулийн 6
дугаар зүйлийн 6.5 дэх хэсэгт зааснаар “Хараат болон охин компани нь толгой
компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд
байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин
компанийнхаа өрийг хариуцахгүй” гэж заасан байна. Иймд хариуцагч компанийн
хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд
нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд
хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би “******* холдинг” ХХК-тай
холбоотой шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэрэгт байгаа өөрийн
баримтуудаа буцаан авах хүсэлттэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч “*******” ХХК холбогдуулан
хохирол 3,953,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн
шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.4-т заасныг баримтлан зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.5-д зааснаар Д.*******ийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д
холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,206
төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН