Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 118/ШШ2025/0005

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б........

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.О........

Хариуцагч: Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд: Г.Б..... нарын хоорондын Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулах талаар гаргасан тогтоол хууль бус эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О.......н өмгөөлөгч Б.Б........, хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Э........., түүний өмгөөлөгч Б.А........, гуравдагч этгээд Г.Б.......... /цахимаар/, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ”Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай” А/8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Д.Б........ олонхын санал авсан гэж үзэж Их-Уул сумын Засаг даргаар томилуулах тогтоол гаргахыг даалгуулах гэж тодорхойлсон.

2. Хэргийн нөхцөл байдал: 

2.1.Завхан аймгийн иргэдийн Их-Уул сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг товлон зарласны дагуу тус Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хуралдаж, тус Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын дотоод журам болон хуралдааны дэгийг батлах, Хурлын зөвлөл байгуулах, Хурлын дарга болон сумын Засаг даргад нэр дэвшүүлэн сонгож батлах, төсөвт тодотгол хийх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.

2.2. Сумын Засаг даргад Д.Б..........., И.Э............, С.Д.......... нар нэр дэвшин өрсөлдөж, нууц санал хураалтын дүнгээр Д.Б.........., И.Э.......... нар хуралдаанд оролцсон нийт 25 төлөөлөгчийн 48 хувийн санал буюу 12 саналыг тус тус авч, санал тэнцсэнээр дахин санал хураалт явагдсан.

2.3. Дахин санал хураалтад төлөөлөгч И.Э....... оролцоогүй ба 24 төлөөлөгч санал хураалтад оролцсоноор Д.Б....... 10, И.Э......... 1 санал тус тус авч, 13 саналын хуудсанд санал огт тэмдэглэгээгүй /хэнийг нь ч дэмжээгүй/ байсан тул хоёр нэр дэвшигчийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй хэмээн үзэж, энэ талаар А/06 дугаар тогтоолыг гаргасан.

2.4. Анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үргэлжлүүлж, нийт төлөөлөгчдийн олонхын санал аваагүй үндэслэлээр сумын Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин эхлүүлсэн.

2.5. Уг ажиллагааг эхлүүлэхийн өмнө нэр бүхий 11 төлөөлөгч хуралдааныг орхин гарсан. Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх ажиллагааг явуулахад Г.Б........с өөр хүний нэрийг дэвшүүлээгүй ба ганцаар нэр дэвшсэн тул илээр санал хураахад санал хураалтад оролцсон 14 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжсэнээр 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/8 дугаар тогтоолоор Г.Б........ Их-Уул сумын Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “...Дээд шатны захиргааны байгууллага ...байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дээрх хуульд заасан хугацааны дотор буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан.

4. Нэхэмжлэгч тал “…сумын Засаг даргад нэр дэвшигчийг сонгох хоёр дахь удаагийн санал хураалт хүчинтэй тул олонхын санал авсан Д.Б........ сумын Засаг даргаар томилуулах талаар тогтоол гаргах нь зөв, анхдугаар хуралдаан холбогдох хууль болон хуралдааны дэгийг зөрчсөн…” гэж, хариуцагч тал болон гуравдагч этгээд  “…хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч нийт төлөөлөгчдийн олонхын санал аваагүй тул сумын Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулж, төлөөлөгчдийн 50-аас дээш хувийн санал авсан Г.Б......... сумын Засаг даргаар томилуулахаар гаргасан тогтоол хуульд нийцсэн…” гэж тус тус тайлбарлан маргасан.

5. Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О.......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.4, 46.9, 56.5.3 дах заалт, тухайн хуралдааны баталсан дэгийн 7.4, 7.4.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн... Их-Уул сумын 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 53 хүн нэр дэвшиж, сонгуулийн үр дүнгээр нийт 25 төлөөлөгч сонгогдсон ба МАН-аас 10, АН-аас 14, бие даагчаар 1 төлөөлөгч тус тус сонгогдсон болно. Сонгуулийн хорооны шийдвэрээр 2024 оны 10 сарын 31-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч үнэмлэх тэмдгийг гардуулсан. Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуралдааны дотоод журам, 2024-2028 онд баримтлах хуралдааны дэгийг баталж тооллогын комиссыг байгуулан Хурлын даргыг сонгосон. Хэлэлцэх асуудлын дэс дарааллаар сумын Засаг даргад Д.Б........., И.Э........, С.Д......... нарыг төлөөлөгчид нэр дэвшүүлэн санал хураалтыг зохион байгуулсан. Эхний санал хураалтаар Д.Б........ 12, И.Э......... 12, С.Д......... 1 санал тус тус авсныг тооллогын комисс танилцуулж, баталсан дэгийн дагуу 2 дахь удаагийн санал хураалтыг явуулахаар болсон. Хоёр дахь удаагийн санал хураалтын үеэр төлөөлөгч М.Г...... Хурлын даргад 2 цагийн завсарлага авах санал тавьсан бөгөөд тухайн үед шөнийн 23 цаг 20 минут болж байсан. Хурлыг Ардчилсан намаас сонгогдсон 12 төлөөлөгч орхин гарч, 13 төлөөлөгч үлдсэн ба тухайн хуралдааны баталсан журмыг зөрчин хэлэлцэх асуудлаа өдөртөө багтааж чадаагүй. /Жич: үлдсэн 13 төлөөлөгч хүлээсэн/ 2024 оны 11 дүгээр сарын 01-ний 01 цаг 40 минутад хуралдаан орхин гарсан 12 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч хуралдаанд ирж 2 дахь удаагийн санал хураалт эхэлсэн. Тус санал хураалтын дүнгээр Д.Б........ 10, И.Э........ 1, хүчингүй санал 13 тус тус гарсныг тооллогын комисс 2024 оны 11 сарын 01-ний 03 цаг 16 минутад танилцуулж, цаашид хуралдахад хүндрэлтэй байгаа тул төлөөлөгчид санал гарган олонхын саналаар11 сарын 01-ний 12 цагт хуралдахаар тохирсон. Хуралдаан 11 сарын 01-ний өдрийн 13 цагт эхэлж төлөөлөгч Д.Б........ Г.А......... О.О......, Г.А......., Л.П........., М.Э........, С.Д......, С.Л........., Ч.А........., З.Э......... нар сумын Хурлын даргад хүсэлт гарган 2 дахь удаагийн санал хураалт хүчинтэй гэж үзэн Д.Б...... Их-Уул сумын Засаг даргад уламжлах тогтоол хүссэн. Хурлын дарга Д.Э......... хэсэг хугацаанд төлөөлөгчидтэйгөө зөвшилцөх хүсэлтээ илэрхийлж, үүний дараа хүсэлтийг хангах боломжгүй, хариуг бичгээр өгөх боломжгүй, амаар хариулъя гэж тайлбарласан. Иймд дээрх нэр бүхий 10 төлөөлөгч ажлын өдөр дуусаж байгаа тул завсарлага авах хүсэлтээ уламжлаад хуралдаанаас гарсан. Үүний дараа төлөөлөгч И.Э......... хуралдаанд дуудан оролцуулж, сумын Засаг даргад Г.Б....... нэр дэвшүүлэн сонгож тогтоол гаргуулсан байна. Иймд Завхан аймгийн Их-Уул сумын 2024 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг баталсан дэгийн дагуу бус, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчин хэлэлцсэн тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал хураалтын комиссын хоёрдох санал хураалтыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь хэсэгт зааснаар олонхын санал авсан хүнийг сонгож баталж, нэр дэвшүүлэн хуульчлах ёстой байсан. Иймд хууль зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл, нэгжийн тухай хуульд нийт төлөөлөгчдийн олонхын санал гэж огт дурдаагүй. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонхын саналыг нэхэмжлэгч авсан байсан. Хоёр дахь санал хураалт дээр нийт 24 төлөөлөгч оролцсон талаар аль, аль нь маргаагүй. 24 саналаас Б...... 10 санал авсан. Ардчилсан намаас нэр дэвшсэн хүн олонхын санал аваагүй, хамгийн олон саналыг Б....... авсан. Энэ хүмүүс яагаад цагаан санал өгөөд байгаа юм бэ? Хуулин дээр цагаан санал гэдэг зүйл байхгүй. Олонхын саналыг сая хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлалаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь хэсэгт нийт төлөөлөгчдийн олонхын санал гэж байгаа. 56.5.3 дахь хэсэгт олонхын санал гэж байгаа. Тийм учраас олонхын саналыг Б........ авсан гэж үзэх үндэслэлтэй. Ийм учраас төлөөлөгчдийн олонхын саналыг Б....... авсан гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа… гэв.

7. Хариуцагч Завхан аймгийн Их-уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Э......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй… Миний бие Хурлын даргаар сонгогдоод, төлөөлөгчдийнхөө гаргасан олонхын саналаар асуудлуудыг шийдвэрлэж явсан. Нэгжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байх шиг байна. Манай сум 25 төлөөлөгчтэй, төлөөлөгчдийнхөө олонхын саналаар асуудлаа шийдвэрлэсэн. Засаг даргын хоёрдох удаагийн санал хураалт дээр бас энэ зарчмыг баримтлан төлөөлөгчдийнхөө гаргасан санал бүрийг олонхын саналаар шийдвэрлэсэн. Б...... 10 хүний санал авсан, Э..... төлөөлөгч санал аваагүй, цагаан санал 13 байсан. 10 санал авсан хүнийг олонхын санал авсан гэж миний бие үзэхгүй байгаа. 10 санал авсан Б....... аймгийн Засаг даргад олонх юм аа гээд уламжлаад явахад, хууль зөрчсөн асуудал учраас батламжлаагүй гэж үзэж байгаа. Тиймээс дараагийн санал хураалт явагдсан байгаа. Бид хуралдааны ирцийн хүрээнд, төлөөлөгчийн гаргасан саналын хүрээнд, асуудлаа шийдвэрлээд явсан. …Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн тайлбар дээр эсрэг байр суурьтай байна. Б......... 10 санал авлаа гээд, олонх гэж үзэхгүй. Хурал цааш үргэлжлээд, 14 төлөөлөгчийн санал олонх болж байгаа учраас миний бие цааш хурлыг үргэлжлүүлээд явсан. Хурал үргэлжлээд Ардчилсан намаас Б....... гэдэг хүнийг нэр дэвшүүлээд, хурал хүчин төгөлдөр үргэлжилж байгаа учраас Засаг даргад нэр дэвшүүлээд, санал хураалтаар Б....... олонхын санал авсан гэж үзээд, аймгийн Засаг дарга Ө......... А/8 тогтоолоор уламжилсан байгаа. Б....... 10 санал авсан, олонхын санал аваагүй гэж үзэж байгаа. Олонх гэдэг нь 24 төлөөлөгч санал хуралтад оролцсон байхад 10 санал авч байгаа нь олонх биш. Олонх гэдэг нь аливаа юмны тэн хагасаас дээш зүйлийг олонх гэж үзэх байх… Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт төлөөлөгчдийн хэмжээнд олонхын саналаар асуудлаа хэлэлцэж, аливаа асуудалд ханддаг. Ийм учраас миний бие хуралдааныг хууль ёсны дагуу, хуулиа барьж ажилласан гэж үзэж байгаа болно гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Б.А......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батална гэсэн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь тухайн үедээ Б........ гэдэг хүн олонхын санал авсан байна гээд яриад байна. Энийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 48.1 дэх заалтаас харахад нийт төлөөлөгч нь 25. Хэрвээ 10 төлөөлөгч ирээгүй бол 15 төлөөлөгч хуралдах эрхтэй. Хэрвээ тэр 13 хүн оролцоогүй бол нэхэмжлэлийн өмгөөлөгч ингэж ярьж болно. Гэтэл 25 төлөөлөгч бүгд хоёрдох санал хураалтад оролцсон. Хуралдаанд оролцсон төлөөлөгчийн 13 хүний санал аваагүй, харин 10 хүний санал авчхаад байгаа. Нийт төлөөлөгч гэдгээрээ олонхын санал авч чадаагүй. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авч чадаагүй байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн хурал өөрөө тогтоож, тогтоолоо батална гэсэн зохицуулалт байгаа. Дэг баталснаас хойш хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл, дараагийн хурлын дэг батлах хүртэл үйлчилнэ. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хурлын дэг дотроо асуудлыг шийднэ. Дэгийн 7.4 дэх хэсгээр бүрэн зохицуулсан байгаа. Нэгдүгээрт, эхний санал хураалт явлаа. Олонхын санал алин нь ч авч чадсангүй, тийм учраас хоёрдох санал хураалтыг явуулна, хоёрдох санал хураалтаар хоёулаа олонхын санал аваагүй бол дахин нэр дэвшүүлнэ гэсэн зохицуулалт байгаа. Дэгийн дагуу явагдсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь хэсэгт хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан 2 хүний талаар дахин санал хураалт явуулж, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ гээд байгаа. Тэгэхээр энэ хүн чинь өөрөө олонхын санал аваагүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хоёрдох шаардлагыг хүлээн авах боломжгүй. Мөн эхний шаардлага болох маргаан бүхийн захиргааны акт /Б........ уламжилсан тогтоол/ хуульд заасан журмын дагуу гарсан, процессын алдаа байхгүй. Улс төрийн шийдэлд орохгүй… Хэрвээ 13 төлөөлөгч оролцоогүй гэж үзэх юм бол хурлын тэмдэглэл байх ёсгүй. 13 төлөөлөгч хоёрдох санал хураалтад оролцсон хуралдааныг орхин гарсан тэрний талаар санал хураалт явагдсан гэдэг ч юм уу, ийм байдлаар санал явуулах боломжтой. 13 төлөөлөгч цагаан хуудас буюу дэмжээгүй санал өгсөн. Энэ 13 төлөөлөгч хуралдаанд оролцоогүй гэдэг зүйл байхгүй байна. Ямар ч тохиолдолд оролцсон болчхоод байна. Хурлын тэмдэглэл болон тайлбарууд дээр бүгд дээр нь хоёрын өдрийн хуралдаан дээр эхнээс нь дуустал суусан байгаа. Дунд нь шөнийн 4 цаг болоод, засварласан байгаа. Дараа нь үргэлжлүүлээд явсан. Энэ хурал зогсолтгүйгээр явсан байгаа. Хэрвээ 13 төлөөлөгч оролцоогүй гэж ярих юм бол нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа зүйл боломжтой. 13 төлөөлөгч хуралдаанд оролцсон байгаа. Ямар нэгэн байдлаар дэмжээгүй байна уу, дэмжсэн байна уу, цагаан хуудас өгсөн байна уу, оролцсон нь тодорхой болчхоод байна. Энэ 13 цагаан хуудсыг 13 төлөөлөгч хийгээд байгаа учраас хуралдаанд оролцоод яваад байгаа хэлбэр гэж ойлгож байгаа. Хуралдаанд оролцох нь 13 төлөөлөгчийн эрх байгаа. Хоёрдугаар санал хураалтад 13 төлөөлөгч ямар нэгэн байдлаар оролцсон байгаа. Хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонхын саналыг авна, дараа нь аймгийн Засаг даргад нэр дэвшүүлнэ гэсэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь хэсэгт байгаа учраас зайлшгүй хангах шаардлагатай. Төлөөлөгчийн үйл ажиллагаандаа баримтлах хуралдааны дэгийн 7.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангаад олонхын саналаар шийдсэн байгаа. Хууль, журамд заасны дагуу процессын ямар ч алдаагүй хуралдаан болсон, тогтоол нь хууль ёсны дагуу гарсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

9. Гуравдагч этгээд Г.Б....... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хурлын төлөөлөгч учраас тухайн санал хураалтад оролцсон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргыг томилох, дээш өргөн мэдүүлэх дээр нэгжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийг баримталж байгаа. 56 дугаар зүйлийн 56.5.3 дээр олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлж уламжилна гэж заасан. Манай сум 25 төлөөлөгчтэй, олонх гэдэг нь 25 төлөөлөгчийн 13 буюу түүнээс дээш санал авсан хүнийг, олонхын санал авна гэж хэлэхээр заасныг хангаж байгаа учраас Б......, Э........ нарыг олонхын санал аваагүй гэдэг үндэслэлээр, дахин нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулсан гэж миний зүгээс үзэж байгаа... Б....... 10 санал авсан, 13 болон түүнээс дээш олонхын санал аваагүй гэдгийг санал хураалтын комиссоос төлөөлөгчид танилцуулсан. Хуралдааны нийт төлөөлөгч санал гаргаад, маргааш өглөөний 11 цагаас үргэлжлүүлье гэдэг санал гаргаад нийт төлөөлөгчийн саналаар хурал өндөрлөсөн. Маргааш 11 цагаас хуралдааны ирцээ бүртгээд үргэлжилсэн. Миний зүгээс хуралдаан үргэлжилж байсан. Тийм учраас хурлын процесс дээр ямар нэгэн алдаа байхгүй, комисс нь хуралдааны дэгийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу ямар нэгэн алдаа гаргаагүй явагдсан гэж үзэж байна. Тийм учраас дахин санал хураалт явагдаад, олонхын саналыг үндэслээд Хурлын шийдвэр гарсан. Хуралдааныг төлөөлөгчдийн олонх ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр гэж үздэг... Хуралдаан дээр асуудлыг нийт төлөөлөгчдийн олонхоор шийдэж байгаа учраас, 10 хүний санал авсан байсан Б......... олонх гэж үзэх юм бол хуралдааны үйл явц алдаатай болох учраас нийт санал өгч байгаа хүмүүсийн олонхоор шийдвэрлэнэ. Тийм учраас 13 буюу түүнээс дээш санал авсан хүнийг олонх гэж үзэж тогтоолоо гаргах нь Хурлын гол үүрэг болно. Дүрэм, журмаа дагаж мөрдөх нь зөв гэж үзэж байна ...Сонгуулийн тухай хуульд зааснаар цагаан хуудсыг хэнд ч санал өгөөгүй, дэмжээгүй гэж тооцоод явдаг. 13 цагаан хуудсыг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан дараах эрх зүйн дүгнэлтээр нэхэмжлэгч Д.Б...... ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О........н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.-д “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна…” гэж заасны дагуу Завхан аймгийн Их-Уул сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарласнаар анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд үргэлжилсэн байна.(Хавтаст хэргийн 117 дугаар хуудсанд)

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.1.Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал; …35.1.4.тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх…”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн... олонхын саналаар батална”, 48.2-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга... гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан.

4. Уг эрхийн хүрээнд Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан /цаашид “Хурлын анхдугаар хуралдаан” гэх/-аар нийт 25 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, хэлэлцсэн асуудал бүрээр тогтоол батлан гаргасны дотор хэргийн оролцогчдын маргаж буй сумын Засаг даргад нэр дэвшүүлж томилуулах асуудлаар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж санал хураалт явуулах тухай” А/06, “Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлж санал хураалт явуулах тухай” А/07, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай” А/8 дугаар тогтоолуудыг Хурлын дарга Д.Э......... гарын үсэг зурж баталгаажуулсан байна. (Хавтаст хэргийн 7, 115, 116 дугаар хуудсанд)

 5. Энэ хэрэгт нэхэмжлэгч нь зөвхөн А/8 дугаар тогтоолын талаар маргаж байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул  дээрх тогтоол хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн маргаагүй анхдугаар хуралдаанаас гаргасан бусад тогтоолуудтай холбоотой дүгнэлт хийх, нотлох баримт цуглуулах шаардлагагүй болно.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О............ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцох эсэх талаараа шүүхэд тайлбар, баримт ирүүлээгүй байна.

7. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нар О.О.......... байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах санал гаргасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

8. Маргаан бүхий захиргааны акт буюу Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай” А/8 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4,  48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын буюу 56 хувийн саналаар дэмжигдсэн Г........н Б....... сумын Засаг даргад нэр дэвшүүлж томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлахаар тогтоожээ. (Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд)

9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна…”, 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно”, 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж заасан.

10. Энэ маргааны тухайд Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан анх 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эхлэхдээ нийт төлөөлөгчдийн 100 хувийн буюу 25 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлсэн байх А/03 дугаар тогтоолоор “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийг баталсан байна. (Хавтаст хэргийн 72-84, 118 дугаар хуудсанд)

11.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: …35.1.4-д “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.2-д “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал … нэр дэвшүүлнэ”, 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, …дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх; 56.5.3.хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;  …гэж тус тус зааснаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн шатны Засаг даргыг тус Хурлын нийт төлөөлөгчдийн олонхын саналаар нэр дэвшүүлэн томилуулахаар байна.

12. Дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3-д заасан “…хуралд оролцсон иргэдийн…” гэх томьёолол нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд хамаарахгүй, зөвхөн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хамааралтай бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас сумын Засаг даргад нэр дэвшүүлэн томилуулахад харгалзан үзэх “олонхын санал”-ыг тухайн Хурлын нийт төлөөлөгчдийн тоог үндэслэн тогтоохоор байна. Өөрөөр хэлбэл, энэ маргааны тухайд Их-Уул сумын Засаг даргад нэр дэвшигчийн авсан саналын хувийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 25 төлөөлөгчийн тоотой харьцуулан тогтоохоор байна.

13. Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр эхэлж, асуудлуудыг хэлэлцэж эхэлсэн байх ба сумын Засаг даргад нэр дэвшигчийг сонгохоор санал хураалт явуулахад Д.Б......... 12, И.Э........ 12, С.Д...... 1 төлөөлөгчийн санал авсан буюу нэр дэвшигчдийн хэн нь ч нийт төлөөлөгчдийн олонхын санал аваагүй болох нь хэрэгт авагдсан Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тэмдэглэл, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/06 дугаар тогтоол, тооллогын комиссын тэмдэглэл, саналын хуудас зэргээр тогтоогдож байх тул хуралдааны дэгийн 7.4-д “Нэр дэвшигчдийн аль нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхын санал аваагүй бол дахин нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу дахин санал хураалт явуулах үндэслэл  бий болжээ. (Хавтаст хэргийн 10, 115, 118, 128, 142-151 дүгээр хуудсанд)

14. Дахин санал хураалтад төлөөлөгч И.Э......... /Хүндэтгэн үзэх шалтгаан тодорхойгүй/-өөс бусад 24 төлөөлөгч оролцсон байх ба Д.Б........ 10 буюу 41.6 хувийн, И.Э......... 1 буюу 4.2 хувийн саналаар тус тус дэмжигдэж, үлдсэн 13 саналын хуудсанд санал тэмдэглэгдээгүй буюу нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжээгүй нь тус Хурлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/07 дугаар тогтоол, тооллогын комиссын тэмдэглэл, саналын хуудас зэргээр тогтоогдож байна.(Хавтаст хэргийн 14, 116, 129, 158-166 дугаар хуудсанд)

15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч “…Хурлын төлөөлөгч нар саналын хуудсанд аль нэг нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлж тэмдэглэх ёстой, тэмдэглэгээ хийгээгүй тул тухайн 13 саналын хуудас хүчингүй, Д.Б........ олонхын санал авсан гэж үзнэ…” гэх тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй.

16. Нэр дэвшигч нарын хэнийг нь ч дэмжээгүй саналын хуудсыг хүчингүйд тооцохгүй бөгөөд санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн саналд оруулан тооцох тул нэр дэвшигч Д.Б........ нийт төлөөлөгчийн олонхын санал /12-оос дээш/-аар дэмжигдэж чадаагүй байна.

17. Дахин санал хураалтын дүнгээр хоёр нэр дэвшигч олонхын санал аваагүй үндэслэлээр сумын Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин шинээр эхлүүлэхийн өмнө Хурлын төлөөлөгч О.О....... нарын нэр бүхий 10 төлөөлөгч “Д.Б........ сумын Засаг даргаар томилуулах талаар тогтоол гаргуулах хүсэлтэд хариу авах” үндэслэлээр анхдугаар хуралдааныг 3 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлтийг гаргасныг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хүлээж аваагүй нь анхдугаар хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх ба тийнхүү дээрх хүсэлтийг хүлээж аваагүй байхад О.О......... С.Д.........., Д.Б........., Г.А............, Л.П..........., З.Э..........., Г.А........., Ч.А..........., С.Л..........., М.Э............. нар нь хуралдааныг орхин гарч, тус Хурлын хуралдааны дэгийн 4.3-д “Хурлын төлөөлөгч өвчтэй буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоодод томилолтоор явсан, байгалийн давагдашгүй хүчин зүйл, ар гэрийн гачигдал гарсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд бусад тохиолдолд хуралдааныг тасалсанд тооцно”, 4.4-д “Хурлын төлөөлөгч шалтгаангүйгээр хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх ба энэ нь хуралдааны дэгийн 4.5-д заасан “Хурлын төлөөлөгч шалтгаангүйгээр хуралдааныг орхиж гарсан бол эсрэг санал өгсөнд тооцох” гэж заасан үр дагаврыг үүсгэсэн байна. (Хавтаст хэргийн 16, 74, 132-133 дугаар хуудсанд)

18. Тодруулбал, “хүсэлтэд хариу авах”, “хүсэлтийн дагуу тогтоол гаргуулах” гэх шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул О.О........ нарын нэр бүхий 10 төлөөлөгч анхдугаар хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан гэж үзнэ.

19. Хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан төлөөлөгчид танхимд буцаж орж ирээгүй /бусад төлөөлөгчид хүлээсэн/ тул Их-уул сумын Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дээрх нэр бүхий төлөөлөгчдийг хуралдаанд оролцож, эсрэг санал өгснөөр тооцсоныг буруутгах үндэслэлгүй.

20. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эхэлсэн анхдугаар хуралдаанаар тухайн өдөртөө багтаан товлосон асуудлуудаа хэлэлцэж дуусаагүй тул 2 дахь өдрийн буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааныг өмнөх өдрийн хуралдааны үргэлжлэл гэж үзэх тул төлөөлөгчдийн ирцийг шинээр тоолохгүй, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй.

21. Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7.4-д “Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхын санал аваагүй бол дахин нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу тус сумын Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дахин явуулж, нэр дэвшсэн гуравдагч этгээд Г.Б........г 14 төлөөлөгчийн саналаар буюу нийт төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн саналаар дэмжсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Их-Уул сумын Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэх бөгөөд нийт төлөөлөгчдийн олонхын /50-аас дээш буюу 12-оос дээш төлөөлөгчийн/ санал аваагүй Д.Б........ Их-Уул сумын Засаг даргаар нэр дэвшүүлэн томилуулах талаар тогтоол гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй, маргаан бүхий Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/8 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. (Хавтаст хэргийн 7, 77, 137-138 дугаар хуудсанд)

22. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн …олонхын саналаар батална” гэж зааснаар дээрх маргаан бүхий А/8 дугаар тогтоолыг хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын саналаар хуульд нийцүүлэн баталж, Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийн “сумын Засаг даргаар томилуулах эрхийг зөрчсөн” гэх тайлбарын дагуу тухайн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

23. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл нь “хуульд нийцээгүй байх” төдийгүй “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх” явдал юм.

24. Энэ маргааны тухайд, Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдаанаас А/8 дугаар тогтоолыг гаргах ажиллагаа хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул уг тогтоолыг хүчингүй болгуулах, Д.Б............ тус сумын Засаг даргаар томилуулах талаар тогтоол гаргахыг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

25. Маргаан бүхий Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны А/8 дугаар тогтоолыг үндэслэн Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/53 дугаар захирамжаар гуравдагч этгээд Г.Б......... Их-Уул сумын Засаг даргаар томилсныг дурдах нь зүйтэй. (Хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд)

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.9, 48 дугаар зүйлийн 48.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.2, 56.5.3 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ”Сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай” А/8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Д.Б.......... олонхын санал авсанд тооцож, Их-Уул сумын Засаг даргаар томилуулах талаар тогтоол гаргахыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Б.......... итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О......... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ТУНГАЛАГ