Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Э.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.С-д холбогдох 1805002310114 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С нь 2017 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гэмтэл согог судлалын төв эмнэлгийн орчим А.Дашнямыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Сын өгсөн:

“...2017 оны 12 сарын сүүлээр шинэ жилийн өмнө би найз Түвшин-Эрдэнэ, Батцоож нартай уулзсан, тэр 2-т би хүнд зодууллаа гээд дуудсан, тухайн үед шөнийн 02 цаг болж байсан байх, би хорооллын эцэст замынхаа урд нүдний шилтэй өндөр биетэй, намхан махлаг биетэй, шар өнгийн куртиктэй 3 залууд би зодуулсан, өндөр залуу намхан залуу 2 намайг мөрөлсөн гээд маргалдаад өндөр нуруутай залуу нь намайг мөргөсөн, нөгөө 2 нь бол зодож цохисон асуудал байхгүй, миний хамар мурийгаад эмнэлэгт үзүүлэлгүй явсан, тэр залуучуудыг би танихгүй тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй, одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй, миний хамар мурийгаад эдгэсэн, мөргүүлээд тэр 3 залуугаас салаад Түвшин-Эрдэнэ Батцоож 2-той уулзаад Гандан руу алхаж байтал намайг зодсон залуу хорооллын эцэст явж байна гэж хараад нүүр рүү нь гараараа 1 удаа цохиод, унахаар нь гуя руу нь өшиглөхөд Түвшин-Эрдэнэ, Батцоож 2 намайг салгасан. Тэгтэл намайг зодсон залуу биш байсан юм байна лээ би хүн андуураад цохьчихсон. Тэрнээс биш би тэр залууг зодож цохиж гэмтээх санаа бодол байгаагүй, намайг мөргөсөн залууг Мөнхөө гэж дуудаад байсан миний зодсон залуу тэр Мөнхөө гэх залуутай адилхан харагдахаар нь чи Мөнхөө мөн үү гэтэл юу гээд байгаа юм гэсэн тэгэхээр нь юу ч гэсэн яадаг юм гээд л цохисон. Тэгээд буруу хүн зодсоноо мэдсэн. Тэнд байсан 2 охин чи хүн андуурсан байна гэж надад хэлсэн. Хүн андуурч зодсон нь миний буруу. Би хот мэдэхгүй ямар ч байсан хорооллын эцэст л энэ асуудал болсон, Би хэргээ хүлээж байна, миний буруу, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 8-9, 28-29/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч А.Д-н өгсөн:

            “...Би 2017 оны 12 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гадуур гарч найзуудтайгаа уулзаад караокед орж дуулах санаатай Баянгол дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэр ГССҮТ-ийн хойд талын автобусны буудал дээр найзыгаа хүлээж байгаад нэрийг нь сайн санахгүй байна караокены газарт очиход найз Эгиймаа, Соёлмаа нар ирсэн. Тэгээд би тэр 2-той уулзаад юм яриад тамхи татаад зогсож байхад 25-30 орчим насны үл таних залуу, согтууруулах ундаа хэрэглэчихсэн ирээд надруу хандаж “хөөе юм асууя” гэсэн ба би эргээд хартал миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон, мөн цээж хэсэг рүү 2-3 удаа цохихоор нь би зууралдаж авсан ба манай найз Эгиймаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Энэ үед тэр залуугийн найзууд бололтой 2 залуу ирээд салгаад найзыгаа аваад такси бариад Гандангийн буудал чиглэлтэй явахад нь би хараад 2 найзынхаа хамт такси бариад дагаж явж байгаад цагдаагийн алба хаагч нарт барьж өгсөн. Миний уруул сэтэрч цус ихээр гараад хамаг бие хөндүүрлээд байхаар нь ГССҮТ-д очиж үзүүлээд уруулдаа оёдол тавиулж, эмчилгээ хийлгээд 04 цагийн үед цагдаагийн байгууллага дээр ирсэн.

            Намайг ямар нэгэн эд зүйлээр цохиж зодсон зүйл байхгүй. Одоо миний биеийн байдал хэвийн байна. Надад гомдол санал байхгүй, эмчилгээний 311.000 төгрөгийг бэлнээр өгсөн..” гэх мэдүүлэг /хх-н 21-24/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Түвшин-Эрдэний өгсөн:

  “...2017 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гэртээ амарч байхад миний бага ангийн найз Сүхбат миний өөрийн 86614858 дугаарын утас руу өөрийнхөө 88425775 дугаарын утаснаас залгаж “Найз нь хүнд зодуулчихлаа, 3-4 хорооллын эцэст байна” гэж хэлсэн. Тэгээд би найз Батцоож руу залгаж хэлээд бид 2 такси аваад 3-4 хорооллын эцэст очсон. Тэгээд замын хажууд нэг аж ахуйн нэгжийн гадаа байх Сүхбат нэг залууг цохиж байсан. Хажууд нь 2 эмэгтэй байсан. Тэгээд бид 2 таксинаас яаралтай буугаад очиж салгаад найзыгаа аваад явсан. Тэр үед Сүхбат би хүн андуураад цохьчихлоо, намайг зодсон хүн байна гэж харсан гэж хэлж байсан. Би Сүхбатыг тэр залуугаас салгаад такси аваад явж байхад араас цагдаагийн алба хаагч нар машинтай ирээд аваад явсан. Миний хувьд Сүхбатын цохисон гэх залууг танихгүй, харин намайг харж байхад 2-3 удаа толгой нүүр рүү нь гараараа цохисон ямар нэгэн эд зүйлээр зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 30/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батцоожийн өгсөн:

“...Би 2017 оны 12 сарын 27-ны өдөр гэртээ байж байхад 02 цаг өнгөрч байсан шиг санаж байна манай найз Түвшин-Эрдэнэ надруу залгаж “3-4 хорооллын эцэст Сүхбат хүнд зодуулсан гэнээ хоёулаа очъё гэж хэлээд би Түвшин-Эрдэнэтэй уулзаад такси бариад очсон. Тэгээд 3-4 хорооллын эцэст ГССҮТ-ийн эмнэлгийн хойд талд хавьцаа явж байхад Сүхбат нэг залууг цохиж зодож байсан. Тэгээд би Түвшин-Эрдэнэтэй таксинаас буугаад гүйгээд очсон. Хажууд нь 2 эмэгтэй хүн байсан. Сүхбат архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба юу болсон талаар асуухад “би түрүүн 3 хүнд зодуулсан юм, нэг нь энэ хүнтэй их адилхан харагдсан тэгээд би цохьчихлоо гэж хэлэхээр нь би чи хүн андуурсан юм биш үү гэж хэлээд найзыгаа аваад явсан. Тухайн үед салгаад такси аваад гандангийн буудал руу явж байхад араас цагдаагийн машин ирээд Сүхбатыг аваад явсан. Миний хувьд Сүхбатын цохисон гэх залууг танихгүй, Сүхбат нэг залууг толгой руу нь нэг цохих шиг болсон, толгой нүүр рүү нь гараараа цохисон, ямар нэгэн эд зүйлээр зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Эгиймаагийн өгсөн:

“...2017 оны 12 сарын 27-ны шөнө 01 цаг өнгөрч байхад найз Дашням, Соёлмаа нартай уулзаад ГССҮТ-ийн хажуугийн автобусны буудал дээр уулзаад бид 3 караокед дуулах гээд явж байхад караокены үүдэнд яг орох гэж байхад манай найз Дашнямыг үл таних залуу хойноос нь дуудсан. Тухайн үед юм асууя гэж хэлснээ ямар ч шалтгаангүй нүүр рүү нь 1 удаа гараараа цохиод, мөн цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохиод тэгээд Дашням зууралдаад байж байхад тэр хүний найз нь бололтой 2 залуу ирээд салгаад авсан...” гэх мэдүүлэг /хх-н 33-34/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн 910 тоот: 

1. А.Дашнямын биед хамрын ясны хугарал, дээд уруул, дээд уруулын зүүн хэсэгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

гэх дүгнэлт /хх-н 7/

 

Шүүгдэгч Э.Сын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 42/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 14/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Э.С-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ж.Сүхбатад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

                  Шүүгдэгч Э.С нь 2017 оны 12 сарын 27-28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гэмтэл согог судлалын төв эмнэлгийн орчим А.Дашнямыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн 910 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч А.Дашням нь “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” /хх-н 23/ гэх мэдүүлгээр Э.С нь бусдад төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Э.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Сад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан торгох ял биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Сад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.С-ын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Э.С бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.С-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ