Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 18

 

                                    Хэргийн индекс:127/2016/0022/З

                                                                                                  

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн  Биндэр сумын Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №03 дугаар “Нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Э.Мөнх-Очирыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Пүрэвжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, гуравдагч этгээд Э.Мөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.     

                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Мөнх-Очирын нэрийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан нь тус намын эрх ашгийг зөрчиж буй хэлбэр юм. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 14 дүгээр зүйлийн 14.1, 153 дугаар зүйлийн 153.1 хэсэгт заасан намаас нэр дэвшүүлэх асуудал яригдаж байна гэж үзэж байна. Хэнтий аймгийн Биндэр сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  01 тоот тогтоолоор Э.Мөнх-Очирыг нэр дэвшигчээр бүртгэж авсан байдаг. Мөн тус сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор эрх бүхий албан тушаалтанд гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд зориулан гаргасан хүсэлт биш байна гэсэн үндэслэлээр Э.Мөнх-Очирын нэрийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан байдаг. Өөрөөр хэлбэл уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд зориулж гаргаж байсан гэсэн үндэслэлээр Э.Мөнх-Очирын нэрийг Биндэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан. Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлд сонгуулийн хэлбэрийг зааж өгсөн байдаг. Сонгуулийн тухай хуулийн 6.2.3 дахь хэсэгт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын /цаашид “аймаг, нийслэлийн хурлын” гэх/, 6.2.4 дэх хэсэгт сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын /цаашид “сум, дүүргийн хурлын” гэх/ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёр сонгууль нь орон нутгийн сонгуульд хамаарна гэсэн үг юм. Э.Мөнх-Очир Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтээ 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс өмнө буюу хуульд заасан хугацаанд гаргасан байдаг. Хуульд Э.Мөнх-Очирыг Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцож нэр дэвшигчээр бүртгүүлсэн бол ажлаас чөлөөлөгсөн байх шаардлагын тавьсан байдаг. Хэрвээ аймгийн сонгуульд сонгогдоогүй бол дараагийн сонгуульд оролцох хүсэлтээ дахин бичиж өгөх ёстой гэсэн зүйл заалт байдаггүй. Сонгууль нь Улсын Их Хурлын, ерөнхийлөгчийн, орон нутгийн гэсэн гурван хэлбэртэй байдаг. Орон нутгийн сонгуулийн төрөлд аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгууль хамаардаг. Э.Мөнх-Очирын гаргасан хүсэлт нь орон нутгийн сонгуульд хамаарч байна. Мөн Э.Мөнх-Очир болон намын хүсэл зориг нь сонгуульд оролцох юм. Дан ганц аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох хүсэл зориг биш юм. Э.Мөнх-Очирыг 01 тоот тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн. Энэ тогтоолыг тус Сонгуулийн хороо хурлаар хэлэлцэж гаргасан байдаг. Хэнтий аймгийн Биндэр сумын Сонгуулийн хороо 03 тоот тогтоолыг гаргахдаа Хэнтий аймгийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 13 тоот  албан бичгийг үндэслэдэг. Хуульд Аймгийн Сонгуулийн хороог тухайн хорооны дарга төлөөлнө гэж заасны дагуу Ж.Ганбаатар дарга 13 тоот албан бичгийг гаргасан байх. Гэхдээ Хэнтий аймгийн Сонгуулийн хороо өөрийнхөө эрх хэмжээний бус асуудлаар албан тоот гаргасан байдаг. Биндэр сумын Сонгуулийн хороо хуулийг буруу хэрэглэн Хэнтий аймгйин Сонгуулийн хорооны шаардлагыг биелүүлсэн байдаг. Биндэр сумын Сонгуулийн хорооны дарга тайлбартаа бид дээд шатны байгууллагаас ирүүлсэн ямар ч шаардлагыг биелүүлнэ. Энэ талаар хуульд заасан гэдэг. Гэтэл дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан тоот нь хууль ёсны мөн эсэхийг Биндэр сумын Сонгуулийн хороо шалгаагүй. Иймд Биндэр сумын Сонгуулийн хорооноос гаргасан тайлбар нь үндэслэлгүй юм. Хэнтий аймгийн Биндэр сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолыг гаргахдаа тус Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгоогүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт нь хүчингүй болсон, хугацаа дууссан, захиргааны актыг цуцалснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилдэг. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоол хуулийн хүчинтэй хэвээр байна. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай заасан байдаг. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоолоор Э.Мөнх-Очирыг нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг. Нэр дэвшигчийн бүртгэсэн бол нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах тухай асуудлыг Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэдэг. Сонгуулийн тухай хуулийн 159.1 дэх хэсэгт нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. Харин тус хуулийн 159.2 дахь хэсэгт нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. Гэтэл нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Хэнтий аймгийн Биндэр сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот захиргааны акт нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хууль бус акт тул тус актыг хүчингүй болгох нь зүйтэй юм. Хэнтий аймгийн Биндэр сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоол хүчингүй болвол тус сумын Сонгуулийн хорооны 01 тоот тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ тохиолдолд хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг ярих шаардлагагүй юм. Гэхдээ хэлэлцэж байгаа асуудал маань маргаантай, сонгуультай холбоотой асуудал учраас Э.Мөнх-Очирыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Сумын Сонгуулийн хороо нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага юм. Нэр дэвшигч Э.Мөнх-Очирын асуудлыг сумын Сонгуулийн хороо хурлаараа хэлэлцсэн. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа нь орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаатай утга нэг юм. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон. Хуульд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хүсэлтээ гаргасан байхыг шаарддаг. Биндэр сумын Сонгуулийн хороо хурлаараа хэлэлцэж нийт гишүүдийн 80 хувийн саналаар А.Мөнх-Очирыг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэж 01 тоот тогтоолыг гаргасан. Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны сонгууль зохион байгуулахтай холбоотой гаргасан шийдвэр нь тогтоол, зөвлөмж, албан бичгийн хэлбэртэй байна гэж заасан. Хэнтий аймгийн Биндэр сумын Сонгуулийн хороо Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 03 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолыг  гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 31.9, 31.17 дах хэсгийг үндэслэсэн. Бид хуулийн заалтыг дагаж мөрдөнө. Биндэр сумын Сонгуулийн хороо олонхийн саналаар шийдвэр гаргасан гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хувьд 2016 оны сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуульд оролцох хүсэл зорилготой байсан. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан байдаг. Би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр төлөвлөсөн байсан болохоор Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан. 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн сонгуульд оролцоод ялагдал хүлээсэн. Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн орон нутгийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэж байсан. Дахин хүсэлт гаргаж өгөх гэхээр цаг хугацаа тулсан байсан.  Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт аймгийн болон сумын сонгуульд оролцож болох талаар заасан байсан учир 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Биндэр сумын Сонгуулийн хороонд бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Би өөрийгөө нэр дэвшихээр болсон гэж бодож байсан. Нэр дэвшсэнээс хойш буюу 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажил үүргээ хийхгүй байвал зохино гэсэн хуулийн заалтын дагуу Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбад ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан. Хэнтий аймгийн Биндэр сумын Сонгуулийн хорооноос “таныг Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах болсон, ирж хуралд суу” гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Тэгээд Хэнтий аймгийн Биндэр сумын 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоол гарч намайг Биндэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан. Иймд Хэнтий аймгийн Биндэр сумын Сонгулийн хорооны 2016 оны 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүргүүлж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №03 дугаар “Нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах тухай тогтоолыг хүчингүй болгож, Э.Мөнх-Очирыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  1. Сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №03 дугаар “Нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлдээ Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9, аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдийн № 13 тоот албан бичиг[1] зэргийг баримталж Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Мөнх-Очирыг сумын иргэдийн Төлөөлөчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасч шийдвэрлэжээ.

Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдийн № 13 тоот албан бичигт Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2, 159 дүгээр зүйлийн 159.1, 31 дүгээр зүйлийн 31.9-д заасныг баримтлан нэр дэвшигч Э.Мөнх-Очирыг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг дутуу үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхийг Биндэр сумын сонгуулийн хороонд үүрэг болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь: Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д сумын сонгуулийн хорооны хэрэгжүүлэх эрх, үүргийг хуулчилсан ба 34.1.8-д “сум, дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч нарыг бүртгэх, бүртгэхээс татгалзах, нэрийн жагсаалтаас хасах нь тухайн сумын сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарах асуудал атал сумын сонгуулийн хороо нь маргааны үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр аймгийн сонгуулийн хорооны албан бичгийг үндэслэж захиргааны акт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.3-д “Сум, дүүргийн хурлын сонгуулийн тухайд сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан хэрэгжүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Сум, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн сум, дүүргийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна” гэж тус тус заасан ба аймгийн сонгуулийн хороо нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй Э.Мөнх-Очирыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэхийг Биндэр сумын сонгуулийн хороонд үүрэг болгосон нь хуульд нийцээгүйн дээр уг маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус үзэхээр байна.

Хэдийгээр аймгийн Сонгуулийн хорооны шийдвэр нь албан бичиг хэлбэрээр гарсан хэдий ч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулж байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус байх нөхцлүүдийг дурьдсан ба мөн хуулийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж тодорхойлжээ.

             Мөн уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан байх тул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдийн № 13 тоот албан бичгийг үндэслэж гарсан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №03 дугаар тогтоолыг хүчингүй болох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

2.  Э.Мөнх-Очирыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухай:

            Хэнтий аймгийн Биндэр сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № 01 дүгээр “нэр дэвшигчдийг бүртгэх тухай” тогтоол[2], түүний хавсралтын 29 дүгээрт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Мөнх-Очирыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, мөн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №03 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасжээ.

            Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т нам нэр дэвшүүлэх ажиллагаанд шаардлагатай баримт бичгийг жагсаалтаар хуульчилсан ба 157.2.7-д “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-ыг хавсаргахаар, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д” Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж тус тус заажээ.

            Гуравдагч этгээд Э.Мөнх-Очир нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт[3] , мөн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр мөн аймгийн Засаг дарга Н.Ганбямба нарт хандаж ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг[4]  гаргаж байсан байх ба мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд ажил, албан тушаалдаа 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буцаан томилогдсон гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Сумын сонгуулийн хороо нь улс төрийн намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж буй нэр дэвшигч нарын баримт бичгүүдийг хүлээн авч Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан шаардлагын дагуу баримт бичгүүдийг бүртүүлсэн эсэх, уг баримт бичгүүд нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг нягталж Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргах үүрэгтэй бөгөөд уг үүргээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлээгүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Э.Мөнх-Очирыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “.Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасан ба хариуцагч дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Биндэр сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № 01 дүгээр тогтоолын гуравдагч этгээд Э.Мөнх-Очирт холбогдох хэсгийг орхигдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8, 115 дугаар зүйлийн 115.1, 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Биндэр сумын Сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №03 дугаар “Нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Э.Мөнх-Очирыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ.

 


[1] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас,

[2] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас,

[3] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас,

4 Хавтаст хэргийн 66 дүгээр хуудас,