Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 64

 

 

2023         11           07                                        2023/ДШМ/64

 

Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Оюунцэцэг/цахимаар/, шүүгдэгч Б.Отгонбаяр түүний өмгөөлөгч Б.Ганзориг, хохирогч Д.Мөнхбат/цахимаар/ түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал/цахимаар/ нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан,

Ховд аймгийн Булган сум даь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын давж заалдах гомдлыг үндэслэн Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн 2337000290045 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 09 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн. 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, Хилийн ар тал мэргэжилтэй, ам бүл 7 /эхнэр 5 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт оршин суух, Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид сургалтын ахлах офицер ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Байтных овогт Батбаярын Отгонбаяр /РД:ПБ 84091572/

2. Шүүгдэгч Б.Отгонбаяр нь Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах Ярантын заставд шалгалтаар очиж ажиллахдаа 2022 оны 04 сарын 05-аас 06-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Мөнхбаттай маргалдан улмаар нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас Б.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх:

4.1 Байтных овогт Батбаярын Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярт 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /Арван таван сая/ төгрөгөөр торгож шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярт оногдуулсан торгох ялыг 24/Хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж,

4.5 Шүүгдэгч Б.Отгонбаяр нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

4.6 Шүүгдэгч Б.Отгонбаярт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Ховд аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгаж,

4.7 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Б.Отгонбаяраас 8.781.576 төгрөг гаргуулж хохирогч Д.Мөнхбатад олгож, хохиролд 4.437.390 төгрөг төлснийг дурдаж,

4.8 Хохирогч Д.Мөнхбатын иргэний нэхэмжлэлээс 8.995.937 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 86.172.898 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

4.9 Шүүгдэгч Б.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

4.10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Хохирогч Д.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Өнөржаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаа удаашралтай. Шинжээчийн дүгнэлт гаргах бололцоогүй байгаа талаар хэлдэг бөгөөд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд хэргийн материалыг ирүүлэх талаар албан бичиг явуулах талаар хэлсэн байдаг юм.

Хохирогч Д.Мөнхбат нь н.Баттулга эмчтэй очиж уулзан эхний үзлэгийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дахин анхан шатны үзүүлэг хийлгэн, холбогдох шинжилгээ, үзлэгт хамрагдах бичгийг хийж өгсний дагуу Рехамед эмнэлэгт үзүүлэн, хэвтэн эмчлүүлж, холбогдох дүгнэлтийг гаргуулсан бөгөөд энэхүү дүгнэлт гарсан талаар Н.Баттулга эмчид утсаар хэлэхэд өөр дээрээ түр байлгаж байгаарай гэж байсан болно. 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар тус хуралдаан оролцож байсан шинжээч эмч О.Баатаржаваас Шинжилгээ хийлгэх бололцоотой эсэх талаар тодруулахад бололцоотой гэх хариултыг өгч байсан бөгөөд тус төвөөр одоогийн үйл ажиллагааны хүрээнд хохирогч Д.Мөнхбатын биед шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж байсан билээ.

 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 1/414 дугаартай албан бичгээр захирамжид заасан дүгнэлт гаргах боломжгүй гэжээ. Шүүх бол Засаглалын хувьд бие даасан, хараат бусаар ажиллах үүрэгтэй бөгөөд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн байгууллагуудын хуулиар хүлээсэн, үүргээ хэрэгжүүлэхийг шаардах бүрэн эрх бүхий байгууллага юм.

Миний үйлчлүүлэгч хохирогч Д.Мөнхбатад холбогдогчийн талаас эмчилгээний төлбөртэй холбоотойгоор, хохирлын мөнгө гарган өгөх талаар дахин санаачилга аргаагүй бөгөөд одоогийн байдлаар хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл санааны хэвийн чанар эрс доройтоод байна.

5.2 Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мөнхбатад учирсан сэтгэл санааны хохирол буюу иргэний нэхэмжлэлийг жич шийдвэрлүүлэх бус эрүүгийн хэргийн хамт шийдвэрлүүлэх нь хохирогчийн хохирол бодитоор нөхөн төлөгдөх боломжтой бөгөөд ийнхүү иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ".... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон Шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино." гэж заасан зорилтод нийцэх юм.

5.3 Гэтэл анхан шатны шүүх 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай захирамжийн биелэлтийг хангуулах үүднээс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв шинжилгээний объект буюу хэргийн материалыг илгээж, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нотлох баримт PVY бүрдүүлэх талаарх хохирогч Д.Мөнхбатын эрхийг хязгаарласан үйл ажиллагаа нь болсон.

5.4. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч Д.Мөнхбат нь гэмт хэргийн хохирогчоор тогтоогдон эмчилгээ хийлгэх шаардлагаар ажлаа үргэлжлүүлэн хийх бололцоогүй болсон бөгөөд Д.Мөнхбатын хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх бололцоогүй болсон нь Б.Отгонбаярын үйлдсэн гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой, хохирогчийн эхнэр н.Бадамхатан нь гэмт хэргийн улмаас нөхөр Д.Мөнхбатыг асрахаар Улаанбаатар хотод ирснээр ажилгүй болсон бөгөөд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх бололцоогүй болсон нь Б.Отгонбаярын үйлдсэн гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой. Д.Мөнхбат, н.Бадамхатан нар нь Хөдөлмөрийн хөлсөө арилжааны банкны харилцах дансаар авч байсан бөгөөд тэрхүү баримтуудаар цалингийн хэмжээг тодорхойлон гаргуулах боломжтой байхад нотлох баримтаар тогтоогдохгүй гэж нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

5.5 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7551 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Мөнхбатын биед баруун нүдний алим, эвэрлэгийн урагдал, шилэнцэр хавчуулагдалт, торлог бүрхүүлийн ховхрол, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдсон.

Сэтгэхүйн хүрээнд хувь хүний сэтгэцийн чанарын өөрчлөлт, мэдрэмж ихэссэн, мэдрэл сульдлын шинж тод илэрнэ. Төрөлхийн болон нөхцөл байдлаас үүссэн түгшүүр өндөртэй." гэж заасан гэмтлийн улмаас хөдөлмөрлөх чадвар алдагдсанаар гэр бүлийн амьдралын чанар эрс доройтсон бөгөөд энэ нь Д.Мөнхбатын болон түүний гэр бүлийн гишүүдийн хувьд сэтгэл санааны хямралт байдлыг шууд үүсгэсэн болно. Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг 4.2-д "үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг гэж тус тус хохирлын хэмжээний мөнгөн дүнг хуульчилсан байдаг.

Их хэмжээний хохирлын хамгийн бага мөнгөн дүн нь 50,000,000 төгрөг байх бөгөөд үлэмж хэмжээний хохирлын мөнгөн дүнгийн дээд хэмжээг 49,999,999 төгрөг тодорхойлсон тул Д.Мөнхбатын биед гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон тул 49,999,999 төгрөгийг сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн болно.

5.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-д "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. " гэж заасан бөгөөд сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал байхгүйн улмаас сэтгэл санааны хохирлыг шийдвэрлэхгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод үл нийцэх тул шийдвэрлэхгүй орхиж үл болно.

5.7 Анхан шатны шүүх холбогдогч Б.Отгонбаяр хохирогч Д.Мөнхбатад хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байхад торгуулийн ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна." гэж заасан шударга ёсны зарчмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр миний үйлчлүүлэгч Д.Мөнхбат нүдний хагалгаанд орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд холбогдогч Б.Отгонбаярын зүгээс холбогдон биеийн эрүүл мэндийн асуух, анхан шатны шүүхээс тогтоосон үлдэгдэл төлөх талаар ямарч санаачилга гаргаагүй хохирогч Д.Мөнхбатын хувьд холбогдогчид асар их гомдолтой байгаа болно.

5.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь зөвхөн холбогдогчид ял шийтгэхээс гадна, хохирогчийн эрхийг сэргээхтэй холбогдсон харилцаа байх тул хохирогчийн эрхийг сэргээхэд чиглэсэн ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийх нь хохирогчийн эрх сэргэхэд тодорхой дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа болох юм. Хохирогч иргэдийг дахин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар эрхээ сэргээлгэх эрхийг нь заах хохирогчийг дахин хохироох бодит нөхцөл байдал билээ. Хохирогчийн эрхийг бодитоор сэргэсэн эсэх нь ял шийтгэл ногдуулахад харгалзан үзэх үзүүлэлт болдог.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана гэж заасны дагуу хэргийг хянах бүрэн эрхийнхээ хүрээнд гомдолд дурдсан асуудлыг нарийвчлан хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эрүүгийн хэргийг шинжилгээний объектыг хүргүүлэхийг зааж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

6.Шүүгдэгч Б.Отгонбаяр түүний өмгөөлөгч Д.Ганзориг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1 Анх хэргийг шүүхэд шилжүүлэх үед хохирогч нэхэмжилж байгаа хохирлын тооцоогоо гаргаж өгөөгүй байсан ба шүүгдэгчийн хувьд гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг төлж байсан. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн хувьд маргаагүй ба гэм буруугаа анхан шатны шүүх хуралдааны үеэс хүлээн зөвшөөрсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн учраас хохирогчийг өөрийн биеэр Улаанбаатар хот руу авч явж, эмчлүүлж, холбогдон гарах бүх зардлыг төлсөн.

6.2  Хохирогчийн хувьд өөрийгөө өмгөөлөх эрх зүйн чадамжтай бөгөөд хууль зүйн туслалцааг сайн дураараа авах буюу авахгүй байх эрхтэй ба хохирогч сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан учраас өмгөөллийн хөлсийг хохиролд оруулан тооцох боломжгүй. Хохирогч нь ажилгүй байх хугацааны цалингаа нэхэмжилсэн ба шүүхийн шийдвэр гарч байх үед ажлыг түдгэлзүүлсэн байсан. Гэхдээ цэргийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх ёс зүйн зөрчил дээр сахилгын арга хэмжээ авч ажлыг нь түдгэлзүүлсэн. Энэ үед цалинг нь олгож байсан. Мөн эмнэлгийн байгууллагаас лист авч байсан нь өөрийнх нь гаргаж өгсөн баримтаар нотлогдсон.

6.3 Тухайн үед шүүхээс сэтгэл санааны хохирлыг тогтоолгохоор захирамж гаргасан ба Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс “хамтарсан тушаал нь батлаагүй учраас сэтгэл санааны хохирлыг тооцох боломжгүй” гэсэн хариу өгсөн. Үүний дагуу шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар журам нь батлагдсан учраас сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох боломжтой гэж өмгөөлөгч тайлбарлаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан.

Энэ хэрэг 2022 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө үйлдэгдсэн учраас буцаан хэрэглэж, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: 

7.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах саналыг анхан шатны шүүхэд гаргасан ба шүүхээс “хохирогчид 4,437,390 төгрөгийг төлсөн, Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн, ирээдүйд гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Дээрх зүйл анги нь 10,000,000-40,000,000 төгрөг хүртэл торгох ялтай бөгөөд шүүгдэгчийг хөдөлмөрлөн орлого олж, хохирогчид учруулсан хохирлоо төлөх боломжийг бүрдүүлж, хохирогчид учирсан хохирлыг төлүүлэхээр шүүгч дотоод итгэлээрээ хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

7.2  Мөн шүүгдэгчид хорих ял оногдууллаа гэхэд хохирол төлөгдөхгүй, эрх зүйн байдал нь дордох зэрэг нөхцөл байдлыг харж торгох ял оногдуулсан гэж дүгнэж байна.

Хохирогч талаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шүүгчийн захирамж гарч шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн.

Үүнийг шинжилгээний байгууллага хүлээж аваад 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1/414 дугаартай албан бичгээр “дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн.

 Шүүх тухайн цаг хугацаанд хүсэлтийг хүлээж аваад шинжээч томилсон ба шинжилгээний байгууллага захирамжийг хүлээж аваад шинжилгээ хийх боломжгүй талаар хариу ирүүлсэн. Шүүх нотлох баримтын хэмжээнд хохирлын баримтуудыг үнэлж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Иймд өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч Б.Отгонбаяр нь Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах  Ярантын заставт шалгалтаар очиж ажиллахдаа 2022 оны 4 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Мөнхбаттай маргалдан улмаар нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 

Хохирогч Д.Мөнхбатын мэдүүлэг, хэрэг учрал болох үед шүүгдэгч болон хохирогчтой хамт байсан гэрч Б.Мөнх-Эрдэнэ, Э.Наранбаатар, хохирогчийн цусыг тогтоож, цэвэрлэж өгсөн гэрч Э.Цэнд-Аюуш, гэрч С.Хайрат, Т.Цэнд-Аюуш, Ц.Бадамхатан, Ц.Мөнхзаяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Долгормаагийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Д.Мөнхбатын биед баруун нүдний алим, эвэрлэгийн урагдал, шилэнцэр хавчуулагдалт, баруун нүдний хараагүйтэл гэмтэл тогтоогдлоо” гэх 7551 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Урд гаргасан хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7551 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх 648 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Отгонбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг  анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй байна.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий болсон байна.

            6. Хохирогч Д.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Өнөржаргал ”Нэг. Анхан шатны шүүх 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай захирамжийн биелэлтийг хангуулах үүднээс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шинжилгээний объектыг буюу хэргийн материалыг илгээж, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хохирогч Д.Мөнхбатын нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарласан.

            Хоёр. Шүүх хохирогч Д.Мөнхбат, түүний эхнэр Ц.Бадамхатан нарын цалин, хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тус тус шийдвэрлэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцсэн. Гурав. Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байхад торгуулийн ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй” гэх агуулгатай давж заалдсан гомдол гаргажээ.

            6.1 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 39.1 дүгээр зүйлийн 39.1.8 дахь хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлохын тулд сэтгэцийн шинжилгээг хийхээр”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг буюу Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар” тус тус хуульд заасан байна.

            Мөн өдөр Иргэний хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан “гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах” эрх зүйн зохицуулалтыг нэмж оруулсан бөгөөд хуулийн энэхүү өөрчлөлтийг Шүүхийн шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.  

            Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.

            Өөрөөр хэлбэл сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлохын тулд сэтгэцийн шинжилгээг хийх, шинжилгээний байгууллага нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах эрх зүйн зохицуулалтууд нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдсэн гэмт хэрэгт хамаарч үйлчлэхээр байна.

            Тухайлбал 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн гэмт хэрэгт Иргэний хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг буцаан хэрэглэх боломжгүй юм.

            Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, 5.3 дахь хэсэгт “Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно.” гэж тус тус хуульчилсан байна.

            Мөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл журам нь зөвхөн шүүгдэгчид хамааралтай” гэж ойлгоно.

            Иймээс дээр дурдсан үндэслэлээр хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын “анхан шатны шүүх Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шинжилгээний объектыг буюу хэргийн материалыг илгээж, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хохирогчийн сэтгэл санааны хохирлыг шийдвэрлэхгүй орхисон” гэх агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохиролд 49,999,999 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            6.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...өмгөөлөгчид төлөх зардал, 11.6 дугаар зүйлд заасан шүүдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь “хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг төрөөс төлсөн тохиолдолд шүүгдэгчээс нөхөн гаргуулж  төрд олгох тухай хуулийн зохицуулалт юм.

            Иймд хохирогч Д.Мөнхбатын өөрийн сонгон авсан өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс 4,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Анхан шатны шүүх хохирогч Д.Мөнхбатын байрны түрээс 10,000,000 төгрөг нэхэмжилснээс баримтаар нотлогдох 6,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, үлдэх 3,500,000 төгрөгийг, Рахмед эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаас төлсөн 888,000 төгрөг, шатахууны НӨАТ-ын баримтгүй 607,937 төгрөг нийт 8,995,937 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл бүхий болсон байна.

            Иймд хохирогч нь дээр дурдсан шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй байх тул шийтгэх тогтоолд тогтоох хэсгийн 8 дугаар заалтад энэ талаар зохих өөрчлөлт орууллаа.   

Мөн шүүх хохирогч Д.Мөнхбат болон түүний эхнэр Ц.Бадамхатан нарын цалингийн орлого болон цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилснийг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэхдээ “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нотлох баримтын хамаарлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Дээрх дурдсан үндэслэлээр “анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн” гэх хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.3 Хохирогчийн өмгөөлөгчийн шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байхад торгуулийн ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй, ял хөнгөдсөн” гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлтэй боловч давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох боломжгүй байна.

            7. Дээр дурдсан үндэслэлээр хохирогч Д.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24ий өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8 дахь заалтыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хохирогч Д.Мөнхбатын иргэний нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, байрны түрээс 3,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4,000,000 төгрөг, Рахамед эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаас төлсөн 888,000 төгрөг, шатахууны НӨАТ-ын баримтгүй 607,937 төгрөг нийт 58,995,936 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугайгэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                     ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР