Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2025/0133

 

 

 

 

 

  2025          02            17                                     128/ШШ2025/0133

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Э******* /РД:*******/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Б /РД:/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.А,

Гуравдагч этгээд: Г.О нарын хооронд “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.Аын 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А, гуравдагч этгээд Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.Аын 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд

2.1. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Л******* гудамж дугаар байрны зоорийн давхарт байрлах 13 тоот хаягт байршилтай 23 м.кв талбай бүхий авто зогсоолыг нэхэмжлэгч Ч.Э*******д 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ү- дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

2.2. Гуравдагч этгээд Г.О 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт “... улсын бүртгэгч давхар бүртгэл хийж Г.О миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн асуудлыг шийдэж Ч.Э*******гийн 13 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг гаргасан.  

2.3. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Н.А гуравдагч этгээд Г.О гаргасан гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийсэн.

2.4. Уг хяналт шалгалтын дүнд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар дүгнэлтээр “...Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр актад 10 давхар, 52 айлын орон сууц гэх хэдий ч зогсоолын тоог огт дурдаагүй байна. Харин барилгын зураг төслийн “И ” ХХК-ийн 2008 оны барилгын архитектурын ажлын өөрчлөлтийн зурагт зоорийн давхарт 11 зогсоолтойгоор зурагдсан байна. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л******* гудамжны дугаар байрны зоорийн давхрын 13 тоот зогсоолыг иргэн Г.О өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 08 тоот зогсоолтой давхардуулан бүртгэсэн байх тул Ч.Э*******гийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.5. Нэхэмжлэгч Ч.Э******* уг дүгнэлтийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан хариуд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тоот албан бичгээр “... хяналтын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар дүгнэлтийг хянахад Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид нийцсэн байна. Иймд таны хүсэлтэд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье. Хэрэв уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэх хариуг өгсөн.

2.6. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Ч.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Нэхэмжлэгч Ч.Э******* нь эрхийн улсын бүртгэлийн                Ү- дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Л******* гудамж дугаар байрны зоорийн давхарт байрлах 13 тоот хаягт байршилтай, 23 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгчийн дээрх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул хуульд заасан үндэслэл журмын дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

3.2. Нэхэмжлэгч Ч.Э*******гийн нөхрийн хамаарал бүхий "Х" ХХК нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороололд 10 давхар, 52 айлын орон сууцыг 2009 онд барьж, ашиглалтад оруулсан. Тодруулбал, "Х" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тоот шийдвэрээр олгогдсон 06 дугаар хороолол, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх газарт доороо үйлчилгээ бүхий 3470 м.кв талбайтай 52 айлын орон сууц, зоорийн давхартаа 299 м.кв талбайтай 13 машины зогсоол, 1 давхрын 345 м.кв талбайтай 3 үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг барьж, Улсын комиссын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай актаар ашиглалтад хүлээлгэн өгч, орон сууц захиалгын гэрээний дагуу иргэдэд худалдан борлуулсан.

3.3. Дээрх барилга байгууламжийг нийт 13 авто машины зогсоолтойгоор төлөвлөж, худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц худалдаж авсан иргэдэд зогсоолыг худалдан борлуулж, гэрээний төлбөрөө бүрэн төлж барагдуулсны дараагаар зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн оршин суугчийн нэр дээр гаргуулан өгч байсан. Хуваалтын дагуу хийгдсэн 13 зогсоолоос 11 зогсоолыг оршин суугч нар худалдан авч, үлдэх 2 зогсоол нь борлогдоогүй байдаг. Улмаар 5 тоот зогсоолыг 2023 оны хавар "Х" ХХК-ийн ажилтан худалдан авч, үлдэх 13 тоот зогсоолыг нэхэмжлэгч Ч.Э******* нь өөрөө авч, өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн нэр дээр гарсан.

3.4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасны дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэгч нь холбогдох хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан бөгөөд тус хүсэлтэд төрийн байгууллагаас баталсан журмын дагуу бүрдүүлэх баримтууд буюу төлбөрийн баримт, гэрчилгээ гаргуулах албан бичиг, захиалгын гэрээ, улсын комиссын акт, захиалагчдын нэрсийн жагсаалт, план зураг, фото зураг гэх мэт шаардлагатай баримтуудыг хавсаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгэхээс татгалзах үндэслэлгүй гэж дүгнэн холбогдох бүртгэлийг хийж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон.

3.5. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгчид олгосон Ү- дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Л******* гудамж дугаар байрны зоорийн давхарт байрлах 13 тоот хаягт байршилтай, 23 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Г.О өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн                        Ү- дугаарт бүртгэлтэй, 8 тоот, 23 м.кв талбайтай авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй давхардуулан бүртгэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэж дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан хэдий ч дээрх дүгнэлтийг хэвээр үлдээсэн.

3.6. "Х" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын                 21-ний өдрийн тоот шийдвэрээр олгогдсон 6 дугаар хороолол, 6-р хорооны нутаг дэвсгэр дэх газарт доороо үйлчилгээ бүхий 3470 м.кв талбайтай 52 айлын орон сууц, зоорийн давхартаа 299 м.кв талбайтай 13 машины зогсоол, 1 давхарын 345 м.кв талбайтай 3 үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг барьж, Улсын комиссын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай актаар ашиглалтад хүлээлгэн өгсөн, анхнаасаа зоорийн давхрын төлөвлөлт нь 13 авто зогсоолоор төлөвлөсөн нь барилгын зураг төсөл болон холбогдох бусад баримтуудаар нотлогдож байгаа. Үүний дагуу нэхэмжлэгч нь холбогдох хүсэлт баримтуудаа бүрдүүлэн өгч, 13 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгч болсон.

3.7. Нэхэмжлэлд дурдсанчлан худалдан борлогдоогүй үлдсэн 2 авто зогсоолтой холбоотойгоор "Х" ХХК-ийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23/11 дугаартай албан бичгээр Үндэсний төв архивд хүсэлт гаргаж, зоорийн давхраас техникийн давхар хүртэлх барилгын зургийн хуулбарыг авч, үндсэн төлөвлөлт, холбогдох зогсоолын хуваалтын дагуу 2023 онд 2 иргэн үлдэх зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Уг үйл ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл байхгүй, авто зогсоолын ямар нэгэн давхцал байхгүй, нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу төрийн байгууллагаас шаардсан нотлох баримт, хүсэлт гаргасны үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

3.8. Нэхэмжлэгчийн өмчлөлийн авто зогсоол дээр өөрийнх нь эзгүйд 8 тоот зогсоолын өмчлөгч иргэн Г.О нь 2023 оноос хойш өөрийн болон бусдын авто машинаа давхардуулж байршуулдаг, өөрийн авто зогсоолоо бусдад түрээсэлдэг, өөрийн авто зогсоолоо бусдад түрээслүүлээд нэхэмжлэгчийн зогсоол дээр өөрийн автомашинаа байршуулж чөлөөлдөггүй гэх зэрэг асуудлаас болж авто зогсоолын маргаан үүссэн, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь авто зогсоолоо албадан чөлөөлүүлэхээр холбогдох шүүхийн байгууллагад хандсан байх хооронд иргэн Г.О нь улсын бүртгэлийн байгууллагад хандаж гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгосон.

3.9. Уг шийдвэртэй холбоотойгоор тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтны дээд шатны байгууллагад гомдол гаргасан хэдий ч нэхэмжлэгчийн бүртгэлтэй холбоотойгоор холбогдох баримтуудад үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулахгүйгээр буцаасанд гомдолтой байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу захиргааны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч нь үндэслэлгүй дүгнэлт гаргаж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гарсан хариу тайлбар, үндэслэлдээ:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г.О 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт гаргасан гомдол тус газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.А надад цохогдсон байдаг. Гомдлыг хүлээн авч дурдсан асуудлаар миний бие Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан хяналт шалгалтын ажиллагааг хийсэн.

4.2. Хяналт шалгалтын ажиллагаагаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн эрхийн улсын Ү-, болон                     Ү- дугаартай бүртгэлийн нотлох баримтуудыг шалгаж, мөн захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг оролцогч талуудад хийж, оролцогчдоос холбогдох тайлбар мэдээллийг авч, маргаан бүхий авто зогсоол дээр Чингэлтэй дүүргийн хяналтын улсын байцаагч, улсын бүртгэгч нартай биечлэн очиж үзлэг хийсэн.

4.3. Хяналт шалгалтын явцад Чингэлтэй дүүргийн улсын бүртгэгч нь Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдээс тайлбар мэдээлэл авах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйгээс болж авто зогсоолууд талбайн хувьд давхардал үүсэж бүртгэгдсэн, нөгөө талаар Архивын ерөнхий газраас ирүүлсэн анхны ажлын зургаас (анхны ажлын зураг 11 зогсоолтойгоор зурагдсан байв.) илүү гаргаж 13 дахь зогсоолыг бүртгэсэн, мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын байцаагчийн дүгнэлтээр Ч.Э*******гийн зогсоол нь Авто зогсоолын ангилал ба ерөнхий шаардлага MNS5342/2007 стандартын зогсоолын 4.7-д заасан заалтыг зөрчсөн тул Ү дугаар бүртгэлийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.

Тав. Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:

5.1. Би Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л******* гудамж, дугаар байрны 10 тоотод оршин суудаг, 8 тоот хаягт байршилтай 23 м.кв талбай бүхий /Ү-*******/ авто зогсоолыг 2020 оны 10 дугаар сард өмнөх өмчлөгчөөс худалдан авсан. Худалдан авахдаа зогсоолын хэмжилтийг өөрөө хийж гэрчилгээнд тусгагдсан 23 м.кв талбайтай нь таарч байна гэж үзээд авсан. Харин маргаан гарах үед мэргэжлийн хэмжилтийн байгууллага болох "Б*******" ХХК-д хүсэлт гарган хэмжүүлэхэд стандартын дагуу албан ёсны хэмжилтээр 21.42 м.кв байгаа.

5.2. Анх худалдан авахдаа Чингэлтэй дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас лавлаж асуухад миний 8 тоот зогсоолтой давхардсан зогсоол байгаагүй. Одоо миний 8 тоот зогсоол байх ёстой 23 м.кв хэмжээндээ ч хүрэхгүй байхад нэхэмжлэгчийн 13 тоот гэх 23 м.кв зогсоол багтах ямар ч боломжгүй, тийм зай талбай ч байхгүй. Манай байрны авто зогсоолд 13 гэсэн тоот тэмдэглэгээ хаана ч, хэзээ ч байгаагүй одоо ч байдаггүй.

5.3. Нэхэмжлэгч Ч.Э******* байгалийн зүгээр миний ар талд байрлалтай 23 м.кв талбайтай, 7 тоот зогсоолын орох гарах гарцыг хааж, давхардуулан 6 тоот зогсоолыг бий болгон Б.Цэцэгмаа гэдэг хүнд зарсан ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байдаг. Энэ зогсоол дээр хэл ам, маргаан гарахгүй байхаар нь нэхэмжлэгч Ч.Э******* ижил шинж чанартай миний зогсоол дээр давхардуулан нэг зогсоол шинээр бий болгон өөрөө авч болно гэж бодсон байх.

5.4. Ч.Э******* гэдэг хүн над руу машинаа гарга миний зогсоол гэж 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн удаа дараа мессеж бичээд байхаар нь өөрөө барилгын эзэн болохоороо л андуураад байна гэж бодоод хөгшин настай хүнтэй муудалцаад яах вэ гээд дуугай яваад байсан чинь 2 сарын дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр миний зогсоол дээр давхардуулж хуурамч барилгын зураг хийж, хүчин төгөлдөр бус нотариатын тамгатай зогсоолын байрлалын схем зургийг хавсарган 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн нэр дээрээ 13 тоот гэх шинэ зогсоолыг өмчлөн авсан байсан. “Х" ХХК болон иргэн Н.Б******* нар нь барилгыг улсын комисс хүлээн авснаас өөрөөр барьсан, узель зөвшөөрөлгүй зөөсөн, барилгын бүтэц, зурагт өөрчлөлт оруулах бүрд улсын бүртгэлд өгөөгүйгээс мөн тоот тамгатай нотариатч нь барилгын албан ёсны зургийг баримтлан батлаагүйгээс энэ асуудал үүссэн гэж үзэж байна.

5.5. Үндэсний төв архиваас ирүүлсэн авто зогсоолын зургуудаас харахад: 2007 оны улсын комиссоор батлагдсан барилгын зураг төсөл дээр санузель, дулааны өрөө нь байгалийн зүгээр авто зогсоолын хойд талын гол хэсэгт байрласан байдаг. 2008 оны зураг дээр санузель, дулааны өрөө байгалийн зүгээр авто зогсоолын баруун хойд хэсэгт байрласан байдаг. /Энэ зургийг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс одоо ч баримталдаг ба надад хуулбар үнэн тамгатайгаар гаргаж өгснийг хэрэгт хавсралтаар хүргүүлэв/. Харин яг одоо бодит байдал дээр санузель, дулааны өрөө нь байгалийн зүгээр зүүн хойд талд буюу яг миний зогсоолын зүүн талд байдаг.

5.6. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ч.Э******* нь Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газарт 13 тоот авто зогсоолыг өмчлөх хүсэлт гаргахдаа 2 зураг хавсаргасан байна. Нэг нь 2007 оны зоорийн давхрын байгуулалтын зураг буюу санузель нь авто зогсоолын голд байрлаж байгаа тоот нотариатын тамгатай зургийг өгчээ Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн хуулбар материалын 17 дугаар хуудас/. Уг нь улсын бүртгэл нь 2008 оны зургийг хүчин төгөлдөр гэж үзэн гол эх сурвалжаа болгодог.

5.7. Харин 18 дах хуудсанд 2 дох зураг болох авто зогсоолын технологийн байгуулалтын зураг буюу зогсоолыг хайрцаглан хуваасан зургийг хавсаргажээ. Энэ зураг нь бас л албан ёсны зургаас зөрүүтэй, өөрсдөө хуурамчаар зурсан зураг. Үүн дээр тоот нотариатын тамга мөн л дарагдсан байна. Нэхэмжлэгч Ч.Э*******гийн 13 тоот зогсоол өмчлөх мэдүүлэгт хавсаргасан давхрын байгуулалтын болон технологийн байгуулалтын 2 зураг хоорондоо эрс зөрүүтэй байхад Чингэлтэй дүүргийн улсын бүртгэгч буцаалгүй бүртгэн авч өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг.

5.8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх ёстой. Мөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3.“хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй” гэж заасны улсын бүртгэгч бүртгэхээс татгалзан буцаах ёстой байтал буцаалгүй давхар бүртгэл хийж Г.О миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн.

5.9. Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн ахлах байцаагч авто зогсоол дээр ирэн үзлэг шалгалт хийгээд 13 тоот зогсоолын өмчлөгч Ч.Э******* нь "Авто зогсоолын ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007 стандартын Зогсоолын ангилал 4.7-д заасан "Зогсоолын эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байна. Эгнээ хоорондын хөдөлгөөнийг хааж авто машины байрлуулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь онцгой байдлын үед хүний нас, эд хөрөнгө эрсдэх аюултай гэж үзсэн учраас ийм хориглосон заалт байдаг байх.

5.10. Нэхэмжлэлд худал бичигдсэн дараах зүйлүүдэд хариу тайлбар хийх нь илүүц мэт боловч нэхэмжлэлд болон шүүхэд үнэн зүйлийг мэдүүлэх ёстой учраас дараах хариу няцаалтыг хийж байна. Үүнд: Г.О нь өөрийн 8 тоот зогсоолыг бусдад түрээслүүлчхээд 13 тоотын Ч.Э******* гэдэг хүний зогсоолд өөрийн машинаа тавьдаг байсан гэжээ. Би хүнд авто зогсоолоо нэг ч өдөр түрээслүүлж байгаагүй. Харин нэхэмжлэгч Ч.Э******* байнга мессеж бичиж дарамталдаг байсан тул өөрийн өмчлөлийн зүйлийг хамгаалан 2 машин тавьж зогсоолоо хамгаалдаг байсан. Учир нь би машинаа унаад гараад явахад Ч.Э******* миний зогсоол дээр өөрийн машинаа тавьчхаад хөдлөхгүй, алга болчих гээд байсан тул ахынхаа машиныг гуйж 2 машин арай ядан багтаан нэг машинаа гаргавал нөгөө машинаа голлуулан тавьдаг байсан. Ингэж өөрийн өмчлөлийн зүйлээ хамгаалж ирсэн.

5.11. ...Улсын комиссын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай актад 13 машины зогсоолтой гэж удаа дараа дурдсан байна. Энэ барилгыг хүлээн авсан акт болон тэмдэглэлд 13 зогсоолтой гэсэн үг өгүүлбэр нэг ч байхгүй. Нэхэмжлэгч авто зогсоолоо албадан чөлөөлүүлэхээр шүүхийн байгууллагад хандсан байх хооронд Г.О улсын бүртгэлийн байгууллагад хандсан гэжээ. Би Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэст 2024 оны 4 дугаар сард, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хандан өргөдөл гаргасан байдаг. Харин нэхэмжлэгч Ч.Э******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нар 5 сарын дараа Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар Г.О намайг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд дуудан хариуцагч болгон одоо ч Ч.Э*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчаар явж байна.

5.12. Гуравдагч этгээд Г.О би хэргийн материалтай танилцаад хэрэгт дараах бичиг баримтууд цаг хугацааны хооронд зөрүүтэй, хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын ирүүлсэн хувийн хэргийн хуулбарт "Х" ХХК-ийн захирал Жавзандулам нь өөрийн эхнэр Ч.Э*******тай 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хийсэн гэх 13 тоот гэрээг улсын бүртгэлд өгсөн байна. Нэхэмжлэгч Ч.Э******* 13 тоот зогсоолыг 2009 онд гэрээ хийсэн байсан гэж харагдуулах гэсэн байх. Эдний компанийн стандарт гэрээний төсөл тул гэрээний эхний нүүрэнд барилгын хаягийг 5 дугаар хороо гэж зөв бичсэн байхад хамгийн арын гарын үсэг зурсан хуудсанд Ч.Э******* нь өөрийн гараар 6 дугаар хороо гэж одоогийн хорооны дугаарыг бичсэн байгаа нь уг гэрээ 2009 онд биш 2023 онд буюу гэрчилгээ авах үед хийгдсэн гэж үзэж байна.

5.13. Нэхэмжлэгч Ч.Э*******гийн эрхийн Ү- дугаартай, тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох тухай улсын байцаагчийн дүгнэлт 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байхад Улсын бүртгэлийн ерөнхий газраас түүний гэрчилгээг хүчингүй болгоогүйгээр барахгүй тоот тамгатай нотариатч М.С******* нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр уг хүчингүй болсон гэрчилгээг хуулбарлан хуулбар үнэн гэж баталсан байна. Эх гэрчилгээ Ч.Э*******д одоог хүртэл явж байна эсвэл тоот нотариатч эх гэрчилгээг үндэслэхгүй канондсон хувийг үнэн гэж баталсан байна. Нотариатчийн тоот тамгатай олон бичгүүд эргэлзээ төрүүлэхээр байна.

5.14. Нэхэмжлэгч Ч.Э*******гийн Чингэлтэй дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газар бүрдүүлж өгсөн бичиг баримтад авто зогсоолыг байршлыг харуулсан зураг хавсаргасан байх ба тухайн зургийг тоот тамгатай нотариатч М.С******* нотариатын дугаар бүхий жижиг тамгаар тамгалсан байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.8 “... Нотариатч гэрчилсэн баримт бичигт соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод гаргаж, баталгааны тэмдгийн бичилтийг хийх ба баталгаат гарын үсгээ зурна. Энэ шаардлагыг хангаагүй үйлдэл хүчингүйд тооцогдоно” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус, хуурамч барилгын зурагт нотариатын дугаар бүхий тамгыг дарсан боловч баталгааны тэмдэг болох урт тамгыг дараагүй нь уг зураг хүчин төгөлдөр бус гэдгийг илтгэж байна. Нэхэмжлэгч өөрийн зохин зурсан авто зогсоолын схем зургаа улсын бүртгэлд нотариат баталсан мэт харагдуулах гэж өгсөн байх.

5.15. Нэхэмжлэгч Ч.Э*******гийн хүчингүй болсон 13 тоот зогсоол нь гуравдагч этгээд болох Г.О миний 8 тоот зогсоолтой давхцаж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 9-р сарын 12 өдрийн тоот дүгнэлтээр батлагдсан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тоот албан бичгээр улсын байцаагчийн дүгнэлт нь хууль тогтоомжид нийцсэн зөв байсан гэдгийг баталсан байна. Гуравдагч этгээд Г.О миний хариу тайлбарыг хүлээн авч хэргийг үнэн зөв шийдвэрлэж миний өмчлөх эрхийг хамгаалж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

6. Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийн 1, 2-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Хариуцагчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлт(Хавтаст хэргийн 47-49 дэх талд)-ээр “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэсэн Ү- дугаартай Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6-р хороолол /15140/, Л.Л******* гудамжны дугаар байрны зоорийн давхрын 13 тоот 23 м.кв, авто зогсоолыг гуравдагч этгээдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 08 тоот, 23 м.кв авто зогсоолтой давхардуулан бүртгэсэн нэхэмжлэгчийн 13 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох”-оор шийдвэрлэсэн байна.

8. Нэхэмжлэгчээс дээрх дүгнэлтийг “...авто зогсоол давхцаагүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй,  өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэтэл энэ тохиолдолд ийм үндэслэл байхгүй, ...эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох байхад байцаагч дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “...авто зогсоолууд талбайн хувьд давхардал үүсэж бүртгэгдсэн, Архивын ерөнхий газраас ирүүлсэн анхны ажлын зургаас илүү гаргаж 13 дахь зогсоолыг бүртгэсэн, авто зогсоолын ангилал ба ерөнхий шаардлага зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон ба дүгнэлт хуульд нийцсэн... ”, гуравдагчаас “...нэхэмжлэгчийн 13 тоот авто зогсоол нь миний өмчлөлийн 8 тоот зогсоолтой давхацсан хариуцагчийн гаргасан дүгнэлтээр зөв тогтоогдсон ба хуульд нийцсэн...” гэж тус тус тайлбарлан маргасан.

9. Гуравдагч этгээд нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний дагуу/Үл хөдлөх эд хөрөнгө/ иргэн Ж.Эоос худалдан авч, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6-р хороолол /15140/, Л.Л******* гудамжны дугаар байрны зоорийн давхрын 8 тоот, 23 м.кв авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ авсан, уг бүртгэлээс өмнө тус үл хөдлөх хөрөнгийг нийт 3 хүн буюу 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Э*******, 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Б.Т, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ж.Э нар өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж байсан үйл баримт хэрэг авагдсан нотлох баримт болох тухайн авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувийн хэрэг(Хавтаст хэргийн 91-153 дах талд)-ийн баримтаар тогтоогдож байна.

10. Нэхэмжлэгчийн хувьд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, төлбөрийн баримт, Х ХХК-ийн төлбөр тооцоо дууссан, гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг, захиалгын гэрээ, албан ёсны хаяг, улсын комиссын акт, захиалагчдын нэрсийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбар, план зураг, фото зураг баримтуудыг хавсарган өгснийг хүлээн авч 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэгдэн, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувийн хэрэг(Хавтаст хэргийн 154-174 дэх талд)-ийн баримтаар тогтоогдож байна.

11. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа: “...гуравдагч этгээдээс гаргасан өргөдлийг үндэслэн хяналт шалгалтыг хийж, нэхэмжлэгчид анх 13 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн бүртгэлийг хийсэн улсын бүртгэгчээс авсан тайлбар, тухайн авто зогсоолуудыг очиж үзсэн үзлэг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт, Архивын ерөнхий газраас албан бичгээр авсан дээр дурдсан хаяг бүхий барилгын  барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, албан ёсны хаяг, барилга архитектурын ажлын зураг болон өөрчлөлтийн зургаас зоорийн давхрын байгуулалт, технологийн байгуулалтын зураг, үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувийн хэргийн баримтуудыг шалгах” ажиллагаануудыг хийсэн байна.

12. Шүүхээс дээрх баримтуудыг үнэлж үзэхэд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6-р хороолол /15140/, Л.Л******* гудамжны дугаар байр нь 2009 ооны 07 дугаар сарын 29-ны өдөр байнгын ашиглалтад орсон, 2007 оны барилга архитектурын ажлын зурагт(Хавтаст хэргийн 194 дэхь талд) 15 авто зогсоол,  санузель, дулааны өрөө нь зоорийн давхрын хойд хэсэгт голлосон байдалтайгаар, 2008 оны барилга архитектурын ажлын өөрчлөлтийн зурагт(Хавтаст хэргийн 196-198 дах талд) 11 авто зогсоол,  санузель, дулааны өрөө нь зоорийн давхрын баруун хойд хэсэгт хийгдэхээр зурагдсан, хариуцагчаас хийсэн үзлэгээр гуравдагч этгээдийн 8 тоот авто зогсоол, нэхэмжлэгчийн 13 тоот авто зогсоол нь тус тусдаа давхцалгүйгээр 23 м.кв байх боломжгүй, нэхэмжлэгчид 13 тоот авто зогсоолыг 23 м.кв гэж олгох үндэслэлгүй бөгөөд бодит байдалд боломжгүй, гуравдагч этгээдийн авто зогсоолын орц, гарцыг хаасан байсныг хариуцагч маргаан бүхий актаар зөв тогтоосон болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

13. Тодруулбал, шүүхээс үзлэг хийн талуудын маргаж буй авто зогсоолыг очиж үзэхэд хариуцагчаас үзлэг хийн шалгаж тогтоосонтой адилхан нөхцөл байдал тогтоогдсон ба бодит байдалд 2007 оны барилгын ажлын зураг, 2008 оны өөрчлөлтийн зургаас өөрөөр баригдсан байгаа хэдий ч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмчлөл бүхий авто зогсоолуудыг тус бүрт нь 23 м.кв хэмжээтэйгээр бүртгэн өмчлүүлэх боломжгүй буюу 46 м.кв хэмжээтэй талбай байхгүй зөвхөн 1 авто зогсоолын талбай байхад нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаа шиг “...нийтийн эзэмшлийн зам талбайг хамааруулан олгох боломжтой...” гэх байдлаар давхцуулан авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байхгэж заасантай нийцэхгүй.

14. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд өмчлөх эрхийн бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй бөгөөд энэхүү тохиолдолд 23 м.кв авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд тус бүрд нь бодитоор бүртгэж тус хэмжээгээр нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон заавал биелэгдэх шинж бүрэн хангагдсан тохиолдолд тухайн бүртгэл хуульд нийцэх ёстой. Хэмжээний тухайд тус хэмжээгээр өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, бодит байдалд тус хэмжээгээр өмчлөх боломжтой байх, түүнээс бус хэн нэгний өмчлөл, нийтийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайтай давхцалтай, бодитоор хэмжээ нь хүрэхгүй байвал бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчмыг хангахгүй тул хуульд нийцсэн бүртгэл гэж үзэхгүй.

15. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс анх гаргаж өгсөн гэх Х ХХК-ийн төлбөр тооцоо дууссан, гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг, захиалгын гэрээ, захиалагчдын нэрсийн жагсаалт, план зураг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь тухайн авто зогсоолыг бодитоор 23.м.кв хэмжээтэйгээр өмчлөн авах боломжтой, гуравдагчийн авто зогсоолтой давхцаагүй нь нотлогдохгүй байхад хариуцагчийг нэхэмжлэгчийн авто зогсоол давхцаагүй байсан, бодитоор 23 м.кв хэмжээтэйгээр өмчлөх боломжтой гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж буруутгах үндэслэлгүй байна. Энэ нь мөн нэхэмжлэгчийн гаргасан “...23 м.кв бол хүрэхгүй. Яагаад гэхээр тэр дунд явган хүний явдаг зам хүртэл орж байгаа...” гэх шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

16. Мөн нэхэмжлэгчээс “...өмчлөгчийн эрхийн бүртгэлийн хүчингүй болгох асуудлыг шүүх шийдэх байтал хариуцагч нь орж ирээд шийдвэрлээд байгаа нь эрхээ хэтрүүлсэн...” гэх үндэслэлийн тухайд: Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй”, Эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Иргэний хуулийн 1.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж тус тус зааснаас үзэхэд улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд эрх нь зөрчигдөж байгаа этгээдээс улсын бүртгэлийн байгууллагад хандан өргөдөл гаргах эрхтэй, хэрэв тухайн бүртгэл нь буруу ташаа хийгдсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болохоор хуульчилсан байх ба үүний дагуу гуравдагч этгээдийн зүгээс улсын бүртгэлийн байгууллагад хандан өргөдөл гаргах эрхээ эдэлсэн бөгөөд өргөдлийг үндэслэн хяналт шалгалт явуулж улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулах эрх нь хуулиар олгогдсон байна.

17. Нарийвчилсан зохицуулалтын хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж зааснаар хариуцагч нь хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах нь албан тушаалын хувьд хуулиар хүлээсэн эрх, үүрэг бөгөөд үүнийгээ хуулийн дагуу биелүүлсэн гэж үзэхээр байна.

18. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа Эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-д “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж заасан хуулийн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. Учир нь хуулийн 6.2-т “Иргэний хуулийн 1.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасан хуулийн урьдач нөхцөл энэхүү тохиолдолд үүсээгүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэх шаардлага энэ тохиолдолд тавигдахгүй тул уг хуулийн заалтуудыг тайлбарлан хэрэглэх үндэслэлгүй, иймээс нэхэмжлэгчийн “...өмчлөгчийн эрхийн бүртгэлийн хүчингүй болгох асуудлыг шүүх шийдэх байтал хариуцагч нь орж ирээд шийдвэрлээд байгаа нь эрхээ хэтрүүлсэн...” гэх тайлбар үндэслэлгүй.

19. Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Л.Л******* гудамж, дугаар байр, Үйлчилгээтэй 54 айлын орон сууцны барилгын зоорийн давхрын 2025 оны 01 дүгээр сард хийлгэсэн гэх гүйцэтгэлийн зураг нь цаг хугацааны хувьд 2023 онд хийгдсэн бүртгэл, 2024 онд хариуцагчаас гаргасан дүгнэлт, бодит байдлыг үгүйсгэх боломжгүй баримт байсныг тэмдэглэв.

20. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчаас хуульд нийцүүлж маргаан бүхий актыг гаргасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгийн эрхий бүртгэлийн тухай хуулийн 6.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э*******гаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Н.А холбогдуулан гаргасан  “Улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХ-ӨЛЗИЙ